Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 207/МА2023/00057

 

2023 06 08 207/МА2023/00057

 

 

Ж.Г-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч С.У, Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн .............................. дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Г-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг,

Хариуцагч Ж.Г-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Г- шүүхэд гаргасан хүсэлт, түүний үндэслэл, агуулга:

Миний бие нь хөдөлмөрийн дэвтрээ баталгаажуулахаар 2002 онд нийгмийн даатгалын байцаагчид хүргүүлсэн боловч мэргэжилтэн нь би хүлээн аваагүй гэж хэлээд буцааж өгөөгүй тул энэ үеэс хөдөлмөрийн дэвтэр маань алга болсон. Хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас ажилласан жилүүдээ заавал шүүхээр тогтоолгож байж өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрх үүсэх тул миний бие 1983-1994 онуудад ажиллаж байсныг шүүхэд хандан тогтоолгох хэрэгцээ шаардлага үүсч байна. Иймд миний дараах байгууллагуудад ажиллаж байсныг маань хавсаргасан нотлох баримтуудад үндэслэн шийдвэрлэж өгнө үү. Үүнд: Худалдаа бэлтгэлийн удирдах газрын 7-р дэлгүүрт цэвэрлэгчээр 1983 оны 08 дугаар сарын 6-наас 1983 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд, Э хотын Нэгдсэн эмнэлгийн амбулаторид хувцас өлгөгчөөр 1983 оны 10 дугаар сарын 21-нээс 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд, 1985 оны 07 дугаар сарын 09-нөөс Э хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа барааны их дэлгүүрт туслах ажилтнаар 1986 оны 8 дугаар сарын 23-ний өдөр хүртэл хугацаанд, 1990 оны 10 дугаар сарын 13-наас Орон сууц нийтийн аж ахуйн газарт оператор лаборант, зочид буудлын үйлчлэгчээр 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд, 1991 оны 08 дугаар сарын 20-ноос Монгол ажилчдын захиргаанд харуулаар ажиллаж байгаад Э концерний дэргэдэх барилгын С компанид харуулаар 1994 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд тус тус ажилласан болно... гэж тодорхойлсон гэжээ.

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Г- нь Э хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын 7-р дэлгүүрт цэвэрлэгчээр, 1983 оны 08 дугаар сарын 6-наас 1983 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд, Э хотын Нэгдсэн эмнэлгийн амбулаторид хувцас өлгөгчөөр 1983 оны 10 дугаар сарын 21-нээс 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд, 1985 оны 07 дугаар сарын 09-наас Э хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа барааны их дэлгүүрт туслах ажилтнаар 1986 оны 8 дугаар сарын 23-ний өдөр хүртэл хугацаанд, 1990 оны 10 дугаар сарын 13-наас Орон сууц нийтийн аж ахуйн газарт оператор лобарант, зочид буудлын үйлчлэгчээр 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд, 1991 оны 08 дугаар сарын 20-ноос Монгол ажилчдын захиргаанд харуулаар ажиллаж байгаад Э концерний дэргэдэх Барилгын С компанид харуулаар 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тус тус ажилласан. Хэрэгт Худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1985 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ........ дугаартай тушаал, 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн .......дугаартай тушаал, 1986 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаартай тушаал, Э хотын нэгдсэн эмнэлгийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн ......... тоот тушаал, 1985 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12 дугаартай тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн, эдгээр баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Цуг ажиллаж байсан М-ын тодорхойлолтоор Монгол ажилчдын захиргаанд ажиллаж байсан нь тогтоогдож байгаа, иймд хүсэлтийг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х овогт Ж-ын Г /РД:..................../-ийн Э хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа 7-р дэлгүүрт 1983 оны 08 дугаар сарын 6-ны өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл цэвэрлэгчээр, Э хотын Нэгдсэн эмнэлгийн амбулаторид 1983 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хувцас өлгөгчөөр, Э хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа барааны их дэлгүүрт 1985 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 23-ний өдөр хүртэл туслах ажилтнаар, Э хотын Орон сууц нийтийн аж ахуйн газарт оператор лобарантад 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл оператор лаборантоор, 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зочид буудлын үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас үлдэх Монгол ажилчдын захиргаанд болон Э концерний дэргэдэх барилгын С компанид 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд харуулаар ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Г- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэркийн анхан шатны шүүхийн 2023-04-25ны өдрийн 00613 дугаар шийдвэрээс 1991-1994 онд ажилласан хугацааг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Миний бие нь 1991-08-20-ноос З барилгын удирдах газрын дэргэдэх Монгол ажилчдын захиргаанд харуулаар орж ажиллсан бөгөөд 1991-12-25ны А/325 дугаар тушаалаар Э концерний дэргэдэх барилгын Строй инвест компанируу биднийг ажлын местгэй нь шилжүүлж 1994-10-01 хүртэл хугацаанд 4 жил ажилласан. Анх МАНЗ-д ажилд орсон тушаал архиваас олдоогүй бөгөөд ганц гарч ирсэн тушаал нь дээрх 1991 -12-25ны А/325 дугаар тушаал архивт байсан. Мөн манай харуулын даргаар ажиллаж байсан Я.М- гэж хүн надад олдсон өөр хамт ажиллаж байсан харуулууд ихэнх нь нас барсан болон өөр орон нутагт байгаа хаяг тодорхойгүй олдоогүй, дээрээс нь миний бие 1995 оноос С аймаг руу шилжин суурьшаад Ээд таньдаг мэддэг хүнгүй болсон байна. Иймд З барилгын удирдах газрын дэргэдэх Монгол ажилчдын захиргааны даргын 1991-12-25-ны А/325 дугаар тушаал болон манай харуулын даргаар ажиллаж байсан Я.М-ын бичиг баримт зэргийг үндэслэн миний 1991-1994 онд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хүсэлт гаргагч Ж.Г-ийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.

2.Хүсэлт гаргагч Ж.Г- нь шүүхэд ...1983 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс эхэлж 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд цэвэрлэгч, хувцас өлгөгч, туслах ажилтан, оператор, лаборант, буудлын үйлчлэгч, харуулаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан, шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

3.Шүүх ...35 ажилчдын нэрс дотор хүсэлт гаргагчийн нэр байхгүй, 38 дугаарт гараар Ж.Г-ийн нэрийг нэмж бичсэн, ...хамт ажиллаж байсан гэх Л.Долцон, Я.М- нарын тодорхойлолтоос өөр нотлох баримтгүй гэсэн дүгнэлт хийж улмаар харуулаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6., 38 дугаар зүйлийн 38.9.-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

4.Учир нь Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх тухайлбал хүний ажиллаж байсан байдлыг тогтоох тухай иргэний хэрэгт талуудын мэтгэлцэх зарчим хамаарахгүй тул Ж.Г-ийн хүсэлттэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх шаардлагатай тохиолдолд нотлох чиг үүргийг хэрэгжүүлдэг онцлогтой.

5.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хүсэлт гаргагч Ж.Г- нь дээрх байгууллагад 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд харуулаар ажиллаж байсан байдлаа нотолж харуулаар хамт ажиллаж байсан Л.Долцон, Я.М- нарын тодорхойлолт, Зэсмолибден барилгын удирдах газрын дэргэдэх монгол ажилчдын захиргааны даргын 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/325 тушаал зэрэг баримтуудыг ирүүлсэн байх ба шүүх тус байгууллагад харуулаар ажиллаж байсан байдал нь эргэлзээтэй гэж үзвэл уг баримтанд үзлэг хийх эсхүл А/325 тоот тушаалд хүсэлт гаргагчийн нэрийг нэмж гараар бичигдсэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргуулах, хамт ажиллаж байсан Я.М-аас гэрчийн мэдүүлэг авах зэрэг нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийгээгүй нь шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг бүрэн гүйцэд тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн .............................. дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хүсэлт гаргагч Ж.Г-ийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧИД С.У

Б.О