| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
| Хэргийн индекс | 118/2016/0031/З |
| Дугаар | 16 |
| Огноо | 2017-03-14 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 16
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Ц.*******гийн нэхэмжлэлтэй тус аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох 2016 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах, шүүхэд очсон зардал гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. ******* сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэгийн үржлийн тасгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр 02-ны өдөр Б/23 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа халагдсан юм. Миний бие төрийн албан хашиж байхдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй болно. 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж улмаар тэнцсэн мөн 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр үр дүнгийн гэрээ байгуулсан. Мөн 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дүгнүүлж баталгаажуулсан. Намайг ажлаас халахдаа дээрх шалтгаануудаар халсан. Мөн Засаг даргын Тамгын газрын УАЗ-452 маркын машиныг хувьдаа ашигласан гэж худлаа гүтгэсэн, уг машины гадна гэмтэл бол төрийн ажил үүргээ гүйцэтгэж яваад мөсөнд цөмөрч гэмтсэн. Үүнийг цуг явж байсан төрийн албан хаагч нар мэдэж байгаа. Мөн намайг Засаг даргын захирамжаар уг ажилд томилогдсон байхад Тамгын газрын даргын тушаалаар халж байгаа нь хуульд нийцэхгүй гэж бодож байгаа учир тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа орох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн олгуулах, шүүхэд хандаж явсан унааны зардал гаргуулахаар нэхэмжлэл гаргалаа гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тамгын дарга намайг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өрөөндөө дуудаж оруулаад чамтай бол цаашид хамтран ажиллахгүй, тиймээс ажлаасаа гарна гэж бодож яваарай гэж хэлсэн. Тэгээд машины суудлыг 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн дотор янзлаарай гэсэн. Үүний дагуу машины суудал янзлуулахаар хүнтэй тохиролцчихсон байж байсан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн байгууллагын хурал дээр Тамгын дарга санал, хүсэлт гаргах хүн байна уу? гэж Тамгын дарга асуухад нь би ойрын хугацаанд аймаг явах семинарын ажилтай гэсэн. Тэгэхэд Тамгын газрын дарга тэгээд эвдэрхий машинаараа явах юм уу? гэхэд нь тэр машинд эвдэрсэн зүйл байхгүй, тиймээс аймаг явж болно гэж хэлсэн. Машинтай холбоотой дүгнэлт гарсан талаар Тамгын дарга ярилаа. Гэтэл тэр машин бол надтай нийлээд тав дахь жолооч дээрээ явж байгаа машин юм. Тухайлбал 2011 оноос хойш долоо дахь жилдээ явж байгаа бөгөөд энэ хугацаанд урсгал зардал хийж байгаагүй юм байна лээ. Тэр машин над дээр ирэхээсээ өмнө мотор, кроп нь эвдрэлтэй ямар ч тохиргоо байхгүй байсан. Үүнийг би ааваараа янзлуулсан юм. Ийм учраас тэр машинаар ажил үүргээ гүйцэтгээд явж байсан. Тэгээд 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр жилийн эцсийн мал тооллогоор явж байгаад мөсөнд цөмөрсөн. Ингэхдээ буруу талын хойд хормойгоо эвдсэн байдаг. Түүнээс өөр байдлаар би тухайн машинд эвдрэл учруулаагүй. Үүнийг гэрчлэх хүмүүс бүгдээрээ байгаа. Хариуцагч нь 4 726 500 төгрөгийн үнэлгээ тогтоогоод, энэхүү хохирлыг надаас нэхэмжилсэн байгаа. Миний тухайд энэ хохирлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэвэл өмнө нь барьж байсан жолооч нарын үед гэмтлүүд гараад, тухай бүр янзалсан байдаг. Энэ байдлыг тухайн хүмүүс нотолж байгаа. Тухайлбал рам болон хаалганы түгжээ над дээр ирэхдээ эвдрэлтэй байсан. Мөн мантажны утас гээд нэхэмжилсэн байна. Энэ бол зөв зүгээр ажиллаж байгаа. Хэрвээ мантажны утас ажиллахгүй бол төв гэрэл буюу хянах самбар ажиллахгүй байх байсан. Гэтэл энэ хянах самбар зөв зүгээр ажиллаж байлаа. Харин машины хоёр суудал хугарсан гэдэг асуудлыг би хүлээн зөвшөөрнө. Ингэхдээ хувийн ажлаар бус төрийн ажлаар 6,7-уулаа явж байгаад л эвдсэн юм. Жил эцсийн мал тооллогоор явахдаа дандаа замгүй газраар буюу бартаатай замаар явдаг. Энэ машин нь явж л байгаа юм чинь тодорхой хэмжээний элэгдэлд орсон байгаа. ...Би энэ машиныг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл үүнээс хойш бүтэн гурван сарын хугацаанд ажил үүргээ гүйцэтгээд л явж байгаа. Тухайлбал айлын хог хүртэл ачаад л явж байна. Би үүнийг зургаар баталгаажуулаад, Тосонцэнгэл сумын шүүхэд өгсөн байгаа. Энэ машины эвдрэл гэмтлийн талаар өмнөх жолооч нар бүгдээрээ мэдэж байгаа бөгөөд эдгээрийг ганцхан намайг учруулсан хэмээн хариуцагч үзээд байна. Мөн замын тооцооны хуудас хянуулж батлуулаагүй гэсэн. Гэтэл энэ машин сүүлийн нэг жил үндсэндээ яваагүй юм чинь баримт гарч ирэх нөхцөл байхгүй. Жилийн эцсийн тооллогоор явсны дараа фомп гэдэг эд анги нь эвдэрсэн болохоор би хашаандаа аваачиж тавьсан. Гэтэл өнгөрсөн зун Тамгын газрын дарга ажиллаж байсан бөгөөд баяр наадмын өдрүүдэд зайлшгүй машинаа асаах үүрэг өгдөг. Үүний дагуу би тэр фомпыг хувь хүнээс авч тавиад, баярын хэдэн өдөр машинаараа үйлчилсэн. Үүний дараа тэр машин манай хашаанд байнга байсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 10-н гаргаад сумын хилийн цэс тогтоохоор, төрийн албан хаагч нартай явсан. Ингэж явахад ямар нэгэн эвдрэл саад гараагүй. Тэгэхээр үнэлгээний комиссын дүгнэлт бол дэндүү үнэмшилгүй, нэг талыг барьсан гэж ойлгож байна.
Мал эмнэлгийн тасгийн даргыг заавал малын эмч байх шаардлагатай гэсэн. Гэхдээ мал эмнэлэгт гурван орон тоотой байх ёстой. Үүнд малын эмч, зоо техникч, газар тариалангийн мэргэжилтэн байна. Энэ дотроосоо ажлын туршлагыг нь харгалзан үзээд тасгийн эрхлэгчийг томилно гэсэн заалт байдаг.
Үр дүнгийн гэрээг төсвийн шууд захирагчтай дүгнүүлээгүй, мөн албан ёсны сонгон шалгаруулалтанд орж, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй гэдэг үндэслэлээр халсан байдаг. Гэтэл би 2015 онд удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд ороод тэнцсэн. Мөн үр дүнгийн гэрээгээ байгуулаад, жил бүр дүгнүүлсэн. Миний өмнө ажиллаж байсан хүн бол хоёр сарын хугацаагаар ажлаа хаяад явсан байдаг. Ийм учраас намайг сумын Засаг дарга дуудаж ажиллуулсан. Гуравдагч этгээд Д.******* нь тэтгэвэртээ гарсан, тэтгэмжээ авсан, одоо давхар цалин аваад ажиллаж байна. Энэ бол мэргэжлийн хүн л дээ. Гэхдээ миний тухайд тэтгэвэртээ гарсан хүнийг төрийн албанд ажиллуулах нь хуульд нийцэхгүй гэж бодож байгаа...Төрийн албан хаагч намын ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн заалт Төрийн албаны тухай хуулинд байдаг. Гэтэл Б.******* дарга надад намын шаардлага шүү гэж хэлж байсан. Нэг ёсондоо намын шаардлагаар намайг ажлаас халсан гэж бодож байгаа. Би 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл тайлангаа яагаад өгөөгүй юм бэ? гэхээр уг нь тайлан бол надад бэлэн байсан. Тамгын газрын дарга 7 дугаар сарын 5-ны өдөр тайлангаа өг гээд жижүүрээр хэлүүлсэн байдаг. Тэгэхэд нь би одоо завгүй байна, маргааш нөгөөдрөөс тайлангаа өгнө гэж хэлсэн. Яагаад гэвэл улсын баяр наадмын морины комисст томилогдсон учраас зайлшгүй тулгарсан асуудлууд байсан. Тийм учраас би баяр наадмын ажил руугаа анхаарлаа хандуулж байлаа. Ингээд 7 дугаар сарын 7-8 ны өдрийн хооронд сумын баяр болоод, 7 дугаар сарын 9-ний өдрөөс эхлээд 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл урт хугацаагаар амарсан. Тэгээд 7 дугаар сарын 19-ний өдрийн байгууллагын хурал дээр орж ирээд тайлангаа өгөөрэй гэж байсан. Би тэр өдөр нь л бичиг хэргийн ажилтанд тайлангаа явуулсан байгаа. Гэтэл надад арга хэмжээ авсан тушаал гаргасан байсан. Ер нь бол ажлаас халах бэлтгэлээ хийж байсан юм байна лээ. Тамгын газрын даргын улс төржсөн гэдэг нь өөрийнх нь ярианаас хүртэл тодорхой байдаг. Би ажлаас халагдсаны дараа найзуудтайгаа явж байтал Тамгын газрын даргатай таарсан. Тэгэхэд Б.******* дарга машиндаа дуудаад би таныг намын шахалтаар ажлаас халсан шүү гээд нэг шил архи авч өгөөд хувааж уусан юм. Ингээд архи уугаад сууж байхад би чинь энэ Ардчилсан намын зөвлөлд нь байгаа, ийм учраас ажлаас халсан гэдгээ хэлсэн. Ийнхүү намын даалгавар биелүүлж байгаа нь хуульд нийцэхгүй гэж бодож байна.
Надаас машиныг хүлээж авахдаа тухайн үеийн техникийн комисс биш, намын харьяалалтай хүмүүст тушаал гаргаад авсан байдаг. Би өмнө нь машин барьж байхдаа өөрөө өөртөө бензин цохож авч байгаагүй. Ямар нэгэн байдлаар санхүүгийн үйл ажиллагаанд оролцогггүй байсан. Угаасаа ингэх ч эрх хэмжээ байхгүй. Сумын төсвийн гурван хувийг зарцуулна гэж заасан байдаг. Ингэж зарцуулахдаа эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлтэйгээр зарцуулдаг байсан. Тэр машин нь сүүлийн нэг жил үнэндээ яваагүй юм. Намайг яагаад сумын Засаг даргын захирамжаар ажилд авсан гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ анх эхлээд сумын Засаг даргын захирамжаар томилогдсон юм чинь, тэр захирамжаараа л ажлаас чөлөөлөгдөх байх гэж бодож байна. Тэгэхээр төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхийг шууд ноцтойгоор зөрчиж шууд тушаал гаргаж байгаа нь буруу. Энэ бол өөрөө зөрчил гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл Тамгын газар нь Засаг даргын ажлын алба болохоос биш, сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрх хэмжээ байхгүй. Хэрвээ би өнөөдөр сумын Засаг даргын захирамжаар ажлаасааа чөлөөлөгдсөн бол ийм асуудал гарахгүй байсан. Намайг ингэж гэнэт ажлаас халсан нь сэтгэл санааны болон эдийн засгийн хохирол учрууллаа. Яагаад гэвэл би цалингийн зээлтэй байсан. Энэ нь надад маш хүндээр тусч байна.
Арга хэмжээний тухайд гэвэл өмнөх Тамгын газрын даргын үед өглөө байгууллагын хурал дээр хоёр ч удаа дарааллан хожигдсон болохоор арга хэмжээ авахуулсан. Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-д зааснаар ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг юу гэж ойлгох юм бэ? гэхээр үр дүнгийн гэрээгээ хоёр удаа F дүгнүүлснийг хэлдэг. Тэгсэн ч Тамгын газар хагас жилээр ажил дүгнэдэггүй, бүтэн жилээр нэг удаа ажил дүгнэдэг юм. Энэ талаар үр дүнгийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтонд заасан. Тухайн үед үр дүнгийн гэрээг дүгнэнэ гэж яриагүй, хагас жилийнхээ тайланг өг гэж ярьж байсан. Хагас жилийн тайлан өгөх хугацаа жаахан хойшилсон. Яагаад гэхээр манай сумын баяр наадам болон улсын баяраар амардаг олон хоногийн амралтын өдрүүд үргэлжилсэн байсан. Тэгээд ажилдаа оронгуут тайлангаа файлаар болон Тамгын газрын бичиг хэргийн ажилтанд цаасаар өгсөн байгаа.
Ёс зүйн зөрчлийн тухайд гэвэл тоглоомноос болоод тийм асуудал болсон юм. ******* бид хоёр нэг үеийн найзууд болохоор маргааш нь эвлэрсэн. Энэ нь 2015 оны эхээр болсон байгаа. Миний тухайд Тамгын газрын даргын тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тэр машиныг надаас авснаас хойш 3-4 сар тасралтгүй явж байгаа. Байнга л явж байгаа машинд үнэлгээ тогтоох шаардлага байсан юм болов уу? даа. Намайг тэр машиныг хувийнхаа хашаанд байлгасан гэж тайлбарлаад байна. Өмнө нь хариуцаж байсан жолооч нар бүгд л өөрийнхөө хашаанд байлгадаг байсан. Яагаад гэхээр Тамгын газарт албан ёсны граж, аж ахуйн хашаа, манаач байдаггүй. Тамгын газрын хойно нэг жижигхэн түлээний хашаа байдаг. Тэр эзэнгүй хашаанд машинаа тавих боломжгүй. Тэрийг хараад сууж байх манаачийн орон тоо байдаггүй. Тийм учраас яах аргагүй хариуцаж байгаа хүмүүс дээрээ л байх ёстой. Надаас өмнө ч гэсэн тэр машиныг тасгийн дарга нарт нь хүлээлгээд өгчихдөг байсан. Тэр машиныг надад өгөхөөсөө өмнө нэг жолоочид байсан. Тэгээд Аудитын дүгнэлт гараад орон тооны цомхтголоор ажлаасаа халагдсан байна лээ. Нэг ёсондоо над дээр хүчээр ирсэн машин юм. Энэ машиныг хариуцах эзэнгүй хашаанд тавьж болохгүй байх гэж бодсон юм. Ийм учраас энэ машин над дээр байгаад байсан. Би энэ машиныг хувьдаа ашиглах ямар ч шаардлага байхгүй. Яагаад гэхээр би хувийн машинтай. Өөрийнхөө энэ машинаар хувийн ажлаа зохицуулдаг, бензин бага иддэг тул албаны машинаар хувийн ажлаа хийгээд байх шаардлага надад байхгүй. Иймд төрийн машиныг ашиглах ямар ч шаардлага байхгүй байсан.
Одоо ч гэсэн тэр машин жолоочийнхоо хашаанд байж л байгаа. Тэр машинаар айлын үхрийн баас, хог ачаад явж л харагддаг. Одоо замын хуудас тооцож байгааг мэдэхгүй байна. Мал эмнэлгийн машин гэдэг бол үүрэгт ажлаасаа илүүтэйгээр Тамгын газрын аж ахуйн ажилд явдаг л машин болсон. Тэр машины мотор, кропонд задаргаа ороогүй сайн машин л даа. Гэтэл ингэж үнэлгээний комиссын дүгнэлт гаргуулсанд үнэндээ үнэмшихгүй байна.
Унааны зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Би гурван удаа явахдаа дандаа хувь хүнтэй явсан болохоор нотлох зүйл байдаггүй. Тухайлбал гурван удаагийн ирж, очих унааны зардал гэж 90000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.******* нь мэргэжлийн биш, сонгон шалгаруулалтанд ороогүй байж, урьд нь ажиллаж байсан сумын Засаг дарга Ж.*******ийн захирамжаар мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар хууль бусаар томилогдон ажиллаж байгаад ажлын алдаа дутагдлаас болоод ажлаасаа чөлөөлөгдсөн болно. Ц.******* нь ажиллаж байх хугацаандаа Засаг даргын Тамгын газрын УАЗ-452 фермер маркийн авто машиныг хувьдаа ашиглаж байгаад их хэмжээний дотор гадна гэмтэл учруулж төрийн байгууллагад 4 726 500 /дөрвөн сая долоон зуун хорин зургаан мянга таван зуун/ төгрөгний хохирол учруулсан нь сумын техникийн комиссын дүгнэлтээр батлагдсан ба энэ талаар Тосонцэнгэл сумын иргэний хэргийн шүүхэд шилжүүлсэн. Миний бие 2013 онд өөрийн үүрэгт ажлаасаа үндэслэлгүй халагдаж 2015 оны 5 дугаар сарын 11, 5 дугаар сарын 29-ны өдөр хүртэл шүүхийн шийдвэрээр ажилдаа томилогдон мөн л үндэслэлгүй халагдсан юм. Энэ хугацаандаа хүртэл Ц.*******д дүүгийн хувиар сайн санаж та өөрөө тасаг ахлаж байгаа хүн хувьдаа машин ашиглаж жолоочгүйгээр унаж, өөрийнхээ хувийн хашаанд байлгаж болохгүй хэлээд би мэдэж байна хэмээн хариулж байсан. Урьд нь миний оронд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.******* хүртэл шаардлага тавьж 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Б/7 дугаар тушаалаар цалингийн арга хэмжээ авч байсан байдаг. Миний бие 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр өөрийн үүрэгт ажлаа шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр хүлээн авч 2016 оны хагас жилийн ажлын тайланг хүлээн авч, үр дүнгийн гэрээг илтгэх хуудсаар дүгнэх гэсэн боловч Ц.******* мөн л тайлангаа өгч ажлаа дүгнүүлээгүй. 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүргэсэн. Тиймээс хоёр дахь арга хэмжээг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар авсан. Тухайн үед хагас жилийн тайлан мэдээг өгсний үндсэн дээр үр дүнгийн гэрээг дүгнэх ёстой. Ц.******* тайлан мэдээгээ хугацаанд нь өгөөгүй учраас арга хэмжээ авагдсан юм. Б/13 дугаар тушаалыг гаргаж алдаа дутагдалаа даруй зассан тохиолдолд арга хэмжээг багасгах талаар тухайн өдрийн албан хаагчдын хурлаар мэдэгдсэн боловч мөн л ямар ч арга хэмжээ авалгүй ажлаа дүгнүүлэлгүй өнгөрсөн. Арга хэмжээ авсан талаарх тайлбар, тэмдэглэлийг материалаар шүүхэд ирүүлсэн байгаа.
Удалгүй нярав орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдөж эд хөрөнгийн бүртгэл тооцоог комисс гарган нүд үзэн тулгахад УАЗ-452 маркийн машин Ц.******* дээр байгаа нь тогтоогдож эвдрэл гэмтэл ихтэй машины эвдэрсэн эд ангийг засах, замын тооцооны хуудас хөтлөлгүй хувьдаа ашиглаж байсан нь санхүүгийн баримтаар жолоочийн замын тооцооны хуудас олдоогүй, аж ахуйн буюу байгууллагын хашаанд тавьж байгаагүй нь тогтоогддог. Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хороо нь учир дутагдалтай ажиллаж байсан бөгөөд тухайн үед ажиллаж байсан Засаг дарга Ж.******* ёс зүйн хороог шинэчилж өгөх хүсэлтийг минь хүлээн авахгүй, намайг албан өрөөндөө ч оруулдаггүй хөөж гаргадаг байсан. Урьд нь Ц.*******г зан харьцааны талаар яаж ажиллаж байсан талаар манай газрын даамал Ш.*******гийн ёс зүйн хороонд гаргасан өргөдөлд тодорхой дурдсан ба ёс зүйн хорооны дүгнэлт яаж гарч байсныг баримтаар хүргүүлэв. УАЗ-452 фермер маркийн машины талаарх сумын техникийн комиссын дүгнэлт, сумын үнэлгээний комиссын дүгнэлтийг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Мөн Ц. ******* нь мэргэжлийн бус тухайн орон тоон дээр Төрийн албаны шалгалт өгөөгүй Засаг даргын захирамжаар томилогдсон зэрэг ноцтой дутагдал байдаг. Завхан аймгийн Хөдөө аж ахуйн газраас Тасгийн дарга нь малын эмч байх шаардлагыг албан тоотоор хүргүүлсэн болно. Төрийн хөрөнгийг хувьдаа ашиглаж, ёс зүйн зөрчил гаргаж, Төсвийн шууд захирагчаас эрх мэдэл давуу төрийн албан хаагч байж болохгүй байх гэж үзэж байна.
Нэхэмжлэгчид тасгийн дарга хүн жолооч байсаар байтал машинаа унаж болохгүй гэдгийг хэлж бйасан. Нэхэмжлэгч нь миний тавьсан шаардлагыг тухайн үед хүлээн аваагүй. Ингэхдээ бүр тухайн машиныг албаны хашаанд ч биш, өөрийнхөө хашаанд байлгаад байсан. Мөн замын тооцооны хуудас хөдөө аж ахуйн машин дээр огт байдаггүй. Замын тооцооны хуудас гэдэг нь тухайн машин хэдэн литр бензин зарцуулсан, хэдэн километр явсан, эвдрэл гэмтэл байна уу? гэдгийг хянаж нярав, нягтлан, дарга, жолооч бие биедээ хариуцлага тооцдог хуудас юм. ...Машины тухайд гэвэл ноцтой асуудлууд олон байна. Тухайлбал Ц.******* өөрөө унаж байгаад хажуугаас нь машин оруулсан байдаг. Гэтэл тэр машинтай ямар нэгэн хариуцлага тооцож, гомдол гаргахгүйгээр зохицоод өнгөрсөн. Ц.*******г ажлаас чөлөөлөх үндэслэл нь зөвхөн албаны машинаас эхлээгүй. Энэ хүн бол төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийн хүрээнээс давж, төсвийн ерөнхийлөн захирагчийн захирамжаар ажилд томилогдсон байдаг. Төсвийн ерөнхийлөн захирагч нь ямар албан тушаалтныг томилох эрхтэй вэ? гэхээр байгууллагын дарга нарыг бүрэн эрхийнхээ хэмжээнд, мөн Засаг даргын орлогчийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөж томилдог байгаа. Түүнээс биш байгууллагын доторх тасгийн даргыг захирамжаар томилж болохгүй. Энэ нь төсвийн шууд захирагчийн бүрэн эрхэд нөлөөлж байгаа юм. Нэхэмжлэгч нь захирамжаар томилогдсон байлаа гэхэд төрийн албаны шалгалтыг өгөөгүй байдаг. Өөрөөр хэлбэл тухайн ажлын байрыг зарлаагүй. Энэ талаарх саналаа Төрийн албаны салбар зөвлөлд тавих ёстой бөгөөд тухайн ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлах хүртэл оронд нь түр томилно. Дараа нь төрийн албаны шалгалт өгөөд, тангараг өргөсний эцэст жинхлэх ёстой. Гэтэл Ц.*******г анх томилохдоо дээрх журмыг зөрчөөд, захирамжаар авсан байдаг. Нэхэмжлэгч нь төрийн албаны шалгалтыг дараа нь өгсөн гэдэг. Гэхдээ тухайн орон тоон дээр шалгалт өгөлгүйгээр, Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга гэсэн орон тоон дээр төрийн албаны шалгалт өгсөн байдаг.
Ц.*******гийн хувийн хэрэг бол бүрдүүлэлт муутай байсан. Хувийн хэрэгт байсан материалыг нь нэхэмжлэгчид өөрт нь өгсөн. Тэр дотор ажлын байрны тодорхойлолт байгаагүй, үлгэрчилсэн загвар байсан.
Одоо Ц.*******гийн оронд ажиллаж байгаа хүн бол малын эмч мэргэжилтэй, төрийн албаны шалгалтанд журмын дагуу ороод тэнцсэн байгаа. Гэтэл Ц.******* нь малын эмч мэргэжилтэй биш, газар тариалангийн мэргэжилтэй байдаг. Ц.******* болон өмнө нь ажиллаж байсан Тамгын газрын дарга хоёрын хооронд ямар харилцаа үүссэн гэдгийг мэдэхгүй юм. Гэхдээ 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр цалингийн арга хэмжээ авахуулсан байдаг. Ийнхүү арга хэмжээ авсан байхад Ц.******* нь Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаагүй байсан. Тийм учраас Ч.******* тухайн үед алдаа дутагдал гаргасан байна гэж үзсэн.
Би Ц.*******гаас 2016 оны хагас жилийн тайлан мэдээг авах ёстой байсан. Гэтэл Ц.******* тайлангаа хугацаанд нь гаргаж өгөөгүй, хугацаа хэтрүүлсэн. Үүний дагуу Ц.*******г нилээн шахаж шаардсаны үндсэн дээр 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр арга хэмжээ авсан. Энэ талаар байгууллагын хурлын тэмдэглэл дээр тусгуулсан байгаа.
Ц.******* нь хоёр ч удаа арга хэмжээ авахуулсан. Тэгээд гурав дахь нь гэвэл машины асуудал байдаг. Ийм учраас Ц.*******г ажлаас нь халсан юм. Ёс зүйн хорооны тухайд гэвэл өмнө нь ажиллаж байсан Ж.******* даргатай шүүхээр маргалдаж явсан. Энэ ч утгаараа Ж.******* дарга намайг байгууллагын хуралдаа оруулдаггүй байлаа. Би нэг удаа ёс зүйн хороог шинэчлэн байгуулах асуудлаар Ж.******* даргатай уулзсан. Гэвч миний асуудлыг хүлээж аваагүй. Ёс зүйн хороонд хэн байдаг вэ? гэхээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, өмнө нь ажиллаж байсан Тамгын газрын дарга, Байгаль хамгаалагч гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй байсан.
Ц.*******гийн тухайд гэвэл ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан байна лээ. Газрын даамал ******* ёс зүйн хороонд өргөдөл гаргасан байдаг. Тэр өргөдлийг нь ёс зүйн хороо яаж шийдсэн бэ? гэхээр тоглоомын чанартай өргөдөл байна гэж шийдвэрлэсэн байсан. Ёс зүйн хороог байгуулах тухай Засгийн газрын тогтоолоос харахад сумын ёс зүйн хороо нь тав буюу түүнээс дээш бүрэлдэхүүнтэй байхаар заасан байдаг. Тэгэхээр гурван хүний бүрэлдэхүүнтэй ёс зүйн хороо нь асуудлыг шалгаж тогтоох боломжгүй байсан байх.
Би өмнө нь Ц.*******д барьж байгаа машинаа жолоочдоо хүлээн өг гэж удаа дараа хэлж байсан. Миний энэ шаардлагыг Ц.******* худлаа гэж хэлэхгүй байх. Тамгын газрын тушаалаар УАЗ-452 машиныг сумын техникийн комисс, үнэлгээний комисс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авахад тухайн зөрчлүүд гарч ирсэн. Тэгсэн мөртлөө надаас энэ машиныг хүлээж авснаас хойш явж байгаа гэж тайлбарлаад байна. Тухайн машиныг явахгүй байхад нь хариуцаж байгаа хүн явуулах ямар нэгэн арга хэмжээ аваагүй байж маргаад байх юм. Манайх хоёр муу машинтай л даа. Энэ хоёр машины асуудал шүүхийн шатанд явж байгаа. Шүүхийн шийдвэр гартал энэ хоёр машиныг явуулж болохгүй шүү. Хэрвээ явуулчих юм бол нөгөө хүмүүс эвдрэлгүй байна гэж хэлнэ шүү гээд зүгээр байлгаад байж болохгүй. Үнэлгээний комиссын дүгнэлт гаргуулснаас хойш тухайн машины эвдрэлийг янзлаад ашиглаж байгаа. Энэ бол төрийн албаны л зарчмын асуудал. Төр хохиролгүй байх ёстой, төр үнэн байх ёстой гэж ярьж байгаа. Түүнээс намын удирдах зөвлөлийн дагуу ажлаас халсан зүйл биш юм. Тэгэхээр би аль намын удирдах зөвлөлд байдаг гэдгээ мэдэхгүй байна.
Гуравдагч этгээд Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 1961 оны 1 дүгээр сарын 7-нд төрсөн. Одоо 56 настай. 1984 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг малын их эмч мэргэжлээр төгсөөд ******* сумын мал эмнэлэгийн тасгийн эрхлэгч их эмчээр 1998 он хүртэл ажилласан. 2010 онд монгол мал хөтөлбөрийн хүрээнд Их Хурлын 10 дугаар тогтоол, Засгийн газрын захирамжаар байгуулсан сумын Мал эмнэлэгийн үржлийн тасагт ажиллах боловсон хүчний ажлын байрны тодорхойлолт, мэргэжил зэргийг тодорхой зааж өгсөн. Үүнд малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнийг малын их эмч, бакалавраас дээш зэрэгтэй олон жил ажилласан ажлын туршлагатай мэргэжилтнийг 2010 оны 12 дугаар сард дахин нарийн мэргэжил дээшүүлэх сургалтад Хөдөө аж ахуйн их сургуульд суралцуулан төрийн албаны шалгалтанд тэнцсэн хүнийг ажиллуулах гэсэн журмын дагуу аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга, сумын Засаг даргын тохиролцсоны үндсэн дээр энэ албанд намайг томилон ажиллуулж байсан юмаа. Гэтэл 2015 оны 1 дүгээр сарын 20-нд ажлаас халсан юм. Би хууль бусаар халагдлаа гэж шүүхэд гомдол гаргасан. Шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр намайг ажилдаа ор гэсэн шийдвэр гарсан боловч ажилд аваагүй. Гэтэл сумын Тамгын газрын дарга мал эмнэлэгт мэргэжлийн хүн авна гэж 2016 оны 12 дугаар саын 1-нд ажилд буцааж авсан. Мөн Хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн болон тасгийн даргыг заавал малын их эмч хүн байна гэсэн шийдвэр ирсэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь анх ******* сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар[1] тус сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар томилогдон ажиллаж байгаад ажлаас халагдсанаар шүүхэд маргаан үүсгэсэн байна.
Тэрээр Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах, шүүхэд очсон зардал гаргуулах хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Шүүх хэрэгт хуульд заасны дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагуудын үндсэн хэсгийг хангаж, унааны зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, уг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
1.Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Ажлаас халах тухай Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Маргаан бүхий захиргааны акт болох ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар[2] Ц.*******г тус Тамгын газрын УАЗ-452 фермер автомашиныг хувьдаа ашиглаж, эд ангийг эвдэж гэмтээсэн, замын тооцооны хуудсыг даргаар батлуулж хянуулаагүй ашигласан, ажлын байранд мэргэжлийн хувьд тавигдах малын эмч байх шаардлагыг хангаагүй, үр дүнгийн гэрээний биелэлтийг төсвийн шууд захирагчаар удаа дараа дүгнүүлээгүй, төрийн албаны сонгон шалгаруулалтанд ороогүй, тангараг өргөөгүй хэмээн үзэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх заалтуудыг тус тус баримтлан ажлаас халахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь Төрийн албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, мэргэжлийн хувьд Мал эмнэлэг үржлийн тасгийн даргын албан тушаалыг эрхлэх шаардлага хангасан, үр дүнгийн гэрээний биелэлтээ удаа дараа дүгнүүлж байсан, албаны автомашиныг хувийн зорилгоор ашиглаагүй, сумын Засаг даргын захирамжаар анх ажилд томилогдсон тул Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар ажлаас халсан нь үндэслэлгүй хэмээн маргаж байна.
Энэ хэрэгт маргаж буй Мал эмнэлэг үржлийн тасгийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д зааснаар төрийн захиргааны албан тушаал бөгөөд уг албан тушаалыг эрхэлж байсныхаа хувьд Ц.******* нь дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д заасан төрийн жинхэнэ албан хаагч байх тул түүний хөдөлмөрлөх эрхийн харилцаанаас үүссэн энэ маргааныг Төрийн албаны тухай хуулийг хэрэглэж шийдвэрлэх үндэстэй байна.
1. Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан үндэслэлийн тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг хуульчилсан байх ба 15.1.7-д албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр...ашиглан завших-ыг хоригложээ.
Дээрх зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан бөгөөд 26.1.3-д төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халахаар хуульчилжээ.
Холбогдох хууль тогтоомж болон төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчил гэж хэлэх бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтан нь төрийн захиргааны албан хаагчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл ёс зүйн дүрмээр тогтоосон ямар зөрчил гаргасан, энэхүү зөрчил нь ямар нотлох баримтаар хэрхэн тогтоогдсоныг шийдвэртээ тусгах ёстой.
Гэтэл хариуцагч нь Ц.*******г сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн атлаа уг зөрчлийг хууль, дүрэмд заасны дагуу бүрэн шалгаж тогтоогоогүй, тус байгууллагын ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслээгүй байх тул уг захиргааны актыг үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх боломжгүй байна.
Түүнчлэн замын тооцооны хуудсыг даргаар хянаж батлуулаагүй ашигласан, албаны автомашиныг хувьдаа ашигласан, автомашинтай мөргөлдүүлэн, эд ангид нь эвдрэл гэмтэл учруулсан гэх Ц.*******гийн зөрчлийн талаарх баримтуудыг хариуцагчаас гаргуулахаар шүүх удаа дараа шаардсан боловч уг зөрчлүүд хэдийд үйлдэгдсэн, уг зөрчлүүдийг хариуцагч өөрийн зүгээс хэрхэн шалгаж, ямар баримтуудаар тогтоосон болохыг шүүхэд нотлож чадахгүй байна.
******* сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/22 дугаар захирамжаар[3]байгуулагдсан сумын техникийн комисс хүлээлцүүлсэн тэмдэглэл, мөн дээрх автомашины эвдэрсэн эд ангид үнэлгээ тогтоосон баримтуудыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн байх ба эдгээр баримтууд нь тухайн автомашины бүрэн байдал, эвдрэл гэмтлийг харуулж байх боловч уг эвдрэл гэмтлийг хэзээ, хэн, ямар шалтгаанаар үүсгэснийг нотлож чадахгүй байна.
Тодруулбал дээрх баримтуудаар Ц.*******г УАЗ-452 фермер маркийн автомашиныг хувийн зорилгодоо ашиглаж, автомашинтай мөргөлдүүлсэн, эд ангид нь эвдрэл гэмтэл учруулсан буруутай болох нь тогтоогдсон гэж үзэхээргүй байна.
Ц.******* нь анх сумын Засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар[4] УАЗ-452 фермер маркийн автомашиныг анх албаны зорилгоор эзэмшихээр хүлээн авч байсан хэмээн тайлбарлаж байгааг энд тэмдэглэж байна.
Түүнчлэн дээрх тогтоолд нэхэмжлэгч Ц.*******д эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай агуулга байхгүй байх тул хариуцагч маргаан бүхий 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/23 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж заасныг баримталсан нь үндэсгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг журмаар зохицуулахаар байна.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам-ын 2.1, 2.5.4, 4.3, 5.1-д заасны дагуу төрийн байгууллагын орон тооны бус ёс зүйн хороо нь төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож, гомдол, мэдээллийг шалгасан тухай дүнг хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар дүгнэлт гаргах-аар бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг ногдуулахаар байна.
Хэдийгээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5-д зааснаар сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь тус Тамгын газрын ажилтнуудыг томилж, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж, энэ талаар тушаал гаргах эрхтэй боловч хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь дээрх эрхээ хэрэгжүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан Энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчсөн байна.
Манай байгууллагын ёс зүйн хороо нь сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан бөгөөд уг ёс зүйн хороо зохих ёсоор асуудлыг шийдвэрлэх чадваргүй, Ц.*******гийн ёс зүйн зөрчлийн талаар дүгнэлт гаргуулах боломжгүй, өмнөх Засаг дарга нь ёс зүйн хороог шинэчлэн байгуулах талаарх миний хүсэлтийг хүлээж аваагүй гэх хариуцагчийн тайлбарыг шүүх хүлээж авах боломжгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас харахад ******* сумын Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хороог тус сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/58 дугаар захирамжаар[5] томилж байсан байна.
Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам-ын 2.2-д зааснаар ёс зүйн хороог Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлгүй төрийн байгууллагад томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр байгуулж, бүрэлдэхүүн болон даргыг томилохоор заажээ.
Иймд тухайн байгууллагын ёс зүйн хороог сумын Засаг дарга бус, Тамгын газрын дарга нь байгуулж, дарга, бүрэлдэхүүнийг томилох асуудлыг хэнээс ч хараат бус байдлаар хэрэгжүүлэхээр байна.
Тодруулбал Ц.*******гийн ёс зүйн зөрчлийг ёс зүйн хороогоор шалгуулан, дүгнэлт гаргуулан шийдвэрлэх бүрэн боломжтой байсан байна.
Тиймээс ******* сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан Ш.*******гийн урьд гаргасан Ц.*******тай холбоотой гомдлыг ёс зүйн хороо 2015 онд шалган шийдвэрлэж чадаагүй, энэ талаарх дүгнэлт нь хангалтгүй байсан тул Ц.*******гийн 2016 онд гаргасан ёс зүйн зөрчлийг дээрх ёс зүйн хороо мөн шийдвэрлэж чадахгүй гэх хариуцагчийн тайлбар үндэсгүй бөгөөд Ц.*******гийн 2015 оны ёс зүйн зөрчилтэй холбогдуулан хариуцагчаас гаргаж өгсөн уг баримтууд[6] энэ хэрэгт маргаж буй үйл баримтад хамааралгүй тул тэдгээрийг шүүх үнэлэх шаардлагагүй байна.
Харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5-д зааснаар сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь тус Тамгын газрын ажилтнуудыг томилж, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж, энэ талаар тушаал гаргах эрхтэй тул Намайг ажлаас халах асуудлыг Тамгын газрын дарга шийдвэрлэх ёсгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх хүлээн авах үндэсгүй байна.
Мөн хариуцагчаас ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Техникийн комисс томилох тухай А/95 дугаар[7], 12 дугаар сарын 21-ний өдрийн Сумын үнэлгээний комисс байгуулах тухай А/109 дүгээр[8] захирамжууд, дээрх техникийн комиссоос УАЗ-452 фермер маркийн автомашинд үзлэг хийсэн дүгнэлт[9] зэрэг баримтуудыг ирүүлсэн байх ба тэдгээр захирамжууд нь маргаан бүхий 2016 оны Б/23 дугаар захирамжаас хойш гарсан, байх тул энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй тэдгээр баримтуудыг шүүх үнэлэх шаардлагагүй байна.
2.Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан үндэслэлийн тухайд:
Хариуцагч нь маргаан бүхий 2016 оны Б/23 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц.*******г төрийн албанаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг нэг үндэслэлээ болгожээ. Өөрөөр хэлбэл түүнийг удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзжээ.
Дээрх үндэслэлийг тодруулан 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн явцыг хагас жилээр тайлагнаагүй, үр дүнгийн гэрээг удаа дараа дүгнүүлээгүй, замын тооцооны хуудас хянаж батлуулаагүй хэмээн хариуцагч маргаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан ...албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгохоор байна.
Гэтэл хариуцагчаас Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын ажлын байрны тодорхойлолт байхгүй гэх шалтгаанаар шүүхэд ирүүлээгүй байна.
Энэ талаар харицагч тайлбарлахдаа Ц.*******г ажлаас халахдаа ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ зэрэг баримтыг агуулсан төрийн албан хаагчийн хувийн хэргийг өөрт нь хүлээлгэн өгсөн бөгөөд түүн дотор ажлын байрны тодорхойлолт байгаагүй хэмээн тус тамгын газарт хадгалагдаж буй гэх эрх бүхий албан тушаалтны гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулаагүй Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын ажлын байрны тодорхойлолтыг[10] ирүүлснийг шүүх үнэлэх боломжгүй байна.
Тиймээс Ц.******* нь ажлын байрны тодорхойлолтод заасан ямар чиг үүргийг бүрэн гүйцэтгээгүй, эсхүл хугацаа хэтрүүлсэн болох, түүнчлэн замын тооцооны хуудас хянаж батлуулаагүй, автомашин хүлээлгэж өгөөгүй зэрэг нэхэмжлэгчийн эс үйлдэхүй нь ажлын байрны тодорхойлолтод заасан ямар чиг үүргийн хүрээнд хэрэгжихээр байсныг хариуцагч хэрхэн үнэлж тогтоосон нь ойлгомжгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх зарчимд нийцэхгүй байна.
Тодруулбал, маргаан бүхий албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг хариуцагчаас шинэчлэн тогтоогоогүй, урьд нь хуульд заасны дагуу баталгаажуулсан ажлын байрны тодорхойлолт байгаа эсэхийг бүрэн тогтоогоогүй мөртлөө ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ц.*******г төрийн албанаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-д заасан хууль дээдлэх болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзлээ.
Урьд нь нэхэмжлэгч Ц.*******д ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар[11] ажлын цаг хожимдсон гэх үндэслэлээр, 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар[12] өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэх үндэслэлээр хоёр удаа сахилгын шийтгэл ногдуулж байжээ.
Дээрх захирамжуудын талаар нэхэмжлэгч шүүхэд шаардлага гаргаагүй тул тэдгээр захирамжийн үндэслэлд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй болно.
Харин хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.*******ийн сүүлд гаргасан дээрх 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийг Ц.*******гийн гаргасан ямар зөрчилд ногдуулсан болохыг тодруулж авч үзэх нь зүйтэй байна.
Хариуцагчаас дээрх 13 дугаар тушаалын үндэслэл болох баримт хэмээн шүүхэд гаргаж өгсөн ******* сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчдын хурлын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэлээс харахад уг хуралдаанаар байгууллагын дотоод асуудлын талаар хэлэлцэж, хариуцагчаас чөлөө олгох, ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгэж байх талаар нийт ажилтнуудад анхааруулж, нэр бүхий хэд хэдэн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг танилцуулсан байх боловч Ц.*******г ямар зөрчил гаргасан хэмээн үзсэн нь тодорхой харагдахгүй байна.
Уг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.*******д албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийг хариуцагчаастайлбарлахдаа Ц.******* нь 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн явцын тайланг гаргаж өгөөгүй, УАЗ-452 фермер маркийн автомашиныг хүлээлгэж өгөөгүй, замын тооцооны хуудсыг гаргаж хянуулаагүй хэмээн тодорхойлж байна.
Дээрх нөхцөл байдлаас харахад Ц.*******гийн эдгээр үйлдэлд хариуцагчаас урьд нь сахилгын шийтгэл ногдуулж байсан байх тул уг зөрчилд дахин энэ хэрэгт маргаж буй 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй байна.
Ц.******* нь үр дүнгийн гэрээг удаа дараа дүгнүүлээгүй гэх хариуцагчийн тайлбар мөн үндэсгүй байна.
Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын 5.3-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн зүгээс гэрээний хэрэгжилтийн талаар хагас, бүтэн жилээр тайлагнахаар байгаа боловч уг журмын гэрээний биелэлтийг дүгнэж баталгаажуулах гэсэн хэсгийн 6.3-д менежер буюу төсвийн шууд захирагчаас гэрээний биелэлтийг зөвхөн бүтэн жилээр дүгнэхээр заасан тул Ц.*******г 2016 оны үр дүнгийн гэрээгээ хагас жилээр дүгнүүлээгүй гэж хариуцагчаас буруутгаж байгаа нь үндэсгүй юм.
Мөн нэхэмжлэгч Ц.******* нь 2015 онд төсвийн ерөнхий менежертэй үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээний хугацааны эцэст гэрээний биелэлтийг В буюу сайн үнэлгээтэйгээр дүгнүүлсэн болох нь хэрэгт авагдсан холбогдох гэрээ, гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудас[13] зэргээр тогтоогдож байна.
Уг гэрээний биелэлтийн хуудсанд огноо засвартай, тамга дарагдаагүй хэмээн хариуцагч маргаж байгаа боловч гэрээний биелэлтийн баталгаажуулалтын үнэлгээ өгсөн Тамгын газрын дарга Б.******* гэх хэсэгт гарын үсгээр баталгаажуулж, огноог 2016 оны 1 дүгээр сарын 8 гэж тэмдэглэсэн байгаа учир шүүх уг баримтыг үнэн зөв гэж үзэж нотлох баримтаар үнэлсэн болно.
3. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад ороогүй, тангараг өргөөгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлийн тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас халах үндэслэлийг зохицуулсан байна. Дээрх зохицуулалтаас харахад төрийн жинхэнэ албанаас халах үндэслэлд сонгон шалгаруулалтад ороогүй, төрийн жинхэнэ албаны тангараг өргөөгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлүүд хамаарахгүй байна.
Харин эдгээр үндэслэлүүд нь дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйлд заасны дагуу төрийн тухайн албан тушаалд анх томилоход харгалзан үзэх шаардлагууд байна.
Нэхэмжлэгч Ц.*******гийн тухайд ******* сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын албан тушаалд анх 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр томилогдон маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл буюу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл уг албан тушаалын үүргийг 3 жил 6 сар орчим хугацаанд гүйцэтгэсэн байна.
Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага, болзлыг хангасан эсэхийг харгалзалгүйгээр ******* сумын Засаг дарга нь холбогдох захиргааны актаар[14] Ц.*******г анх дээрх албан тушаалд томилсонд нэхэмжлэгчийг буруутгаж, энэ үндэслэлээр түүнийг төрийн албанаас халах боломжгүй бөгөөд Ц.******* нь энэ маргаан бүхий албан тушаалын чиг үүргийг 3 жил 6 сар орчим хугацаанд гүйцэтгэсэн байх тул түүнийг төрийн жинхэнэ албанаас халах асуудлыг Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлүүдийг харгалзан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Харин нэхэмжлэгч Ц.******* нь урьд 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж байсныг Мал эмнэлэг үржлийн тасгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад орж байсан гэж үзэх үндэслэлгүйг энд тэмдэглэж байна.
Учир нь Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 32-д зааснаар төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, тухайн удирдах албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан иргэнийг удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдэхээр байх ба удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шууд нэр дэвших эрхтэй. Харин өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орохоор зохицуулсан байна.
Мал эмнэлэг үржлийн тасгийн даргын албан тушаалд заавал малын эмч байх шаардлагыг анх тавьсан гэх хариуцагчийн тайлбарын тухайд:
Мал эмнэлэг үржлийн тасаг нь анх 2010 онд байгуулагдсан байх ба Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2010 оны 10 сарын 15-ны өдрийн 208 дугаар албан бичгээс[15] харахад урьд ажиллаж ирсэн мэргэжилтнүүдээс Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр малын эмч Д.*******ыг томилох болон Д.******* нь тасгийн дарга байхыг зөвшилцөн тохиролцсон агуулгатай, мөн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаар албан бичгээс[16] харахад сумын мал эмнэлэг, үржлийн тасагт ажиллаж буй мэргэжилтнүүдийг Засгийн газрын 2010 оны 223 дугаар тогтоолын орон тоо, бүтцийн дагуу дээд боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлийн өндөр чадвартай малын эмчийг мал эмнэлэг хорио цээрийн байцаагчаар томилон, ажлын байрны тодорхойлолт, чиг үүргийг шинэчлэн баталж ажиллахыг анхааруулсан агуулгатай байгаа тул эдгээр агуулгаар дээрх албан тушаалд томилогдох ажилтан заавал малын эмчийн мэргэжилтэй байх шаардлага тавигдсан гэж ойлгоход эргэлзээтэй байна. Түүнчлэн Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 25 дугаар албан бичиг нь Ц.*******г ажлаас халснаас хойш буюу 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гарсан байх тул түүнийг шүүх энэ маргаанд хамааруулан үнэлэх шаардлагагүй байна.
Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар Ажлын байрны тодорхойлолт боловсруулах заавар-ыг баталсан байх ба уг зааврын агуулгаас харахад томилох эрх бүхий албан тушаалтан тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг тодорхой үнэлгээ, судалгаа, шинжилгээний үндсэн дээр тогтоохоор байгаа тул Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын албан тушаалд мэргэжлийн хувьд малын эмч байх шаардлага тавигдах үндэслэлийг мөн тодорхой судалгаа, шинжилгээний баримтууд дээр тулгуурлан тайлбарлаж чадахгүй байгааг тэмдэглэж байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч нь хууль, журмаар тогтоосон төрийн захиргааны албан хаагчийг төрийн албанаас халах зохицуулалтыг зөрчиж, нэхэмжлэгч Ц.*******г ******* сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр халсан байна.
Иймд төрийн албаны тухай хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа-г зөрчсөн бөгөөд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул ******* сумын засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгон, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хоёр. Ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл болон замын зардал гаргуулах шаардлагын тухайд:
Маргаан бүхий Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Ажлаас халах тухай Б/23 дугаар тушаал нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1д албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу сарын хуанлид заасан ажлын өдрүүдийг үндэслэн нэхэмжлэгч Ц.*******гийн ажилгүй байсан хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх 91 хоногоор тооцож олговрыг олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан Ц.*******гийн нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтийг[17] үндэслэн түүний авч байсан сүүлийн 3 сарын буюу 2016 оны 08, 09, 10 дугаар саруудын дундаж цалин хөлс /542685 төгрөг/-нөөс нэг хоногийн хөлс / 25 241 төгрөг/-ийг тооцон гаргасан болно.
Шүүх Ц.*******гийн ажилгүй байсан 91 хоногийг дээрх 1 хоногийн хөлсөөр үржүүлэн тооцоходтүүнд 2 296 931 төгрөгийн олговор олгогдохоор байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчид олгох дээрх олговрыг Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулах нь зүйтэй байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-ийн 1-д зааснаар ажилтнууд нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж, 15 дугаар зүйлийн 1-д заасан хувь хэмжээгээр шимтгэл төлөхөөр байх ба хуулийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхээр тус тус зохицуулсан байна.
Иймд Ц.*******гийн дээрх олговроос ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу зохих дансанд шилжүүлүүлэхийг хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч шүүхэд ирсэн унааны зардал гаргуулах шаардлага гаргасан боловч энэ талаарх баримтыг шүүх түүнээс шаардсан боловч гаргаж ирүүлээгүй бөгөөд унааны зардлын хэмжээг шүүх тодорхойлох боломжгүй байх тул уг шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзах үндэстэй байна.
Тодруулбал дээрх хохирол гаргуулах талаарх нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Ажлаас халах тухай Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.*******г ******* сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.*******гийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан 91 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2 296 931 төгрөгийг ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн ажилгүй байсан хугацаанд ногдох 2 296 931 төгрөгийн дээрх олговороос түүний нийгмийн даатгалын шимтгэлийг холбогдох хуульд заасан журмаар тооцон гаргуулж, зохих байгууллагын дансанд шилжүүлүүлэхийг хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******гийн унааны зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ТУНГАЛАГ
[1] Хавтаст хэргийн 5-р хуудсанд
[2] Хавтаст хэргийн 4-р хуудсанд
[3] Хавтаст хэргийн 47 дугаар хуудсанд
[4] Хавтаст хэргийн дүгээр хуудсанд
[5] Хавтаст хэргийн 36 дугаар хуудсанд
[6] Хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудсанд
[7] Хавтаст хэргийн 49 дүгээр хуудсанд
[8] Хавтаст хэргийн 51 дүгээр хуудсанд
[9] Хавтаст хэргийн 50 дугаар хуудсанд
[10] Хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд
[11] Хавтаст хэргийн 40 дүгээр хуудсанд
[12] Хавтаст хэргийн 41 дүгээр хуудсанд
[13] Хавтаст хэргийн 7-15 дугаар хуудсанд
[14] Хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд
[15] Хавтаст хэргийн 52-53 дугаар хуудсанд
[16] Хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд
[17] Хавтаст хэргийн 16-17-р хуудсанд