Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1362

 

 

 

 

 

 

 

 

 

    “Глобал монголиа холдингс” ХК-ийн

    нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн

2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2952 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Глобал монголиа холдингс” ХК-ийн

Хариуцагч “Натурхаан” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 330 553 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ариунзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Бямбаасүрэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхчимэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хатанчулуун,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч  “Глобалмонголиа холдингс” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Глобалмонголиа холдингс” ХК нь хариуцагч “Натурхаан” ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх 41 тоот гэрээг 2 тал хүсэл зорилгоо илэрхийлэн байгуулсан. Тус ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч "Натурхаан" ХХК нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигтийн хөндийд 23 000 м урттай, 2 м өндөртэй. нийт 46 000 м.кв хэмжээтэй торон хашаа, 6 м уртгай үүдний дэлгэгддэг их хаалга 2 ширхэг, 8 м урттай 2 м өндөртэй 2 ш торон хаалга зэрэг ажлыг нийт 1 076 383 000 төгрөгөөр 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 30-ны хооронд хийж гүйцэтгэхээр хоёр тал харилцан тохиролцож гарын үсэг, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан. Хоёр талын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д заасны дагуу гүйцэтгэгч буюу хариуцагч "Натурхаан" ХХК нь захиалагч буюу нэхэмжлэгч “Глобалмонголиа холдингс” ХК-ийн сонгосон өнгө, хэмжээ, загвар, материалаар захиалгыг чанар, үзэмжтэй хийж гүйцэтгэж өгөх, захиалагч буюу нэхэмжлэгч Глобалмонголиа холдингс ХК нь тус гэрээний 4.1-д заасан графикийн дагуу төлбөрийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн бөгөөд нэхэмжлэгч нь тус гэрээний 4.1.1-д заасны дагуу ажлын урьдчилгаа төлбөр болох ажлын нийт үнийн 40% болох 430 553 200 төгрөгийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч “Натурхаан” ХХК гэрээний 1.1-д заасан ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэлгүй, ажлыг хаян явж 41 тоот ажил гүйцэтгэх гэрээний 1.1, 3.1 дэх заалтыг зөрчсөн тул арга буюу нэхэмжлэгч нь өөрсдөө тухайн гэрээний 1.1-дд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн. Хариуцагч “Натурхаан” ХХК нь хоёр талын байгуулсан ажил гүйцэтгэх 1.1-д заасан ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгээгүй гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул нэхэмжлэгч Глобалмонголиа холдингс ХК-ийн зүгээс 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр №14 тоот ажил гүйцэтгэх гэрээг цуцалж байгааг мэдэгдэж, ажлын урьдчилгаанд төлсөн 430 553 200 төгрөгийн төлбөрөөс Натурхаан ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 100 000 000 төгрөгийг хасч үлдэгдэл 330 553 200 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй тул 330 553 200 тегрөгийг буцаан төлөхийг мэдэгдсэн бөгөөд хариуцагч Натурхаан ХХК-ийн зүгээс 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 01/76, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 01/78 тоот хариу албан бичгээр нэхэмжлэгч Глобалмонголиа холдингс ХК-ийн 330 553 200 төгрөгийг буцааж төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хоёр талын эрх бүхий хүмүүс хариуцагч Натурхаан XXК-ийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигтийн хөндийд хийсэн ажлыг дүгнэсэн бөгөөд хариуцагч Натурхаан ХХК нь нийт 2 320 ширхэг шонг талбай дээр авчирснаас 1 015 шонг болон хаалганы 2 шонг босгож 3000м газар ухах ажлыг хийж гүйцэтгэсэн болохыг хоёр талын эрх бүхий хүмүүс гарын үсгээ зурж баталгаажуулж хариуцагч Натурхаан ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг дүгнэсэн. 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч "Натурхаан" ХХК-ийн захирал Т.Эрдэнэчимэгийн гэр бүлийн хүн, Натурхаан ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Батжаргал нь үлдэгдэл 330 553 200 төгрөгөөс 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хооронд 10 000 000 төгрөгийг өгч үлдэгдэл мөнгийг 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор хашаа болон өөрийн байрыг борлуулж төлбөрийг төлөхөөр тохиролцлоо гэж өөрийн гараар хүсэлт бичиж өгсөн боловч заасан хугацаанд төлбөрийг төлөлгүй нэхэмжлэгч компанийг хохироож байна. Нэхэмжлэгч Глобалмонголиа холдингс ХК нь хоёр талын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 4.1.1-д заасан ажлын урьдчилгаа төлбөр 430 553 200 төгрөгийг төлж гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч Натурхаан ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасны дагуу өөрийн материалаар хоёр талын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1.1-д заасны дагуу 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2013 оны 10 дугаар.сарын 30-ны өдрийн хооронд тус гэрээний 1.2-т заасан ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй боловч хариуцагч Натурхаан ХХК нь нийт 100 000 000 төгрөгийн өртөгтэй 2 320 ширхэг шонг талбай дээр авчирснаас 1 015 шонг болон хаалганы 2 шонг босгож 3 000 м газар шорооны ажлыг хийж бусад ажлыг хийж гүцэтгэлгүй, ажлыг хаяж гэрээний үүргээ зөрчсөн. Иймд хоер талын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1.1. 1.2, 3.1 -д заасан үүргээ Натурхаан ХХК нь биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн тул 330 553 200 төгрөгийг Натурхаан ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Натурхаан” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Натурхаан” ХХК нь Глобалмонголиа холдингс ХК-тай 2013 оны 8 дугаар зарын 15-ны өдөр 41 тоот ажил гүйцэтгэх гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Нөхцөл байдал нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ өгүүлсэн шиг болж өнгөрөөгүй бөгөөд 41 тоот ажил гүйцэтгэх гэрээт ажил дараах шалтгаануудаас болж хийгдээгүй болно. 1. Захиалагч талаас анх гэрээ байгуулагдаж байх үед шинэ нисэх онгоцны буудлын ажлыг авч байгаа гэдгээ манай талд хэлэлгүй нуусан бөгөөд гэрээ байгуулагдсаны дараа газар дээр очиж үзүүлэхэд шинэ нисэх онгоцны талбай байсан. Энэ ажлыг захиалагч нь Самсунг компани байсан бөгөөд хариуцагч тал нь энэ тухай бидэнд мэдэгдэх ёстой байсан. Ерөнхий захиалагч Самсунг компаниас зөвхөн Солонгос эзэдтэй компанид ажлаа өгөх гэрээ хийсэн нь энэ хашааны ажил ийм байдалд орох том шалтгаан болсон. Хашаа барих талаар ямар ч туршлага байхгүй уг ажилд орж эхэлсэн. Манай компанийн хувьд энэ салбарт туршлагатай байсан уг ажлыг ийм байдал хүргэсэн шалтгаан нь хариуцагч тал Самсунг компанид манай ажлыг сайн тайлагнаж чадаагүй. Хашааны загвар өгөхөд Самсунг компанид буруу тайлбарласан. Манай инженерийг байлцуулалгүй өөрсдөө дур мэдэн шийдвэр гаргасан. 2. Хоёр талын байгуулсан № 41 тоот ажил гүйцэтгзх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэгч буюу манай компани захиалагчийн сонгосон өнгө, хэмжээ, загвар материалаар захиалгыг чанар, үзэмжтэй хийж гүйцэтгэж өгөх захиалагч нь буюу нэхэмжлэгч Глобалмонголиа холдингс ХК нь тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан графикийн дагуу төлбөрийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ уг № 41 тоот ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасны дагуу урьдчилгаа төлбөрт нийт дүнгийн 40% болох 430 553 200 төгрөгийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн гэсэн байна. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1-т гэрээ хийгдсэн өдөр 40% болох 430 553 200 төгрөгийг захиалагч тал буюу хариуцагчаас шилжүүлэх естой байсан. Гэтэл компани ажлын урьдчилгаа төлбөр болох дээрх мөнгийг 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан бөгөөд гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 20 хоногийн дараа урьдчилгаа мөнгийг хүлээн авсан нь ажлын гүйцэтгэлийг удааширахад нөлөөлсөн. Хариуцагч тал өөрөө №41 тоот гэрээний 4 дүгэзр зүйлийн 4.1.1 дэх заалтыг зөрчиж хугацаа хожимдуулсан болно. 3. Манай компаниас гэрээ байгуулагдсаны дараа БНХАУлс руу явж хашаазахиалахаар явсан үед цаг амжихгүй нь хашааг наана будуулаад аваад ир гэж Глобалмонголиа холдингс ХК-ийн төлөөлөгч Х.Хүдэрчулуун утсаар хэлсэн.

Тухайн үед хашааг будуулахад үнэд өөрчлөлт орохоор байсан ба энэ тухай Х.Хүдэрчулуунд хэлэхэд "Одоо үнэд өөрчлөлт хийж болохгүй” шонгийн хэмжээ багасаж 50x50 болох нь гэхэд "Хамаагүй аваад ир болгоно ажлаа л эхэл" гэж байсан. Хашааны торийг БНХАУ-д будуулчихаад авч ирээч гэсэн захиалагчийн зааврын дагуу резинэн будгаар будсан материал газар дээр буусан хойно Х.Хүдэрчулуун "Будгийг Самсунг компани зөвшөөрөхгүй байна зөвшөөрүүлэх арга хайя" гэсэн. Манай компани ажил эхлэх тухай зөвшөөрлийг Энхбат даргаас авч хашаа угсрах ажльг эхлэхээр боллоо гэдгийг хэлсэн гэтэл Самсунг компани л болохгүй гэнэ байж бай зөвхөн шонг суулга, буцааж буулга" гэх мэтээр захиалагч тал ажлыг эхлүүлэх зөвшөөрөл өгөхгүй байсан. Захиалагчийн зааврын дагуу шонгоо суулгаж байх явцад тэдний талаас “өнөөдөр наргүй салхитай байна танай ажилчид насанд хүрээгүй байна” гэсэн шалтгаанууд тоочиж ажлын явцыг хойшлуулж байсан. Манай компанийн зүгээс захиалагч талын удирдлагын дагуу ажилласаар ирсэн бөгөөд гэрээгээр тохирсон хугацаа өнгө байгааг удаа дараа амаар сануулж байсан боловч "Хүлээж бай, Самсунг компани хүлээн зөвшөөрөхгүй байна" гэж байсан. Эхний ээлжинд манай компанийн зүсээс шонг босгох ажлыг эхэлж цутгалтын ажлыг хийж гүйцэтгэх зөвшөөрлийг Глобалмонголиа холдингс ХК-ийн албан байр дээр очиход Дейв гэдэг хүн "Хашааны сууриа цутга ямар ч байсан хашааг буцаахгүй" хэмээн хэлж цутгалтын ажил эхэлсэн. Цутгалтын бетон зуурмаг болон түүнд орох элс хайргыг захиалагч тал гаргах байсан боловч Х.Хүдэрчулуун хэлэхээ мартсан учир дараа өөр ажлаар гаргаж өгье гэдгээр эхэлсэн. Улмаар бид ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөны дагуу авчирсан шонгийн суурилуулалт дуусахад "Дараагийн материал татах шаардлага гарахад санхүүжилт байхгүй. Өөрсдийн хөрөнгөөр татаад ир. Ирэхээр чинь мөнгө өгнө” гэж хэлсэн. Бид уг санхүүжилтийг БНХАУлсын компаниас өндөр хүүтзй зээл тавьсан энэ тухай хариуцагчид хэлэхэд зөвшөөрч, ''Материал буусны дараа санхүүжилт хийнэ" гэсэн Хоёрдугаар ээлжийн материал газар дээр буухад тэд "Санхүүжилт өгөөгүй. өвөл боллоо, ажлаа зогсоо" гэдэг мэдэгдлийг ирүүлсэн. Манай компани хоёрдугаар шонгийн цутгалтыг хийж гүйцэтгээд 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ажлаа албан ёсоор зогсоосон болно. Иймээс гүйцэтгэгч Натурхаан ХХК нь №41 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ гүйцэтгэхэд захиалагч тал аливаа хэлбэрийн саад учруулж, уг ажлыг хугацаанд нь гүйцэтгүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон эхний ээлжийн 40% санхүүжилт болох 430 553 200 төгрөгийг бид материал татаж эхний ээлжийн ажлыг гүйцэтгэхэд зарцуулсан бөгөөд бидний буруутай үйл ажиллагааны улмаас ийм нөхцөл байдал үүсээгүй болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагч Натурхаан ХХК-иас 325 053 200 төгрөгийг гаргуулж
нэхэмжлэгч Глобалмонголиа холдингс ХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн
шаардлагаас 5 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Глобал монголиа холдингс” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 811 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Натурхаан ХХК-иас 1 783 216 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Глобалмонголиа холдингс” ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Натурхаан” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ариунзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. нэхэмжлэгч 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 41 тоот ажил гүйцэтгэх гэрээг зөрчсөн гэх зүйл нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх үйл явдал хариуцагч этгээдийн буруугаас болсон мэтээр үнэлж, нэхэмжлэгчийн буруугаас болж ажил зогссон болохыг нотлох баримт байсаар байхад зөвхөн нэг талын нотлох баримт, тайлбарыг  үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73.2 дахь хэсэгт заагдснаар сөрөг нэхэмжлэл гаргах боломжоор хангаагүй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заагдснаар өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байгаа. Шүүх хуралдаан эхэлмэгц хариуцагчийн өмгөөлөгч "..өөр хуралтай..би явлаа.." гээд гарахад шүүх процесс зөрчин хуралдааныг цаашид үргэлжлүүлэн хариуцагчийн хууль эрх зүйн мэдлэггүй байдлыг ашиглан түүнд ашиггүй шийдвэр гаргасан. 4. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч этгээдийн хийж гүйцэтгэсэн ажил талуудын маргаж буй үнийн дүнтэй дүйцэж байхад шүүх үнэлгээний байгууллага гэх эрхгүй этгээдийн дүгнэлтийг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн болохыг харуулж байгаа. Энэ нь шүүхэд хариуцагч тал шинжээчийн үнэлгээнд дахин гомдол гаргах эрхийг хязгаарласан болохыг нотолж байх тул дахин үнэлгээ хийлгэх гомдлыг хариуцагч гаргаж байна.

5. Нэхэмжлэгч тал гэрээний зааврыг өөрчлөх тухайгаа дандаа амаар хэлж байсан ба хариуцагч тэр шийдвэрээ бичгээр албан ёсоор өгнө үү гэсэн утга бүхий и-мэйлийг удаа дараа явуулж байсан ч нэхэмжлэгч тал албан ёсны хариу өгдөггүй байсан. Гэтэл шүүх уг нотлох баримтыг үнэлээгүй. Иймд шийдвэринг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Глобалмонголиа холдингс” ХК нь хариуцагч “Натурхаан” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилан төлсөн 430 553 200 төгрөгөөс 330 553 200 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүргээ гүйцэтгэхэд захиалагч тал саад учруулж, уг ажлыг хугацаанд нь гүйцэтгүүлээгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нэг талаас 23 000 метр урттай, 2 метр өндөртэй, нийт 46 000 м.кв талбай бүхий торон хашаа, 6 метр урттай үүдний дэлгэгддэг хаалга 2 ширхэг, 6 метр урттай, 2 метр өндөртэй торон хаалга 3 ширхэг, 4 метр урттай, 2 метр өндөртэй торон хаалга 6 ширхэг, 1 метр урттай, 2 метр өндөртэй торон хаалга 2 ширхэгийг 10 дугаар сарын 30-ны өдөр хийж гүйцэтгэх, нөгөө талаас ажлын хөлс 1 076 383 000 төгрөг төлөх үүрэг бүхий 41 тоот “Ажил гүйцэтгэлийн гэрээ” байгуулагдаж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ. /хх.16-22/

 

Нэхэмжлэгч компанийн зүгээс хариуцагч “Натурхаан” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 330 553 200 төгрөгийг буцаан гаргуулах тухай 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 14/108 дугаар мэдэгдлийг “Натурхаан” ХХК-д хүргүүлсэн /хх-35-36/ байх бөгөөд “Натурхаан” ХХК-иас 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01/76, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 01/78 дугаар албан бичгүүдээр дээрх мэдэгдэлд дурдсан төлбөрийг торон хашаа өгөх замаар төлөх боломжтой тухай хариу мэдэгдэж /хх-37, 39/ байсан, 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гүйцэтгэсэн ажлын талаар талууд тооцоо нийлж эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан /хх-38/ зэргээс үзэхэд хариуцагч компани гэрээний 1.1-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан болно.

 

Түүнчлэн “Натурхаан” ХХК-ийн ажил гүйцэтгэхдээ ажилласан материал нь тус компанийн 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01/75 дугаар албан бичигт заасан “... 3 мм зузаантай, 60х60 хөндий квадрат ...” хэмжээнд нийцэхгүй болох нь хэргийн 104-117 дахь талд авагдсан шинжээчийн “Ю-Би Пропертиз” ХХК-ийн дүгнэлтийн 1.2.3.А-д “... 50х50х2 мм-ийн ...” гэж зааснаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасан ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Ийнхүү ажил гүйцэтгэгч буюу “Натурхаан” ХХК нь гэрээнд заасан хугацаанд, гэрээнд заасан чанарт тохирсон хэмжээнд ажлыг гэрээгээр тохиролцсон хугацаанд гүйцэтгээгүй, чанарын шаардлага хангаагүй материалаар ажлыг гүйцэтгэсэнд захиалагч буюу “Глобалмонголиа холдингс” ХК-ийг буруутгах үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөрөөс “Натурхаан” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын зардлыг хасаж үлдэх хэсгийг шаардах эрхтэй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болно.

 

2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч “Натурхаан” ХХК-ийн захирал Ш.Батжаргал, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун нар оролцсон байх бөгөөд шүүгчээс шүүх хуралдааны дэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг танилцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт, шинээр гаргаж өгөх нотлох баримт байгаа эсэхийг тодруулахад зохигчдын зүгээс “байхгүй” гэж хариулсан байна. /хх.218-219/

 

Иймд хариуцагч компанийг сөрөг нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох болон дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах эрхээр хангаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

 

Хэрэгт шүүх бүрэлдэхүүн томилсон шийдвэрийг албажуулсан захирамж авагдаагүй боловч хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүн байсан гэж үзэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон хуваарийн дагуу хүлээн авсан шүүгч даргалах эрхтэй. Энэ хэргийн нэхэмжлэл нь 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Э.Энэбиш шүүгчид хуваарилагдсан байна. /хх-3/

Иймд шүүх бүрэлдэхүүн томилсон захирамжийг албажуулаагүй байгаа нь шүүхийн үйл ажиллагаа зохион байгуулалттай холбоотой асуудал бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2952 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунзаяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Натурхаан” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 783 216 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                       ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                              Д.БАЙГАЛМАА