| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2019/0758/э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2019-01-25 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт П.Дашдэлэгт холбогдох эрүүгийн “1811023880824” дугаартай, 186/2019/0758/э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1961 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 57 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, барилгын туслах ажилтан, ам бүл 3, эгч, дүүгийн хамт, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14 дүгээр гудамжны 271 тоотод оршин суух бүртгэлтэй,
2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт П.Дашдэлэг /РД:ХЕ61092310/,
Холбогдсон хэргийн талаар:
П.Д нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нуурын 11 дүгээр гудамжны 272 тоотод оршин суух, Д.Бямбаагийн эд хөрөнгөө агуулдаг амбаарт нууцаар нэвтэрч, монгол гэрийн эсгий туурга, дээврийг хууль бусаар авч 464.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч П.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Би айлын хашаанд амбаарын хаалга нь онгорхой байхаар нь орж эсгий, гэрийн туурга зэргийг авсан нь үнэн. Би буруу хэрэг хийсэндээ гэмшиж байна гэв
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Бямбаагийн:...би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 11-272 тоотод ач зээ нарын хамт амьдардаг бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр манай зээ охин Энхчимэг сургуульдаа явах гэж гарч ирсэн чинь манай эд зүйл хадгалдаг шавар байшингийн дээвэр дээрээс нэг хүн гарч байна гэж надад хэлсэн юм. Тэгээд би гараад ирсэн чинь манай хажуу талын хөрш Дашдэлэг шуудайтай эд зүйл барьсан хашааны хаалгаараа гараад ирсэн юм. Тухайн үед би очиж чи хаяагаа хадраад байна уу гэж хэлсэн чинь Дашдэлэг тийм зүйл байхгүй гэж хэлсэн бөгөөд чи манай амбаарт ороод гараад ирсэн үү гэсэн чинь тэгсэн гэж хэлсэн юм. Тэгээд чи юу барьж яваа юм гэж асуусан чинь Дашдэлэг үзүүлээгүй зугтаад яваад өгсөн бөгөөд би амбаарт орж үзсэн чинь манай эд зүйл хадгалдаг амбаарын дээвэр модыг эвдэн дотор байсан хураалттай байсан гэрийн 8 ширхэг эсгийн туураг, 4 ширхэг эсгий дээвэр зэрэг хулгайд алдагдсан байсан юм. Тэгээд би цагдаагийн газарт өргөдөл өгсөн гэх мэдүүлэг. /хх-13/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Бямбаагийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг:.. би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 11-272 тоотод 2014 оноос хойш амьдарч байгаа юм. Тэгсэн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр манай охин Энхчимэг утсаар ярьж эмээ та гараач манай амбаарын дээд талын дээврээр хүн гараад явж байна хүн хулгай хийж байх шиг байна гэж хэлсэн юм. Тэгээд би гараад . ирсэн чинь манай хажуу талын хөрш айлын Дашдэлэг гэх залуу манай байшингаас эд зүйл аваад гараад явж байсан юм. Тэгээд нөгөө залуугаас чи яагаад манай байшингаас эд зүйл хулгай хийгээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь би юу гэж хаяагаа хадардаг юм. Гэхээр нь чи сая манай эд зүйл хадгалдаг амбаарт ороод гараад ирвүү гэж хэлсэн чинь Дашдэлэг тэгсэн би хулгай хийгээгүй гэж хэлээд зугтаад яваад өгсөн. Тэгээд би эд зүйл хадгалдаг амбаарт орж эд зүйлээ бүртгэж үзсэн чинь амбаарт хураасан байсан 5 ханатай гэрийн давхар эсхий дээвэр туураг, берзентэн битүү бүрээс зэрэг байхгүй байсан. Тэгээд би тэр эд зүйлийг Дашдэлэг гэх хүний хулгайлан авсан байх гэж бодоод цагдаад хандаж байгаа. Манай эд зүйл хадгалдаг байшин цоожгүй онгорхой байдаг юм. Би бодохдоо манай байшингийн дээврийг эвдэж эд зүйл авсан байх гэж бодож байна. Дашдэлэг өөрөө манай байшингийн дээврээр гарч байгаад манай охин болон надтай дайралдсан юм. Уг эд зүйл хадгалдаг байшингийн хаалга бол цоожгүй байсан цонх хагарсан зүйл байгаагүй. Манай байшингаас 5 ханатай монгол гэрийн давхар эсгий бүрээс 1970 оны үед Өвөрхангай аймаг Уянга сумаас авч байсан гэрийн давхар бүрээс туураг, дээвэр, 8 эсгий туураг, 4 эсгий дээвэр, берзентэн битүү бүрээс зэрэг алдагдсан уг эд зүйлийг зах зээлийн үнээр үнэлэж байна. Манайх гэрээ 2016 оны үед хурааж байсан юм. Хамгийн сүүлд 2017 оны 09 сарын үед бүртгэж үзсэн тэр үед бүрэн байсан юм. Тэрнээс хийш бүртгэж үзээгүй. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр бүртгэж үзсэн эд зүйл алдагдсан. Тэгээд би Дашдэлэг гэх хүнийг сэжиглэж байна. Дашдэлэг манай хажуу талын Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 14-271 тоотод оршин суудаг хүн байгаа юм. Овог нэрийн мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх 16-17/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Мөнхсүхийн:..Дашдэлэг хаяа архи дарс уудаг тодорхой тогтсон ажил байхгүй. Барилгын ажил хийгээд яваад байдаг хүн байгаа юм. Урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй харин одоогоос 2 жилийн өмнө манай нохой хүний хүүхэд хазаад Дашдэлэг баривчлах ялаар шийтгүүлж байсан юм. Тэрнээс бол хулгай хийж байгаагүй хүнд гэмгүй хүн байгаа.
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Энхчимэгийн:...би Орхон аймагт 12 жилийн сургууль төгссөж 2016 онд оюутан болоод ирсэн юм. Тэгээд эмээ Бямбаагийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 14-272 тоотод амьдарч байгаа бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр би хичээлдээ явах гэж гарч ирсэн чинь манай хажуу талын айлын ах манай эд зүйл хадгалдаг амбаарын дээврээс эд зүйл шидээд өөрөө араас нь гарч ирж байсан юм. Тэгээд би энэ талаар эмээ Бямбаад хэлээд өөрөө хичээлдээ явсан. Манай амбаар цоожгүй байдаг бөгөөд би 2017 оны өвөл тэр амбаарт орох үед дээвэр нь бүтэн байсан юм. Тэгсэн хулгай орсон байна гэсний дараа харахад дээвэр нь онгойсон байсан. Намайг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хичээлдээ явах гэж гарч ирэх үед хажуу айлын Дэлэг гэх ах манай амбаараас эхлээд эд зүйл гаргаж шидээд өөрөө араас нь гарч ирж байсан би ямар эд зүйл шидсэн талаар мэдэхгүй байна. Тэгээд би эмээ Бямбаад амбаараас хүн гарч байна гэж хэлээд хичээлдээ явсан явсан гэх мэдүүлэг. /хх-21/,
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Баярбаасангийн:..би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 11-272 тоотод оршин суух Бямбаа гэх хүний эд зүйл хадгалдаг байшинд 2018 оны 08 дугаар сарын 30-ны үед засвар хийсэн. Тухайн үед Бямбаа гэх айлын байшингийн дээвэр муудаж цөмөрч унасан, мөн хаалга хоёр талын хана нурсан байсан тэр байшин хуучин муудсан байшин байсан. Би Бямбаа гэх хүнтэй уг байшингийн дээвэр, хоёр талын хана, хаалга, хашааг засч өгөөд 300.000 төгрөгөөр тохиролцсон. Мод материалыг Бямбаа гэх хүн өөрөө авч өгсөн. Би хэдэн төгрөгийн материал орсон талаар мэдэхгүй байна. Бямбаа гэх хүн өөрөө материал авсан байсан. Байшингийн дээвэр банз хуучирч өмхөрч унасан мөн хойд талын хашаан талаас мод муудаж нурж унасан байсан юм. Би зөвхөн байшингийн дээвэр хэсгийн 150.000-200.000 хооронд янзлах байсан юм. Тэр байшингийн хана, хаалга, дээвэр нийт засвар нийлээд 300.000 төгрөгөөр янзалсан гэх мэдүүлэг. /хх-22/,
2.6. Шүүх сэтгэц эмгэг судлалын №154 тоот актын:
1. П.Д нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаарлагагүй байна. П.Д нь хэрэг хариуцах чадвартай байна. П.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. П.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Комиссын дарга О.Баатаржав /ахлах зэрэгтэй их эмч/, гишүүд Э.Амгалан /ахлах зэрэгтэй эмч/, илтгэгч Я.Ганхүү /сэтгэцийн эмч/ гэсэн дүгнэлт. /хх 75-76/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас хэргээс: хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 7-10/, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-10/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-24/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34-40/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч П.Д нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нуурын 11 дүгээр гудамжны 272 тоотод оршин суух, Д.Бямбаагийн эд хөрөнгөө агуулдаг амбаарт нууцаар нэвтэрч, монгол гэрийн эсгий туурга, дээврийг хууль бусаар авч 464.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.Бямбаагийн:...би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 11-272 тоотод ач зээ нарын хамт амьдардаг бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр манай зээ охин Энхчимэг сургуульдаа явах гэж гарч ирсэн чинь манай эд зүйл хадгалдаг шавар байшингийн дээвэр дээрээс нэг хүн гарч байна гэж надад хэлсэн юм. Тэгээд би гараад ирсэн чинь манай хажуу талын хөрш Дашдэлэг шуудайтай эд зүйл барьсан хашааны хаалгаараа гараад ирсэн юм. Тухайн үед би очиж чи хаяагаа хадраад байна уу гэж хэлсэн чинь Дашдэлэг тийм зүйл байхгүй гэж хэлсэн бөгөөд чи манай амбаарт ороод гараад ирсэн үү гэсэн чинь тэгсэн гэж хэлсэн юм. Тэгээд чи юу барьж яваа юм гэж асуусан чинь Дашдэлэг үзүүлээгүй зугтаад яваад өгсөн бөгөөд би амбаарт орж үзсэн чинь манай эд зүйл хадгалдаг амбаарын дээвэр модыг эвдэн дотор байсан хураалттай байсан гэрийн 8 ширхэг эсгийн туураг, 4 ширхэг эсгий дээвэр зэрэг хулгайд алдагдсан байсан юм. Тэгээд би цагдаагийн газарт өргөдөл өгсөн гэх мэдүүлэг. /хх-13/, гэрч А.Энхчимэгийн:..2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр би хичээлдээ явах гэж гарч ирсэн чинь манай хажуу талын айлын ах манай эд зүйл хадгалдаг амбаарын дээврээс эд зүйл шидээд өөрөө араас нь гарч ирж байсан юм. Тэгээд би энэ талаар эмээ Бямбаад хэлээд өөрөө хичээлдээ явсан. Манай амбаар цоожгүй байдаг бөгөөд би 2017 оны өвөл тэр амбаарт орох үед дээвэр нь бүтэн байсан юм. Тэгсэн хулгай орсон байна гэсний дараа харахад дээвэр нь онгойсон байсан. Намайг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хичээлдээ явах гэж гарч ирэх үед хажуу айлын Дэлэг гэх ах манай амбаараас эхлээд эд зүйл гаргаж шидээд өөрөө араас нь гарч ирж байсан би ямар эд зүйл шидсэн талаар мэдэхгүй байна. Тэгээд би эмээ Бямбаад амбаараас хүн гарч байна гэж хэлээд хичээлдээ явсан явсан гэх мэдүүлэг. /хх-21/, шүүх сэтгэц эмгэг судлалын №154 тоот актын: П.Д нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаарлагагүй байна. П.Д нь хэрэг хариуцах чадвартай байна. П.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. П.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Комиссын дарга О.Баатаржав /ахлах зэрэгтэй их эмч/, гишүүд Э.Амгалан /ахлах зэрэгтэй эмч/, илтгэгч Я.Ганхүү /сэтгэцийн эмч/ гэсэн дүгнэлт. /хх 75-76/, болон хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд, хөрөнгийн үнэлгээний тайлан, П.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул П.Дийг тусгайлан хамгаалсан агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч П.Бямбаа нь хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, бид хоорондоо эвлэрэн тохиролцсон гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч П.Дийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч П.Д нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдэн ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвийн Дашдэлэгийг тусгайлан хамгаалсан агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.Дийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч П.Дт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч П.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ