Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8-р баг Цагаан булаг, Нанзадын 7 дугаар гудамжны 6 тоотод оршин суух  Дашууд овогт Болдын Өлзийбаатар /РД:КЮ84112814/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цагаан хад гэх газар үйл ажиллагаа явуулах “Итайкар” ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээг биелэгдсэнд тооцох, 79-28 ӨМА улсын дугаартай чирэгч толгой болон 71-65 АЧ улсын дугаартай чиргүүлийн үнэ 50,000,000 төгрөг, 2010 оны  01 дүгээр сараас 09 дүгээр сарыг дуустал хугацаанд тээвэрлэсэн 4571.45 тн нүүрсний тээврийн хөлс 32,509,426 төгрөг, барьцаа 20,000 юань буюу 4,203,000 төгрөг нийт 86,712,426 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Сундуй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Өлзийбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “...Миний бие нь  “Итайкар” ХХК-тай 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Тавантолгой-Цагаанхад, Цагаанхад-Ганц мод чиглэлд нүүрс тээвэрлэх, нийт 17.000 /арван долоон мянга/-н тонн нүүрсийг “Итайкар” ХХК-д тээвэрлэж өгснөөр 79-28 ӨМА автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах тухай түрээсийн гэрээ байгуулж ажилласан. Түрээсийн гэрээгээр машин авсан үеэс эхлэн энэ машиныг хувийн болгох гэж 2 жил гаруй хугацаанд өдөр шөнө, халуун хүйтэн гэж амрах завгүй хөдөлмөрлөсөн. Мөн барьцаа болгон 20.000 юаниа ч өгсөн. Хууль ёсоор энэ барьцаа мөнгө хадгалагдаж байх ёстой байх. Харин энэ компани ашиглаж байгаа эсэхийг би мэдэхгүй, хэрвээ ашиглаж байгаа бол миний хөрөнгийг хууль бусаар ашиглаж ашиг олж байна гэсэн үг гэж ойлгож байна. 2010 оны 09 дүгээр сараас гэрээт нүүрсээ тээвэрлэж дуусаж байгаа тул тооцоо нийлэх, тээврийн хөлсөө авах талаар компанийн удирдлагад хэлснээр түрээслүүлэгч “Итайкар” ХХК нь машиныг 2010 оны 10 дугаар сараас тээвэрт гаргахгүй өөрийн компанийн хашаанд саатуулан зогсоосон. Ингээд зогсохгүй гэрээ ёсоор энэ машинд учирсан гэмтлийг би хариуцах учиртай байтал миний эзэмшил ашиглалтад байсан машиныг бусдад шилжүүлж дэндүү бүдүүлэг ажиллагаа явуулсан. Энэ үеэс бидний хооронд түрээсийн гэрээний биелэлтийг тооцох талаар маргаан үүссэн. Нэг жил шахам хугацаанд ямар ч тохиролцоонд хүрч чадаагүй учир түрээслэгчийн зүгээс хүчээр машиныг авч одоо Цагдаагийн байгууллагын даалгаснаар миний төрсөн ах Б.Эрхэмбаатарын мэдэлд битүүмжлэгдсэн байгаа. Ингэж 2010 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл хохирч явна. Маргаан үүссэнээс хойш 2010 оны 09 сар хүртэлх гүйцэтгэсэн тээврийн хөлсийг маань хүртэл компани өгөөгүй. Иймд:

-           Иргэн Б.Өлзийбаатар “Итайкар” ХХК нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээг биелэгдсэнд тооцох,

-           79-28 ӨМА улсын дугаартай дугаартай чирэгч толгой болон 71-65 АЧ улсын дугаартай чиргүүлийн үнэ 50 сая төгрөгийг гаргуулах, /нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн/

-           2010 оны  01 дүгээр сараас 09 дүгээр сарыг дуустал хугацаанд тээвэрлэсэн 4571.45 тн нүүрсний тээврийн хөлс 32.509.426 төгрөг,

-           Барьцаа 20.000 юань буюу 4.203.000 төгрөгийг “Итайкар” ХХК-иас гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.     

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            2014 оны 08 дугаар сарын 19-2015 оны 06 дугаар сарын 07-ыг хүртэл итгэмжлэлгүй хэрэгт оролцсон хугацаанд Баярмаагийн гаргасан нотлох баримтыг хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш нэхэмжлэлийн шаардлагыг нэг ч удаа хүлээн зөвшөөрдөггүй. Үндэслэлийг тайлбарласан тайлбар өгдөггүй. Хөрөнгө битүүмжилсэн захирамж гаргасан байдаг. Тэмдэглэл хөтөлсөн зүйл байдаггүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж байгаа 4-н төрлийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 4-н үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг яагаад зөвшөөрөхгүй байгаа учир нь  нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зөрчсөн. Нэхэмжлэгч нь нийт 17 мянган тн нүүрс тээвэрлэх ёстой байсан. Гэвч 17 мянган тн нүүрсийг бүрэн тээвэрлээгүй. Бүрэн тээвэрлэж байж түрээсийн гэрээ биелэгдсэнд тооцно. Тухайн авто машиныг 50,000,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Ямар үндэслэлээр 50,000,000 төгрөгөөр үнэлээд байгааг мэдэхгүй байна. 79-28, машин 71-65 дугаартай чиргүүл 2 нийлээд 50,000,000 төгрөг юм уу, машин дангаараа 50,000,000 төгрөг юм уу гэдэг нь ойлгомжгүй байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээ биелэгдсэн тохиолдолд машиныг эргүүлж өгнө гэж гэрээнд заасан. Тээврийн хөлсний тооцоон дээр хамгийн их маргаж байгаа. Компанийн зүгээс тээврийн хөлсний тооцоог гаргаж өгсөн байгаа. Нэхэмжлэгч талаас тээврийн хөлсний тооцоон дээр энэ компанид өргүй гэсэн ямар ч баримт гаргаж өгөөгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Барьцааны 20,000 юанийг гэрээний дагуу Өлзийбаатар “Итайкар” ХХК-ийн дансанд шилжүүлэх ёстой байсан боловч шилжүүлээгүй учир энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.  

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, Б.Өлзийбаатар, “Итайкар” ХХК нарын хооронд байгуулсан автомашин түрээслэх барьцааны гэрээ /208-209-р хуудас/, “Итайкар” ХХК-наас 2010.06.25-ны өдрийн 003 /141-р хуудас/, 2010.10.24-ны өдрийн 016/142-р хуудас/, 79-28 ӨМА улсын дугаартай автомашины 2010 оны нүүрсний тооцоо /78-р хуудас/, нягтлан бодогч Б.Эрдэнэбаярын гаргасан тооцоо/79,194-р хуудас/, жолооч нарын цалингийн хүснэгт /үзлэг хийсэн 10, 12, 16, 19, 21, 24, 27-р хуудас/, хавтаст хэргийн 153-р хуудсан дахь 2008.10.14-ны өдрийн Монгол банкны албан ханш, 2010 оны 11 сарын 20-ны өдрийн №А/03 дугаартай түрээслэх гэрээ/хавтаст хэргийн 27-30-р хуудас/-гээр, 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 0232  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /31-р хуудас/,  70-р хуудсанд Итайкар ХХК-аас 17,000 тн нүүрсийг тээвэрлэж дууссан гэж Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн тасагт тодорхойлолт, 214-238-р хуудсанд байгаа хятадын талаас гаргаж өгсөн тооцоо, 193–р хуудсанд “Итайкар” ХХК-иас Өмнөговь аймгийн Сум дундын шүүхэд гаргасан тодорхойлолт зэрэг хавтаст хэрэгт байгаа бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Б.Өлзийбаатар нь хариуцагч “Итайкар” ХХК-иас түрээсийн гэрээг биелэгдсэнд тооцох, 79-28 ӨМА улсын дугаартай чирэгч толгой болон 71-65 АЧ улсын дугаартай чиргүүлийн үнэ болох 50,000,000 төгрөг, 2010 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарыг дуустал хугацаанд тээвэрлэсэн 4571.45 тн нүүрсний тээврийн хөлс 32,509,426 төгрөг, барьцаа 20,000 юань буюу 4,203,000 төгрөг, нийт 86,712,426 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Талуудын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хэлэлцэн тохирч, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцож, машин болон барьцааг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцох /хавтаст хэргийн 208-209-р хуудас/ бөгөөд энэ талаар зохигч маргахгүй байна.

            Б.Өлзийбаатар, “Итайкар” ХХК нарын хооронд байгуулсан автомашин түрээслэх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 318 дугаар зүйлийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан барьцаа болон түрээсийн гэрээнд хамаарагдаж байх бөгөөд 2012 онд Б.Эрхэмбаатар шүүхэд хандсан сөрөг нэхэмжлэл гаргаж байснаар /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар мөн 193-р хуудсанд авагдсан тодорхойлолтоор/ мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзлээ.

            Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

            - Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.1 дэх хэсэгт “түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно” гэснийг зөрчиж гэрээг талууд хугацаагүй байгуулснаар гэрээний биелэлтийг тооцох, гэрээг цуцлах нөхцөлийг тодорхойлоход сөргөөр нөлөөлжээ.

            Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4 дэх хэсэгт гэрээг хугацаанаас өмнө цуцлахад 320.3-т заасныг баримтлах буюу хугацааг талууд тогтоогоогүй бол гэрээг түрээсийн жилийн эцэст буюу түрээсийн жил дууссанаас хойш нэг сарын дотор цуцалж болно гэж заасантай “Итайкар” ХХК-ийн зүгээс гэрээг цуцалсан гэх тайлбар зөрчилдөж байгаа нь 2010 оны 11 сарын 20-ны өдрийн №А/03 дугаартай түрээслэх гэрээ/хавтаст хэргийн 27-30-р хуудас/-гээр, 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 0232  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /31-р хуудас/, зохигчийн тайлбараар тогтоогдож байгааг анхаарч үзэв.

            - Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б.Өлзийбаатарыг буюу түрээслэгчийг түрээслүүлэгч “Итайкар” ХХК-ийн зөвшөөрөлгүй дур мэдэн 3 хоног ажил тасалсан, шалтгаангүйгээр 4 хоног тээвэрлэлтэд гараагүй, энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний нөхцөл болзлыг ноцтойгоор зөрчсөн нь “Итайкар” ХХК-наас 2010.06.25-ны өдрийн 003 /141-р хуудас/, 2010.10.24-ны өдрийн 016/142-р хуудас/, 79-28 ӨМА улсын дугаартай автомашины 2010 оны нүүрсний тооцоо /78-р хуудас/, нягтлан бодогч Б.Эрдэнэбаярын гаргасан тооцоо /79,194-р хуудас/, жолооч нарын цалингийн хүснэгт /үзлэг хийсэн 10, 12, 16, 19, 21, 24, 27-р хуудас/, гэрчээр Мөнхбаярыг асуусан тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна. Иймд гэрээг цуцлах үндэслэл болсон хэмээн тайлбарлаж байгаа ч эдгээр баримтууд нь –Нягтлан бодогч Б.Эрдэнэбаярын гаргасан 79-28 ӨМА автомашины 2010-2012 оны 10 сарыг дуустал тооцоо гэх баримт ” -37,457 өр” гэсэн, жолооч нарын цалин гэх тооцоон дээр “79-28 И.Бямба-Очир өр -37,456.59” гэсэн зөрүүтэй тооцоо байгаагаас тухайн цаг хугацаанд хариуцагч талаас гаргасан баримт эсэхэд эргэлзээтэй, түрээслэгч талд мэдэгдэх хуудсуудыг хүлээлгэн өгч гардуулсан баримтгүй, цалингийн хүснэгт нь тамга тэмдэггүй, тухайн цаг хугацаанд хэн хөтөлж баталгаажуулж байсан нь тодорхойгүй байх тул хөдөлшгүй үнэн зөв гэж үзэх боломжгүй байна. Мөн гэрчээр Р.Мөнхбаярыг асуусан/ 188-р хуудас/, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд Т.Баттулга, Б.Эрдэнэбаяр нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг /203-204-р хуудас/ тус өдрийн 58 дугаартай шийдвэр хүчингүй болсонтой холбоотой нотлох баримтаар үнэлэхгүй орхилоо.

            Иймд гэрээ цуцлах болсон үндэслэл буюу түрээслэгч талын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадаагүй, гэрээнд үүрэг зөрчсөнөөс гэрээнээс татгалзах үндэслэлийн талаарх баримтыг хариуцагч “Итайкар” ХХК шүүхэд бүрэн ирүүлсэнгүй гэж үзлээ.

            Дээрх байдлаас дүгнэн түрээслэгч Б.Өлзийбаатар нь барьцаагаар хангагдсан үүргээ зөрчсөн нь нотлодоогүй учир 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн гэрээгээр шилжүүлсэн барьцааны 20,000 юань буюу 3,352,800 төгрөгийг / хавтаст хэргийн 153-р хуудсан дахь 2008.10.14-ний өдрийн Монгол банкны албан ханшаар тооцсон/ хариуцагч “Итайкар” ХХК-аас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Өлзийбаатарт олгох нь зүйтэй гэж үзэв.           

            Харин дараах үндэслэлээр нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болголоо. Үүнд:

            -  2008 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б.Өлзийбаатар, “Итайкар” ХХК нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээг биелсэнд тооцох, 79-28 ӨМА улсын дугаартай чирэгч толгой болон 71-65 АЧ улсын дугаартай чиргүүлийн үнэ 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

            Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаатар хавтаст хэргийн 70-р хуудсанд Итайкар ХХК-аас 17,000 тн нүүрсийг тээвэрлэж дууссан гэж Өмгнөговь аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн тасагт тодорхойлолтыг гаргаж байсан, 214-238-р хуудсанд байгаа хятадын талаас гаргаж өгсөн тооцоонд нүүрсийг бүрэн тээвэрлэж дууссан байгаа гэж тайлбарлаж байгаа боловч хавтаст хэргийн 193–р хуудсанд “Итайкар” ХХК-иас Өмнөговь аймгийн Сум дундын шүүхэд Б.Өлзийбаатар 13,401.74 тн-ыг тээвэрлэсэн гэсэн няцаагдах эсрэг баримт байгаа мөн хятад талын тооцоо гэсэн баримт нь гарын үсэг тамга тэмдэггүй нэхэмжлэлийн уг шаардлагыг нотолж чадах баримт эсэхэд эргэлзээтэй байх тул гэрээний гол нөхцөл 17,000 тонн нүүрсийг тээвэрлэгч тал болох Б.Өлзийбаатар бүрэн тээвэрлэж дуусах үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн талаараа хангалттай нотолж чадахгүй байна.

            -  Нэхэмжлэгч Б.Өлзийбаатар 2010 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарыг дуустал хугацаанд тээвэрлэсэн 4571.45 тн нүүрсний тээврийн хөлс 32,509,426 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1 дэх хэсэгт “тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил байна” гэж зааснаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.           

            Хэргийг шийдвэрлэхэд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд заасны дагуу үнэлсэн бөгөөд 5-9-р хуудсан дахь баримт шаардлага хангаагүй, 33-37 хэрэгт хамааралгүй, 38-62 хэрэгт давхардсан, 188-189, 191-192-р хуудас дахь баримт хэрэгт хамааралгүй, шүүхэд шинээр гаргаж өгсөн баримт болох жолооч нарын цалингийн хүснэгт, мөн хятад компанийн цалингийн тооцоо зэрэг баримтууд санхүүгийн тооцоо гэхэд эргэлзээтэй гарын үсэг тамга тэмдэггүй байгааг харгалзан үзэж нотлох баримтаар үнэлсэнгүй.           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангасан хэмжээний буюу 32,844 төгрөгийг ”Итайкар” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Өлзийбаатарт олговол зохино.           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч  “Итайкар” ХХК-аас барьцаа 20,000 юань буюу 3,352,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Өлзийбаатарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 83,359,626 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 592,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Итайкар” ХХК-аас 32,844 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Өлзийбаатарт олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан 2014 оны 08 сарын 19-ний өдрийн 218 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.УРАНГУА