Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 100

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                      

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч П.Нямцэцэг, шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Ц.Оргил, хохирогч Ц.Ганцогт, түүний өмгөөлөгч М.Ариунболд, А.Одончимэг, Г.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Отгонбаярт холбогдох эрүүгийн “1811000000578” дугаартай, 186/2019/0061/э индекстэй хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10Б-2а тоотод оршин суух бүртгэлтэй, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 294 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Э.Отгонбаяр  

Холбогдсон хэргийн талаар;

Э.О нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Доргио” баарны гадаа 2018 оны 06 дугаар сарын 16-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 17-нд шилжих шөнө  04 цагийн үед Ц.Ганцогтын нүдэн тус газарт цохьж биед зүүн нүдний алимны нэвт гэмтэл / нүдний алимны агууламжийн гоожилт, нүдний алим авах мэс заслын дараах байдал /  бүрэн хараагүйдэл зүүн  талын ухархайн дотор болон доод ханын далд хугарал баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, цус хуралт зөөлөн эдийн  няцрал бүхий  эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь

            Нэг:  Шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч нараас  мэдүүлсэн мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:....тухайн хэрэг гардаг шөнө би найз нартайгаа Доргио бааранд орох гэхэд хаалттай байсан. Бид  явах гээд бие засаад зогсож байхад хажуугаар шивээстэй гаруудыг харахаар уур хүрээд байдаг юм гэж хэлсэн. Бид зодолдоод би хохирогчийн нүд рүү өшиглөсөн гэв.

 1.2. Хохирогч Ц.Ганцогт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..2018 оны 6 дугаар сарын 17-ны шөнө оюутны ангийн 2 найзтайгаа ажлаа тараад Улаанбаатар хотод машин үзэх гэж орж ирсэн байсан. Оюутны ангийн найз дуудаад хөл бөмбөг үзье гээд бид дөрвүүлээ уулзаж архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Шөнийн 3 цаг өнгөрөөд ойролцоох бааранд оръё гээд Доргио бааранд орох гэхэд хаалттай байсан. Тэгээд бие засаад зогсож байхад манай нэг найз шивээсний тухай ярихад нэг цагаан майктай залуу муудалцаад, хохирогчийн найз нар зодолдоод эхэлсэн. Бид ч мөн зодолдох нь зодолдоод салгах нь салгаж байсан. Тэгээд Отгонбаяр намайг цамцнаас зуураад нүүрлүү мөргөөд байсан. Гэтэл цаанаас нь гурван найз нь гарч ирээд би дотроо барахгүй болж байна больё гэж бодоод байж байхад хоёр нь нүдрүү өшиглөсөн байсан. Би төрлөхийн хараа муутай нэг нүд одоо 30 хувьтай л хардаг. Цаашдаа хараагүй болох магадлалтай гэсэн оноштой. Тухайн үед би их ирээдүйтэй ажилд орсон байсан. Хэрэг гарсны дараа хагалгаа хийлгэж эмчилгээнд орж явсаар буцаад ажилдаа орох гэхэд авахгүй гэж хэлсэн. Иймээс ажилгүй байсан хугацааны цалин хөлс 42.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Би Солонгос Улсад хагалгаа хийлгэх хэрэгтэй байна. Учир нь 10 жилийн баталгаатай. Мөн гоо сайхны хувьд хөдөлдөг хиймэл нүд юм. Монгол Улсдаа хийлгэхээр хоёр жил болоод дахин хагалгаа хийлгэх хэрэгтэй. Хиймэл нүд нь хөдөлдөггүй. Гоо сайхны хувьд их муухай болоод байгаа юм. Хохирлоо авмаар байна. Гомдолтой байна. Одоогоор 2.000.000 төгрөг л өгсөн байгаа учраас үлдсэн 40.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 Хоёр: Шүүгдэгч, хохирогч  мэдүүлэг  өгсний дараа шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

             2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ц.Ганцогтын:....бид дөрөв Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар сургуулийн ойролцоо байдаг кафед орж суугаад 0,75 литрийн 2 шил Соёрхол архи уугаад тэндээс 3 цагийн үед гарсан. Бид 4 гараад Доргио баар луу очтол хаачихсан гээд оруулаагүй болохоор явцгаая гээд баарны баруун хойд буланд очиж бие засаад зогсож байтал араас 4 залуу ирээд бид нарын хажуугаар зөрөх үед Молцогсайхан тэд нарыг хараад ямар аймар шивээстэй юм бэ гэхэд тэд дөрвийн нэг залуу болох халзан толгойтой 2 гар нуруугаараа шивээстэй цагаан өнгийн майктай залуу уурлаад маргалдсан. Тэр бүдүүн цагаан өнгийн майк өмссөн залуутай манай найз нараас Отгоотой зодолдохоор болоод бид нар хажууд нь харж зогссон. Тэгтэл тэр 3 залуу Отгоо цагаан өнгийн майктай залуутай зодолдож байх явцад очиж зодохоор дайрсан. Тэгэхээр нь бид нар бас дайрсан. Миний хувьд хүн зодоогүй, салгах гэж байсан. Тэгтэл цагаан майктай залуу намайг заамдаад зогсож байсан. Тухайн үед би бараан өнгийн тамирын малгайгүй, цахилгаантай цамц өмссөн байсан. Тэгээд миний нүүр лүү мөргөөд нүүр лүү гараараа цохьсон. Зөрүүлээд цохих гэтэл онож цохиж чадаагүй. Тэр залуугаас зуурах гэхээр майктай болохоор зуурч чадаагүй. Зууралдаад тэр залуутай зогсож байхад бараан өнгийн хувцастай, бор царайтай ойролцоогоор 170 см өндөртэй намхан, жижиг богинохон босоо засалттай үстэй залуу ирээд намайг тэр 2 зодсон. Хоёулаа миний нүүр лүү гараараа цохиод байхаар нь дийлэхгүй юм байна гээд гараараа нүүрээ таглаад доошоо тонгойгоод болъё гээд орилсон. Тэгтэл цагаан майктай залуу шууд миний нүүр лүү өшиглөхөд миний нүдийг оносон. Би шууд нүд гэж орилоод доошоо дөрвөн хөллөөд тонгойход дахиад тэр 2 миний нүүр лүү өшиглөсөн Миний нүд юу ч харахгүй нүд их сонин болчихоор нь нүд гээд орилоход тэр 4 залуу зугтаагаад явчихсан. Одоо миний нүдний цөцгий гоожсон, хацар хавдсан, хөмсөг язарсан гэх мэдүүлэг. /хх 13-15/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Молцогсайханы:...Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Доргио баарны гадна ирээд хоорондоо шивээсний талаар яриад байсан чинь 4-5 хүн урдаас ирээд зөрж явахдаа бараан өнгийн хувцастай залуу нь юу гээд байгаа юм та нарт ямар хамаатай юм бэ гээд Отгонбатыг барьж аваад хоёулаа үзье гээд эхэлсэн. Тэгэхээр нь би больцгоо зүгээр салаад яв зодооны хэрэг байхгүй гэж хэлсэн чинь Отгонбатыг нөгөө бараан өнгийн хувцастай залуу шууд бариад хоорондоо барьцалдаад авсан. Тэр үед нэг залуу шууд миний хойноос боогоод хойшоогоо татсан ба би хөдөлж чадахгүй гар хөлөө сарвагнуулаад гарыг нь тавиулах гэж оролдож байсан. Миний хоолой бараг боогдсон. Тэгсэн Тамир ирээд боль гээд нөгөө залууг татаад намайг боолтноос гаргасан. Тэгээд байж байх үед нөгөө талд Ганцогт ёо ёо гээд 4 хөлөлчихсөн орилоод байж байсан гэх мэдүүлэг./хх-19/,

 2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Тамирын:..3 цагийн үед гараад Доргио бааранд иртэл хааж байна гээд оруулаагүй. Гадна байж байхдаа бид 4 ертөнцийн зүгээр баруун талд хашаа руу шээсэн. Хойд талаас 4 залуу гарч ирэхэд Молцогсайхан тэр залуучуудыг хараад "шивээстэй хүн муухай" гэсэн утгатай юм ярихад тэр 4 эргэж хараад юу гэнээ гээд дайраад эхэлсэн. Тэгээд маргалдаад байхаар нь би тэд нарыг салгасан. Тэд нараас нэг бүдүүн шивээстэй залуу нь Отгонбаттай барьцалдаад хажуунаас нь өндөр нуруутэй хүзүүндээ шивээстэй залуу нь Отгонбаярын нүүр лүү нь цохьсон. Өндөр залуугийн араас Ганцогт очоод бие рүү нь цохьсон. Намайг салгах гээд очтол миний араас нэг залуу боогоод салгаад эргээд хартал Молцогсайханыг нэг залуу нь боочихсон байсан. Молцогсайхан амьсгалж чадахгүй ухаан алдахын бараг өмнө очиж салгасан. Тэгээд эргээд хартал Ганцогт доошоо хараад нүд гээд орилсон. Ганцогтыг дөнгөж орилсны дараа тэр 4 залуу зугтаагаад хойноос нь Отгонбат бид 2 хөөж Отгонбат тэд нарын сууж явсан машины дугаарыг нь харсан байсан. Би Молцогсайханыг нэг залуу нь боож байхад очиж салгаад эргэж харахад Ганцогт газар нүдээ дараад сууж байсан. Очоод харахад нүднээс нь цус гарч байсан. Молцогсайхантай нэг бор царайтай дээгүүрээ шалдан саарал өнгийн цамцтай залуу зууралдсан байсан. Отгонбаттай хүзүүндээ шивээстэй бүдүүн залуу зодолдож байсан. Ганцогттой өндөр нуруутай, хүзүүндээ шивээстэй залуу зодолдож байсан гэх мэдүүлэг. /хх-22/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Дамдинрагчаагийн:...нэг мэдсэн Отгонбаяр ахыг анх мөргөсөн залуу Отгонбаяр ахтай зодолдож байхад араас нь Отгонбаатар ах очоод мөн найз Алтаншагай болон нөгөө талын 2 залуу очоод бөөн зодоон болоод байхаар нь салгатал Отгонбаяр ахтай зодолдож байсан залуу миний нүд гэмтчихлээ гээд газар суугаад орилоод байсан гэх мэдүүлэг.          /хх-23/

     2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Баярцэцэгийн:....Ганцогт 2018 оны 06 дугаар сарын 17-ны өглөө 07 цаг 40 минутын үед "нүдний нэвт гэмтэл" гэсэн оноштойгоор ирж хэвтсэн байсан Манай жижүүрийн эмч нар нарийн үзлэг хийж үзээд "хараа сэргэх боломжгүй. нүдний бүтэц алдагдсан, дотоод агууламж гадагшилсан, шархны завсраар эд хавчуулагдсан байдалтай, хараа шалгахад 0 гэрэл мэдрэхгүй байсан /зүүн нүд/ гэсэн байсан. Өнөөдөр буюу 2018 оны 06 сарын 18-ны өдөр хагалгаанд ороход нүдний лимбээс гадагш 4 цагаас 10 цагийн хооронд нүдний алим задарсан шархтай байсныг сая хагалгаанд оруулсан гэх мэдүүлэг.         /хх 31-32/,

2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7684 тоот актын:

1. Ц.Ганцогтын биед зүүн нүдний алимны нэвт гэмтэл / нүдний алимны агууламжийн гоожилт, нүдний алим авах мэс заслын дараах байдал / бүрэн хараагүйдэл/, зүүн талын нүдний ухархайн дотор болон доод ханын далд хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, цус хуралт. зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой, шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх зүүн нүдний алимны агууламжийн гоожилт, нүдний алим авах мэс заслын дараах байдал / бүрэн хараагүйдэл / гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.31.1 -т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонгид 65%-р алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэсэн дүгнэлт. /хх 34-35/,

2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4662 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн “2_05_R_180617034000avi” “3_05_R_180617040000avi” гэсэн нэртэй дүрс бичлэгүүд нь хэт улаан туяаны /IR/ гэрэлтүүлэгтэй хар цагаан дүрслэлтэй, хэт бага хэмжээтэй /350*288рiхels/, дүрс бичлэг нь бичигдэхдээ дүрсний гэмтэлтэй, бичигдсэн байх тул дүрс бичлэгийг тодруулах боломжгүй байна. Шинжээч, цагдаагийн ахмад Г.Учрал гэсэн  дүгнэлт   /хх-37/, 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтас хэргээс улсын яллагч:..хавтаст хэргээс 9-10 дугаар хуудас камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 13-15, 16-17 дугаар хуудас хохирогч Ц.Ганцогтын мэдүүлэг, 19 дүгээр хуудас гэрч Молцогсайханы мэдүүлэг, 22 дугаар хуудас гэрч С.Тамирын мэдүүлэг, 23 дугаар хуудас гэрч Д.Дамдинрагчаагийн мэдүүлэг, 31-32 дугаар хуудас гэрч Б.Баярцэцэгийн мэдүүлэг, 34-35 дугаар хуудас №7684 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг,   

Хавтас хэргээс хохирогчийн өмгөөлөгч М.Ариунболд:..хавтаст хэргээс 109, 110  дугаар хуудас шатахууны зардал хиймэл нүд хийлгэсэн 650.000 төгрөгийн баримт гэм буруу дээр маргаангүй учраас бусад баримтыг судлуулсанд тооцож камерын бичлэгт  үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг,   

Хавтас хэргээс шүүгдэгчийн өмгөөлөгч А.Одончимэг:..хавтаст хэргээс 64-68 пугаар хуудас Солонгос Улсад хүсэлт гаргаж хариу авсан баримт, 211-215 дугаар хуудас шатахууны баримт зэрэг  нотлох баримтуудыг тус тус  шинжлэн судлав.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

Шүүгдэгч Э.О нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Доргио” баарны гадаа 2018 оны 06 дугаар сарын 16-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 17-нд шилжих шөнө  04 цагийн үед Ц.Ганцогтын нүдэн тус газарт цохьж биед зүүн нүдний алимны нэвт гэмтэл / нүдний алимны агууламжийн гоожилт, нүдний алим авах мэс заслын дараах байдал /  бүрэн хараагүйдэл зүүн  талын ухархайн дотор болон доод ханын далд хугарал баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, цус хуралт зөөлөн эдийн  няцрал бүхий  эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Ганцогтын:....тэгтэл цагаан майктай залуу шууд миний нүүр лүү өшиглөхөд миний нүдийг оносон. Би шууд нүд гэж орилоод доошоо дөрвөн хөллөөд тонгойход дахиад тэр 2 миний нүүр лүү өшиглөсөн Миний нүд юу ч харахгүй нүд их сонин болчихоор нь нүд гээд орилоход тэр 4 залуу зугтаагаад явчихсан. Одоо миний нүдний цөцгий гоожсон, хацар хавдсан, хөмсөг язарсан гэх мэдүүлэг. /хх 13-15/, гэрч Молцогсайханы:...миний хоолой бараг боогдсон. Тэгсэн Тамир ирээд боль гээд нөгөө залууг татаад намайг боолтноос гаргасан. Тэгээд байж байх үед нөгөө талд Ганцогт ёо ёо гээд 4 хөлөлчихсөн орилоод байж байсан гэх мэдүүлэг./хх-19/, гэрч С.Тамирын:..тэгээд эргээд хартал Ганцогт доошоо хараад нүд гээд орилсон. Ганцогтыг дөнгөж орилсны дараа тэр 4 залуу зугтаагаад хойноос нь Отгонбат бид 2 хөөж Отгонбат тэд нарын сууж явсан машины дугаарыг нь харсан байсан. Би Молцогсайханыг нэг залуу нь боож байхад очиж салгаад эргэж харахад Ганцогт газар нүдээ дараад сууж байсан. Очоод харахад нүднээс нь цус гарч байсан. Молцогсайхантай нэг бор царайтай дээгүүрээ шалдан саарал өнгийн цамцтай залуу зууралдсан байсан. Отгонбаттай хүзүүндээ шивээстэй бүдүүн залуу зодолдож байсан. Ганцогттой өндөр нуруутай, хүзүүндээ шивээстэй залуу зодолдож байсан гэх мэдүүлэг. /хх-22/,  гэрч Д.Дамдинрагчаагийн:...Отгонбаяр ахтай зодолдож байсан залуу миний нүд гэмтчихлээ гээд газар суугаад орилоод байсан гэх мэдүүлэг. /хх-23/  гэрч Б.Баярцэцэгийн:....Ганцогт 2018 оны 06 дугаар сарын 17-ны өглөө 07 цаг 40 минутын үед "нүдний нэвт гэмтэл" гэсэн оноштойгоор ирж хэвтсэн байсан Манай жижүүрийн эмч нар нарийн үзлэг хийж үзээд "хараа сэргэх боломжгүй. нүдний бүтэц алдагдсан, дотоод агууламж гадагшилсан, шархны завсраар эд хавчуулагдсан байдалтай, хараа шалгахад 0 гэрэл мэдрэхгүй байсан /зүүн нүд/ гэсэн байсан. Өнөөдөр буюу 2018 оны 06 сарын 18-ны өдөр хагалгаанд ороход нүдний лимбээс гадагш 4 цагаас 10 цагийн хооронд нүдний алим задарсан шархтай байсныг сая хагалгаанд оруулсан гэх мэдүүлэг. /хх 31-32/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7684 тоот актын:  1. Ц.Ганцогтын биед зүүн нүдний алимны нэвт гэмтэл / нүдний алимны агууламжийн гоожилт, нүдний алим авах мэс заслын дараах байдал / бүрэн хараагүйдэл/, зүүн талын нүдний ухархайн дотор болон доод ханын далд хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, цус хуралт. зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой, шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх зүүн нүдний алимны агууламжийн гоожилт, нүдний алим авах мэс заслын дараах байдал / бүрэн хараагүйдэл / гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.31.1 -т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонгид 65%-р алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэсэн дүгнэлт. /хх 34-35/, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлгүүд  болон  хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Оыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол  санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч эмчилгээний  зардалд 42.000.000 төгрөг нэхэмжилсэнээс хавтаст хэрэгт  1.218.000 төгрөгийн баримт авагдсан ба дээрхи баримтууд нь хуулийн шаардлага хангаж байна.

Харин  үлдэх 40.000.000 төгрөгийн баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хохирогч 40.000.000 төгрөгийн хагалгааг хийлгээгүй, хийлгэх шаардлагатай гэсэн  тайлбар, баримтуудыг шүүх хуралдаанд гаргаж, мэдүүлж байх тул шүүхээс бодит гараагүй  зардлыг хохирогчид  олгож шийдвэрлэхгүй  боломжгүй  байна.  

Харин  хохирогч  цаашид  гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа хуулийн хүрээнд бүрдүүлж  Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуульд заасны  дагуу жич  нэхэмжлэх эрхтэй  болохыг,  шүүгдэгч хохирогчид  цаашид гарах эмчилгээний  зардлыг  нь төлж барагдуулахаа  шүүх хуралдаанд илэрхийлж байгааг шүүх дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч  мөрдөн шалгах ажиллагааны явцад  хохирогчид 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, энэ талаар хохирогч маргахгүй  байх тул  шүүгдэгчийг  бусдад  учруулсан  хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан  байна гэж  шүүх үзлээ.  

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж байгааг  ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг тус тус харгалзан торгох ялыг  30 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг түүний ял  эдэлсэн  хугацаанд  оруулан тооцохоор  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

              

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнээгийн Отгонбаярыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Э.Оыг 15.000 (арван таван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.От оногдуулсан торгох ялыг 30 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оын энэ хэрэгт цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож хорих ялын нэг хоногийг торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгтэй тэнцэх хэмжээгээр тооцож, эдлэх ялаас хасч 450.000 төгрөгийг  хасч,  төлбөл зохих ялыг 14.550.000 төгрөгөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг СД-ийг  хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч Э.От холбогдох хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч Ц.Ганцогт  нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.От урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.БАТЖАРГАЛ