| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0078/э |
| Дугаар | 117 |
| Огноо | 2019-02-01 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Б.Мөнгөншагай, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн, иргэний нэхэмжлэгч Ш.Ганболд, иргэний хариуцагч Д.Баяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,.2.3-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ангарт холбогдох эрүүгийн “1803002010443” дугаартай, 186/2018/00078/э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн задгайд оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б.Ангар
Холбогдсон хэргийн талаар:
Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн үүрийн 02 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуслангийн замд “Тоёота кровн” маркийн 46-99 УБЭ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн а/-д заасан "Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 8.11-д заасан "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэснийг тус тус зөрчсөний улмаас Ш.Ганболд жолоочтой “Тоёота приус-11 ” маркийн 30-36 УНЧ улсын дугаартай автомашиныг мөргөж, улмаар тус машинд зорчин явсан зорчигч Б.Ариунцэцэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2018 оны 3 дугаар сарын 6-ний өдрөөс 7-нд шилжих шөнө хамт ажиллаж байсан найзтайгаа дайралдаад нэг газар суугаад салсан. Гэртээ харих замдаа осол гаргаж хүний биед хүнд гэмтэл учруулсан гэв.
1.2. Иргэний нэхэмжлэгч Ш.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. ...гэв.
Хоёр: Шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Ариунцэцэгийн:...2018 оны 03 дугаар сарын 05-ны шөнийн 01 цагийн орчимд нөхөр Ч.Идэрчулууны хамт гэртээ харих зорилгоор цагаан өнгийн “Тоёота приус 11” маркийн тээврийн хэрэгсэл сууж явж байтал гэнэт зүүн хойд талруу нэг юм мөргөх шиг болсон, нэг сэрсэн чинь гадаа хэвтэж байсан" гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хуудас 55/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Ш.Ганболдын:.. 2018 оны 03 дугаар сарын 05-ний өдрөөс 06-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд өөрийн эзэмшлийн цагаан өнгийн Тоёота приус 11 маркийн 30-36 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хамт 5-н буудлаас Жигжид зуслан орох зорилгоор ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 20 орчим км цагийн хурдтай явж байтал араас нэг машин хүчтэй мөргөсөн. Миний биед ослын улмаас ил харагдах ямар нэгэн шарх гэмтэл байхгүй.Осол болох үед суудлын бүсээ зүүж явсан. Харин нөгөө машины жолооч согтуу байсан" гэх мэдүүлэг /1дүгээр хавтас, хуудаас 36-37/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч С.Нямсүрэнгийн:..Тоёота кровн маркийн 46-99 УБЭ улсын дугаартай автомашин нь одоог хүртэл манай журмын хашаанд байгаа тул ачилтын хөлс болон хоногийн хөлс зэргийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг. /1дүгээр хавтас, хуудас 101/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Ч.Идэрчулууны:... 2018 оны 03 дугаар сарын 05-ны шөнийн 01 цагийн орчимд эхнэр Б.Ариунцэцэгийн хамт гэртээ харих зорилгоор цагаан өнгийн Тоёота приус 11 маркийн тээврийн хэрэгсэл суун явж байтал гэнэт зүүн хойд тал руу нэг юм мөргөх шиг болсон, нэг ухаан ороход замын голд хэвтэж байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 108/,
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Д.Баярын:.. Миний хүү Б.А миний эзэмшлийн хар хөх өнгийн Тоёота кровн маркийн 46-99 УБЭ улсын дугаартай автомашиныг жолоодон яваад зам тээврийн осол гаргасан байсан.Бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулна гэх мэдүүлэг /1 дүгээр, хавтас, хуудас 49/,
2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3381 тоот актын:
1. Б.Ариунцэцэгийн биед гавлын зулай ясны далд хугарал, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тенториум болон тал бөмбөлөгүүдийн таславч хоорондын аалзан хальсны доорх цус харвалт, хүзүүний 5 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал, баруун нумны хугарал, толгойн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар, баруун буглага, баруун, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.5-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэсэн дүгнэлт. /1 дүгээр хавтас, хуудас 190-191/,
2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4187 тоот актын:
1. Ч.Идэрчулууны Рентген цээжний хариу ирээгүй тул дүгнэлт гаргах боломжгүй байна. Шинжээч эмч М.Золжаргал гэсэн дүгнэлт.
2.8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3028 тоот актын:
1. Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius 11 маркийн автомашин гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.
2. Автомашины зүүн хойд талын далбаа, зүүн хойд талын хаалга шахагдаж хэлбэр дүрсээ алдсан, зүүн хойд талын хаалганы цонхны жааз гажиж хаалганы шил хагарсан, тээшний таг ангайж гажсан, тээшний хөндийн зүүн булан дотогш шахагдаж холбоос хэсгээрээ салсан, асаалтын аккумулятор болон тэжээлийн аккумулятор шахагдсан, зүүн хойд талын амортизатор хугарч салсан, сүүн хойд талын хөндөл төмөр гулзайсан, зүүн хойд талын гар хугарсан, зүүн хойд талын дугуйн хээ таллан элэгдсэн зэрэг гэмтлүүдтэй байна.
3. Автомашины зүүн хойд талд гарсан талын хэсэгт гарсан гэмтэл нь ослын үед хэв гажилтын нөлөөгөөр дамжиж үүссэн шинэ гэмтэл байна.
4. Автомашин тоормосны шингэн дамжуулгатай, тоормосны ABS системтэй тоормосны механизм ажиллаж байна.
5.Тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд зам дээр тоормосны мөр үүсэх эсэхийг туршилтаар тогтооно.
6. Автомашин явах боломжгүй тул спидометрын ажиллагааг шалгах боломжгүй, хянах самбарын гэрэл асаж ажиллаж байна.
7. Шинжилгээнд 46-99 УБЭ улсын дугаартай Toyota Crown маркийн автомашиныг ирүүлээгүй тул T.Prius11 болон T.Crown маркийн автомашинууд өөр хоорондоо хэрхэн мөргөлдсөн эсэхийг тодорхойлох боломжгүй.Автотехникийн лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч С.Мөнхдалай гэсэн дүгнэлт. /1 дүгээр хавтас, хуудас 203-204/,
2.9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4990 тоот актын:
1. Шинжилгээнд ирүүлсэн Toyota Crown маркийн 46-99 УБЭ дугаартай автомашин эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн 6v байдлыг хангахгүй.
2. Уг автомашинд урд бамбай, капот, нүүрний хаалт, баруун, зуун гэрэл, зүүн лонжерон, зүүн урд далбаа, зүүн урд дугуйн дотор urn w хаалт, жолоочийн болон урд зорчигчийн аюулгүйн хийн дэр задарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.
3. Дээрх эвдрэл гэмтлүүд шинэвтэр ослын үед үүссэн байх тул зам тээврийн осолд нөлөөлөхгүй.
4. Шингэн дамжуулгатай тоормосны системтэй. 4 дугуйн тоормосны хавчигч, тэлэгчүүд ажиллана. Зориулалтын багажгүй тул тоормосны хүч, идэвхижилтийг шапгаж тодорхойлох боломжгүй.
5.Toyota Crown маркийн автомашин явахгүй, улиралын орчин нөхцөл тохирохгүй зэрэг байдлаас мөр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй.
6. Автомашин явахгүй тул хурд хэмжигчийн ажиллагааг шалгах боломжгүй. Зам тээврийн осол хэргийн материалд үндэслэн спидометрийн ажиллагаа осолд нөлөөлөх үндэслэлгүй. Авто техникийн лаборатийн эрхлэгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Цэндсүрэн гэсэн дүгнэлт. /1 дүгээр хавтас, 231-232/,
2.10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4990 тоот актын:
1.Ч.Идэрчулууны биед цээжний зүүн талд 8-р хавирганы хугарал гэмтэл учирчээ.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч М.Золжаргал гэсэн дүгнэлт. /2 дугаар хавтас, хуудас 28/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1. Хавтас хэргээс улсын яллагч:..шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, 1 дүгээр хавтаст хэргийн 21-27 дугаар хуудас хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл хэмжилтийн бүдүүвч фото зураг, 1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар хуудас жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 55 дугаар хуудас хохирогч Б.Ариунцэцэгийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас иргэний нэхэмжлэгч Ш.Ганболдын мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 101 дүгээр хуудас иргэний нэхэмжлэгч С.Нямсүрэнгийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 108, 2 дугаар хавтаст хэргийн 27 дугаар хуудас иргэний нэхэмжлэгч Ч.Идэрчулууны мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр хуудас Д.Баярын мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 190-191 дүгээр хуудас №3381 дугаартай шинжээчийн дүгнэлт, 1 дүгээр хавтаст хэргийн 225-226 дугаар хуудас №579 техникийн шинжээчийн дүгнэлт, 1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас шинжээч Б.Батзоригийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 7-13 дугаар хуудас яллагдагч Б.Аын мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 219-220 дугаар хуудас техникийн үнэлгээ, 2 дугаар хавтаст хэргийн 28 дугаар хуудас №1344 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн:..шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцож, хавтаст хэргээс судлуулах баримтгүй гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн үүрийн 02 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуслангийн замд “Тоёота кровн” маркийн 46-99 УБЭ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн а/-д заасан "Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 8.11-д заасан "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэснийг тус тус зөрчсөний улмаас Ш.Ганболд жолоочтой “Тоёота приус-11 ” маркийн 30-36 УНЧ улсын дугаартай автомашиныг мөргөж, улмаар тус машинд зорчин явсан зорчигч Б.Ариунцэцэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Ариунцэцэгийн:...2018 оны 03 дугаар сарын 05-ны шөнийн 01 цагийн орчимд нөхөр Ч.Идэрчулууны хамт гэртээ харих зорилгоор цагаан өнгийн “Тоёота приус 11” маркийн тээврийн хэрэгсэл сууж явж байтал гэнэт зүүн хойд талруу нэг юм мөргөх шиг болсон, нэг сэрсэн чинь гадаа хэвтэж байсан" гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хуудас 55/, иргэний нэхэмжлэгч Ш.Ганболдын:.. 2018 оны 03 дугаар сарын 05-ний өдрөөс 06-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд өөрийн эзэмшлийн цагаан өнгийн Тоёота приус 11 маркийн 30-36 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хамт 5-н буудлаас Жигжид зуслан орох зорилгоор ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 20 орчим км цагийн хурдтай явж байтал араас нэг машин хүчтэй мөргөсөн. Миний биед ослын улмаас ил харагдах ямар нэгэн шарх гэмтэл байхгүй.Осол болох үед суудлын бүсээ зүүж явсан. Харин нөгөө машины жолооч согтуу байсан" гэх мэдүүлэг /1дүгээр хавтас, хуудас 36-37/, Б.Аын согтуурлыг шалгасан тэмдэглэл /хх-30/, хэргийн газрын үзлэг, фото зургууд, тээврийн цагдаагийн албаны 579 дугаартай дүгнэлт /хх-225/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3381 тоот акт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Аыг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Ариунцэцэг, иргэний нэхэмжлэгч С.Нямсүрэн нарт шүүх хуралдааны товыг удаа дараа мэдэгдсэн боловч ямар нэгэн хүндэтгэн үзэх хүсэлт ирүүлээгүй, иргэний нэхэмжлэгч Ч.Идэрчулуун нь Б.Ааас нэхэмжлэх зүйлгүй санал гомдолгүй гэж шүүхэд бичгээр хүсэлт бичиж өгсөн, хохирогч Б.Ариунцэцэг эмчилгээний зардалд 5.053.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш.Ганболд 2.645.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гэм хорыг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс 7.698.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Аринцэцэг, иргэний нэхэмжлэгч Ш.Ганболд нарт олгох нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг тус тус харгалзан үзэж түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хэрэгт хураагдан ирсэн Б.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Баярын Ангарыг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Аыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасч, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шүүгдэгч хорих ялыг эдлэж дууссаны дараагаас эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг СД-ийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Ааас 7.698.000 / долоон сая зургаан зуун ерэн найман мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ариунцэцэгт 5.053.000 / таван сая тавин гурван мянган/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ш.Ганболд 2.645.000 / хоёр сая зургаан зуун дөчин таван мянган/ төгрөгийг тус тус олгосугай.
8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ