Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2023/00065

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 19 207/МА2023/00065

 

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч С.У, Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ................. дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй

Ээж НН.Ж-ийн цагаатгалын нөхөх олговорыг авах, хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, нөхөх олговорт 81.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Д.Б-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О, прокурор Ц.Л, нарийн бичгийн дарга П.П нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний ээж НН.Ж-ийн эцэг Г-ийн Б гэж лам хүн байж байгаад 1938 онд баривчлагдаж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15-р хурлын тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр буюу буудуулж хороосныг Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ..........-р магадлалаар цагаатгасан юм. Монгол улсын засгийн газрын шийдвэрийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрт нөхөн төлбөр олгохтой холбогдуулан ээж маань уг асуудлыг хөөцөлдөж бүх материалыг бүрдүүлэн Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссод өгсны дагуу түүнд улсаас 80.000.000 төгрөг олгохоор нийтэд мэдэгдэж, 3ууны мэдээ сонины 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэр нь гарсан боловч ээж маань 2021 оны 04 дүгээр сарын 08-нд 89 насандаа нас барсан. Миний бие эхээс дөрвүүлээ бөгөөд аав ээж 2 маань 1956 оны 02 дугаар сарын 17-нд гэрлэлтээ бүртгүүлсэн байна. Том эгч Д.Д нь 1948 оны 07 дугаар сарын 01-нд төрсөн бөгөөд аавыг дагаж ирж бидэнтэй хамт өссөн. Эгч маань ээжийг нас барсны дараа 2021 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр нас барсан. Дараагийн эгч Д.Э 1959 оны 02 дугаар сарын 25-нд төрсөн, одоо Бельгийн вант улсад амьдарч байгаа, дараагийн эгч Д.Э 1962 оны 09 дүгээр сарын 01-нд төрсөн, одоо Улаанбаатар хотод амьдарч байна. 2 эгч маань өвөөгийн цагаатгалын нөхөн олговор болон ээжийн бондны мөнгө, төрийн банкны дансанд байгаа 1.737.582 төгрөг зэргийг өвлөн авахаас татгалзсан тухайгаа ирүүлсэн. Ээж маань бага байхдаа эсэргүүний хүүхэд гэж хавчигдаж нуугдаж овгоо сольж ирсэн бөгөөд энэ тухай шүүхэд хандан шийдвэрлүүлж, тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01352 шийдвэрээр Г.Бгийн төрсөн охин мөн болохыг тогтоолгосон байгаа. Иймд Цагаатгалын нөхөн олговрыг авах хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, нөхөн олговорт 81.000.000 төгрөг гаргуулах хүсэлтээ дэмжиж байгаа. Харин ээж НН.Ж-ийн Эрдэнэс Бондоос авах 1.000.000 төгрөг, Төрийн банкны дансанд байгаа 1.737.582 төгрөгийг нотариатын олгосон өвлөх эрхийн гэрчилгээний дагуу авсан учраас энэ шаардлагаас татгалзаж байна гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3., 13 дугаар зүйлийн 13.2.2.-д заасныг тус тус баримтлан НН.Ж-ийн цагаатгалын нөхөх олговрыг авах хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, нөхөх олговорт 81.000.000 төгрөг гаргуулах тухай Д.Б-ын хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9.-д зааснаар хүсэлт гаргагч Д.Б-ын хүсэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж Д.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор О аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэгч Д.Б- миний бие тус шүухийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. 1-т Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дүгээр нь шүүхийн шийдвэрийн гол ач холбогдол бүхий дүгнэлт бөгөөд уг дүгнэлтээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13.2-р зүйлийн 13.2.1, 13.2.2-т заасныг дурьдаад уг нөхөх олговор нь зөвхөн тухайн зүйл, заалтад нэрлэн заасан этгээд болох хэлмэгдэгч, эсхүл түүний эхнэр /нөхөр/ эсхүл төрсөн болон үрчилж авсан хүүхдэд хамаатай гэж узэхээр байна гэж үзсэн нь илтэд үндэслэл муутай дүгнэлт болсон бөгөөд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байна. Нэхэмжлэгч Д.Б- нь хэлмэгдэгч Г.Бгийн төрсөн охин ГН.Ж-ийн хүү болох нь гогтоогдсон. Мөн ГН.Ж- нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө нас барсан тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10-р зүйлийн 10.3-т Энэ зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ гэж зааснаар материаллаг хууль буюу Монгол Улсын иргэний хуулийн 515-р зүйлийн 515.1 дэх хэсгийн эрх өвлөгдөнө гэх эрх зүйн үндэслэлээр эрх залгамжлал хуулийн хүрээнд хэрэгжсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгч Д.Б- нь талийгаач ГН.Ж-ийг нас барахаас өмнө хамт амьдарч байсан болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 528-р зүйлийн 528.1-т Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариатч буюу нотариат байхгүй газар баг, сумын засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсанд тооцно гэж зааснаар эрх шилжүүлэн авагч гэж үзнэ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн өвлүүлэгчийн шаардах эрхийг шилжүүлэн авч буй харилцаанд холбогдож байх тул уг харилцаанд өвлөх эрхийн гэрчилгээ шаардахгүй. Иймээс дээрх хууль зүйн үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн дүгнэлт буруу бөгөөд нэхэмжлэгч Д.Б- нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуүлийн 10-р зүйлийн 10.3-т зааснаар нөхөн олговор шаардах эрхийг өвлүүлэгчээс шилжүүлэн авсан гэж үзнэ. Мөн шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн баримт хэрэгт байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа хуулийн хүрээнд гэж үзнэ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13-р зүйлийн 13.2-т заасан хэм хэмжээний ерөнхий зохицүулалт нь мөн хуулийн 10-р зүйлийн 10.1 дэх хэсэг тул анхан шатны шүүхийн шийдвэр дүгнэлт болон прокурорын тайлбар хууль зүйн үндэслэлгуй болно. Энэхүү хуулийн нөхөн олговор авах эрхтэй этгээдийг тус тусад нь салган ойлгох нь зохимжгүй бөгөед хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа үндэслэлд хамаарч байна. 2-т Монгол Улсьш Дээд шүүхийн дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2022 оны 12 сарын 16-ны өдрийн ................................. тоот тогтоолд дурьдсан үндэслэлүүд хангагдсан бөгөөд уг тогтоолын агуулгаас үзэхэд нэхэмжлэгчийг өв залгамжлалаар эрх шилжүүлэн авсан нь үндэслэлтэй бөгөөд харин уг эрх нь материалаг эрх зүйн үндэслэлээр үү, процессын эрх зүйн үндэслэлээр үү гэдгийг дүгнэх шаардлагатай гэж үзсэн. Давж заалдах шатны шүүх нь хэргийг бүхэлд нь хянан үзэх бүрэн эрхтэй тул холбогдох хууль тогтоомж болон хэргийн үйл баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Гомдолд УТХ төлсөн баримт хавсаргав, шүүх хуралдаанд оролцох болно гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Б- нь шүүхэд ...Миний ээж НН.Ж-ийн эцэг Г-ийн Б гэж лам хүн байж байгаад 1938 онд баривчлагдаж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15-р хурлын тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр буюу буудуулж хороосныг Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ..........-р магадлалаар цагаатгасан юм. Иймд Цагаатгалын нөхөн олговрыг авах хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, нөхөн олговорт 81.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад НН.Ж-ийн Эрдэнэс Бондоос авах 1.000.000 төгрөг, Төрийн банкны дансанд байгаа 1.737.582 төгрөгийг нотариатын олгосон өвлөх эрхийн гэрчилгээний дагуу авсан учир уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Шүүх нэхэмжлэгч Д.Б-ын Цагаатгалын нөхөн олговрыг авах хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, нөхөн олговорт 81.000.000 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хэлмэгдэгч Г-ийн Б нь хувьсгалын эсэргүү гэж баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15-р хурлын тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр буюу буудуулж хороосныг Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ..........-р магадлалаар цагаатгасан, тус аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн № 1352 дугаар шийдвэрээр асан ГН.Ж-ийг хэлмэгдэгч Г.Бгийн төрсөн охин мөн болохыг тогтоож шийдвэрлэсний үндсэн дээр тэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрт нөхөн төлбөр олгохтой холбогдол бүхий материалыг бүрдүүлэн Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссод өгсний дараа буюу улсаас 80.000.000 төгрөг олгохоор нийтэд зарлаж мэдэгдэж, 3ууны мэдээ сонины 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаарт нэр нь нийтлэгдэхээс өмнө 2021 оны 04 дүгээр сарын 08-нд 89 насандаа нас барсан байна.

Анхан шатны шүүх ...хэлмэгдэгч Г.Бгийн охин ГН.Ж- нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1.-д /2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ зааснаар нөхөн олговорт 80.000.000 төгрөг авах эрхтэй боловч тэрээр холбогдох бичиг баримтаа бүрдүүлж өгсний дараа нас барсан, харин Г.Бгийн зээ хүү Д.Б- нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2.-т зааснаар нөхөн олговор авах эрхтэй этгээдэд хамаарахгүй гэсэн дүгнэлт хийж, түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Тухайлбал Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2. дахь хэсэгт заасан нөхөн олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээдэд уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1.-10.1.3.-т заасан этгээд хамаарна, өөрөөр хэлбэл эдгээр зүйл, заалтанд нэрлэн зааснаас бусад хүнийг, тухайлбал уг хуулийн 10.1.4.-т заасан хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач зээг, эсхүл нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгэд нас барсан тохиолдолд түүний өв залгамжлагч-ийг хамаатуулан ойлгохгүй байхаар зохицуулагдсан байна.

Дээрх байдлаас үзэхэд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3. дахь хэсэгт заасны дагуу асан НН.Ж-ийн нөхөх олговор нэхэмжлэх эрх нь Д.Б-д өв залгамжлалаар шилжих үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б-ын гаргасан ...шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх эрх шилжээгүй гэж дүгнэсэн нь буруу тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ............................... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧИД С.У

Б.О