Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 14

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,                        

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Туяа,

Шүүгдэгч: Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Д.А-д холбогдох 1835004260243 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 1 дүгээр сарын 27-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т овогт Д.А. РД:.........-

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Д.А нь 2018 оны 11 дүгээр сарын 15-16-ны шилжих шөнө Увс аймгийн Тэс сумын 5 дугаар багийн нутгаас хохирогч Л.Дгийн 780.000 төгрөгний үнэлгээтэй 1 тооны 8 настай гүү, Х.Жгийн 700.000 төгрөгний үнэлгээтэй 1 тооны 5 настай гүүг хулгайлсан гэх хэрэгт тус тус холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч Д.А-г мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

2018 оны 11 дүгээр сарын 15-16-ны шилжих Увс аймгийн Тэс сумын 5 дугаар багийн нутгаас хохирогч Л.Дгийн 1 тооны 8 настай гүү, Х.Ж-гийн 1 тооны 5 настай гүү тус тус алдагдсан байна.

Хохирогч Х.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны хавар П гэх залуугийн адуунд өөрийн эзэмшлийн хүрэн зүсмийн  5 настай, аагт олом тамгатай 1 тооны гүүг адуутайгаа нийлүүлээд хараад өгөөч гэж хэлээд өгсөн. 2018 оны 11 дүгээр сарын 17-18-ны үед  П над руу залгаж миний гүү алга болсон талаар хэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би Улаанбаатар хотоос Увс аймгийн Тэс сумын төв дээр ирэхэд П сумын төв дээр ирчихсэн байсан. Тэгээд Поор гэр лүүгээ хүргүүлээд явж байгаад замдаа Бадамдорж гэдэг айлд ороход А, Ж /Д.Б/ гэх 2 залуу байсан бөгөөд А “Би танай 1 тооны гүү, Д-гийн 1 тооныг гүүг “Улиас” гэх газарт уяатай байхаар нь аваад Б-гийн гэрт Жгийн хамт хүргэж өгсөн гэж хэлсэн. Тухайн үед Ж надад хэлэхдээ “Би хадам аав Б-гийн эзэмшлийн нэг тооны адуу хүргэж өгөх гээд явж байтал А таараад хамт Батхүүгийн гэр лүү явсан. Би А-гийн хөтөлж явсан 2 тооны гүүг хулгайн гүү байсныг мэдээгүй” гэж хэлсэн. А “Би таныг гүүг Б.Б ахынд үлдээсэн байтал хөл нь хугарсан байхаар нь  алаад авчих би тэгж байгаад орны гүүг нь авна гэж хэлээд алуулчихсан юм” гэж хэлсэн. А сүүлд надад миний гүүний үнэ болох 700.000 төгрөгийг надад өгсөн. Би гүү хайхад гарсан зардлаа төлүүлж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 29-33-р тал/,

 

Хохирогч Л.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны хавар П-д өөрийн эзэмшлийн хул хээр зүсмийн, аагт олом тамгатай, 8 настай гүүг өөрийн адуун дотроо байлгаад хараад өгөөч гэж хэлээд өгсөн. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө П над руу залгаад “Манай адуунд байсан таны хул хээр зүсмийн  гүү 2018 оны 11 дүгээр сарын 15-16-ны шилжих шөнө алга боллоо” гэж хэлсэн. Тухайн үед Улаангом суманд явсан болохоор хамт хайж яваагүй. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр П над руу залгаад таны хул хээр зүсмийн гүү Зүүнговь сумын айлд байна гэж хэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны үед миний адууг Д.А хулгайлсан талаар хүнээс сонссон. Яг хэнээс сонссоноо сайн санахгүй байна. Би өнөөдрийг хүртэл Д.А-тай өөрийн биеэр уулзаагүй байна. Миний хул хээр зүстэй, 8 настай, баруун гуяндаа аагт олом тамгатай 1 тооны гүүг Увс аймгийн Малчин сумын харьяат Б.Б гэх хүн тууж ирж надад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 35-38-р тал/,

 

Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д, Ц, А нарын хамтаар Д-гийн 3 тооны морь хайхаар Зүүнговь сумын чиглэлд 2018 оны 11 сарын 19-ний өдөр 15:00 цагийн орчимд 2 мотоцикльтой Тэс сумын төвөөс гараад Тэс сумын 3 дугаар багийн нутаг Нарийний голын гүүр гэх нэртэй газар луу чиглээд явсан. Тэгж явж байхдаа Тэс сумын 3 дугаар багийн нутаг Хөх модны гатлага гэх нэртэй газраас 5 тооны морины мөр олсон. Тэр мөр нь Тэс сумын 4-ийн бригадаас урагшаа буюу Зүүнговь сумын чиглэлд явсан мөр байсан бөгөөд бид нарын олсон мөр нь Тэс сумын нутаг 4-ийн бригад гэх нэртэй газраас урагшаа буюу Зүүнговь сумын чиглэлд ойролцоогоор 17-18 км орчим зайд байсан. Бид нар тэр мөрийг дагаад явсаар байгаад Зүүнговь сумын нутаг Гурмасны голын бураа гэх нэртэй газарт Б.Б гэдэг айлд хүргэсэн. Тэгээд бид нарыг очих үед Б гэх айл нэг адуу алчихсан байхаар нь "Энэ ямар адуу вэ?" гэж асуухад хээр зүсмийн адуу хүнсэндээ хэрэглэж байгаа юм аа гэсэн. Бид нар Тэс сумаас мөр хөөгөөд танай гадна ирлээ гэж хэлэхэд юм дуугараагүй. Тэгээд бид 4 тухайн айлын амбаар савыг нэгжиж үзэхэд ямар нэгэн зүйл гарч ирээгүй. Харин гэрийн зүүн урд талд шувуу эргээд байхаар очоод үзтэл адууны хээл байсан бөгөөд үзүүрт нь адууны цайвар өнгийн арьсны жижиг хэсэг байхаар нь нөгөө айлын хүмүүст үзүүлэхэд мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байгаад Б гэх хүн Алаг Д.А надад Тэс сумаас хүрэн, хул зүсмийн 2 тооны адууг 2018 оны 11 сарын 16-ны шөнө авч ирж өгсөн. Хул гүүг нь алсан гэж хэлсэн. Уг адууг үзээд дүүгийн адуу биш Х гэх хүний адуу шиг санагдаад байна гэж хэлээд  А, Х буюу П руу залгаад "Таны алга болсон адууны зүс ямар вэ?" гэж асуухад хүрэн 5 настай гүү 1 тооны, хул зүсмийн 8 настай 1 тооны гүү аагт олом тамгатай нийт 2 тооны адуу алга болсон гэж хэлсэн нь Б-д байсан адуутай тохирч байхаар нь Тэс сумаас П дуудчихаад  Б гэх айлд П-ийн дүү А-ийг үлдээгээд Д, Ц бид 3 буцаад Тэс суманд ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41-р тал/,

Гэрч Н.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 сарын 20-ны өдөр П над руу залгаад хулгайд алдсан 2 тооны гүүний сураг Зүүнговь сумын Бурааны эхэн гэх газар байдаг Б гэх айлд алагдсан байна гэж хэлээд “Та хамт яваад өгөөч” гэж хэлэхээр нь хамт явсан. Тэгээд Б гэх айлд очиход хул зүсмийн гүү нь гэрийн гадна уяатай, хүрэн зүсмийн гүүг алсан байсан. Тухайн үед 2 тооны гүүг Тэс сумын иргэн А гэх хүн авч ирээд мал хийж аваарай гэж хэлээд өгсөн. Бас А-тай хамт Б-гийн хүргэн болох Ж ирсэн талаар хэлсэн. Б-гийн гэрийн гадна байсан гүү нь Д гэх хүний хулгайд алдсан гүү мөн байсан” гэх мэдүүлэг /хх-42-43, 155-156-р тал/,

Гэрч Г.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2018 оны 11 сарын 20-ны өдөр Х буюу П над руу 17 цагийн орчимд залгаад хулгайд алдсан 2 гүүний сураг гарч байна, хамт яваад өгөөч гэж хэлэхээр нь би  “тэгье” гэж хэлээд Б, П, Ж, Д нарын хамтаар миний “Мазда-болга” маркийн 03-18 УВХ улсын дугаартай автомашинаар 2018 оны 11 сарын 20-ны өдрийн орой 10 цагийн орчимд Тэс сумаас гараад Б гэх айлд очсон. Тэгээд бид шууд машинаас буугаад Б-ийн гэрийн гадна байсан хул зүсмийн буруу гуян дээрээ аагт олом тамгатай 1 тооны гүүг хараад хулгайд алдсан Д-гийн гүү мөн болохыг таниад Б-гийн гэрт бүгдээрээ ороод Б-гээс дээрх гүүг хаанаас хэн гэх хүн авч ирж өгсөн талаар асуухад Б “Тэс сумаас А гэх залуу авч ирж өгсөн. Уг хоёр гүү нь хүрэн зүсмийн, аагт олом тамгатай, хул зүсмийн аагт олом тамгатай нийт 2 тооны гүү байсан. А өгөөд явсаны дараа хүрэн зүсмийн гүү нь уяанд орооцолдоод хөл нь гэмтэхээр нь алчихсан” гэж хэлсэн. Тэгээд бид нар Б-гийн гэрээс 2018 оны 11 сарын 21-ний үүрийн 4 цагийн үед гараад сумын төвд ирчихээд манайд амарч байгаад Ж-ыг гэрт нь хүргэж өгөхөөр явж байхдаа Б-ийн гэрт очиход Ж, А нар Б-ийн гэрт сууж байсан бөгөөд А нь “Би танай 2 гүүг хулгайлж аваад Б-гийн гэрт хүргэж өгсөн. Ж-д ямар нэгэн хамаарал байхгүй” гэж хэлсэн” гэх мэдүүлэг/хх-44-46, 153-р тал/,

Гэрч Л.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Бид нар Батхүү гэх айлд очиход гэрийнхэн гадна хул зүсмийн, буруу гуяндаа аагт олом тамгатай, миний төрсөн ах Д-ийн гүү гэдгийг зүс, тамгаар нь таньсан. Тэгээд уг гүүг үзээд шууд Б-гийн гэрт ороход Батхүү эхнэрийн хамтаар байсан бөгөөд уг гүүг хаанаас, хэн авч ирж өгсөн талаар Б-гээс асуухад “А” гэх залуугийн мал” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-47-49, 154-р тал/,

Гэрч А.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нядалсан адууны арьсыг дэлгэж үзэхэд аагт олом тамгатай, хүрэн зүсмийн адуу байсан. Гэрийн ойролцоо нь хайж үзэхэд хул зүсмийн гүүг ойролцоо модон дотор аргамжсан байсан тул Б гэдэг хүнээс асууж лавлахад “Надад Тэс сумын А гэдэг залуу 2 гүүг  авч ирж өгсөн. Хүрэн зүсмийн гүү хөлөө авчихаар нядалсан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг/хх-50-51, 163-164-р тал/,

Гэрч Ц.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б гэх айлд нөгөө адууны мөрийг дагаж яваад орсон. Тэгээд би Б гэх айлын ойр орчимд адуугаа хайгаад явж байтал Б-гийн гэрийн гадна адуу алсан байдалтай дотрыг нь газар тавьчихсан байсан. Ямар адуу алсан талаар асуухад хээр зүсмийн арьс бид нарт үзүүлээд толгой нь хаана байна? гэж асуухад Б “Мэдэхгүй” гэж хэлэхээр нь  нөгөө малын дотор, баас байсан хэсэгт хүрэн зүсмийн адууны арьсны жижиг хэсэг байхаар нь Б-д үзүүлэхэд “А авч ирсэн морийг бид нар алж авсан” гэж хэлсэн. Тэгээд гэрийн хажуугийн модноос хул зүсмийн аагт олом тамгатай гүү олж аваад Б-д үзүүлэхэд “Энэ гүүг бас Адъяа авч ирсэн юм” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-52-54, 161-162-р тал/,

Гэрч А.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 сарын 16-ны өдөр манайд 15 цаг 00 миунтын үед Ж ирээд хадам аав Б-гийнхээ нэг тооны хээр зүсмийн, зөв гуяндаа хайруул тамгатай гүү танай адуунд байгаа би авахаар ирлээ гэж хэлээд манайд адуунаас барьж аваад явсан” гэх мэдүүлэг /хх-55-56-р тал/,

Гэрч Н.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 сарын 15-ны өдөр 16 цаг 30 миунтын орчимд Д-гийн эзэмшлийн хул хээр зүсмийн, аагт олом тамгатай 8 настай 1 тооны гүү, Ж гэх хүний хүрэн зүсмийн, аагт олом тамгатай 5 настай 1 тооны гүү, нийт 2 тооны гүүг өөрийн адуутай хамт гэрийн хажуу талын арал руу оруулаад өглөө буюу 2018 оны 11 сарын 16-ны өдрийн 07 цагт очиж адуу аваад бүртгэж үзэхэд Д, Ж ах нарын манай адуунд тавьсан 2 тооны гүү байхгүй байхаар нь ойр орчимд нь хайгаад олоогүй бөгөөд ойр орчмын хүмүүс болон ах, дүү нартаа захиад орхисон. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хадам дүү А утсаар залгаад “Та ямар зүс, тамгатай, хэдэн гүү алдсан юм бэ?” гэж асуухаар нь нас, зүс, тамгыг нь хэлэхэд А “Таны хулгайд алдсан 2 гүү Зүүнговь сумын Бураа гэх газарт Б гэдэг айлд байна. Хүрэн гүүг алчихсан, хул гүүг уячихсан байна. Та энд ирэх хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь Тэс сумын төвөөс Б, Б, Ж, Д нарын хамт машинаар яваад 23 цагийн үед Б гэх айлд очиход Б, түүний эхнэр, миний хадам дүү А нар байсан. Б-гийн гэрийн гадна Д-гийн хул гүүнд өвс тавьж өгөөд уясан байна. Б-гээс 2 гүүний талаар асуухад “А, Ж 2 авч ирж өгсөн. Хүрэн гүүний хөл гэмтэхээр нь алж авсан” гэж хэлсэн. Би Б-г “Хул гүүг гэрт авч ирж өг гэж хэлэхэд “Авч ирсэн хүмүүс нь хүргэж өгөх байх” гэхээр нь гүүгээ үлдээгээд бид нар буцсан. Тухайн 2 гүү хулгайд алдагдах үедээ хээлтэй байсан” гэх мэдүүлэг /хх-57-60, 157-158-р тал/,

Гэрч Д.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...П ах адуу алдсан талаар надад урьд нь хэлж байсан санагдаад П ах руу залгаад асуухад хүрэн зүсмийн гүү, хул зүсмийн гүү нийт 2 тооны гүү хулгайд алдсан. Уг хоёр гүү буруу гуян дээр аагт олом тамгатай гэж хэлэхээр нь уг адууг үзэхэд мөн байсан. Тэгээд П-ийг сумын төвөөс дуудуулсан. Би Б-гийн гэрт үлдээд нөгөө гурав сум руу явсан. Хэсэг хугацааны дараа шөнийн 11 цагийн орчимд сумын төвөөс П, Б, Д, Ж, Б гэх хүмүүсийн хамтаар ирээд уг хул зүсмийн гүүг П хараад манай хулгайд алдсан гүү мөн байна гэж хэлээд цагдаад дуудлага өгнө гэхэд Б ах түр байж бай, авч ирж өгсөн хүнийг нь хэлүүлж авья гээд Б-гээс асуухад “А” гэх хүн авч ирж өгсөн” гэж хэлсэн. Бид нар Тэс сумын 3 дугаар багийн нутаг Хөх модны гатлага гэх нэртэй газраас тухайн 5 адууны мөрийг олоод дагаж мөрдсөн. Тэр мөрийг сөрж мөрдөөгүй учраас хаанаас эхэлсэн мөр болохыг би мэдэхгүй байна. Харин Д, Ц нар хэлэхдээ “бид хоёр энэ 5 адууны мөрийг 4-ийн бригадын урдаас дагуулж мөрдөөд энд ирсэн юм” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-61-36 хуудас, мšн 159-160 хуудас/,

Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А гэх залуу хүрэн зүсмийн гүү, хул зүсмийн 2 тооны гүү авч ирээд ирээд надад өгөхдөө 10 хоног хадгалж байгаарай гэж хэлээд үлдээсэн. Гэтэл 3 хоногийн дараа хүрэн зүсмийн гүү аргамжиндаа орооцолдоод буруу талын ташааны толгойг гэмтээхээр эхнэр О-ын хамтаар уг адууг гэрийнхээ хашааны хажууд алж авсан. Тухайн үед А-гийн надад өгсөн 2 тооны гүүг хулгайн мал гэдгийг мэдээгүй. 2018 оны 11 сарын 20-ноос 21-ний үед байх А над руу залгаад “Адууны махыг нуугаарай, эндээс хүмүүс мөр дагаж байна” гэж хэлэхээр нь би түүнд “юу яриад байгаа юм бэ? чи үүнийг надад түр хадгалж байгаарай. Энэ адуу миний адуу гэж хэлж өгсөн биз дээ. Чиний авч ирсэн адууны нэгийг нь хөл нь гэмтэхээр нь алаад нядалсан байгаа шүү дээ” гэж хэлтэл А нь утсаа тасалсан. Тэгээд А-тай дахин холбогдоогүй. Тухайн үед би гайхаад яах учраа олохгүй, сандарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-69-72, 166-р тал/,

 

Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би А-тай 2018 оны 11 сарын 16-ны өдөр хадам аав Б-гийнх рүү явах гээд үдээс хойш 4-5 цагийн үед Г-гийн адуунаас хадам аав Б-гийн нэг гүүг авахаар гэрт нь очиход эхнэр Д нь байхаар нь адуунаас нь хадам аавын гүү авахаар ирсэнээ хэлээд адуунаас барьж аваад  хөтлөөд Зүүнговь сум чиглээд явж байтал А залгаад “Та хаана явж байна?” гэж асуухаар нь “Хадам аав Б-гийнх рүү явж байна” гэж хэлэхэд “Та 4-ийн бригадын төвийн баруун талд хүлээж бай. Би хамт явья” гэхээр нь би хүлээгээд удаан явж байтал Түнгийн зах гэдэг газарт  орой нар орсон байх үед буюу 18 цагийн үед А хул зүсмийн 1, хүрэн зүсмийн 1 тооны гүү хөтлөөд намайг гүйцэж ирсэн бөгөөд уг хоёр тооны гүүний тамгыг анзаарч хараагүй. Учир нь тухайн үед А-гаас уг хоёр тооны гүү, ямар учиртай хаанаас авч ирсэн талаар асуухад таньд хамаагүй гэж хэлэхээр нь би тухайн үед уг гүүний тамгыг үзье гэж бодоогүй. Бид хоёр 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 05 цагийн үед хадам аав Б-гийнд очсон. 09 цагийн үед би хадам аавтай хамт тэмээгээ олж ирэхээр яваад 19 цагийн үед тэмээгээ олоод ирэхэд А байсан бөгөөд хамтдаа тэднийд хоноод өглөөд босоод явах болоход А миний хадам аавд “Та энэ хоёр гүүг хадгалж байгаарай” гэж хэлээд үлдээгээд явсан. Би 3 тэмээгээ аваад А-тай хамт буцсан.” гэх мэдүүлэг /хх-73-76, 165-р тал/,

 

       Малд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Б.Б-гийнд байсан хохирогч Л.Д-гийн 1 тооны гүүнд үзлэг хийж, хохирогчид хүлээлгэн өгсөн/, Үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13-р тал/,

Эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17-р тал/

шүүгдэгч Д.А-гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Би гэрээсээ гараад бүрэнхий болж байх үед буюу 18:00 цагийн орчимд Тэс сумын 5 дугаар багийн нутаг “Арал” гэх нэртэй газарт очсон. Намайг тэнд очиход 20 орчим тооны ижилтэй адуу байсан. Би тэр адууг хэний адуу болохыг мэдээгүй. Би тухайн адуунаас хулгай хийхээр шийдээд тэр адууг голын ус руу шахаж байгаад өөрийнхөө суран бугуйлаар бугуйлдаж хүрэн зүстэй, баруун талын гуяндаа аагтай олом тамгатай 1 гүү, хул зүстэй, баруун талын гуяндаа аагт олом тамгатай 1 гүү, нийт 2 тооны гүү барьж авсан. Барьж авсан хоёр гүүнийхээ нэгийг өөрийнхөө морьны ногтоор ногтлоод нөгөө гүүг нь өөрийнхөө суран бугуйлаар ногт хийж хөтлөөд цааш явсан. Би хоёр гүү барьж аваад цаашаа явж байхдаа Тэс сумын харьяат Б гэдэг хүн Зүүнговь явах гэж байгааг сонссон байсан болохоор Б рүү утсаар залгаж хаана байгааг нь асуухад Батсүх “Би Дөрвийн бригадын ойролцоо явж байна, Зүүнговь сумаас хүнсээ авахаар явж байна” гэж хэлэхээр нь би “Та намайг Дөрвийн бригад дээр хүлээж байгаарай. Би удахгүй араас чинь очно. Хамт Зүүнговь сум руу явья” гэж хэлсэн. Бийг Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багийн нутаг Түнгийн зах гэх нэртэй газар гүйцэж очсон. Б бас нэг морь хөтлөөд явж байсан. Б “Чи ямар учиртай 2 гүү хөтлөөд явж байгаа юм бэ?” гэхэд би “Энэ 2 гүүг айлын адуунд нийлүүлэхээр явж байна” гэж хэлсэн. Б намайг 2 тооны гүү хулгайлаад явж байгааг мэдээгүй. Би Б ахтай уулзаад “Та миний хөтөлж яваа 2 гүүг хэд хоног хараад өгөөч. Би тэгж байгаад ирж авна. Энэ 2 гүү миний өөрийн эзэмшлийн гүү байгаа юм” гэж хэлэхэд Б ах зөвшөөрсөн. Л.Д-д гүүг буцаан өгсөн. Х.Ж-д гүүний үнэ 700.000 төгрөг төлсөн. Миний хулгайлсан 2 гүүг хайхад гарсан зардлыг хохирогч нарт нөхөн төлж хохиролгүй болгоно.  Надаас өндөр дүнтэй мөнгө нэхээд байгаа учраас нотлох баримттай хохирлыг төлөх гээд гүү хайхад гарсан зардлыг төлөөгүй байгаа” гэх мэдүүлгээр шүүгдэгч Д.А нь Л.Д-гийн 1 тооны гүү, Х.Ж-гийн 1 тооны гүү, нийт 2 тооны гүү хулгайлсан болох нь тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.А нь хохирогч Л.Д-гийн 780.000 төгрөгийн, үнэлгээтэй, 1 тооны, 8 настай, хээлтэй гүү, Х.Ж-гийн 700.000 төгрөгийн үнэлгээтэй, 1 тооны, 5 настай, хээлтэй гүүг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бэлчиж явсан малаас барьж авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

            Иймд шүүгдэгч Д.А-д мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.А нь “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэн, гэм буруугийн тал дээр маргаагүй болно.

2. Шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Д.А нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн УВ/01/589 дугаартай дүгнэлт /хх-ийн 99-р тал/-ээр хохирогч Х.Ж-гийн 5 настай хээлтэй гүү 700.000 төгрөг, хохирогч Л.Д-гийн 8 настай хээлтэй гүү 780.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч Л.Д гүүгээ буцаан авсан, хохирогч Х.Ж гүүний үнэ болох 700.000 төгрөгийн хохирлоо шүүгдэгчээр төлүүлж авсан хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

            Харин хохирогч нар хулгайд алдсан гүүгээ эрж, хайхад гарсан зардлаа нэхэмжилж байгаа боловч хэрэгт хор уршгийн талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон,  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан, гэмт зан үйлийг ухамсарлуулж ойлгуулах зорилгоор 300 /гурван зуу/ цаг нийтэд ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч энэ гэмт хэргийг үйлдэхдээ уналга болгож ашигласан нь тогтоогдож, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч Д.А-гийн өмчлөлийн  800.000 төгрөгийн үнэ бүхий бор зүстэй, баруун гуяндаа аагт олом тамгатай 7 настай /шийтгэх тогтоол гарах үед 8 настай/  1 тооны морь, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэж олсон хүрэн зүстэй, буруу гуяндаа аагт олом тамгатай, 5 настай гүүний, 10.000 төгрөгийн үнэ бүхий арьс 1 ширхэг, морьны дагалдах хэрэгсэл болох 45.000 төгрөгийн үнэ бүхий хуучин эсгий тохомтой, хуучин цэрэг эмээл 1 ширхэг, 8000 төгрөгийн үнэ бүхий хуучин суран ногт 1 ширхэг, 20.000 төгрөгийн үнэ бүхий хуучин суран хазаар 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий хуучин суран бугуйл 1 ширхэгийг тус тус хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

         1. Шүүгдэгч Т овогт Д А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил ял шийтгэсүгэй.

        3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

     4. Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

       5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч А-гийн өмчлөлийн бор зүстэй, баруун гуяндаа аагт олом тамгатай 8 настай гүйцсэн, 800.000 /найм зуун мянга/ төгрөгийн үнэтэй морийг хураан улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 45.000 төгрөгийн үнэ бүхий хуучин эсгий тохомтой, хуучин цэрэг хар эмээл 1 ширхэг, 8.000 төгрөгийн үнэ бүхий хуучин суран ногт 1 ширхэг, 20.000 төгрөгийн үнэ бүхий хуучин суран хазаар 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий хуучин суран бугуйл 1 ширхэг, буруу гуяндаа аагт олом тамгатай хүрэн зүсмийн нас гүйцсэн адууны 10.000 төгрөгийн үнэ бүхий шир 1 ширхэгийг тус тус улсын орлого болгосугай.

       6. Хохирогч Л.Д, Х.Ж нар нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГАНСҮХ