Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга  даргалж, шүүгч Ц.Урангуа, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 4-р баг, Өгөөмөр, Ямаан хүрэнгийн 5-14 тоотод оршин суух Их Өлзийт овогт Оюунчимэгийн Насантогтохын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3-р баг, Цагаан овоод оршин суух Шавь Боржигин овогт Содномпэлийн Отгонбаярт холбогдох,

Гэм хорын хохирол 4 721 113 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг, нэхэмжлэгч О.Насантогтох, хариуцагч С.Отгонбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, иргэдийн төлөөлөгч М.Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Насантогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.Насантогтох миний бие нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны орой Цогтцэций сумын Хаан банкны урд талд Содномпэл овогтой Отгонбаярт мөргүүлж авто осолд орж сумын эмнэлэгт хүргэгдэж анхан шатны түргэн тусламж авч 02 дугаар сарын 26-ны шөнө сумын түргэний тэрэг Өмнөговь аймгийн гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Аймгийн гэмтлийн эмч Зоргио 2016 оны 02 дугаар сарын 27-ны үдээс хойш рентгэн зураг авч зүүн хөл гуян дунд чөмөг хугаралттай бяцралттай, Улаанбаатар хот явж эмчлүүл гэсэн. Эрүүл саруул байсан намайг ийм эрэмдэг болгочихоод нэг ч эргэж тойроогүй хаясанд гомдолтой байна. Миний зүгээс нийт 4.721.113 төгрөгний эмчилгээ, эм тариа, бусад зардлыг нэхэмжилж байгаа тул миний хүсэлтийг хүлээн авч хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэжээ. 

            Хариуцагч С.Отгонбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Оюунчимэгийн Насантогтохын гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Содномпэлийн Отгонбаяр миний бие тус нэхэмжлэлтэй холбоотой дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны орой замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тус хэргийн хохирогч О.Насантогтохтой сайн дурын үндсэн дээр эвлэрч түүний нэхэмжилсэн нийт хохирол болох 3 069 600 төгрөгийг төлж барагдуулсан. Улмаар Өмнөговь аймаг дахь Сум дундын 1-р прокурорын газрын ахлах прокурор Д.Энх-Оргил нь намайг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн гэсэн үндэслэлээр хэргийг маань хэрэгсэхгүй болгосон юм. Тухайн үед буюу хохирогчтой эвлэрэхэд ахиж мөнгө нэхэмжилнэ гэж огт хэлээгүй бөгөөд нэхэмжилсэн мөнгийг нь өгчихвөл гомдол саналгүй, эвлэрэхэд татгалзах зүйлгүй гэсэн тул миний зүгээс нийт нэхэмжилсэн 3069600 төгрөгийг нь хэрэг бүртгэгч М.Үүрдмандахыг байлцуулан бүрэн төлж барагдуулсан юм. Гэтэл одоо харилцан тохиролцож эвлэрээд асуудал дууссаны дараа дахин надаас мөнгө нэхэмжилж байгааг миний зүгээс өгөх боломжгүй болно” гэжээ.   

            Нэхэмжлэгч О.Насантогтох шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:  “Миний бие эрүүл байсан бол ажлаа хийгээд амьдарлаа залгуулах байсан. Иймээс  хариуцагч талаас ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна. Хариуцагч талтай эвлэрсэн зүйл байхгүй. Үүрдмандах гэдэг цагдаа Отгонбаяртай хамт ирж эм тарианы мөнгө өгсөн. Отгонбаяр гадаа машинд сууж байсан. Би Үүрдмандах гэдэг байцаагчид гомдол саналтай гэдгээ хэлэхэд “Би мэдэж байгаа. Отгонбаярт тайлбарлаад хэлсэн. Одоо энэ мөнгийг авсан баримт болгож гомдолгүй харилцан тохиролцсон гэсэн өргөдөл бич” гэж хэлсэн.” гэв.

Хариуцагч С.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед хохирлыг барагдуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Насантогтохоос гаргасан гэм хорын хохирол 4.809.663 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Отгонбаярын өмгөөлөгчөөр оролцож байна. Ингэхдээ нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай. Хавтаст хэргийн 5, 28 дугаар хуудсанд Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1 дүгээр прокурорын газрын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол байгаа. Тус тогтоолд ЭХШХ-ийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгосон байдаг. Ийнхүү эвлэрснээр хэрэг хэрэгсэхгүй болсон тохиолдолд хохирогч гомдол гаргах эрхгүй байдаг. Нэхэмжлэгч тал хариуцагч талтай эвлэрсэн гэдгийг прокуророос нотлогдсон байдаг. Нэхэмжлэгч тал гомдол гаргах хүсэлтэй байсан бол хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө гомдол гаргах эрхтэй байсан. Хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол хөөн хэлэлцэх хугацаагаа сэргээлгэхээр хүсэлт гаргаж өгөх нь нээлттэй байсан. ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлийн 117.1-ийг удирдлага болгон 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой юм. Насантогтохын зүгээс цалин, бензин, эм тарианы мөнгө нэхэмжилсэн. Цалингийн хэмжээг нийгмийн даатгалын дэвтрээр тодорхойлно. Ямар ч хамаагүй байгууллага цалингийн тодорхойлолт гаргаж байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Бензиний баримт нь хэзээ, ямар зорилгоор авсан нь тодорохойгүй байна” гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний иргэний үнэмжлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өмнөговь аймаг дахь Сум дундын 1-р прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №5/20 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв Хаан банкны баруун урд талын замд гарсан осол, хэргийн газрын схем зураглал, “МСS интернэйшнл” ХХК-ний 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №065/16 тоот тодорхойлолт, эм болон шатахуун худалдан авсан тухай зарлагын баримтууд, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 66 дугаар тодорхойлолт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн тэмдэглэл, рентгэн зураг, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сум дундын эмнэлгийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №121 тодорхойлолт, хариуцагчийн хариу тайлбар, О.Насантогтохын Цагдаагийн газарт гаргасан хүсэлт, “МСS интернэйшнл” ХХК-ний 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №91/16 тоот тодорхойлолт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч О.Насантогтох нь хариуцагч С.Отгонбаярт холбогдуулан гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол болох 4809663 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар  “Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлийн улмаас гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар “Бусдыг эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан…зайлшгүй бүх зардлыг төлөх үүрэгтэй” гэж зааснаар С.Отгонбаяр нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр О.Насантогтохын биед хүндэвтэр гэмтэл учруулсан байх тул гэм хорыг арилгах үүрэгтэй байна.

          Энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Өмнөговь аймаг дахь Сум дундын 1-р прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 5/20 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, 2016 оны 02 сарын 27-ны өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн газрын схем зураглал, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

          Гэвч хариуцагч С.Отгонбаярт холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын 2016 оны 04 сарын 05-ны өдрийн 5/20 дугаартай тогтоолоор Эрүүгийн байцаан хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасгаар “ Хохирогч нь яллагдагчтай сайн дураараа эвлэрсэн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн байна.     Мөн нэхэмжлэгч О.Насантогтохын Цагдаагийн газарт гаргасан хүсэлтэд “...миний биед эмчилгээ хийлгэсэн, эм тариа, хагалгаа, авто машины зардал болох нийт 3063600 төгрөгийг Содномпэл овогтой Отгонбаяр нь төлж барагдуулж, харилцан эвлэрсэн” гэжээ.

          Гэмт хэргийн  улмаас О.Насантогтохын биед учруулсан гэм хорыг хариуцагч С.Отгонбаяр бүрэн барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь “учруулсан хохиролоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагчтай сайн дураараа эвлэрсэн бол”  гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

          Тодруулж хэлбэл С.Отгонбаяр нь Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлүүдэд заасан үүргээ мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

          Иймд О.Насантогтохоос С.Отгонбаярт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88550 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын Төрийн банк дахь 211000020815 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч О.Насантогтоход олгохоор шийдвэрлэв.

          Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар О.Насантогтохын нэхэмжлэлтэй С.Отгонбаярт холбогдох гэм хорын хохирол 4 809 663 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88550 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын Төрийн банк дахь 211000020815 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч О.Насантогтоход олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.БАТТУЛГА

                    ШҮҮГЧИД                              Ц.УРАНГУА

                                                                   Г.СОЛОНГО