Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 95

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 4-р баг, Өгөөмөр Бумбан-Овоо 3-11 тоотод оршин суух Чунсаг овогт Өлзийбаярын Цэндсүрэнд /РД:КЮ75071808/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,462,141 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Өлзийбаярын Цэндсүрэн нь 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 3017-2013/72 тоот “Цалингийн зээлийн гэрээ” байгуулан 4,500,000.00 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг жилийн 18,0 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, мөн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 3019-2014/48 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг жилийн 18.0 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай тус тус авсан.

Зээлийг хувийн хэрэглээний зориулалтаар олгосон бөгөөд зээлийн гэрээг хуульд заасан журмын дагуу бичгээр байгуулсан болно. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хавсралтаар баталсан цалингийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь ёсоор зээлдэгч нь зээл хүүгийн төлбөрт сар бүр төлж байх ёстой байтал 2014 оны 10 дугаар сараас эхлэн энэхүү үүргээ бүрэн биелүүлэхгүй, хуваарийг удаа дараа зөрчсөөр өнөөг хүрээд байна.

Улмаар 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан тул зээлдэгч иргэн Ө.Цэндсүрэнгээс иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 12-ийг баримтлан 3017-2013/72 тоот цалингийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,284,580.00 /нэг сая хоёр зуун наян дөрвөн мянга таван зуун ная/ төгрөг, зээлийн хүү 181,122.00 /нэг зуун наян нэгэн мянга нэг зуун хорин хоёр/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,468.00 /арван найман мянга дөрвөн зуун жаран найм/ төгрөг, мөн зээлийн гэрээний 5.3 дугаар зүйл болон Иргэний хуулийн 225, 284, 451 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлийг бүрдүүлсэн тул банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлан 3019-2014/48 тоот цалингийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 841,660.00 /найман зуун дөчин нэгэн мянга зургаан зуун жар/ төгрөг, зээлийн хүү 130,211.00 /нэг зуун гучин мянга хоёр зуун арван нэг/ төгрөг нэмэгдүүлсэн хүү 6,101.00 /зургаан мянга нэг зуун нэг/ төгрөг нийт 2,462,141.00 /хоёр сая дөрвөн зуун жаран хоёр мянга нэг зуун дөчин нэг/ төгрөгийг урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт зээлдэгч Ө.Цэндсүрэнгээс нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч Капитрон банк нь МУ-н ИХШХШ тухай хуулийн 26-р зүйлд заасан эрхийнхээ хүрээнд шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжлэх болно” гэжээ.

Хариуцагч Ө.Цэндсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ө.Цэндсүрэн миний бие Цогтцэций сумын Бумбан-Овоо 3-11 тоотод оршин суудаг. ТТТранс ХХК-д 2007-2014 оныг хүртэл үйлчлэгчийн ажлаар 7 жил ажилсан. Капитрон банкнаас 2013 онд цалингийн зээл 4,500,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, 2014 онд 1,500,000 төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар ахуйн хэрэглээнд авсан.

2014 оны 06 сард ажил зогсож сул зогсолт 60 хувийг 2014 оны 10 сар хүртэл өгөөд больсон. 11 сараас зээлээ төлж байсан чинь 2014 оны 04 сард төрсөн охин Дөлгөөнмөрөн зам тээврийн осолд орж эмчилгээ хийлгэж охиноо харж гэрээр байлаа. Нөхөр Отгонбаяр хятдын хувийн машин /шаланз/ барьж хэдэн төгрөг олж охиноо эмчлүүлж зээлээ хугацаанд төлж чадалгүй өдийг хүргэлээ. Одоо ажил хийж Капитрон банкаас нэхэмжилсэн 2,462,141 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь зээлийн гэрээний үлдэгдэл 2,462,141 төгрөгийг хариуцагч Ө.Цэндсүрэнгээс гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ө.Цэндсүрэн нь “Капитрон банк” ХХК-аас 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 4,500,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1,500,000 төгрөгийг авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тухай хариу тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Ө.Цэндсүрэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийг хохиролгүй болгохоор шүүхэд хариу тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Зээлийн гэрээний үүрэгт 2,462,141 төгрөг гаргуулах тухай “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч Ө.Цэндсүрэн хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,344 төгрөгөөс 27.172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын 211000020815 тоот данснаас 27,172 төгрөг, хариуцагч Ө.Цэндсүрэнгээс 27,172 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                        Г.СОЛОНГО