Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/ма2023/01549

 

 

 

 

 

 

 

 

2023 08 07 210/МА2023/01549

 

 

Л.Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2023/01779 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Л.Б гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Э нар нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 7,040,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний бие нь * дүүргийн * дүгээр хороо , 6 дугаар хороолол, Лагааны гудамж, дугаар хаягт бүртгэгдсэн м.кв талбай бүхий гараашийн өмчлөгч бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/874 дүгээр захирамжаар м.кв газрыг автомашины гараашийн зориулалтаар 15 жилийн хугацаатай 2032 он хүртэл эзэмших эрх олгогдсон, газрын төлбөрийг жил бүр төлөн хууль ёсоор ашиглаж, өмчилдөг болно. Гэтэл хариуцагч Ш.А нь өөрийн дур зоргоор авирлан төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны ямар нэг зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн гараашийн барилгын авто замын орц гарцыг хааж төмөр хашаа барьж, өөрийн байрны хажуугийн авто замаар дамжин өнгөрөх зориудын нэг орц гарцтай болгож, тухайн нэг орц гарц дээрээ хашаа, автомат хаалт барьсан. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн автомашиныг гарааш руугаа нэвтрэхийг хориглон зогсоож, Үндсэн хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн.

Иймээс хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, үүссэн асуудлыг шийдвэрлүүлэхээр 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, * дүүргийн газрын алба, Нийслэлийн газрын алба, Шударга, өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газарт хандсан боловч асуудлыг шийдвэрлээгүй. Түүнчлэн, газрын албаны зүгээс "Э СӨХ -ны нэр дээр газар эзэмших, ашиглах эрх, газрын гэрээ, гэрчилгээ байдаггүйгээс Газрын тухай хуульд зааснаар хариуцлага тооцох, арга хэмжээ авах боломж байдаггүй, тухайн үүссэн асуудлыг хууль, дүрмийн дагуу бүрэн шийдвэрлэх эрх мэдэлгүй, улсын байцаагчийн эрхгүй, хариуцагчийн хууль бус үйлдлийг таслан зогсоох, шийдвэрлэх эрх мэдэл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох боломжгүй байсан. Нэхэмжлэгчийн зүгээс маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан боловч Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1510 дугаар тогтоолын хянавал хэсэгт Өмчлөгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. ...Нэхэмжлэгч нь тухайн байрны оршин суугч биш тул хаалтын чипийн үнийг төлөх үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч СӨХ-ны бурууг үндэслэлтэй нотолж чадаагүй, ...харин эрх бүхий этгээдийн шаардах эрхэд энэ шийдвэр нөлөөлөхгүй гэж шийдвэрлэсэн.

Нөгөө талаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/251 дүгээр Хууль, журмын хэрэгжилтийг хангах тухай захирамжийн хавсралт Хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмын хэрэгжилтийг хангаж, газар чөлөөлөх байршлын жагсаалтын 1662, 1663, 1664 дугаар хэсэгт * дүүргийн * дүгээр хороо нд байрлах 30а байрны орчимд нийтийн эзэмшлийн зам талбайг хааж байршуулсан 8 метр автомашины хаалт, 28 метр хайс, 94 шалгалтын ажлыг авч метр төмөр хашаа тусгагдсан болно гэж Ш.А ийн хууль бус үйлдлийг таслан зогсоохоор шийдвэрлэсэн.

Улмаар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас удаа дараа Э СӨХ -д хандан 30а байрны нийтийн эзэмшлийн зам талбай дээр байрлуулсан хаалт, хайс, төмөр хашааг нэн даруй буулгаж чөлөөлөхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02-07-106/972 дугаар Авто зогсоолын автомат хаалтын тухай дүгнэлт болон Нийслэлийн Засаг даргын 2021 оны A/251 дугаар захирамжийн дагуу албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

Ийнхүү хариуцагч нараас "Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн авто гараашны барилгыг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ашиглаагүй хохирлын үнэлгээгээр тогтоогдсон гэм хорын хохирлын 6,592,950 төгрөг, үнэлгээ хийлгүүлсэний төлбөрт төлсөн 120,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөр 128,500, 128,500, 70,200, 327,200 төгрөг буюу нийт гэм хорын хохиролд 7,040,150 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Э СӨХ -ны удирдах зөвлөл нь Ш.А ийг гүйцэтгэх захирлаар томилогдох үед тухайн орон сууцанд гадна талбайн тохижилтгүй, байр ашиглалтын засалт тохижилтгүй байсан. Э СӨХ нь оршин суугч нарынхаа дунд санал асуулга явуулж, орцны гадна хаалгыг домайн хаалт суурилуулахыг дэмжиж байсан тул тус байрны оршин суугчдаас мөнгө хурааж, Э СӨХ -ноос автомат хаалт, хашаа суурилуулсан. Хаалтыг барих үед Л.Б байхгүй байсан. Нэхэмжлэгч өмнө нь уг хашаа хаалтыг буулгуулах, хохирол 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 123 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 602 магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, мөн Улсын Дээд Шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01/510 тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн. Гурван шатны шүүх хохирол 2,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 болон 511 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байна, хариуцагч Э СӨХ болон Ш.А нар нь тухайн гэм хорыг учруулсан шалтгаант холбоогүй гэж үзсэн. Э СӨХ нь оршин суугчдаас санал хурааж, мөнгө хураасан нотлох баримтуудыг өмнө нь шүүх хуралдаанаар үнэлээд түүнийг үндэслээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоосон учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу дахин үнэлэх шаардлагагүй гэж үзэж байна. Нэгэнт гурван шатны шүүх гэм хорын хохирол эсэхийг мөн шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 болон мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээний тухайд "Э СӨХ болон Ш.А нарын үйлдсэн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид шууд учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Тухайлбал 6, 7 дугаар сард гарааш түрээслэх хүн байхгүй. Мөн өвлийн улиралд ч гарааш түрээслэх хүн харьцангуй элбэг биш. Нэхэмжлэгч анх чипийг худалдаж авахгүй гэж байр сууриа илэрхийлсэн байдаг. Үүний дараа Ш.А ийн зүгээс холбогдох хүмүүсээс асууж тодруулсны эцэст чипийг үнэгүй олгохоор шийдвэрлэж, Л.Б д хэлсэн боловч чипээ аваагүй. Иргэний хуулийн 514 дүгээр зүйл 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э нар нараас 2022 оны хохирол 1,716,000 төгрөг, үнэлгээний төлбөрт төлсөн 120,000 төгрөг, нийт 1,836,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,204,150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Б н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,593 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э нар нараас 44,326 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Б д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий хуулийн этгээдээр өөрийн өмчлөлийн тоосгон гараашийн барилгыг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ашиглаж чадаагүй хохирлын үнэлгээг тооцуулж 6,592,950 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмнөх шүүхийн шийдвэрээр бусдын дулаан зогсоолыг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл түрээсэлсэн төлбөрийн 2,700,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож байсан шалтгаанаар нэхэмжлэгчийн өөрийн өмчлөлийн тоосгон гараашийн барилгыг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ашиглаж чадаагүй хохирлын үнэлгээг тооцуулсан 4,876,950 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэг нь огт ойлгомжгүй, илт үндэслэлгүй болсон. Тодруулбал, өмнөх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор нэхэмжлэгчийг өөрийн өмчлөлийн дулаанд холбогдоогүй тоосгон гараашийг ашиглаж чадаагүй хохирлыг байрны доорх дулаанд холбогдсон зогсоол түрээсэлсэн төлбөрөөр оруулан нэхэмжлэл гаргаж болохгүй, мөн төрийн эрх бүхий байгууллагаар хариуцагчийн буруутайг тогтоолгоогүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон тул өөрийн өмчлөлийн тоосгон гараашийн барилгыг ашиглаж чадаагүй хохирлын үнэлгээг тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий хуулийн этгээдээр тооцуулж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02-07-106/972 дугаар дүгнэлт, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/251 дугаар захирамж, бусад албан бичгийн мэдэгдэл зэргээр хариуцагч нарын буруутайг тогтоолгосны үндсэн дээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий нэхэмжлэл гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Иргэн Л.Б гийн гаргасан Э нар нараас гэм хорын хохирол гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00193 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 602 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 001/ШТ2022/00064 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн хэргийг дахин хэлэлцэж, нэгэнт нотлогдсон баримтыг дахин нотолж дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг зөрчсөн шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй шийдвэр болсон. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө." гэж заасан бөгөөд автомат хаалт барих ажлыг нийт оршин суугчдын хурлаар шийдвэрлэсэн буюу Э нар нар буруугүй болох нь нэхэмжлэгч Л.Б чип авдаггүй болох нь анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр тогтоогдсон байхад шүүх дахин нотолж дүгнэлт хийж байгаа нь буруу болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Нэгэнт шүүхээр тогтоогдсон үйл баримт гэж тайлбарладаг. 2021 оны Улсын Дээд шүүхийн 1510 дугаар тогтоолын хянавал хэсэгт төрийн эрх бүхий байгууллагаар хариуцагчийн буруутай үйлдлийг үндэслэлтэй тогтоогоогүй, шүүх дүгнэлт хийх боломжгүй, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлоогүй, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн. Тухайн үед нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлтэй гаргаж чадаагүйн миний буруу байсан. Энэ тогтоолоор дахин нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаагүй. Хариуцагч нар манай гарааш руу гардаг гудамжийг хаалга, хашаа тавьж хаасан. Манай гудамжийг хаасны дараагаар өөрсдийнхөө гудамжаар тойрч гарааш руу орохыг шаардсан. Би чипний талаар 1 жилийн дараа мэдсэн. Шүүх хуралдаан дээр чип ав гэж хэлсэн. Мөн над руу утсаар залгасан. Намайг утсаа аваагүй гэдэг. Над руу утсаар залгаагүй. Би өөрөө мэдээгүй байхад үүрэг хүлээсэн байсан. Хариуцагч нар төрийн байгууллагын шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрдөггүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг ханган нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Э нар нарт холбогдуулан гэм хорын хохиролд 7,040,150 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Л.Б нь * дүүрэг, * дүгээр хороо , 15141, Л.Лааганы гудамж хаягт байрлах, нэгж талбарын 1500600660 дугаар бүхий м.кв газрыг автомашины гараашийн эзэмшигч, мөн хаягт байршилтай гараашийн зориулалттай м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэлтэй болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон бөгөөд уг гарааш нь хариуцагч Э СӨХ -той хөрш залгаа байрладаг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх5, 6/

4. * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00193 дугаар шийдвэрээр Л.Б гийн нэхэмжлэлтэй хариуцагч Э нар нарт холбогдуулан гарааш руу орох, гарах гарц бүхий нийтийн эзэмшлийн зам талбайг хааж босгосон хашаа хаалт, манаачийн байр зэргийг албадан буулгуулж газрыг чөлөөлүүлэх, гарааш руу орох, гарах гарц бүхий нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан хууль бус үйлдлийн улмаас хохиролд 2,708,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх65-71/байх ба нэхэмжлэгч тал эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 602 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/01510 дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх72-78, 125-132/

4.а. Хариуцагч автомат хаалт, манаачийн байрыг барьсан үйлдэл нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, харин уг хаалтаар нэвтрэх нөхцөлийг хангаагүй буюу чипийг төлбөртэй өгөх болсноос маргаантай байдлыг бий болсон ба хэрэгт байгаа баримтын хэмжээнд хариуцагч нарын хууль бус үйлдэл, гэм буруу байгаа гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй талаар дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд дүгнэсэн тул уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар түүнийг дахин нотлохгүй.

5. Э нар нар нь орон сууцны орчны, нийтийн эзэмшил газар дээр автозогсоолын автомат хаалт хийлгэж, манаачийн байр барьсан нь нэхэмжлэгч Л.Б гийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол, эд хөрөнгөд хохирол учрахад хариуцагч нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл, эс үйлдлээс шалтгаалан хохирол учирсан зэрэг нөхцөл байдлаа нэхэмжлэгч нотлох баримтаар нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

6. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүйн улмаас маргааны үйл баримтад үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Э нар нарт холбогдох гэм хорын хохиролд 7,040,150 төгрөг тухай нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ ил тод байдал, шударга ёс, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулна гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт Иргэдийн төлөөлөгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд хуульд заасан журмын дагуу оролцоно гэж тус тус заажээ. Анхан шатны шүүх хуралдаанд зохигчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргасан байх тул анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2023/01779 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Э нар нарт холбогдох гэм хорын хохиролд 7,040,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 92,985 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлсөн 44,326 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН