| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2019/0011/Э |
| Дугаар | 11 |
| Огноо | 2019-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгч: В.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б ургийн овогтой В-ын Г-д холбогдох 1935000010008 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5-р баг 17-04 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:........................., Б ургийн овогтой Вын Г.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч В.Г нь Увс аймгийн Улаангом сумын 5-р багийн нутагт 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хохирогч М.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд/.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгч В.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч В.Г нь Увс аймгийн Улаангом сумын 5-р багийн нутагт 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эхнэр М.М-тэй маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.М-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Нөхөр Г бид хоёр 2009 онд гэр бүл болж, 2011 онд хүү Г.Ө, 2012 онд охин Ө, 2016 онд хүү Б нарыг төрүүлсэн. Нөхөр В.Г нь тодорхой эрхэлсэн ажилгүй байж байгаад 2016 онд Улаанбаатар хот руу явж замын компанид ажиллаж байгаад ирсэн ба 2018 оноос хойш хөдөө мал маллах болсон, одоогоор Түргэн суманд мал маллаж байгаа. Би өөрөө өмгөөлөгч хийж, амьдрал ахуйгаа авч явдаг.
2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бүтэн сайн өдөр амралтын өдөр байсан би гэртээ хадам эгч, дүү нарынхаа хамт бууз хийгээд байж байтал цагдаагийн машин ирээд жижүүрийн цагдаа манай гэрт орж ирээд “өмгөөлөгчөө гараад уулзая” гэхэд нь би гадна гарч уулзахад “ хүн амины хэрэг гарсан байна, мэдүүлэг авах ажиллагаанд оролцоод өгөөч” гэж хэлсэн тул би гэртээ ороод нөхөртөө хандаж, “би яаралтай 1 цаг яваад ирье гэхэд миний нөхөр В.Г “чи залхуурч ажлаас хойш суух гэж байна” гэж хэлсэн, тэгээд би гарч яваад цагдаагийн газар дээр ирж , мэдүүлэг авах ажиллагаанд оролцоод гэртээ харихад манайд байсан хүмүүс буузаа хийж байсан. Тэгээд бид буузаа хийгээд дуусгаад манай нөхөр хадам эгч Цг гэрт нь хүргэж өгөөд буцаж ирсэн. Өдөр нь бид хоёрын дунд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Ц эгчийг гэрт нь хүргэчихээд ирэхдээ нэг ширхэг эмээлийн бүүрэг авч ирсэн. Түүний авч ирсэн бүүрэг дээр манай бага хүү Б сууж тоглоод дээрээс нь унаад байхаар нь би “наад авч ирсэн юмаа доош тавиач, хүүхэд унаад байна” гэхэд нөхөр “яахаараа энэ эмээлийн бүүрэг гай болдог юм, чи өөрөө хүн амины хэргийн мэдүүлэгт сууж өөрөө гэрт бузар оруулж ирлээ” гэж хэлээд хэрүүл хийж эхэлсэн. Тэр үед хүүхдүүд маань бүгд унтаад өгсөн. Тэгэж байтал нөхөр надад хандаж “чи ер нь сонин байгаа шүү, би чамайг мэдэж байгаа шүү, чи яахаараа намайг залгахаар утсаа авч ярьдаггүй юм бэ, утсаа байнга тасалдаг” гээд хэрэлдсэн, би тэр хугацаанд бууз хийгээд үлдсэн гурилыг тасалж хэрчиж байсан тэгтэл “чи наадахаа хаяач, элдэв дэмий юм хийгээд” гэхээр нь би уурлаад босоод орон дээр суусан. Тэгтэл нөхөр намайг “чи хүнтэй явалдаад байгаа шүү , чи тэр хүнээ хэл” гээд байсан тул би “надад хэлэх үг алга, би хэнтэй ч яваагүй” гэхэд “чи муу хэлээч” гээд намайг гараараа 3-4 удаа алгадсан. Тэгэхэд нь би юу ч дуугарахгүй байсан. Тэгтэл нөхөр Г “би ер нь чамайг гаргалаа, бузар юмыг гаргана” гээд намайг гэрээс чирж гаргасан. Тэгээд би хашааны гадна гарахад эргэн тойронд хүн байхгүй байсан, тэгэхээр нь гэрт орж зодуулснаас гадна зодуулвал хүн ирж салгах байх гэж бодоод газар суусан, тэгтэл намайг араас тэврээд хашаа руу оруулсан, би хашаанд ороод газар хэвтсэн тэгтэл намайг гэрлүү чирч оруулчихаад В.Г орон дээрээ гараад хэвтсэн, тэгэхээр нь би гэрээ цэвэрлэчихээд унтая гэж бодоод босоод гэрээ цэвэрлээд, толгойгоо уугаачихаад үсээ самнах гээд сууж байтал В.Г” миний нойр хүрэхгүй байна, толгой бариад өг” гэхээр нь би Гын урдаас “би чамаар цохиулчихаад, яахаараа толгойг чинь барьдаг юм” гэж хэлсэн. Тэгтэл тэр босож ирээд миний хоёр гарнаас базаж, 2 хацар луу гараараа ээлжлээд алгадсан. Тэгэхээр нь би “чи ингэж байхаар нэг мөр намайг алчих, би чамайг дийлэх биш дээ” гээд суусан, тэгтэл босоод явчихсан. Тэгээд би орондоо ороод хэвтэж байтал В.Г миний нойр хүрэхгүй байна, хажууд чинь унтая гээд миний унтаж байсан хөнжил рүү орж ирсэн. Тэгэхээр нь би “за за чи дураараа бол” гэж хэлсэн, тэгээд хэвтэж байгаад бид хоёр бэлгийн харьцаанд орсон, тэгээд миний уур хүрч “чи намайг хаа хамаагүй хүмүүстэй хардаж байхаа болиоч, чи ер нь надад хайргүй, намайг хайрлахаасаа илүү бэр дүү нартаа илүү хайртай юм биш үү” гэхэд В.Г босоод явчихсан. Тэгээд би хүүхдээ хөхүүлчихээд нүдээ аниад хэвтэж байтал В.Г дахин ирээд “чи сая надад хэлсэн шигээ чи өөрөө хүргэн дүү нартайгаа явалддаг юм уу” гээд миний аман дээр цохисон. Тэгэхээр нь би цочиж босоод орноос бууж газар суусан, би В.Гын өөдөөс юу ч дуугарахгүй байхад миний нүүрэн тус газар гараараа цохиж, үснээс татаж, гараа зангидаж атгасан. Тэгээд зангидсан гараа шүдэнд тулгаж “би чамайг алчих уу” гээд айлгаж дарамталсан. Мөн “хоёулаа тэр цагдаа дээр чинь очъё, би чамайг ална, чи үхээд би шоронд ороод өгье” гээд цохисон. Тэгээд салахгүй зодоод байхаар нь би В.Гаас “би гуйж байна, би одоо зөвхөн чиний үгээр л байя, гуйж байна, би үхлээ ш дээ” гэж хэлж гуйгаад салгасан. Тэгээд өглөө үүр цайж тэр шөнө унтаж чадаагүй, маргааш өглөө нь В.Г машинаа авч ирнэ гээд 07 цагт гараад явахдаа миний утсыг аваад явчихсан байсан тул хажуу айл руу орж ээж рүүгээ утсаар залгаж манайд хүрээд ирээч гэж хэлчихээд гэртээ орж ирээд байж байтал В.Г гэртээ орж ирээд унтсан тэгэхээр нь би гадуур хувцсаа өмсөлгүйгээр цамц плажтайгаа гарч такси барьж ээжийнхээ гэрт очиход манай ээж надтай зөрөөд манай гэр лүү явчихсан байсан тул би буцаж гэртээ очоод хүүхдүүдээ ээжийг аваад хариарай гэж хэлчихээд цагдаа дээр ирж гомдол гаргасан юм. В.Г намайг зодож байхад манай 2-7 насны 3 хүүхэд маань унтаж байсан өөр хүн байгаагүй. В.Г нь намайг нүүрэн тус газар гараараа олон удаа алгадаж, үснээс зулгааж, чимхэж өшиглөсөн, мөн гаднаас гэрлүү чирч оруулсан. Энэ хугацаандаа атгасан гараа шүдэнд тулгаад шүдийг чинь хэмх цохино гэж айлгасан.
Миний нөхөр В.Г нь миний өмгөөлөгчийн ажлыг ойлгодоггүй юм, тэр намайг “ чамайг муу энерги дагалддаг” гэж байнга хэлдэг, тэр орой тэгээд намайг гэрээс түлхээд гаргасан юм. Тэр орой миний нөхөр В.Г нь намайг гэрт миний толгой,нүүр лүү гараараа алгадаад хэд хэдэн удаа алгадаж цохьсон, яг хэдэн удаа цохьсоныг би сайн санахгүй байна.
Би 2009 онд В.Гтай гэр бүл болсон, 10 дахь жилдээ хамт амьдарч байна, манайх 3 хүүхэдтэй айл, миний нөхөр В.Г нь урьд өмнө нь намайг зодож цохиж байгаагүй. Би өмгөөлөгчөөр шүүх хурал болон байцаалтанд суугаад оройтох болон амралтын өдрөөр ажилласан, эсхүл хамт олноороо баяр ёслол тэмдэглэх үед байнга миний нөхөр В.Г намайг харддаг юм. Намайг утсаа унтраасан үед бас уурладаг, харддаг юм. Миний нөхрийн надад уурладаг шалтгаан бол зөвхөн хардалт. Би нөхөртэйгээ дотно харьцаанд ороход дургуйцдэг, тэр үед намайг өөр хүнтэй болсон байна гэж уурладаг. Би хувьдаа ажил болон өөрийн хувийн амьдралын ажилд өөрийгөө зориулж зүтгэсээр байж ядраад би тээршээдэг юм. Миний нөхөр В.Г нь гэртээ байх үедээ 3 хүүхэддээ анхаарал халамж сайн тавьдаг, хүүхдүүдээ огт зодож цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, хүүхдүүдтэйгээ зөөлөн сайн харьцдаг юм. Би гэрийнхээ мөнгө санхүүг мэдэж зарцуулдаг байсан, 2018 оноос хойш өрхийнхөө санхүүг нөхөр В.Г-д даатгасан. Миний нөхөр В.Г нь үг дуу цөөнтэй, үнэнч шударга зантай архи, тамхи хэрэглэдэггүй хааяа огцом ууртай, гарын ур дүйтэй, амьдрах арга барилаа олсон хөдөлмөрч хүн юм .Би нөхөр В.Г-тай 10 жил хамт амьдарч байгаагийн хувьд 3 хүүхдийнхээ амьдралыг бодоод энэ удаад уучилсан, миний нөхөр В.Г нь цаашид миний ажлын онцлогийг ойлгож, үр хүүхэд болон эхнэрийгээ хайрлаж хүндэлж намайг харддаг үйлдлээ зогсоож, хардалтын улмаас өөрийгөө зовоохоо больж , өөрийнхөө үнлэмжийг доошлуулахаа больж гэр бүлийнхээ бат бэх байдалд анхаарч хайрлаж, ухамсарлаасаа гэж бодож байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
-гэрч П.Бийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “М.М нь миний хамгийн том охин юм, манайх 5 хүүхэдтэй айл юм. Миний охин М.М нь 2005 онд МУИС-н хууль зүйн анги төгссөн, одоо Увс аймгийн хууль зүйн туслалцааны төвд улсын өмгөөлөгч хийдэг. 2009 онд В.Г гэдэг залуутай гэр бүл болсон, 3 хүүхэдтэй айл юм.
2018 оны 12 сарын 23-ны орой 16 цагийн үед би тэдний гэрт байхад эгч В.Ц нь бас байсан. Тэр үед гаднаас жижүүрийн цагдаа орж ирээд “хүн амины хэрэг гарсан тул та улсын өмгөөлөгч учраас та очоод 1 байцаалтанд суугаад өгөөч” гэж хэлсэн, тэр үед нөхөр В.Г нь “чи цаг бус цагаар дандаа ингэж явдаг, өнөөдөр амралтын өдөр шүү дээ, хохьчин шүү” гэж хэлээд их уурласан юм. Гэтэл хажуунаас төрсөн эгч В.Ц нь “ ганцхан цаг ажлаар яваад ирнэ гэж байхад чи явуулчих л даа” гэж хэлж байсан. Би тухайн үед огт үг хэлээгүй. Миний охин М.М цагдаа нартай хамт гэрээсээ гараад явсан, би бас тэдний гэрээс гараад явсан. Маргааш өглөө нь 07 цагийн үед миний охин М.М над руу хажуу талынхаа айлын утсаар ярьж, нөхөр намайг зодчихоод гэрээс гараад явчихлаа, та манайд хүрээд иртэн” гэж хэлсэн тул би тэдний гэрт яваад очиход манай хүргэн В.Г гэртээ байсан. Миний охин М.М харин гэртээ байгаагүй , тэгээд би тэдний 3 хүүхдийг унтаж байхад нь босгоод хувцаслаад би В.Гад “чи яагаад миний охиныг зодсон юм бэ” гэж хэлсэн. Нөхөр В.Г нь миний охиныг хааяа хааяа хардаад байдаг юм. Тэгээд би В.Гад “миний охин төрийн ажилтай хүн, ажлаа хийж яваа хүн чамаар хардуулах зүйл хийхгүй, та нар хоорондоо эвтэй байцгаа” гэж хэлсэн. Тэдний гэрт байж байтал миний охин М.М цагдаа дагуулаад ороод ирсэн. Би тэдний 3 хүүхдийг гэртээ 2 хоног байлгаж байтал хүргэн В.Г нь өөрөө ирж 3 хүүхдээ аваад явсан,. Энэ асуудлыг нь цагдаагийн байгуулагаар хууль зүйн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна, сайн ойлгуулж ухамсарлуулмаар байна, түүнээс биш энэ хүмүүсийг салгаж хоёр тийш болгох санаа бодолгүй байна. Намайг 2018 оны 12 сарын 23-ны орой би хүргэн В.Гын гэрт очсон байхад миний охин М.Мгийн биед ямар нэгэн ил харагдах шарх сорви байгаагүй, харин 2018 оны 12 сарын 24-ны өглөө гэрт нь очиход миний охин М.Мгийн баруун хацар орчим хөхөрсөн байдалтай харагдсан, нүүр нь бага зэргийн хавдсан байдалтай байсан, өөр ил харагдах шарх сорви надад харагдаагүй. Тэр үед миний охин М.М надад “миний толгой өвдөөд байна” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/,
-гэрч Р.Чын хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2018 оны 12 сарын 23-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газрын ЭЦТ-н шуурхай бүрэлдэхүүнд томилогдон ажиллаж байсан тэр өдөр Улаангом сумын 1-р багийн нутагт Сгэгч хүн гадны нөлөөтэй нас барсан хэрэг гарсан бөгөөд уг хэрэгт Б.Б гэгчийг сэжигтнээр тооцож Б.Баас мэдүүлэг авах шаардлагатай болсон бөгөөд сэжигтнийг заавал өмгөөлөгчтэй мэдүүлэг авах ёстой учраас улсын өмгөөлөгч М.Мг оролцуулж мэдүүлэг авахаар 16 цагийн үед Улаангом сумын 5-р багт ажилчны хороололд цагдаагийн газрын жижүүрийн автомашинтай өмгөөлөгч М.Мгийн гэрт очсон. Тэднийд очоод өмгөөлөгч Мг дуудаж уулзаад учир байдлыг тайлбарлан хэлж нэг цаг орчим хугацаанд байцаалтанд суух шаардлагатай байна гэж хэлэхэд М өмгөөлөгч зөвшөөрсөн тул түүнийг авч ирж Цагдаагийн газар дээр байцаалтанд оролцуулаад буцаагаад гэрт нь жижүүрийн авто машинаар хүргүүлж өгсөн юм. Тэр өдөр амралтын өдөр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17х/,
-шүүгдэгч В.Гын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 12 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ эгч В.Ц, эхнэр М.М нарын хамт гэртээ бууз хийж байсан, тэгтэл 17 цагийн үед манай гэрт нэг цагдаа орж ирээд манай эхнэр М.Мтэй уулзсан, тэгээд манай эхнэр М.М нь надад “би нэг цаг байцаалтанд суугаад ирье” гэж хэлээд хувцсаа өмсөөд гэрээс гарсан, би тэр үед “энэ өдөр амралтын өдөр шүү дээ, гэрт ажил ихтэй байхад явахгүй байж болдоггүй юм уу” гэж хэлсэн. Тэгээд эхнэр М явсан, хойгуур нь би төрсөн эгч В.Цгийн хамт гэртээ буузаа хийж байтал эхнэр М.М гэртээ ирсэн. Тэгээд бид нар буузаа хийж дуусгаад би эгч В.Цг гэрт нь хургэж өгөөд буцаад гэртээ ирсэн. Тэгтэл манай бага хүүхэд манайд байсан эмээлийн модон дээр сууж тоглож байгаад гэдрэг уначихсан юм, тэгтэл эхнэр М.М нь надад хандаж “наад эмээлийн модоо гэрээс гаргаж хаяа л даа, яагаад дээш нь тавьдаг юм бэ, наад мод чинь гай болж байна” гэж хэлсэн, тэгэхээр нь би “ энэ эмээлийн мод чинь шинэ мод, юу гэж гай болж байдаг юм бэ” гэж хэлсэн, тэр үед манай эхнэр М.М нь дахин дахин үгээ давтаж хэлээд үглээд байсан юм. Миний бага хүү Б нь дахин авдар дээр гарч байгаад уначихсан, тэгээд дахин хэрүүл маргаан эхэлсэн. Тэр үед би эхнэр М.Мд хандаж “чи бузар гайтай юмыг авч ирсэн байлгүй дээ, чи өөрөө цагдаагийн газар дээр очиж хүн амины хэрэгтнүүдтэй харьцаж яваад муу энерги манай гэрт авч ирсэн байлгүй” гэж би хэлсэн. Эхнэр М.М нь буузны гурилаас илүү гарсан гурилыг элдэж байсан, би эхнэр М.Мд” чи ер нь сүүлийн үед сонин байгаа шүү, чи утсаа авахгүй байгаа, чи хүнтэй явалдаж байгаа юм уу, яагаад надад сүүлийн үед муухай зан гаргаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Миний эхнэр М.М сүүлийн үед намайг үл тоох маягаар харьцаад байгаа учраас би тэгж хэлсэн юм . Тэгэхэд миний эхнэр М.М нь надад хариулт өгөөгүй, тэгээд би уурлаад би эхнэр М.Мг баруун гараараа хацар луу нь хэд хэдэн удаа алгадсан, М.Мг гэрээсээ чирж гаргасан юм, чи муу энерги дагуулж ирсэн, чиний муу энергийг би гэрээсээ гаргаж байна гээд М.Мг гэрээсээ түлхэж гаргасан юм, тэр үед шөнийн 2-3 цаг орчим болж байсан байх, тэгээд бид хоёр гэрээсээ гараад хашааны гадна талд гараад тэгээд М.М нь газарт суучихаад гэрт орохгүй гээд байхаар би эхнэр М.Мг өргөж гэрт оруулах гэхэд М нь надаар өргүүлэхгүй эсэргүүцээд байсан тэр үед газарт унаад би босгох гээд өргөөд ,чирээд би гэрт оруулсан юм. Тэр үед эхнэр Мгийн биед би гэмтэл учруулсан гэж бодож байна, би тухайн үед архи дарс уугаагүй, эрүүл саруул байсан. Тэгээд байж байгаад би эхнэр М.Мг миний толгой бариад өг гэж хэлсэн тэгтэл миний урдаас “чадахгүй” гэж хэлэхээр нь миний дургүй хүрээд би М.Мг хэд хэдэн удаа алгадсан юм, өөрөөр би эхнэр М.Мг зодож цохьсон зүйл байхгүй. Тэр үед шөнө дунд болж байсан учраас М.М бид хоёроос өөр хүн мэдээгүй хүүхдүүд унтсан байсан. Би өөрийн эхнэр М.Мтэй маргалдаж хэрэлдэж байсан тохиолдол байгаа, би эхнэр М.Мг урьд өмнө нь зодож цохиж байсан тохиолдол байхгүй. Миний буруу тул эхнэрээсээ уучлалт гуйсан, дахиж ийм байдал гаргахгүй” гэх мэдүүлэг мэдүүлэг,
-Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаартай: “Иргэн М.Мгийн биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, дээд, доод уруулын салст, баруун, зүүн хацар, эрүү, хүзүү, баруун сарвуу, шуу, бугалга, зүүн шуу, баруун суганы хонхорын ард, зүүн гуянд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Гэмтлийн зэрэгт нөлөөлөх өмнө нь учирсан байсан гэх гэмтэл тогтоогдоогүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 20/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч В.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Мгийн биед тархи доргилт, дээд, доод уруулын салст, баруун, зүүн хацар, эрүү, хүзүү, баруун сарвуу, шуу, бугалга, зүүн шуу, баруун суганы хонхорын ард, зүүн гуянд цус хуралт зэрэг хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул шүүгдэгч В.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч В.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч В.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч В.Г урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 44х/-аар нотлогдсон.
Хохирогч М.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлүүлж авсан, нэхэмжлэх зүйлгүй талаар хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн, түүнчлэн гаргуулах хохиролгүй, гомдол саналгүй талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн /хх-ийн 94х/ байх тул гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч В.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, улсын яллагч торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд таван зуун тавин нэгжтэй тэнцэх буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч В.Г энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хохирогчийн толгойн зураг бүхий CD 1 ширхэг, эмчлүүлэгчийн картыг хэрэгт хавсаргасныг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч В.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Шүүгдэгч Б ургийн овогтой В-ын Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Г-д таван зуун тавин нэгжтэй тэнцэх буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч В.Г торгох ялыг хуульд заасан хугацаанд сайн дураар биелүүлэхгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч В.Г энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хохирогчийн толгойны томограф зураг бүхий CD 1 ширхэг, эмчлүүлэгчийн картыг хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АЛТАН