Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 215/МА2023/00025

 


Говь-Алтай аймгийн ............ сумын
 ............ тосгоны цэцэрлэгийг төлөөлөн 
Говь-Алтай аймгийн Прокурорын газрын
 гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, 
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 133/ШШ2023/00221 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ............ сумын ............ тосгоны цэцэрлэгийг төлөөлөн Говь-Алтай аймгийн Прокурорын газрын гаргасан нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ............ сумын 4-р багт оршин суух А овгийн Г.Б-д холбогдох,
Байгууллагад учруулсан гэм хорын хохирол 5,694,612 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оюун-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Прокурор Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Байгууллагад учруулсан гэм хорын хохирол 5,694,612 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Говь-Алтай аймгийн ............ сумын Засаг дарга Г.Б нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/21 дугаартай захирамжаар ............ тосгоны цэцэрлэгийн эрхлэгч Ж.Г-ийг ажлаас чөлөөлсөн байна. Ж.Г нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 40 дугаартай шийдвэрээр Говь-Алтай аймгийн ............ сумын Засаг дарга Г.Б-ийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/21 дугаартай захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэгч Ж.Г ............ сумын ............ тосгоны цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг бодож олгохыг даалгажээ. Нэхэмжлэгч Ж.Г нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхээс 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 209 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж 5.694.612 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэжээ. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу 5.694.612 төгрөгийг ............ тосгоны цэцэрлэгээс Ж.Г олгосон болох нь тус сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/36 дугаартай Ажилгүй байсан хугацааны олговор олгох тухай захирамж, тус сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03/143, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 03/256 дугаартай албан бичиг, төлбөрийн хүсэлтүүд, цалингийн тооцооны хүснэгт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн 103.1-д “Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж хуульчилсан тул захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээр төлүүлэх хууль зүйн боломжтой байна. Хариуцагч төрийн албан хаагч Г.Б нь албан үүргээ зөрчсөн буруутай үйлдэл буюу хууль бус шийдвэр гаргасны улмаас иргэн Ж.Г-ийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж түүнд хохирол учирсан, уг хохирлыг захиргааны байгууллага нөхөн олговор байдлаар төсвөөс төлж арилгасан, ингэснээр тухайн захиргааны байгууллагад гэм хор учирсан бөгөөд уг хохирлыг нэхэмжлэгч шаардаж байгаа тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан урьдчилсан нөхцөл хангагджээ. Г.Б нь хууль дээдлэх, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах албан үүргээ зөрчиж хууль бус шийдвэр гаргасны улмаас иргэн Ж.Г хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол буюу хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, цалин болон эрүүл мэнд, даатгалын бичилт тасалдсан буюу хохирол учирсан, уг хохирлыг захиргааны байгууллага төсвөөс нөхөн төлж арилгасан ба хариуцагчийн буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоотой байх тул Ж.Г олгосон ажилгүй байсан хугацааны цалинг Г.Б-аас гаргуулж Говь-Алтай аймгийн ............ сумын ............ тосгоны цэцэрлэгт олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж заасны дагуу прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иймд Төрийн албан хаагч Ж.Г үндэслэлгүйгээр хууль бус шийдвэр гаргаж, ажлаас халсан албан тушаалтан Г.Б-аас 5.694.612 төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймгийн ............ сумын ............ тосгоны цэцэрлэгт олгуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн тайлбар: Тус сумын ............ тосгоны хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Ж.Г нь 2019 оны санхүүгийн тайлангийн аудитаар төсөв санхүүгийн ноцтой алдаа дутагдлуудыг гаргасан зөрчлийн улмаас Хязгаарлалттай дүгнэлт авч, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын албан шаардлагаар 2020 оны 10 сарын 23-ны өдрийн сумын Засаг даргын №27 тоот захирамжаар сахилгын шийтгэлийн арга хэмжээ авагдсан боловч 2020 оны санхүүгийн тайлангаар өмнөх алдаа зөрчлүүдээ давтан гаргасан байсан учир миний бие дараагийн шатны сахилгын арга хэмжээ болох албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсаныг Ж.Г үл зөвшөөрч, аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар, анхан шатны шүүх хэргийг хянан үзээд, Ж.Г үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн тул миний бие шүүхийн шийдвэрийг тухайн үед нь биелүүлэн, Ж.Г ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд, цалингийн маргаанаа иргэний журмаар хянуулахаар шийдвэрлэсэн болно. Учир нь: Ж.Г нь эрх бүхий байгууллага болох аймгийн Төрийн аудитын газрын албан шаардлагын дагуу сумын Засаг даргын 2020 оны № Б/23 тоот захирамжаар сахилгын шийтгэл хүлээсэн учир Монгол улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.7 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл хүлээсэн төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгохыг хориглоно, мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/35/10/9 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-ийн 3.2-т заасан ёс зүйн зөрчилгүй, сахилгын шийтгэлгүй байх гэснийг зөрчин, сумын Засаг даргын шийдвэргүйгээр, өөртөө улирлын ажлын болон ур чадварын нэмэгдлийг бодуулан авч байсан ноцтой зөрчлийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй учир маргаан үүссэнээр хэргийг иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд, Ж.Г ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, НДШ, ЭМДШ-ийг нөхөн тооцохыг ............ тосгоны Захирагчийн ажлын алба, хүүхдийн цэцэрлэгээс гаргуулахаар шийдвэрлэснээр ............ тосгоны цэцэрлэгээс Ж.Г хохирлыг тухайн үед нь барагдуулсан байдаг ба сумын Засаг дарга нь ............ тосгоны захирагч, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг томилж, чөлөөлөх, үйл ажиллагааг үнэлж дүгнэх, ажлын үр дүнг үндэслэн цалингийн нэмэгдэл, урамшуулал олгох шийдвэрийг гаргадаг ба ............ тосгоны төсөвт албан газруудын төсвийг сумын ИТХ-аас баталж тосгоны захирагч, төсвийн менежерүүд захиран зарцуулдаг тул миний бие төсвийн үйл ажиллагаанд нь ямар нэгэн хэлбэрээр оролцдоггүй болно. ............ тосгоны цэцэрлэгийн эрхлэгч Ж.Г нь ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор олгуулах маргааныг хянуулахдаа өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хүсэлт гаргуулан, сумын Засаг дарга миний биеийг хариуцагчаас чөлөөлүүлж, өөрийгөө хариуцагчаар тогтоолгосон, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцолгүй, нягтлан бодогч Н.Б-ыг томилон оролцуулсан зэргээс харахад энэ маргаанд сумын Засаг дарга миний бие огт оролцоогүй, харин Ж.Г нь өөртөө хэт давуу байдал бүрдүүлэн, шийдвэрийг өөртөө зориулж гаргуулсан нь харагдаж байна. Гэвч Ж.Г нь ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговроо байгууллагынхаа төсвөөс гаргуулж авахдаа төсвийн ерөнхийлөн захирагч буюу сумын Засаг даргад мэдэгдэж, холбогдох шийдвэрийг гаргуулаагүй, Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрхийг ноцтой зөрчиж, өөрөө дур мэдэн хохирлоо барагдуулж авсан атлаа эрх бүхий ямар байгууллагын шийдвэрийг үндэслэсэн болох нь тодорхойгүй шалтгаанаар, өөрийнхөө холбогдох хуулийг зөрчиж гаргасан шийдвэрийнхээ гэм буруугийн хохирлыг надаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь илт хууль бус үйл ажиллагааг гэж үзэж байна. Монгол улсын Төсвийн тухай хуулийн 4.1.36. Төсвийн ерөнхийлөн захирагч гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг, 14.1.20. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч байхаар хуульчилж, төсвийн эрх мэдлийг олгосон байдаг. Өөрөөр хэлбэл сумын нийт төсвийн байгууллагуудын төсвийг захиран зарцуулахад ямар нэгэн өөрчлөлт оруулахаар бол төсвийн шууд захирагч /байгууллагын дарга, эрхлэгч/ нь саналаа, холбогдох, тооцоо судалгаа, шийдвэрийн хамт сумын Засаг даргад бичгээр хүргүүлж, сумын Засаг дарга уг саналыг сумын ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн, төсвийн тодотгол хийлгэх замаар шийдвэрлэдэг журамтай болно. Монгол улсын Төсвийн тухай хуулийн энэ зохицуулалтыг зөрчин, сумын Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдсан, шүүхийн дээрх шийдвэрийг тухайн үед сумын Засаг даргад мэдэгдэж, зохих шийдвэрийг гаргуулаагүй зэрэг Ж.Г хууль бус үйл ажиллагааны улмаас ............ тосгоны цэцэрлэгт учирсан гэм буруугийн хохирлыг, хэргийн хариуцагч бөгөөд илт хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан ............ тосгоны хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Ж.Г гаргуулж, байгууллагын хохирлыг барагдуулах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргаж байна. Миний бие нь аймгийн Засаг даргын 2022 оны 10 сарын 17-ны өдрийн Б/68 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд одоо эрхэлсэн ажилгүй, ямар ч орлогогүй учир дээрх гэм хорын хохирлыг төлж барагдуулах төлбөрийн чадваргүй байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Б-аас байгууллагад учруулсан хохирол 5,694,612 /таван сая зургаан зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн ............ сумын ............ тосгоны цэцэрлэгт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 5,694,612 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 106,064 /нэг зуун зургаан мянга жаран дөрвөн/ төгрөгийг хариуцагч Г.Б-аас гаргуулж, улсын орлогод оруулж ..... шийдвэрлэжээ.

5. Хариуцагч Г.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 
А овгийн Г.Б миний бие нь Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 133/ШШ2023/00221 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул давж заалдах гомдол гаргах хүсэлтэй хүргүүлж байна гэжээ. 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч Г.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. 

Нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл нь төрийн албан тушаалтны учруулсан хохирлыг арилгаж, хохирлыг уг албан тушаалтнаас шаардсан, гэрээний бус үүргийн харилцаа болно.

Говь-Алтай аймгийн ............ сумын ............ тосгоны цэцэрлэгийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаар албан бичгээр прокурорыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт гаргажээ.

Уг албан хүсэлтийн үндсэн дээр Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь Г.Б-д холбогдуулан байгууллагад учруулсан гэм хорын хохирол 5,694,612 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. (хавтаст хэргийн 1-3 дахь тал)

Хариуцагч Г.Б нь Говь-Алтай аймгийн ............ сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/21 дугаар захирамжаар Говь-Алтай аймгийн ............ сумын ............ тосгоны цэцэрлэгийн эрхлэгч Ж.Г үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Энэхүү шийдвэрийг Ж.Г нь эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 112/ШШ2021/0040 дугаар шийдвэрээр:
- ...2021 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлаагүй байж эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээ ирүүлээгүй гэж хариуцлага тооцох нь үндэслэлгүй...,
-аудитын шалгалтаар илэрсэн зөрчилд Ж.Г албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэхээс илүү цэцэрлэгийн санхүү хариуцсан мэргэжлийн ажилтан буюу нягтлан бодогчийн ажил үүрэгтэй холбоотой ...маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэх заалтууд болон дээр дурдсан хууль тогтоомжийг зөрчсөн гэж дүгнэн Говь-Алтай аймгийн ............ сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/21 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ж.Г урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэж, энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Улмаар нэхэмжлэгч Ж.Г нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичүүлэх нэхэмжлэлийг Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 133/ШШ2023/00209 дугаар шийдвэрээр Ж.Г-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 5,694,612 /таван сая зургаан зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг Говь-Алтай аймгийн ............ сумын ............ тосгоны цэцэрлэгээс гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Ж.Г олгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д ...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заажээ. Говь-Алтай аймгийн ............ сумын ............ тосгоны цэцэрлэгийн эрхлэгч Ж.Г ажилд нь эгүүлэн тогтоосон, цалин олговрыг тооцож олгосон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 112/ШШ2021/0040 дугаар, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 133/ШШ2023/00209 дугаар шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Тиймээс хариуцагч нь хүчин төгөлдөр болсон уг шүүхийн шийдвэрүүдийн талаар маргах эрхгүй, давж заалдах шатны шүүх уг шийдвэрүүдийн үндэслэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй.   
Говь-Алтай аймгийн ............ сумын ............ тосгоны Цэцэрлэгээс: 
-2022 оны 7 сарын 08-ны өдрийн №1 дугаар төлбөрийн хүсэлтээр Ж.Г 4,615,466 төгрөгийг,
-2022 оны 07 сарын 27-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр 825,718.86 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу олгожээ.
Мөн 2022 оны 7 сарын 08-ны өдрийн №2 дугаар төлбөрийн хүсэлтээр нийгмийн даатгалд /РД: ......... / 1,366,707 төгрөгийг гүйлгээний утга НДШ, НПШ гэж тус тус шилжүүлсэн болох нь дээрх төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 37-39 дэх тал) Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-т зааснаар бүх шатны засаг дарга нь төрийн улс төрийн албан тушаалтны ангилалд хамаарч байна.
Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэж, хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийн хангах, хууль дээдлэх зарчмыг баримтална гэжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 26 дугаар зүйлд зааснаар Сумын засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч бөгөөд улс төрийн сонгуулийн үр дүнгээр томилогддог байна. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг даргын нийтлэг бүрэн эрхийг хуульчлахдаа хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т засаг дарга эрх хэмжээний хүрээнд хуульд тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах эрхтэй гэж, хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж, мөн зүйлийн 41.2-т засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас дүгнэхэд хариуцагч Г.Б нь Говь-Алтай аймгийн ............ сумын Засаг дарга байх хугацаанд аливаа шийдвэр гаргахдаа хууль дээдлэн, сахин биелүүлэх үүрэг бүхий улс төрийн томилгоогоор томилогдсон албан тушаалтан байх тул тэрээр өөрийн гаргасан хууль бус шийдвэрийн үр дагаврыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Монгол Улсын их хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдан, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан.

Улмаар 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар уг заалтыг Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж өөрчилжээ.

Ж.Г ............ тосгоны Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хууль бусаар чөлөөлсөн үйл баримтыг захиргааны хэргийн шүүх 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тогтоосон байх бөгөөд энэхүү эрх зүйн харилцаа нь Төрийн албаны тухай хуулийн (2017 он) хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаанд хамаарах боловч 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө болсон харилцаа байна.

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах боловсрол, ... зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахаар зааснаар Цэцэрлэгийн эрхлэгч нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байна.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэжээ. Үүнээс үзэхэд дээрх харилцаа нь цаг хугацааны хувьд Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай (2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн) хуулийн үйлчлэлд хамаарахгүй байх тул уг хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д орсон өөрчлөлтийг төрийн үйлчилгээний албан хаагч Ж.Г ............ тосгоны Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас хууль бусаар чөлөөлсөн үйл баримтад буцаан хэрэглэхгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ гэжээ.

Засаг дарга нь захиргааны байгууллага, эрх бүхий албан тушаалтны хувьд аливаа шийдвэр гаргахдаа хууль дээдлэх үндсэн зарчмын хүрээнд хуулийг нэг мөр сахин биелүүлэх үүрэгтэй, нийтийн эрх зүйн этгээд байх бөгөөд Засаг дарга нь хууль зөрчсөн шийдвэр гаргасан тохиолдолд түүний үр дагавар, хариуцлагыг хүлээж төрд учирсан хохирлыг барагдуулах нь түүнд хуулиар хүлээлгэсэн үүрэг гэж үзнэ.

Засаг даргын энэхүү хуулиар хүлээж буй үүрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д ... Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна гэж, хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэхээр зааж хуульчилснаар тодорхойлогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба, мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд түүний буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөнө.

Хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гэдэг нь хууль тогтоомж зөрчсөн байхаас гадна нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн тохиолдол ч мөн хамаардаг байна.

Үйлдэл нь санаатай (хүсэж хийсэн), болгоомжгүй (үр дагаврыг мэдсэн, мэдэх боломжтой байсан) гэм буруугийн хэлбэрээр илрэх бөгөөд аль ч тохиолдолд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж гэм хорын хохирол үүсэх тул хохирол учруулсан этгээд нь хуульд заасны дагуу хохирлыг арилгах үүрэгтэй гэж үздэг, өөрөөр хэлбэл хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг юм.

Г.Б нь Захиргааны байгууллага буюу Говь-Алтай аймгийн ............ сумын Засаг даргын албан тушаалын үүргийг гүйцэтгэж байхдаа тус сумын ............ тосгоны цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд Г.Б нь албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад ............ сумын ............ тосгоны цэцэрлэгийн эрхлэгч Ж.Г ажлаас чөлөөлсөн нь санаатай үйлдэл бөгөөд уг санаатай үйлдэл нь хууль бус болох нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байна.   

Уг шийдвэрийн дагуу Ж.Г урьд нь эрхэлж байсан ажилдаа томилогдож, ажилгүй байсан хугацааны олговор 5,694,612 төгрөгийг ............ сумын ............ тосгоны цэцэрлэгээс олгож, уг цэцэрлэгт эд хөрөнгийн хохирол учирсан байна.  

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт ажиллагсад албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заажээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлд байгууллага албан тушаалтны бусдад гэм хор учруулсны хариуцлагын талаар зааж мөн зүйлийн 498.2, 498.5-д хохирлыг арилгах дараалал журмыг заажээ.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлэхээр заасан байна.

Түүнчлэн мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.2, 103.3 дахь хэсгүүдэд зааснаар захиргааны байгууллагад учирсан хохирлыг буцаан төлүүлэхээр нэхэмжлэх эрхийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж, төрийн аудитын байгууллага зэрэгт давхар хариуцуулсан байна.
 Тиймээс Г.Б-аас 5,694,612 төгрөг гаргуулж Говь-Алтай аймгийн ............ сумын ............ тосгоны цэцэрлэгт олгуулах тухай Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэл үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Хариуцагч Г.Б нь Говь-Алтай аймгийн ............ сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/21 дугаар захирамжаар ............ тосгоны Цэцэрлэгийн эрхлэгч Ж.Г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль бус болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримт байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Б-аас байгууллагад учруулсан хохирол 5,694,612 /таван сая зургаан зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн ............ сумын ............ тосгоны цэцэрлэгт олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.  

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох үйл баримтыг бодитой тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, зохигчдын тайлбар, хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 133/ШШ2023/00221 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106.064 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.


 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.БАТТОГТОХ

           ШҮҮГЧИД                            Ч.ЭНХТӨР

                                                                     Ц.ОЮУН-ЭРДЭНЭ