Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 22

 

 

Б.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Амар, М.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1423 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1290 дүгээр магадлалтай, Б.А, Д.Б, Н.Б, Д.Г, Н.Д, О.М нарт холбогдох 1806079200956 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Амарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Барга овогт Б.А,

2.Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Тайж овогт Д.Б,

3.Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Соёмботдагва овогт Н.Б,

4.Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Цагаачнууд овогт Д.Г,

5.Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Намжаа овогт Н.Д,

6.Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт О.М нар нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.А, Д.Б, Н.Б, Д.Г, Н.Д, О.М нарыг бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Ад 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, Н.Бд 3 жил хорих ял, Д.Гт 3 жил хорих ял, О.Мд 3 жил хорих ял, Д.Бад 2 жил хорих ял, Н.Дт 2 жил хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч Д.Б, Н.Б, Д.Г, Н.Д, О.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, Н.Б, Д.Г, Н.Д, О.М, шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Ж.Бат-Амгалан, М.Хувцагаан, шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн, Т.Эрдэнэбат, шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, шүүгдэгч Н.Дийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, Л.Хатанбаатар, шүүгдэгч О.Мгийн өмгөөлөгч М.Цэнгүүн, Д.Мөнх-Очир нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Амар гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.А, О.М, Н.Б, Д.Б, Д.Г, Н.Д нарыг бүлэглэн 2018 оны 03, 04 дүгээр саруудад “Хөгжлийн бэрхшээлтэй, өөрсдийн биеэр бичиг баримтаа аваад ирэх боломжгүй хүмүүст картыг нь тарааж өгөхгүй бол болохгүй байна” хэмээн Төрийн банкны “Баруун хүрээ” салбарын теллер С.Эаар дамжуулан хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаагүй 57 өрхийн цахим картыг идэвхжүүлж, улмаар хүнсний цахим эрхийн бичиг олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хамтран ажиллах гэрээтэй нэр бүхий дэлгүүрүүдээс албан тушаалын байдлаа ашиглан нийт 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 16.615.930 төгрөг гаргуулан авах боломжийг бий болгож, хувьдаа завшсан...” гэж хэргийн үйл баримтыг тогтоосон боловч тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн аж, ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрхийг гэмт этгээд нь хохирогчоос хэрхэн шилжүүлэн авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших, заналхийлэх болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинжийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол...” гэж хуульчилсан. Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог. Мөн завшиж буй эд хөрөнгө нь гэрээ, хэлцэл, хууль дүрмийн дагуу хууль ёсоор гэмт этгээдэд шилжиж, гэмт этгээд тухайн эд хөрөнгийг хууль бус хэлбэрээр завшсан байхыг ойлгодог.

Иймд шүүгдэгч О.М, Н.Б, Д.Б, Д.Г, Н.Д нарын завшсан гэх “Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ”-ний 16.615.930 төгрөг нь хууль ёсоор итгэмжлэн хариуцуулж тэдгээрийн эзэмшилд шилжсэн эсэхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй байна.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.4, 22 дугаар зүйлд тус тус зааснаар “Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ” нь улсаас үзүүлж буй нийгмийн халамжийн нэг төрөл болох нийгмийн хөгжлийн үйлчилгээ юм. Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ үзүүлэх харилцаа нь Нийгмийн халамжийн тухай хууль, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны А/32 дугаар тушаалаар батлагдсан “Хүнсний эрхийн бичиг олгох журам”, Сангийн яам, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, Төрийн банк нарын хооронд байгуулсан “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, насны хишгийн мөнгийг иргэдэд олгох үйлчилгээний тухай гэрээ”, мөн Баянзүрх дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Төрийн банк, хүнсний дэлгүүр нарын хооронд байгуулсан “Хүнсний цахим эрхийн бичиг олгох түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хамтран ажиллах гэрээ” зэрэг хууль, журам, гэрээгээр зохицуулагдаж байсан...

Мөн Баянзүрх дүүргийн ХХҮХ-ийн хүнс тэжээлийн дэмжлэг хариуцсан мэргэжилтэн Ц.Мгийн гэрчээр өгсөн “...4 сарын хугацаанд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг аваагүй тохиолдолд уг картанд байрлах мөнгийг ямар нэгэн байдлаар хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх мэргэжилтэн ашиглах эрх байхгүй. Ийм тохиолдолд хүнсний эрхийн бичгийн картанд байрлах мөнгийг хүнсний эрхийн бичгийн нэгдсэн дансанд төвлөрүүлдэг...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд Хүнсний тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ нь тус үйлчилгээнд хамрагдах өрхийн гишүүн-иргэдийн жагсаалтыг Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаргаж, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагаар дамжин харилцагч банк /Төрийн банк/-д хүргэгддэг. Улмаар харилцагч банк нь жагсаалтын дагуу хүнсний эрхийн цахим картыг хэвлэж, иргэдэд тараах ба харилцагч банкны дансанд нийгмийн халамжийн сан /Төрийн сан/-гаас шаардагдах санхүүжилтийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага шилжүүлж, харилцагч банк нь сар бүрийн 15-ны дотор хүнсний эрхийн бичиг авах иргэний харилцах дансанд байршуулдаг байна.

Дээрх хууль, журам, гэрээний зохицуулалтаас дүгнэхэд хүнсний тэжээлийн үйлчилгээний мөнгөн төлбөрийг харилцагч банк буюу Төрийн банкид итгэмжлэн хариуцуулсан болох нь тодорхой харагдаж байна. Түүнээс шүүгдэгч О.М, Н.Б, Д.Б, Д.Г, Н.Д нарт хууль, журам, гэрээ зэрэг ямар нэгэн байдлаар “Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ”-ний төлбөр /16.615.930 төгрөг/-ийг хууль ёсоор итгэмжлэн хариуцуулаагүй, тэдгээрийн эзэмшилд хууль ёсоор шилжээгүй байна.

Анхан шатны шүүхээс “...шүүгдэгч О.М, Н.Б, Д.Б, Д.Г, Н.Д нар хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний цахим картуудыг холбогдох иргэдэд тараалгахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн бөгөөд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаагүй 57 өрхийн цахим картыг идэвхжүүлж, хүнсний цахим эрхийн бичиг олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдах авахад хамтрах ажиллах гэрээтэй нэр бүхий дэлгүүрүүдээс цахим картуудыг пос машинаар уншуулж, нийт 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 16.615.930 төгрөгийг гаргуулан авсан нь “хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна...” гэж,

Давж заалдах шатны шүүхээс “...тэдний албан тушаалын байдал нь бусдын эд  хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх, нөгөө талаас боломжийг бий болгосон бөгөөд уг эд хөрөнгийг Д.Б, Д.Г, Н.Б, Н.Д, О.М, Б.А нар ажил үүргийнхээ дагуу Хүнсний эрхийн бичгийн цахим картыг идэвхжүүлж, улмаар хүний цахим эрхийн бичиг олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авах хамтран ажиллах гэрээтэй нэр бүхий дэлгүүрүүдээс бэлэн мөнгө гаргуулан авч хувьдаа завшжээ...” гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан дүгнэлт болсон гэж үзэж байна.
Төрийн банкны зүгээс иргэдийн нэр дээр хэвлэсэн 3699 цахим картыг Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээр тараалгахаар хүлгээлгэн өгч хороо хариуцсан мэргэжилтэн нараар тараалгасан үйл байримт тогтоогдсон.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч О.Мгийн “...тухайн хүнсний картыг зөвхөн Төрийн банкаар идэвхжүүлдэг ба АТМ-ээс бэлэн мөнгө гардаггүй, зөвхөн хүнс тараах зориулалттай тусгай карт байгаа юм” /1хх-29/, гэрч С.Эы “Манай төрийн банкнаас хувь хүний нэр дээр нь үүсдэг карт учраас Төрийн банкны аль ч салбар дээр картаа сэргээлгэх боломжтой. Карт сэргээнэ гэдэг нь идэвхжүүлэхийг хэлж байгаа байгаа юм. Зөвхөн карт эзэмшигчид сэргээж өгнө гэсэн банкны тухай хууль тогтоомжоор ажилладаг. Хүнсний эрхийн картыг сэргээх болсон шалтгаан гэвэл нэгт таньдаг хүн, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө ирэх боломжгүй учраас картыг сэргээлгээд тарааж өгөх гэсэн юм гэхээр нь Халамжийн байгууллагатай хамтран ажилладаг юм чинь асуудал үүсэхгүй байх гэж өөрөө бодоод хэн нэгэн дарга, албан тушаалтан нарт танилцуулаагүй өөрөө сэргээж өгсөн” /2хх-152/, гэрч Б.Эийн “Төрийн банк нь хүнсний эрхийн бичгийн цахим картыг тараалгүйгээр Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээр тараалгасан нь “Хүнсний эрхийн бичиг олгох” журмын 3.6-д “Өрхийн гишүүн иргэдийг төлөөлөн хүнсний эрхийн бичиг авах иргэн ... цахим эрхийн бичгийг бакнаас өөрийн биөэр ирж авна” гэсэн заалтыг зөрчсөн ба Төрийн банкны  ажилтнууд нь хүнсний эрхийн бичгийг цахим картыг иргэний бичиг баримтыг үндэслэж идэвхжүүлээгүй байсан” /3хх-207/, иргэний хариуцагчийн төлөөлөгч А.Мын “Хүнсний цахим эрхийн бичиг олгох, түүгээр бүтээгдэхүүн авах хамтран ажиллах” гуравласан гэрээний 3.4-т “Банк тухайн өрхийн гишүүн иргэнийг төлөөлж авах гишүүний бичиг баримтыг үндэслэн хүнсний цахим эрхийн бичгийг олгоно. Хүнсний эрхийн бичгээ өөрийн биеэр ирж авч чадахгүй болон төлөөлөн авах насанд хүрсэн гишүүнгүй болсон тохиолдолд журмын 3.9-т заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчид олгоно”, мөн 3.5 дахь зүйлд “Банк нь хүнсний цахим карт бичгийг хурдан шуурхай найдвартай эзэнд нь олгоно” гэх заалтыг ноцтой зөрчиж ажилтан Эрдэнэбулган нийгмийн халамжийн ажилтанд дур мэдэн 3699 ширхэг хүнс тэжээлийн картыг олгосон нь Төрийн банкны дотоод хяналт шалгалтын хэлтсийн хяналт шалгагч Наранжаргалын хяналтын шалгалтын дүгнэлтээр тогтоогдсон” гэх /3хх-213/ мэдүүлгүүд, Төрийн банкны 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 19/6946 тоот албан бичиг “...Цахим, талоны карт гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй “Нийгмийн эмзэг бүлэгт хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд холбогдох яамнаас тодорхойлсон иргэдэд олгох, зөвхөн бэлэн бус төлбөр тооцоонд ашиглах дотоодын дебит картыг хэлэх бөгөөд Цахим талоны картын данснаас бэлэн зарлага гаргах, бэлэн бусаар данс хороонд шилжүүлэг хийхийг хориглодог” /3хх-73/, Хүнсний эрхийн бичиг олгох журмын 10.1 дэх заалт зэргээс дүгнэхэд Төрийн банкаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээр дамжуулан хороо хариуцсан болон бусад мэргэжилтэн нарт /Д.Б, Д.Г, Н.Б, Н.Д, О.М/ хүлээлгэн өгсөн гэх цахим картууд “идэвхжээгүй цахим карт”, картыг идэвхжүүлэхээс өмнө ямар нэгэн гүйлгээ хийх, ашиглах боломжгүй, бэлэн мөнгө, бэлэн бус шилжүүлэг хийх боломжгүй цахим карт байсан болох нь илэрхий байна.

Мөн нэр бүхий шүүгдэгч нар нь ажил үүргийнхээ дагуу Хүнсний эрхийн бичгийн цахим картыг идэвхжүүлэх хууль зүйн боломжгүй, тэдгээрийн ажил үүргийн хуваарьт байхгүй /ажлын байрны тодорхойлолт, 2хх-ийн 12-20/, зөвхөн тухайн картны эзэн өөрийн биеэр банкинд бичиг баримтын хамт очиж идэвхжүүлэх цахим карт байсан тул шүүгдэгч нар нь хууль бусаар  картыг сэргээлгэсэн болох тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч нар нь Төрийн банкнаас иргэдэд тараалгахаар өгсөн “идэвхгүй цахим карт”-ыг хувьдаа завшаагүй, харин Нийгмийн халамжийн сангаас иргэдэд үзүүлдэг хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгөн хөрөнгөөс 16.615.930 төгрөгийг шамшигдуулсан байна.

Энэхүү нөхцөл байдал нь өмнө дурдсанчлан шүүгдэгч О.М, Н.Б, Д.Б, Д.Г, Н.Д нарт “Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ”-ний төлбөр /16.615.930 төгрөг/-ийг хууль ёсоор итгэмжлэн хариуцуулаагүй, тэдгээрийн эзэмшилд хууль ёсоор шилжээгүй болохыг давхар нотолж байна.

Дээр дурдсан хууль, журам, гэрээ, гэрч нарын мэдүүлэг, яллагдагч нарын мэдүүлэг, Төрийн банкны албан тоот, хууль зүйн үндэслэл зэргээр шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Харин шүүгдэгч О.М, Н.Б, Д.Б, Д.Г, Н.Д нарын бүлэглэн 2018 оны 03, 04 дүгээр саруудад хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний цахим карт нь хэвлэгдсэн 57 өрхийн идэвхгүй цахим картыг “Хөгжлийн бэрхшээлтэй, өөрсдийн биеэр бичиг баримтаа аваад ирэх боломжгүй хүмүүст картыг нь тарааж өгөхгүй бол болохгүй байна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож Төрийн банкны “Баруун хүрээ” салбарын теллер С.Эаар дамжуулан хууль бусаар идэвхжүүлж, улмаар хүнсний цахим эрхийн бичиг олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хамтран ажиллах гэрээтэй нэр бүхий дэлгүүрүүдэд тухайн цахим картыг уншуулан нийт 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 16.615.930 төгрөг хууль бусаар гаргуулан авч Нийгмийн халамжийн сангийн мөнгөн хөрөнгийг хувьдаа авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан. Хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс яллагдах онцлог нь хулгайлагдсан эд хөрөнгө нь гэмт халдлагад өртөгдөх үедээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрхгүй учир нууц далд аргаар, хууль бусаар авч өөрийн эзэмшил болгодог. Гэмт этгээд нь хулгайлсан эд хөрөнгийг өөрийн эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс төгссөнд тооцогддог. Мөн хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдэд үл хамаарах, түүнийг өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын өмч хөрөнгийг хууль зөрчиж, нууц далд хэлбэрээр, хууль бусаар, ямар ч үнэ төлбөргүйгээр өөрт болон бусад этгээдэд ашигтайгаар авах үйлдэл байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг ... ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж заасан.

Шүүгдэгч О.М, Н.Б, Д.Б, Д.Г, Н.Д нь Нийгмийн халамжийн сангаас үзүүлдэг хүнс тэжээлийн үйлчилгээг авах, мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах, түүнтэй харьцах ямар ч эрхгүй байсан атлаа Төрийн банкнаас иргэд тараахаар хүлээлгэн өгсөн “идэвхгүй цахим карт”-уудаас хаягандаа байхгүй, холбогдох боломжгүй гэх шалтгаанаар тараагдаагүй үлдсэн 57 өрхийн идэвхгүй цахим картыг “...Хөгжлийн бэрхшээлтэй, өөрсдийн биеэр бичиг баримтаа аваад ирэх боломжгүй хүмүүст картыг нь тарааж өгөхгүй бол болохгүй байна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хууль бусаар Төрийн банкны “Баруун хүрээ” салбарын теллер С.Эаар идэвхжүүлж, улмаар бэлэн болон бэлэн бус гүйлгээ хийхийг хориглосон цахим картуудаа хүнсний цахим эрхийн бичиг олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хамтран ажиллах гэрээтэй нэр бүхий дэлгүүрүүдийн “пос” машинд уншуулан хууль бусаар бэлнээр мөнгө гаргуулан авч хулгайлсан байна.

Энэхүү гэмт хэргийн хохирогчоор төрийн байгууллага буюу Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрыг тогтоосон. Нэр бүхий шүүгдэгч нар Нийгмийн халамжийн сангаас иргэдэд үзүүлдэг хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйчилгээний мөнгөн хөрөнгийг хохирогч болох төрийн байгууллагад мэдэгдэлгүйгээр, тухайн 57 өрх хүнсний бараа бүтээгдэхүүн авсан мэтээр нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэл, нотолгоо, анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1425 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1290 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.М, Н.Б, Д.Б, Д.Г, Н.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсон хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.

Шүүгдэгч О.М, Н.Б, Д.Б, Д.Г, Н.Д нарын хэн аль нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, Нийгмийн халамжийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалт, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шалгалт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатуудад болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлж ирсэн, өөрсдийн хийсэн хууль бус үйлдлийг ухамсарлан ойлгож, гэм буруутай үйлдэл хийсэндээ гэмшиж, хохирол төлбөрөө сайн дураараа төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт бүхий л нотлох баримтаар тогтоогддог.

Иймд шүүгдэгч О.М, Н.Б, Д.Б, Д.Г, Н.Д нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоог харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагаас 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Цэнгүүн хэлсэн тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч нар анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлсөн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгч нарын гаргасан хэргийн зүйлчлэл, хууль зүйн дүгнэлттэй холбогдуулан мэтгэлцэж байгаа байдлыг шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж, хорих ял оногдуулж, нийгмээс тусгаарлаж байгаатай санал нийлэхгүй байна. Шүүгдэгч нар нь 0-9 насны тус бүр 2-3 бага насны хүүхэдтэй, цар тахлын улмаас хүүхдүүд гэртээ байдаг ба эхнэрүүд нь ажил хийх боломжгүй, ар гэр, амьдрал ахуй нь хүнд байгааг надад захиж байсан. Иймд хорих ялаас чөлөөлж, бусад ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарт холбогдох хэргийг шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Амарын гаргасан гомдлыг үндэслэн Б.А, Д.Б, Н.Б, Д.Г, Н.Д, О.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А, Д.Б, Н.Б, Д.Г, Н.Д, О.М нар нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэст Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа  2018 оны 03, 04 дүгээр саруудад бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж Нийгмийн халамжийн байгууллагаас Төрийн банкаар дамжуулан нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэдэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авах зориулалтаар олгосон цахим картаас хаягийн зөрчилтэй гэх 57 иргэний цахим картыг хууль бусаар идэвхжүүлж, уг картыг гэрээт хүнсний дэлгүүрүүдийн ПОС машинд уншуулах замаар бэлэн мөнгө гаргуулж, нийт 16.615.930 төгрөгийг хуваан авч завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Б.А, Д.Б, Н.Б, Д.Г, Н.Д, О.М нарыг бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хэргийг зүйлчилж, нэр бүхий шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч нар нь нийгмийн халамжийн байгууллагаас Төрийн банкаар дамжуулан нэр бүхий иргэдэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авах зориулалтаар олгох эрхийн бичиг буюу түүнийг орлох цахим картыг өөрсдийн ажил үүргийн дагуу тухайн иргэдэд хүргэх ёстой байсан боловч албан тушаалын байдлаа ашиглан Төрийн банкны ажилтанд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн биеэр банкинд ирж картаа идэвхжүүлэх боломжгүй тул тэдэнд картыг нь тарааж өгнө” гэж хуурч, хаягийн зөрчилтэй гэх 57 иргэний цахим картыг идэвхжүүлэн тэдний хүртэх ёстой байсан нийгмийн халамжийг хуваан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөх талаар өмгөөлөгч нарын гаргасан гомдол, тайлбарт зохих няцаалт хийсэн байх тул энэ талаар хяналтын шатны шүүх давхардуулан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Иймд нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргээр зүйлчлэх талаар өмгөөлөгч Ц.Амарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Харин шүүгдэгч Д.Б, Н.Б, Д.Г, Н.Д, О.М нарын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал, завшсан мөнгөний хэмжээг тус тус харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан торгох ялын доод хэмжээ болох 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэгт оролцсон оролцоо, завшсан мөнгөний хэмжээ, хувийн байдалд тохирсон байх тул түүнд оногдуулсан торгох ялыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1423 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Ад 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, О.Мд 3 жил хорих ял, Н.Бд 3 жил хорих ял, Д.Гт 3 жил хорих ял, Д.Бад 2 жил хорих ял, Н.Дт 2 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Ад 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О.М, Н.Б, Д.Г нарт 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Б, Н.Д нарт 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 /арван гурван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй” гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Д.Б, Н.Б, Д.Г, Н.Д, О.М нарт оногдуулсан торгох ялыг тус бүр 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б, Н.Б, Д.Г, Н.Д, О.М нарын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 143 /нэг зуун дөчин гурав/ хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр дүйцүүлэн тооцож, шүүгдэгч Д.Б, Н.Б, Д.Г, Н.Д, О.М нарын тус бүрийн торгох ялаас 2.145.000 /хоёр сая нэг зуун дөчин тав/ төгрөгийг хассугай.

3.Шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1290 дүгээр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, Н.Б, Д.Г, Н.Д, О.М нарын өмгөөлөгч Ц.Амарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4.Шүүгдэгч О.М, Н.Б, Д.Г, Д.Б, Н.Д нарыг нэн даруй суллахыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт мэдэгдсүгэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                                       ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР           

                                                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН