Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2019/0236

 

2019 оны 04 сарын 24 өдөр           Дугаар 221/МА2019/0236                          Улаанбаатар хот

“М т” ХХК, “О” ХХК,

“М х м х” ХХК-иуд болон

“А н” НҮТББ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0072 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “М т” ХХК, “О” ХХК, “М х м х” ХХК, “А н” НҮТББ нарын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, тус яамны дэргэдэх Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн үндэсний Удирдан зохицуулах зөвлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0072 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.7, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.34, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М т” ХХК, “О” ХХК, “М х м х” ХХК-иудын “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын илүү төлбөр төлөхийг шаардсан шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бусад тооцууулах, илт хууль бус захиргааны актын улмаас “М т” ХХК-д 25,095,000, “М х м х” ХХК-д 70.356.000, “О” ХХК-д 38.327.000 гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан “А н” НҮТББ-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын илүү төлбөр төлөхийг шаардсан шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бусад тооцуулах, илт хууль бус актын улмаас “А н” НҮТББ-д 36.089.000 төгрөгийн хохирлыг гаргуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М т” ХХК-аас урьдчилан төлсөн 353,625.00 төгрөг “М х м х” ХХК-аас урьдчилан төлсөн 202,846.00 төгрөг, “О” ХХК-аас урьдчилан төлсөн 419,785.00 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А н” НҮТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 408,595.00 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч “М т” ХХК, “О” ХХК, “М х м х” ХХК, “А н” НҮТББ нар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, тус яамны дэргэдэх Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн үндэсний Удирдан зохицуулах зөвлөл болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан “Илүү төлбөр төлөхийг шаардсан шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны актад тооцох, агнуурын нөөц ашигласны төлбөр олон улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн хохирлыг буцаан гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тус хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0072 тоот шийдвэр гаргажээ.

Дээрх шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Тухайн ажилд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан. Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Тусгай зориулалтаар 2017 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 155 дугаар тогтоол гарч агнуурын амьтны олзворын жишиг үнэ, төлбөр, хураамжийн хэмжээг баталсан. Уг тогтоолыг үндэслэн 2017 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газартай тус бүр “М т” ХХК, “О” ХХК, “М х м х” ХХК, “А н” НҮТББ нар гэрээ байгуулж агнуурын бүс нутагт тодорхой тооны агнуурын амьтныг агнах эрхтэй болсон билээ.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хариуцагч захиргааны байгууллагын байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамжийг” хуульд заасан хамгийн бага хэмжээ”-ээр төлөхийг шаардсан шаардлагыг илт хууль бус гэж үзэхээргүй байна ...” гэжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий дөрвөн хуулийн этгээдтэй байгуулсан гэрээг анхаарч үзэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, энэхүү гэрээний үндсэн дээр агнуурын бүс нутгаас тодорхой тооны амьтныг агнах зөвшөөрлийг олгосон байх ба уг гэрээнд үндэслэж буй зохицуулалт нь Засгийн газрын 2016 оны 155 дугаар тогтоол байна.

Тухайн хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр болж мөрдөгдөхөөс өмнө урьдчилан хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж буй эсэхийг шалгаж бүртгэдэг. Улмаар хуулиар тогтоосон дээд хэмжээнд нийцүүлэн ан амьтны нөөц ашигласны төлбөр, хураамжтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан хүчин төгөлдөр хэм хэмжээний акт байсаар атал үүнд зааснаас илүү хэмжээгээр төлбөр, хураамж шаардах эрх зүйн үндэслэл огт байхгүй буюу иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхолд халдсан нь илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй юм.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч компаниуд бизнесийн үйл ажиллагаагаа тасалдуулахгүйн үүднээс 2017 оны ангийн улирлаас эхлэн 6 сарын хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтнүүдийн шаардсанаар илүү хэмжээгээр төлбөр, хураамжийг төлсөн бөгөөд ийнхүү захиргааны байгууллагын хууль бус үйлдлийн улмаас бодит хохирол учраад байна.

Мөн Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-ын 4.6-д зааснаар ан амьтан агнах ажлыг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, менежментийн нөхөрлөл болон зуучлагч байгууллага нарын гурвалсан гэрээний дагуу гүйцэтгэх бөгөөд тус журмын 4.9-д зааснаар уг гэрээнд үндэслэж төлбөр хураамж төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох ёстойг журамлаж өгсөн байна.

Уг гурвалсан гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд заасан захиргааны гэрээ бөгөөд тус хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д захиргааны байгууллага захиргааны гэрээний биелэлтийг хангах үүрэгтэй талаар заасан. Өөрөөр хэлбэл, захиргааны гэрээний талууд гэрээгээр тохиролцсон үүргээ зохих журмын дагуу биелүүлэх ёстой. Ийнхүү гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүднээс амьтан агна төлбөр, хураамжийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газартай байгуулсан гэрээний үндэслэл болсон Засгийн газрын 155 дугаар тогтоолд заасан хувь хэмжээгээр төлөх нь үндэстэй юм.

Түүнчлэн, нэхэмжлэгч компаниудын хуулийн болон гэрээний үндсэн дээр хийсэн үйлдэл нь хууль болон хэм хэмжээний актын ялгаатай зохицуулалтын улмаас өөрчлөгдөх ёсгүй бөгөөд бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах, тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулах явдал нь захиргааны үйл ажиллагааны зарчим тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын хүрээнд нийцэхгүй билээ.

Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0072 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч нараас “... олзворуудад олгогддог CITES гэрчилгээгээр барьцаалж дээрх хууль, журмаар тогтсон төлбөр, хураамжаас илүү төлбөр төлөхийг амаар шаардан нэхэмжлэгч байгууллагуудаас нэмэлт төлбөр хураамж аваад байна. Гадаад улсаас ирсэн анчид Монгол Улсын нутагт богино хугацаагаар ирж тухайн компанийн төлөвлөгдсөн менежментийн талбайд агнасан ангаа гадаад улсад авч явах шаардлага үүсдэг. Гадаад улсад авч явахын тулд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас CITES зөвшөөрөл авдаг ба хэрэв дээрх илүү төлбөрүүдийг төлсөн тохиолдолд гадаад улсад экспортлох зөвшөөрлийг өгнө хэмээн барьцаалдаг. Хуульд зааснаас илүү төлбөр хураамжууд нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас буюу хуульд үндэслэгдээгүй шаардлагын улмаас төлсөн ...” гэх үндэслэлээр “илүү төлбөр төлөхийг шаардсан шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны актад тооцох, илүү төлсөн ... хохирлыг буцаан гаргуулахаар” шаардаж маргажээ.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д ан амьтны нөөц ашигласны төлбөрийн доод, дээд хязгаарыг “гадаадын иргэнд агнуулсан ан амьтны нөөцийн төлбөрийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар” тогтоохоор заасан байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн ... 21.1.2-21.1.30 дахь заалт ... зүйлд заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг энэ хуульд заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно”, 21 дүгээр зүйлийн 21.1.34-д “байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.5-д заасан ан амьтныг агнах зөвшөөрлийн хураамжийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 20-30 хувиар” тэмдэгтийн хураамж хураахаар зохицуулжээ.

Гэтэл Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаар тогтоолоор “Гадаадын иргэнд тусгай төлбөртэйгээр агнуулах агнуурын амьтны жишиг үнэ, төлбөр, хураамжийн хэмжээ”-г дээрх хуулиудад заасан төлбөр (жишиг үнийн 80-90 хувиар), хураамжийн (жишиг үнийн 20-30 хувиар) хэмжээнээс багаар тогтоосон байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээдүүдээс уг тогтоолд заасан төлбөр, хураамжийг Засгийн газрын 2016 оны 155 дугаар тогтоолыг үндэслэн байгуулсан “Спорт болон олзворын агнуурын чиглэлээр амьтан агнах барих гэрээ”-нд заасны дагуу төлөхөөр маргасан. Харин хариуцагчаас Засгийн газрын тогтоолд зааснаар бус хуульд заасан жишиг үнийн доод хувиар тооцож төлбөр, хураамж төлөхийг шаардсан нь үндэслэлтэй байна. Учир нь Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөр /цаашид “татвар” гэх/-өөс бүрдэнэ” гэж тус тус заасан байх бөгөөд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр төлбөр, хураамжийг төлөхийг шаардсан нь зөв байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх ойлголт нь мөн хуулийн 22 дугаар зүйлд зааснаар “захиргааны байгууллага өөрт нь хуулиар олгогдсон чиг үүргийг санаачлагаараа хэрэгжүүлэх” шаардлагыг хангаагүй тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэж тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцох тухай зохицуулалт бөгөөд энэ тохиолдолд хариуцагчаас нэхэмжлэгч нараас төлбөр, хураамжийг хуульд заасан хувь хэмжээгээр төлөхийг шаарджээ.

Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын “нэхэмжлэгч компаниудын хуулийн болон гэрээний үндсэн дээр хийсэн үйлдэл нь хууль болон хэм хэмжээний актын ялгаатай зохицуулалтын улмаас өөрчлөгдөх ёсгүй” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй. Хуулиар тогтоосон төлбөр, хураамжийн хэмжээг Засгийн газрын тогтоолоор өөрчлөн /бууруулж/ тогтоосныг үндэслэн шүүх нэхэмжлэлийг хангах нь эрх зүйн хэм хэмжээний эрэмбэ, хууль хэрэглээний зарчмын хувьд боломжгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0072 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ