Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 17

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Тунгалаг би тус аймгийн ******* даргад холбогдох 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Цалин бууруулах арга хэмжээ авах тухай19 дүгээр, 9 дүгээр сарын 9-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 30 дугаар, 9 дүгээр сарын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 31 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, цалингаас суутгасан 20 хувийн суутгалууд, мөн ямар ч шийдвэргүйгээр 2016 оны 8, 9 дүгээр сарын цалингаас хийсэн суутгалыг буцаан гаргуулах, 6 дугаар сард ажилласан томилолтын мөнгөний зөрүүг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, хуулийн хүрээнд ээлжийн амралт эдлүүлэх шаардлагууд бүхий иргэн Ё.*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ё.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 1-р сараас эхлэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд хэвлэл мэдээлэл, олон нийтийн гадаад харилцаа, иргэний танхим хариуцсан ажилтнаар ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд хариуцсан ажилдаа ямар нэг алдаа дутагдал гаргаагүй ажиллаж ирсэний үндсэн дээр хагас бүтэн жилийн үр дүнгийн гэрээний биелэлтээ тогтмол 90-с дээш хувьтай ханган ажиллаж байсан юм. Мөн өөрийн үндсэн ажлаас гадна хавсран гүйцэтгэх журмаар байгууллагын няравын ажлыг гүйцэтгэж байсан мөн сумдын иргэний танхимуудын үйл ажиллагааг сумдын Улаан Загалмайн үйл ажиллагаа, сумдын цахим сайтууд болон мэдээллийн бүхий л үйл ажиллагааг давхар хариуцаж, эдгээр ажлуудыг ямарч алдаа дутагдалгүйгээр цаг тухайд нь шуурхай гүйцэтгэсээр ирсэн. Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 29-нд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шинээр солигдсон тэр өдрөөс эхлэн байнгын шахалт хавчлага, ажлын байрны дарамтанд өртөж худлаар гүтгэгдэж эхэлсэн, ингэсээр 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Иргэдийн Хурлын дарга Ц.******* Цалин бууруулах арга хэмжээ авах тухай захирамж гаргасан байдаг, энэ захирамжийг 8 дугаар сарын 15-ны орой ажил тарсны дараа гэр рүү хүнээр хүргүүлсэн. Уг захирамжиндаа Иргэний танхимын зориулалтаар бэлтгэсэн эд хөрөнгийн дутууг гүйцээх гэсэн байдаг. Гэвч аймгийн иргэний танхимд дутуу эд хөрөнгө байхгүй бөгөөд намайг төлөх ёстой гэж тулгаж буй эд хөрөнгөнүүд нь надад огт хүлээлгэж өгөөгүй. Манай байгууллагад огт байхгүй зүйл юм. Иймд огт үндэслэлгүйгээр тулган шаардаж сүрдүүлсэн энэхүү захирамжийг хүчингүй болгож хуулийн хүрээнд үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсье. Мөн 8 сарын цалингаас суутгасан 20 хувийн суутгал, ямар ч шийдвэргүйгээр нэмж суутгасан мөнгө, 6 сард томилолтоор ажилласны томилолтын зөрүү мөнгийг гаргуулахыг хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие Ё.******* нь 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн аймгийн ******* дарга Ц.*******гийн гаргасан Сахилгын шийтгэл ногдуулах тухай гэсэн захирамж, мөн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай гэсэн захирамжуудыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, хууль зөрчсөн гэж үзэн аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл гаргасан билээ. Өргөдлийг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тус зөвлөлд өгсөн ч өнөөдрийг хүртэл Төрийн албаны салбар зөвлөлөөс ямар нэг хариу ирээгүй тул Захиргааны хэргийн шүүхэд хандаж байна. 1. 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн аймгийн ******* дарга Ц.*******гийн гаргасан Сахилгын шийтгэл ногдуулах тухай гэсэн захирамж нь ямар ч үндэслэлгүй худал шийдвэр юм. Учир нь миний бие 9 сард 2-оос дээш хоногоор ажил таслаагүй болно. /огт ажил таслаагүй/. 2. 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай захирамж нь мөн хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, хүчээр тулган шаардаж гаргасан захирамж юм. 3. Миний бие дээрх сахилгын шийтгэл ногдуулсан гэх захирамжуудыг хүлээн зөвшөөрөхгүй, хуулийн хүрээнд нягтлан шалгуулж байгаа учир ажлаас халах тушаал нь ч хууль зөрчсөн, үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд дээрх захирамжуудыг хуулийн хүрээнд шалгаж үзэн зөвийг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, хуулийн хүрээнд ээлжийн амралт эдлүүлэх, 9 сард суутгасан мөнгийг буцаан гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар бичгээр үйлдсэн эвлэрлийн гэрээндээ: Ё.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Цалин бууруулах арга хэмжээ авах тухай 19 дүгээр, 9 дүгээр сарын 9-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 30 дугаар, 9 дүгээр сарын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 31 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, цалингаас суутгасан 20 хувийн суутгалуудыг буцаан гаргуулах, 6 дугаар сард ажилласан томилолтын мөнгөний зөрүүг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, хуулийн хүрээнд ээлжийн амралт эдлүүлэх шаардлага бүхий захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын төлөөлөгч Д. *******, нэхэмжлэгч Ё.******* нар дараах байдлаар энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.

Үүнд: 1. Хариуцагч байгууллага нь Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 19 дүгээр, 9 дүгээр сарын 9-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжуудыг тус тус хүчингүй болгох

2. 2016 оны 8 дугаар сарын цалингаас суутгасан 20 хувийн суутгал буюу 101.990 төгрөг, мөн үндэслэлгүй хассан 5 хоногийн цалингийн 115.800, нийт 217.790 төгрөгийг буцаан олгох

3. 2016 оны 9 дүгээр сарын цалингаас суутгасан 20 хувийн суутгал буюу 101.990 төгрөгийг буцаан олгох

4. Нэхэмжлэгч Ё.******* нь 2016 оны ээлжийн амралтаа эдэлж амжаагүй байсан тул ээлжийн амралтын мөнгө буюу 509.948 төгрөгийг хуулийн дагуу олгох

5. Мөн хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн 6 сарын үндсэн цалинтай тэнцэх 509.948 х 6=3,059,688 төгрөгийн тэтгэмжийг олгох

6. Нэхэмжлэгчийн шаардлагын дагуу зайлшгүй олгох нийт 3.889.416 төгрөгийг Ё.*******д дараах байдлаар олгох. /2017 оны 03 сарын 20-ны дотор 2.500.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны дотор 1.389.616 төгрөгийг бүрэн олгох/

7. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Үндэсний ТҮ-9 телевиз рүү Ё.*******гийн талаар албан ёсоор залруулга хүргүүлж, албан бичгийг эвлэрлийн гэрээнд хавсаргах

8. Цаашид аймгийн ******* байгууллага болон тус байгууллагын ажилчдаас нэхэмжлэгч Ё.*******гийн нэр төр, алдар хүндэд халдах, ямар нэг хэлбэрээр дарамт шахалт учруулах, гутаан доромжлох, айлган сүрдүүлэх зэргээр хууль бус үйлдэл гаргахыг хатуу хориглоно. Ё.*******гийн албан ажлыг бүрэн хүлээлгэж өгснөөр тооцох

9. Нэхэмжлэгч Ё.*******гийн ажил байдлын талаарх тодорхойлолтыг тухайн байгууллагад нь үнэн зөв, шуурхай гаргаж хүргүүлэх / ямар нэг байдлаар ажлын хариуцлага алдаж байгаагүй, сайн ажилтан байсан талаар/ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ё.******* нь Завхан аймгийн ******* даргын 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 2 дугаар захирамжаар аймгийн ******* олон нийт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр анх томилогдон ажиллаж байсан байна.

Тэрээр Цалин бууруулах арга хэмжээ авах тухай 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 19 дүгээр, 9 дүгээр сарын 9-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 30 дугаар, 9 дүгээр сарын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 31 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, цалингаас суутгасан 20 хувийн суутгалууд, мөн ямар ч шийдвэргүйгээр 2016 оны 8, 9 дүгээр сарын цалингаас хийсэн суутгалыг буцаан гаргуулах, 6 дугаар сард ажилласан томилолтын мөнгөний зөрүүг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх, хуулийн хүрээнд ээлжийн амралт эдлүүлэхийг даалгуулах шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан буулт хийж, энэ талаар бичгээр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан эвлэрэх эрхийнхээ дагуу, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгох эрхтэй ба энэ тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул хэрэг хэлэлцэх ажиллагааг дуусгавар болгож эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Маргаан бүхий Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын хэвлэл мэдээлэл, олон нийт, иргэний танхим хариуцсан мэргэжилтний албан тушаалд И.*******ыг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилон ажиллуулах тухай 32 дугаар захирамжаар түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд тэрээр дээрх албан тушаалын үүргийг өнөөдрийг хүртэл гүйцэтгэж байгаа тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг батлахад бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй, түүнчлэн хуульд харшлахааргүй байна.

Хариуцагч Завхан аймгийн ******* дарга нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 40 дүгээр захирамжаар энэ хэрэгт өөрийгөө төлөөлүүлэхээр Д.*******г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилохдоо нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхийг түүнд олгосон байгаа тул эвлэрлийн гэрээнд Д.******* гарын үсэг зурсан нь хуульд нийцэж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ё.*******, хариуцагч Завхан аймгийн ******* дарга /итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******/ нар нь харилцан буулт хийж, хариуцагч нь Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Цалин бууруулах арга хэмжээ авах тухай 19 дүгээр, 9 дүгээр сарын 9-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжуудыг тус тус хүчингүй болгох, 2016 оны 8 дугаар сарын цалингаас суутгасан 20 хувийн суутгал буюу 101 990 төгрөг, мөн үндэслэлгүй хассан 5 хоногийн цалингийн 115 800 төгрөг, нийт 217 790 төгрөгийг, 2016 оны 9 дүгээр сарын цалингаас суутгасан 20 хувийн суутгал буюу 101 990 төгрөгийг тус тус буцаан олгох, 2016 оны ээлжийн амралтын мөнгө буюу 509 948 төгрөгийг хуулийн дагуу олгох, нэхэмжлэгчийн 6 сарын үндсэн цалинтай тэнцэх 3 059 688 төгрөгийн тэтгэмжийг олгох, нэхэмжлэгчийн шаардлагын дагуу зайлшгүй олгох нийт 3 889 416 төгрөгийг Ё.*******д 2017 оны 03 сарын 20-ны өдрийн дотор 2 500 000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны дотор 1 389 416 төгрөгийг бүрэн олгох, хариуцагч нь үндэсний ТВ-9 телевиз рүү Ё.*******гийн талаар албан ёсоор залруулга хүргүүлж, албан бичгийг эвлэрлийн гэрээнд хавсаргах, цаашид аймгийн ******* байгууллага болон тус байгууллагын ажилтнуудаас нэхэмжлэгч Ё.*******гийн нэр төр, алдар хүндэд халдах, ямар нэг хэлбэрээр дарамт шахалт учруулах, гутаан доромжлох, айлган сүрдүүлэх зэргээр хууль бус үйлдэл гаргахыг хатуу хориглож, Ё.*******гийн албан ажлыг бүрэн хүлээлгэж өгснөөр тооцох, нэхэмжлэгч Ё.*******гийн ажил байдлын талаарх тодорхойлолтыг тухайн байгууллагад нь үнэн зөв, шуурхай гаргаж хүргүүлэх гэсэн нөхцлүүдийг харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ