Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1391

 

 

 

 

 

 

 

 

 

    “Говь экуйпмент рентал флийт” ХХК-ийн

    нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2015/06145 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Говь экуйпмент рентал флийт” ХХК-ийн

Хариуцагч “Уян ган” ХХК-д холбогдох

           

Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 716 213 156 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

 

“Говь экуйпмент рентал флийт" ХХК-ийн "Уян ган" ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан ГФ-68, ГФ-74 дугаар санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэгийн гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өэлүн-Үжин,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

 

Нэхэмжлэгч “Говь экуйпмент рентал флийт" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өэлүн-Үжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Уян ган" ХХК, “Говь экуйпмент рентал флийт" ХХК-ийн хооронд 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан ГФ-68, ГФ-74 тоот санхүүгийн түрээсийн гэрээгээр 2 ширхэг гинжит экскаваторыг нийлүүлсэн байдаг. Нэгжийн үнийг 370 700 ам.доллараар энэхүү гэрээг байгуулсан. Гэрээний дагуу эргэн төлөлтийн байдлыг хавсралтаар баталсан байдаг. "Уян ган" ХХК нь эргэн төлөлтийн байдлаа удаа дараа зөрчсөн учраас 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр албан бичгээр экскаваторын үйл ажиллагааг зогсоосон. Тээврийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор хариуцагч тал ямар нэгэн арга хэмжээ аваагүй учраас 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг явуулж, гэрээ цуцалсантай холбоотой нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь гинжит экскаваторуудын ашиглалтын төлбөр, мото/цагийн төлбөр, гэрээ цуцалсантай холбоотой хохирлыг нэхэмжилж байна. Энэ үнийн дүн нь 0106 сериалтай техникийн хувьд харилцагч дээр очоод 1 699,6 цаг ажилласан байдаг. Үүний цагийн үнэлгээгээр 169 947 ам.доллар, гэрээ цуцалсны торгууль нийлээд 177 121,15 ам.доллар болно. 0619 сериалтай техник харилцагч дээр очоод 1 463 цаг ажилласан байдаг. Нийт гэрээнээс учирсан хохирол 360 531 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ханш 1 986,55 төгрөгөөр тооцож 716 214 156 төгрөгийг гаргуулж өгнө үү.

“Говь экуйпмент рентал флийт" ХХК гэрээн дээр Баянгол дүүрэгт байгаагаас эрх зүйн чадамжгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Улсын бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хуулинд компани бүртгэгдсэн хаягаасаа өөр хаяган дээр үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт байдаггүй. Салбар компанийн эрхгүй гэж байгаа ч манайх салбар компани биш, толгой компани. “Говь экуйпмент рентал флийт" ХХК Өмнөговь аймагт бүртгүүлсэн ч гэсэн Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаггүй, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг өнөөдрийн байдлаар зохицуулж байгаа хууль болох Компанийн тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний хуульд хориглосон зүйл заалт байхгүй. “Говь экуйпмент рентал флийт" ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан Төгөлдөр, Ганхуяг гэх хүмүүс нь компанийн эрх бүхий албан тушаалтнууд юм. "Говь экуйпмент рентал флийт" ХХК-ийн зүгээс гэрээг бэлтгээд худалдааны төлөөлөгчид өгч явуулдаг бөгөдө Х.Олонболд гэдэг хүн тамга дараад гарын үсэг зурсан байдаг. Бид "Уян ган" ХХК-тай гэрээ байгуулсан. Тиймээс хүчин төгөлдөр гэрээг хүлээн зөвшөөрөөд хэрэгжээд явсан гэдгийг нотлох баримт хавтас хэрэгт төлбөр төлсөн баримт, хариу тайлбар байна. Мото/цагийн үнэлгээг хэт өндөр гэж байна. 17 600 ам.доллар буюу 176 мото/цагийн үнэлгээг яаж гаргасан гэвэл техникийг хүн ажиллуулах учраас ажлын 8 цаг, 7 хоногийн 5 өдөр, сарын 22 өдөртөө үржүүлээд 176 цаг буюу сард ажиллах дундажаар гарч ирэх мото/цагийг гаргасан байдаг. Өрсөлдөгч компаниуд 165 цаг гэж тогтоосон ч анай экскаватор өндөр бүтээмж, том шанагатай учир үнэлгээ өндөр байдаг. Хариуцагч манай техникийг аваад ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Уян ган” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Говь экуйпмент рентал флийт" ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ГФ-68, ГФ-74 гэсэн 2 гэрээ байгуулсан. “Говь экуйпмент рентал флийт” ХХК-ийн хаяг нь Энхтайвны өргөн чөлөө, гурвалжингийн гүүр, Хера бизнес төв гэж байгаа бөгөөд бид нар Өмнөговь аймагт очиж гэрээ байгуулаагүй. Энэ компани Өмнөговь аймагт бүртгэлтэй, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулах ёсгүй. Тиймээс энэ гэрээ эрх зүйн чадамжгүй. Энэ байгуулсан гэрээнд зурсан хоёр гарын үсэг нь Х.Олонболдынх биш. Гэрээг Х.Олонболд байгуулаагүй. Гэрээ маань "Хера экуйпмент" ХХК-ийн гэрээ юм шиг харагдаж байна. Тиймээс төлбөр тооцоог зөвшөөрөхгүй. Ямар нэгэн салбар төлөөлөгчийн газар байгуулах нь бүх компанид нээлттэй, эрхтэй. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсэгт хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна гэж заасан байдаг. Энэ компани Өмнөговь аймагтаа үйл ажиллагаа явуулах нь 100 хувь эрхтэй бөгөөд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол салбар төлөөлөгчийн газраа байгуулж гэрчилгээ авах ёстой. Тиймээс гэрээ хүчин төгөлдөр үү гэдгийг эхлээд ярьж байж төлбөр мөнгөө ярих хэрэгтэй. Эд нар татвараас зугатааж "Хера экуйпмент" ХХК-иар улсын тэмдэгтийн хураамж төлж байгаа учраас хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл байна. Хохирол нь арай дэндүү өндөр. 1 мото/цаг гэж 1 цагт 100 ам.доллараар ажилладаг техник ч түүнийг түрээслэж ажиллуулдаг компани ч байхгүй. Энэ нь 1 цаг нь 200 000 төгрөг болж байна. Бид өөрсдөө шатахуунаа хийж ажиллуулаад 100 ам доллар төлж байна. Уул уурхайн компаниуд жижиг шанагатай экскаваторыг хэрэглэдэггүй. Аль болох том шанагатай экскаваторыг хэрэглэдэг. Нэхэмжлэлийн үнэ төлөхгүй 10 хувь төлүүлнэ гэсэн зарчим байхгүй… гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэг шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Говь экуйпмент рентал флийт" ХХК нь ГФ-68, ГФ-74 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээг үндэслэн "Уян ган" ХХК-иас үлэмж их хэмжээний мөнгийг нэхэмжилж байгаа нь хууль, эрх зүйн хувьд үндэслэлгүй байна. Үүнд:

1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багт бүртгэлтэй, Өмнөговь
аймгийн хэлтэст татвараа төлдөг энэхүү компани нь хуулийн этгээдийн бүртгэлийн
компанийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл авч байж, салбарын
гэрчилгээ гаргуулан үйл ажиллагаа эрхлэх эрх үүсэх хэдий ч салбар төлөөлөгчийн
газар нь хуулийн этгээдийн эрхгүй байдаг. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 29 дүгээр
зүйлийн 29.6 дахь хэсэгт заасан тул гэрээ байгуулах хууль, эрх зүйн үндэслэлгүй.           

2. "Уян ган" ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан ГФ-68, ГФ-74 санхүүгийн түрээсийн гэрээнүүдэд гарын үсэг тодорхой бус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.5-д зааснаар талуудын байгуулсан гэх гэрээний үнийн дүнг нотариатаар баталгаажуулаагүй, гэрээнд түрээслэгч "Уян ган" ХХК гэж бичсэн биш хууль ёсоор хэн, яаж "Уян ган" ХХК-ийг төлөөлөөд байгаа нь ойлгомжгүйн дээр "Уян ган" ХХК-ийн захирал Х.Олонболд өөрийн гарын үсгийг нь шүүхэд байгаа хавтаст хэргийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

З. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт зааснаар санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсий төлбөр төлөх үүргийг хүлээдэг. Гэтэл нэхэмжлэлд ГФ-68, ГФ-74 дугаар санхүүгийн түрээсийн гэрээнд түрээслүүлэгч нь санхүүгийн түрээсээс гадна хөдлөх хөрөнгийг бас давхар мото/цагаар түрээслээд байгаа юм шиг гэрээ цуцлагдвал хөдлөх хөрөнгийн үнийн дүнгийн 10 хувийг автоматаар нэмж төлөх үүрэг хүлээлгэсэн. Мөн нэг мото/цагийн 100 ам.доллар гэж бодит амьдралаас хэт хол хөндий, өнөөдрийн компаниудын хооронд байгуулж байгаа гэрээнүүдээс болон Монгол улсын зах зээлийн түрээсийн жишиг үнээс хэд дахин өндөр үнийн дүнтэй, зөвхөн нэг талыг барьсан гэрээ байгаа нь гэрээ өөрөө хууль бус байх эргэлзээг төрүүлж байна. Тиймээс дээрхи санхүүгийн түрээсийн гэрээний нөхцлүүд нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна.

4. “Говь экуйпмент рентал флийт" ХХК-ийн үүсгэн байгуулагч болон захирал Х.Ганхуяг гэдэг энэ хүний өөрийн компанийг 100 хувь төлөөлж гэрээнд гарын үсэг зурах эрхтэй боловч “Говь экуйпмент рентал флийт" ХХК-ийг төлөөлж компанийг төлөөлөх эрхгүй захирал Ц.Төгөлдөр гэгч санхүүгийн гэрээнд гарын үсэг зурсан нь хууль бус байна. Иймд “Говь экуйпмент рентал флийт" ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэл болоод ГФ-68, ГФ-74 дугаар хууль зүйн чадамжгүй санхүүгийн түрээсийн гэрээнүүдийг бүхэлд нь хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өэлүн-Үжин шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хуульд компани нь гагцхүү бүртгэлтэй хаяган дээр үйл ажиллагаа явуулах ёстой бүртгэлтэй хаяган дээрээс өөр хаяган дээр үйл ажиллагаа явуулж болохгүй гэж хязгаарласан, хориглосон заалт байхгүй. 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээнүүдэд гарын үсэг тодорхой биш "Уян Ган” ХХК-ийг хэн төлөөлж байгаа нь тодорхойгүй, "Уян ган" ХХК-ийн захирал Х.Олонболд гарын үсэг зураагүй гэсэн нь үндэслэлгүй. Учир нь ГФ-74, ГФ-68 тоот санхүүгийн түрээсийн гэрээнд "Уян ган" ХХК-ийн захирал Х.Олонболд төлөөлөх талаар гэрээнд дурдсан байдаг бөгөөд захирал Х.Олонболд нь дээрх санхүүгийн түрээсийн гэрээнүүдэд гарын үсэг зурсан. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт зааснаар санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслүүлэгчийн ашиглалтанд эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг бөгөөд ГФ-74, ГФ-68 тоот санхүүгийн түрээсийн гэрээгээр тус бүр 370 700 ам.долларын үнэ бүхий 0319 сериал дугаар техник, 0106 сериал дугаартай техникүүдийг “Говь экуйпмент рентал флийт" ХХК нь "Уян ган" ХХК-д шилжүүлж, "Уян ган" ХХК нь 0319 сериал дугаартай техник, 0106 сериал дугаар техникүүдийн төлбөрийг нийт 26 сарын хугацаанд төлж дуусгахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Улмаар манай компани Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, ГФ-68 тоот санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар түрээслэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй хуанлийн 60-аас дээш хоног хэтэрсэн бол компанийн санаачлагаар гэрээг цуцална гэж заасны дагуу ГФ-74, ГФ-68 тоот санхүүгийн түрээсийн гэрээг цуцалж, гэрээний зүйл болох техникүүдийг, хураан авсан. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасны дагуу Санхүүгийн түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар гэрээг цуцалсан тохиолдолд түрээсийн зүйлийн төлбөрийг үйл ажиллагааны нийт хугацаа, бодит ажилласан мото/цагт үндэслэн тооцож нэхэмжилнэ. Уг төлбөр нь түрээсийн зүйлийг ашигласан элэгдэл бөгөөд гэрээнээс учирсан хохирол болно гэж заасны дагуу техникүүд "Уян ган" ХХК-ийн талбайд ажилласан нийт мото/цагт үндэслэн гэрээнд заасан мото/цагийн үнэлгээ болох 176 мото/цагийн үнэлгээ 17 600 ам.доллараар тооцон нийт ашигласан хугацааны төлбөрийг тооцон үүнээс гэрээний явцад "Уян ган" ХХК-иас төлсөн төлбөрийг хасч үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгаа. 176 мото/цагийн үнэлгээ 17 600 ам.доллар гэж гэрээнд заасан нь зах зээлийн дундаж бөгөөд адил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудын дундаж үнэ болно. “Говь экуйпмент рентал флийт" ХХК-ийн үүсгэн байгуулагч буюу Х.Ганхуяг өөрийн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй. Харин үүсгэн байгуулагч Х.Ганхуяг итгэмжлэл олгосноор бусад этгээдэд төлөөлөх эрх үүснэ. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй байна гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 315 дугаар зүйлийн 315.1, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар хариуцагч "Уян ган" ХХК-иас 323 462 ам.доллар буюу 642 573 436 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Говь экуйпмент рентал флийт" ХХК-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 73 641 408 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.5-д зааснаар хариуцагч "Уян ган" ХХК, “Говь экуйпмент рентал флийт" ХХК-ийн "Уян ган" ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан ГФ-68, ГФ-74 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, 73 дугаар зүйлийн 73.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 739 020 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3 429 317 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109 020 төгрөгийг улсын төсөвт орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 7 367 012 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 1. ...Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсэгт зааснаар “Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна" гэж заасан байх тул "Говь экуйпмент рентал флийт" ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэл болгосон Санхүүгийн түрээсийн гэрээ нь хууль эрх зүйн чадамжгүй гэрээ байна. 2. Нэг сая төгрөгийн дүрмийн сантай “Говь экуйпмент рентал флийт" ХХК нэг тэрбум таван зуу орчим сая төгрөгийн хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлээд гэрээ байгуулаад байгаа нь ойлгомжгүй тул Компанийн санхүүгийн байдлын тайлангийн 1.2.1-д заасан үндсэн хөрөнгөд тухайн экскаваторууд бүртгэлтэй эсэх нь эргэлзээтэй байна. 3. Нэхэмжлэлийн үндэслэл болгоод байгаа санхүүгийн түрээсийн гэрээ /лизинг/ нь гарын үсэг тодорхой бус тамгагүй, талуудын байгуулсан гэрээ нь үнийн дүнг талууд хүлээн зөвшөөрснийг нотариатаар баталгаажуулаагүй, гэрээнд түрээслэгч "Уян ган" ХХК гэж бичсэн болохоос биш хууль ёсоор хэн, яаж "Уян ган" ХХК-ийг төлөөлөөд байгаа нь ойлгомжгүй байна.4. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт зааснаар санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээдэг. Гэтэл нэхэмжлэлд хавсаргасан гэрээнд түрээслүүлэгч нь санхүүгийн түрээсээс гадна хөдлөх хөрөнгийг бас давхар мото/цагаар түрээслээд байгаа ч юм шиг, 1 мото/цагийн үнэ 100 ам доллар гэх өртөгтэй, зах зээлийн түрээсийн жишиг үнээс хэд дахин өндөр бөгөөд санхүүгийн түрээсийн гэрээний нөхцлүүд нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар уг нөхцлүүд нь хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

           

         Нэхэмжлэгч “Говь экуйпмент рентал флийт" ХХК нь хариуцагч “Уян ган” ХХК-д холбогдуулан санхүүгийн түрээсийн 2 гэрээнээс учирсан хохиролд нийт 360 531.15 ам.доллар буюу 716 213 156 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч “Уян ган” ХХК нь эс зөвшөөрч, “Говь экуйпмент рентал флийт" ХХК-ийн "Уян ган" ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан ГФ-68, ГФ-74 дугаар санхүүгийн түрээсийн 2 гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган шаарджээ.

        

         Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

 

         Талууд 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр санхүүгийн түрээсийн ГФ-68, ГФ-74 тоот 2 гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар тус тус байгуулж, тус бүр 370 700 ам.долларын үнэ бүхий R520LC-9S маркийн  2 ширхэг Хьюндай гинжит экскаваторыг /хх-7-11, 12-16/, санхүүгийн түрээсээр худалдахаар харилцан тохиролцож, хүлээлгэн өгч, ашиглуулсан,  түрээслэгчээс  ГФ-68  тоот  гэрээний урьдчилгаа болон хуваарьт төлбөрт 29 888.85 ам.доллар төлсөн үйл баримтын талаар маргаагүй.

         Хэрэгт авагдсан баримтаар түрээслэгч “Уян ган” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс, түрээслүүлэгч тал 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн 2 гэрээг цуцалж, 2 ширхэг гинжит экскаватораа татан авсан үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ тус бүрийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт гэрээг цуцалсан тохиолдолд техникийн төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн, ажилласан нийт хугацаа, бодит ажилласан мото/цагт үндэслэн гэрээнээс учирсан хохирлыг тооцохоор тохиролцжээ /хх-11,16/.

 Нэхэмжлэгчээс ГФ-68 тоот гэрээгээр техникийн нийт ажилласан 1699,4 мото/цагийн түрээсийн үнэлгээ 169 940 ам.доллар, гэрээний үнийн дүнгийн 10%-тай тэнцэх торгууль  37 070 ам.доллараас төлөгдсөн 29 888.85 ам.долларыг хасч  нийт 177 121.15 ам.доллар, ГФ-74 тоот санхүүгийн түрээсийн гэрээгээр 1463.4 мото/цаг ажилласны түрээсийн үнэлгээ 146 340 ам.доллар, торгууль 37 070 ам.доллар нийт 183 410 ам.долларыг хохиролд тооцон  нэхэмжилснийг, хариуцагчийн зүгээс ...мото/цагийг хэт өндрөөр тооцон, хохирол авахаар заасан нь үндэслэлгүй, уг гэрээг эрх зүйн чадамжгүй компанитай байгуулсан, “Уян ган“ ХХК-ийг төлөөлж Х.Олонболд гарын үсэг зураагүй, гэрээ байгуулсныг мэдээгүй тул зөвшөөрөх үндэслэлгүй... гэж маргаж, санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

          Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт зааснаар санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээх ба нэхэмжлэгч “Говь экуйпмент рентал флийт” ХХК нь хариуцагч “Уян ган” ХХК-иас санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг биелүүлээгүйгээс учирсан хохирлыг талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу шаарджээ.

Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээ түрээслэгчийн буруугаас болж хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлага нь түрээсийн эд зүйлийн элэгдэл хоргодлыг тооцсон үндэслэлтэй холбоотой байж болно.

Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар санхүүгийн түрээсийн гэрээний түрээслүүлэгч тал нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлд заасан хөлслүүлэгчийн эрхээс гадна, түрээслүүлэгч үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирол шаардах эрхтэй.

          Талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хүнд даацын машин механизм хүлээлцсэн актад 0106 серийн дугаартай R520LC-9S маркийн Хьюндай гинжит экскаватор 121 мото/цаг, 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн актанд 0319 серийн дугаартай R520LC-9S маркийн Хьюндай гинжит экскаватор 9 мото/цагийн заалттай байсан байна /хх-30-31/.

          Харин 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хүлээлцэх хуудсаар 0106 серийн дугаартай гинжит экскаваторыг 1820.4 мото/цаг, 0319 серийн дугаартай гинжит экскаваторыг 1472.4 мото/цагийн заалттайгаар нэхэмжлэгч талаас техникч н.Аззаяа, хариуцагч талаас инженер н.Саранхүү нар хүлээн авсан /хх-25-26 /болох нь тогтоогдож байх ба талууд мото/цагийн заалтын талаар маргаагүй.

          Анхан шатны шүүх санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох хүнд даацын 0106 серийн дугаартай техникийн ажилласан 1 699.4 мото/цаг, суутгагдах үнэ 169.940 ам.доллар, 0319 серийн дугаартай техникийн ажилласан 1463.4 мото/цаг суутгагдах үнэ 146 340 ам.доллар, нийт 316 280 ам.доллараас хариуцагчийн төлсөн 29 888 ам.долларыг хасч, үлдэх 286 392 ам доллар буюу 568 932 027 төгрөгийг гэрээ цуцалснаас учирсан хохиролд тооцон гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Гэрээг цуцлагдсан тохиолдолд түрээсийн зүйлийг ашигласны хөлсийг 1 мото/цагийг 100 ам доллараар тооцох тухай талуудын дээрх тохиролцоо нь зах зээлийн үнээс хэт өндөр тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна.

Түрээсийн гэрээний түрээслэгч тал төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас түрээслүүлэгч тал гэрээг цуцлах, өөрт хохирлоо шаардах, үүргийн зөрчилтэй холбоотой учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасныг баримтлах нь зохимжтой.

          Талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний эрх чөлөөний зарчмын хүрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцож байгуулсан байна.

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.10 дахь хэсэгт “санал гаргагч тал өөрт учирсан бодит хохирлоос хэт давсан хэмжээний нөхөн төлбөр шаардахаар тогтоосон” гэрээний стандарт нөхцөлийг хүчин төгөлдөр бусд тооцох тухай зохицуулалт нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй байгуулж буй стандарт нөхцөл бүхий гэрээнд хамаарахаас, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн зүгээс харилцан тохиролцож хийгдсэн хэлцэлд хамаарахгүй. Иймд мото/цагийн үнэлгээг хэт өндөр, гэрээний нөгөө талд илт хохиролтой гэж үзэж, хүчин төгөлдөр бус болохыг тогтоох үндэслэлгүй.

           Түүнчлэн талуудын гэрээний 5.4-т заасны дагуу “гэрээ цуцалсан тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгууль”-д төлөхөөр тохиролцсон байгаа нь үндсэн үүргийг ямар зөрчил гарсан тохиолдолд торгууль төлөх талаар тодорхой бус нөхцөлөөр хийгдснийг үндэслэн нэхэмжлэгчээс экскаватор тус бүр 37 070 ам.доллар, нийт 74 140 ам.доллар буюу 147 282 817 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 Торгууль нь хуульд заасны дагуу үндсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой үүсэх  зохицуулалт болох ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.5 дахь хэсэгт  зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах тодорхой арга болно. Нэмэлт үүрэг буюу үндсэн гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нөгөө талдаа төлөх  хэмжээ, нөхцлийг гэрээгээр тохиролцож болох боловч уг гэрээ цуцлагдсан тохиолдолд цуцлагдсан гэрээний дагуу хүлээсэн үүргийг шаардах эрхгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас торгуульд нийт 74 110  ам.доллар  буюу 147 282 817 төгрөг шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Хариуцагчийн хувьд шүүхэд гаргаж байсан хүсэлтүүдийг шүүх тухай бүр шийдвэрлэж байсан. Тэрээр гэрээ байгуулаагүй гэсэн нэг үндэслэл заагаад, гэрээнд зурсан гарын үсэг “Уян ган” ХХК-ний захирал Х.Олонболдын гарын үсэг биш гэдэг тайлбар гаргаж байсан боловч гарын үсэг мөн эсэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-т зааснаар шинжээч томилуулах хүсэлтийг албан ёсоор гараагүй байна.

 

Зохигч талууд өөрсдийн гаргаж байгаа тайлбараа баримтаар нотлох, өөрөө гаргаж өгөх боломжгүй бол шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх журамтай. Талууд нотлох баримт гаргуулах талаар хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүх санаачилгаараа нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийх боломжгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимд нийцэхгүй.

Нэхэмжлэгч компаний хувьд өөр газарт байрладаг нь түүний байгуулсан гэрээг  хүчин төгөлдөр бус гэж үзэж, хэлцэл байгуулсныг буруутгах үндэслэл болохгүй.

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох бөгөөд түүний бүрэн эрхийн талаар төлөөлүүлэгчийн болон гэрээний нөгөө талд аман болон бичгэн хэлбэрээр мэдэгдэж болно.

 

Нэхэмжлэгч компанийн зүгээс тухайн хэрэгт гэрээ байгуулахад төлөөлөх эрхтэй этгээдийн хувьд маргаан гаргаагүй. Эдгээр нөхцөл байдлуудаас хариуцагч “Уян ган” ХХК нь нэхэмжлэгч “Говь экуйпмент рентал флийт" ХХК-ийг гэрээ байгуулах эрхгүй байсан, гэрээ байгуулах эрхгүй гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй.

 

Сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартай зарим талаар давхцаж байгаа боловч хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлж, албан ёсоор сөрөг нэхэмжлэл гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх, энэ талаар тогтоох хэсэгтээ зааж шийдвэр гаргасныг буруутгах үндэслэл байхгүй. Харин шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар дүгнэлт өгөөгүй нь буруу байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг өөр байгууллага төлсөн байхад хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь буруу гэж хариуцагч маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийн хүрээнд “...улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч төлсөн нь “Говь экуйпмент рентал флийт” компанийн төлсөн  баримтаар тогтоогдсон” талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн байна. /хх-157/ Шүүхийн хүчин төгөлдөр захирамжийн талаар шийдэгдсэн асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх, өөрчлөх боломжгүй.

 

Харин “Говь экуйпмент рентал флийт” компаний өмнөөс “Херо экуйпмент” ХХК улсын тэмдэгтийн хураамж төлснийг улсын орлогод үлдээхдээ энэ талаар шийдвэрийн тогтоох хэсэгт тодорхой заах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. 

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2015/06145 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 315 дугаар зүйлийн 315.1, 232 дугаар зүйлийн 232.5-д...” гэснийг “...Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т...” гэж, “...323 462 ам.доллар буюу 642 573 436...” гэснийг “...568 932 027...” гэж, “...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар...” гэснийг “...Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул ...” гэж “... 73 641 408 ...”  гэснийг “ ...147 281 129...” гэж, “...бусд тооцуулахыг хүссэн...” гэснийг “...бус болохыг тогтоолгох тухай...” гэж,

2 дахь заалтын “...урьдчилан...” гэсний дараа “...2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “Хера Экуйпмент” ХХК-иас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд...” гэж, “....3 429 317...” гэснийг “...3 002 610...” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Уян ган” ХХК-иас улсын  тэмдэгтийн  хураамжид  төлсөн

3 739 020 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                 Д.БАЙГАЛМАА