Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 97

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 2 дугаар баг Гавилууд Д.Алимаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 4 дүгээр баг, Гоёотын 16-7 тоот Ё.Гантөмөрт холбогдох,

Эд хөрөнгийн хохирол 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.Алимаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “...Ё.Гантөмөр нь 2014 оны 01 дүгээр сарын сүүлээр Д.Алимаагаас “Жингийн баяр”-аар хэрэглээд өгье ташуур болон ширмэл тохомоо өгөөч гэж гуйсан байдаг. Ингээд Д.Алимаа гуай зөвшөөрч Ё.Гантөмөрт ташуур, ширмэл тохом хоёроо өгөөд явуулсан. Удалгүй ташуурыг чинь майхан түшүүлж тавиад галд шатаачихлаа гээд шатсан ташуурыг авчирч өгсөн. Д.Алимаа нь дээрх ташуурыг 2008 онд Энэрэлт гэдэг хүнээс тухайн үедээ 4 хониор худалдаж авч байсан. Ташуур нь эртний 9 баримын тэнзэн ташуур юм. Шатсан ташуурыг хэрэглэх боломжгүй учраас Ё.Гантөмөрөөс эд хөрөнгийн хохиролд 1,000,000 төгрөг гаргуулж өгнө үү. ” гэжээ.

            Хариуцагч Ч.Гантөмөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

            “...Д.Алимаа гуайгаас 2013 онд хулсан ташуур авч хэрэглэсэн боловч ташуурыг өөрийн болгоомжгүйн улмаас галын ойр тавьж бага зэрэг шатаасан. Түүнийг төлөх бэлэн мөнгөгүй тул хүнээс шинэ хулсан ташуурыг унагатай гүүгээр худалдан авч төлөх хүсэлтэй байна.” гэжээ. 

            Зохигч талуудаас шүүхэд ирүүлсэн “Эвлэрлийн гэрээ”-нд:

            “...Д.Алимаагаас Ё.Гантөмөрт холбогдуулан эд хөрөнгийн хохиролд 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ё.Гантөмөртэй харилцан тохиролцож, нас залуу унагатай гүүг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр авахаар болж, эвлэрлийн гэрээг байгуулав.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Г.Алимаа нь хариуцагч Ё.Гантөмөрт холбогдуулан эд хөрөнгийн хохиролд 1,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргажээ. 

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч талууд нэхэмжлэлийн шаардлага болох эд хөрөнгийн хохирол 1,000,000 төгрөгийн оронд нас залуу унагатай гүүг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тооцож авахаар эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

            Иймд дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Г.Алимаагийн нэхэмжлэлтэй, Ё.Гантөмөрт холбогдох эд хөрөнгийн хохиролд 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нас залуу унагатай гүүг 1,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэгчид 2016 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн дотор өгч нэхэмжлэлийн шаардлагыг барагдуулах нөхцөлтэй эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн банкны 211000020815 тоот данснаас 14,275 төгрөгийг, мөн хариуцагч Ё.Гантөмөрөөс 14,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Алимаад олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА