Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/01179

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 12 210/МА2023/01179

 

 

Н.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/01154 дугаар шийдвэртэй,

Н.С-ын нэхэмжлэлтэй,

О.Т-д холбогдох,

6,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.С-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбулган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2022 оны 09 сарын 16-ны өдөр О.Т-гээс Лексус Ар Икс-450 (Lexus RX-450) маркийн автомашиныг 65,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Автомашиныг аваад маргааш нь унаад явахад дуугараад эхлэхэд нь О.Т-д утсаар хэлсэн. Таван богд авто сервис болон өөр 2-3 газарт үзлэг оношилгоо хийлгэхэд кроп солиулах шаардлагатай гэсэн. 2022 оны 10 сарын 12-ны өдөр О.Т-гийн 11111111 дугаарт утас руу ярьж, очиж уулзахад автомашиныг засаж өгч чадахгүй гэсэн. Кропыг 6,500,000 төгрөгөөр засуулсан. Мөн автомашины хойд хэвтээ тэнцүүлэгч, хойд босоо тэнцүүлэгч солиулахад 2,450,000 төгрөгийн зардал гарсан. Иймд хариуцагчаас 8,950,000 төгрөг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа 2,450,000 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас автомашин кроп солиулсны үнэ 6,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Н.С- нь О.Т-гээс Лексус Ар Икс-450 (Lexus RX-450) маркийн автомашиныг худалдан авсан. Тухайн автомашины мотор, кропт хариуцагч баталгаа өгөөгүй. Нэхэмжлэгч нь автомашиныг худалдаж авсны дараа хариуцагчид автомашины тосыг сольж байна гэж хэд хэдэн удаа утсаар хэлсэн байдаг. Улмаар 2022 оны 10 сарын 18-ны өдөр автомашины кропыг сольж байгаа тул мөнгийг нь төл гэж шаардсан. Талуудын хувьд анхнаасаа мотор, кропт баталгаа өгөөгүй тул солиулсан төлбөрийг хариуцах үндэслэлгүй. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар нэхэмжлэгчийн хувьд эд хөрөнгийг хүлээн авснаас хойшхи эвдрэл гэмтлийг өөрөө хариуцах үүрэгтэй. Нэхэмжлэгч нь хариуцагчийг эд хөрөнгийн доголдолтой буюу эвдрэлтэй автомашин худалдсан гэж тайлбарладаг ч Иргэний хуулийн 251 дүгээр зүйлд зааснаар худалдсан эд хөрөнгийг худалдах үед доголдолтой байсан гэдгийн нотлоогүй, баримтаа гаргаагүй. Мөн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар хариуцагч О.Т-гээс Lexus RX-450 маркийн автомашины кропны үнэ 6,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.С-т олгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар О.Т-гээс автомашины хойд хэвтээ тэнцүүлэгч, хойд босоо тэнцүүлэгчийг солиулахад гаргах зардал 2,450,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас Н.С- татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,100 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Т-гээс улсын тэмдэгтийн хураамжид 118,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.С-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, хуулийг буруу тайлбарлан үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг ноцтой зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар шаардах эрхтэй гэж үзэхдээ Иргэний хуулийн 255 дүгээр зүйлийн 255.1-д зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд шаардах эрхээ алдана гэсэн заалтыг харгалзаагүй.

Энэ нь талууд тээврийн хэрэгслийг худалдахдаа заавал оношилгоо хийлгэн эд хөрөнгийн эрхийн доголдлыг мэдэх боломжтой байсныг анхаараагүй. Хариуцагчийн автомашин доголдолтой байсныг тухайн хөрөнгө шилжсэн өдрөө ямар ч доголдолгүй байсныг нотлох үүднээс оношилгоо хийгдсэн баримтыг үнэлээгүй буюу нэхэмжлэгч Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар худалдсан эд хөрөнгө биет байдлын доголдолтой байсан гэж үзэх нотлох баримт болон үйл баримт ирүүлээгүй байхад хариуцагчид хохиролтой шийдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн тайлбарыг харгалзахгүй, уг автомашины батарей, тормозны гэрэл сольж өгсөн баримтыг буруу үнэлж анхнаасаа доголдолтой байсан үзэж шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлд зааснаар тухайн өдрөө эд хөрөнгийг хүлээж авсанд тооцох хуулийн шаардлагад нийцсэн үйлдэл хийж нэхэмжлэгч Н.С-ын өмчлөлд шилжсэн атал шилжүүлснээс хойшхи эвдрэл гэмтлийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 255.1-д зааснаар шаардах эрхээ алдсан байхад нэхэмжлэгчид ашигтай шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч автомашины батарей, тормозны гэрэл сольж өгсөн гэх тайлбар нь үндэслэлгүй. Эд хөрөнгийг хүлээж авахад оношилгоонд оруулчихсан байсан болохоор доголдлыг мэдэх боломжгүй байсан. Автомашиныг 100 метр газар унаж үзсэн. Тээврийн хэрэгсэл ямар ч асуудалгүй, ажиллагаа хэвийн гээд 6 сарын баталгаа гаргаж өгнө гэж хэлсэн учраас худалдаж авсан. Худалдаж авсан орой нь автомашины тормоз дээр гишгэхэд муухай дуугараад байсан. Маргааш өглөө нь хариуцагчид энэ талаар хэлэхэд наад машин чинь олон хоног яваагүй учраас дуугарч байгаа юм гэсэн. Мөн чек нь асчихсан. Батарей нь суучихсан байх та 3-4 хоног унаад үзээрэй гэсэн. Би 3, 4 хоногийн дараа автомашины оношилгооны газарт оношлуулахад тормозны аппарат болон батарей нь муудсан байна гээд сольсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Н.С- нь хариуцагч О.Т-д холбогдуулан худалдан авсан автотээврийн хэрэгслийн хурдны хайрцаг солиулсны зардал 6,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Н.С- нь хариуцагч О.Т-гээс 2022 оны 09 сарын 16-ны өдөр Лексус Ар Икс-450 (Lexus RX-450) маркийн автотээврийн хэрэгслийг 65,500,000 төгрөгөөр худалдан авч, мөн өдөр уг автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэж, улсын дугаар олгожээ.

Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.

 

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд зохигчийн хооронд уг автотээврийн хэрэгслийг талууд худалдах-худалдан авах үед хурдны хайрцаг нь доголдолтой байсан эсэх, түүнийг худалдан авагч мэдэх боломжтой байсан эсэх нь маргааны зүйл болжээ.

Нэхэмжлэгчээс уг автотээврийн хэрэгслийг худалдан авсны маргааш буюу 2022 оны 09 сарын 17-ны өдрөөс хурдны хайрцаг нь дуугарч эхэлсэн, энэ тухай хариуцагчид тэр даруй мэдэгдэхэд янзлуулж чадахгүй гэсэн тул оношлуулж, улмаар хурдны хайрцгийг солиулсан гэж, хурдны хайрцгийн үнэ 6,500,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Хариуцагчаас уг авто тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч үзээд авсан, худалдан авсны дараа хурдны хайрцгийн тосыг солиулж байна гэж ярьсан, 2022 оны 10 сарын 18-ны өдөр хурдны хайрцгийг солиулж байгаа мөнгийг нь төл гэсэн, ямар нэг баталгаа өгөөгүй тул зардлыг хариуцахгүй гэж нэхэмжлэлээс татгалзсан.

 

5. Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт Ашиглагдаж байгаад импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг техникийн оношилгоонд оруулж, стандартын шаардлага хангуулсны дараа улсын бүртгэлд бүртгэж, дугаар олгоно гэж зааснаар тус Лексус Ар Икс-450 (Lexus RX-450) маркийн автотээврийн хэрэгслийг 2022 оны 08 сарын 18-ны өдөр Монгол Улсад импортолж, 2022 оны 09 сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэж, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, дугаар олгожээ.

Тухайн автотээврийн хэрэгсэлд улсын дугаар олгосон нь тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт тэнцсэн буюу Монгол Улсад ашиглах стандартын шаардлага хангасныг илэрхийлэх баримт бичиг гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар автотээврийн хэрэгслийг хүлээж авах үедээ хурдны хайрцагны доголдлыг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж дүгнэх боломжгүй байна.

Тодруулбал, тухайн автотээврийн хэрэгслийн хурдны хайрцагны гэмтлийг нэхэмжлэгч хүлээн авах үедээ илрүүлэх боломжгүй доголдол гэх үндэстэй. Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д "техникийн хяналтын үзлэг" гэж автотээврийн хэрэгслийн техникийн байдлыг тусгай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан, оношлогчийн мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагад тулгуурлан, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхэд үзлэг хийж шалгах, тодорхойлох, үнэлэх үйл ажиллагааг хэлнэ заасны дагуу техникийн хяналтын үзлэгийг тусгай багаж хэрэгслийн тусламжтайгаар, тухайн мэргэжлийг эзэмшсэн этгээд гүйцэтгэх ажиллагаа байх тул нэхэмжлэгч автотээврийн хэрэгслийг худалдан авах үедээ уг доголдлыг өөрөө илрүүлэх боломжтой гэж үзэхгүй.

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

5. Нэхэмжлэгчийн хариуцагчаас худалдан авсан Лексус Ар Икс-450 (Lexus RX-450) маркийн автотээврийн хэрэгслийн хурдны хайрцаг гэмтэлтэй байсан, нэхэмжлэгч хурдны хайрцгийг солиулсан нь зохигчийн тайлбар, Даймонд лоу ХХК-ийн 2022 оны 10 сарын 18-ны өдрийн төлбөрийн нэхэмжлэх, мөн өдөр нэхэмжлэгчээс 6,500,000 төгрөгийг хурдны хайрцаг солиулсны төлбөрт шилжүүлсэн баримтаар тус тус тогтоогдсон байна.

Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.С- нь худалдан авсан Лексус Ар Икс-450 (Lexus RX-450) маркийн автотээврийн хэрэгслийн хурдны хайрцаг солиулсны зардлыг хариуцагч О.Т-гээс шаардах эрхтэй, хариуцагч уг доголдлыг арилгах үүрэгтэй.

 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн баталгаат хугацааны талаарх зохицуулалтыг хэрэглэн нэхэмжлэгчийн доголдлыг арилгахад гаргасан зардлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь оновчгүй, хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 гэснийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэг гэж өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/01154 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 254 дүгээр зүйлийн 254.6-д гэснийг 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ