Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 40

 

 

 

 

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуасай овогт Т.Б-д холбогдох 1921000130016 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1959 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн механик мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар баг ... тоотод оршин суух, 2010 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2017 онд “Алтангадас” одонгоор тус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, Хуасай овогт Т.Б

 

Шүүгдэгч Т.Б нь Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн нутаг Энхболд гэх айлын хашааны урд талын зам дээр 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 12 цаг 30 минутын орчимд ... улсын дугаартай “Старикс” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсний улмаас явган зорчигч Ө.Ө-ийг мөргөж, амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/      

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.

 

Хохирогч Ө.Өлзийбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Оршуулгын зардал нийт 7800.000 төгрөг болсон. Хохирлоо бүрэн авсан. Надад нэмж хэлэх зүйлгүй” гэжээ. /хх-ийн 31 тал/

 

Гэрч Ю.Адъяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 27-ны орой Баян-Уул суманд ирж хүргэн Болдоогийнд хоносон. 28-ны өглөө Болдоо, Төгсөө, нэг танихгүй хүнтэй хамт байж байхад талийгаач Ө.Ө нэг шил 0.75 граммын Ерөөл архи бариад орж ирсэн. Архийг нь бид хэд хувааж ууж дуусгахад талийгаач явлаа гэсэн. Би талийгаачийг хашаанаас гаргаж өгөхөд баруун талаас саарал өнгийн авто машин ирж явсан. Талийгаач машиныг хараад “Шар дарга ирж байна” гээд өөдөөс нь хоёр гараа алдлаад алхаж машины урдуур орж мөргүүлээд газар унаад хөдлөхгүй болсон ...” гэжээ. /хх-ийн 34-35 тал/

 

Цагдаагийн газрын замын цагдаагийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 тоот актын дүгнэлтэд

            1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.2.а “Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна”, 3.7.а “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” 12.3 ”Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

 

2. “Hyundai Starex 3”  маркийн ... ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Б нь замын хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас осол болох гол шалтгаан болсон байна.

3. “Hyundai Starex 3”  маркийн ... ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ... хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн, замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна.

4. Цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс Түвдэн овогтой Т.Б .....регистрийн дугаараар лавлагааг авахад A-803661 жолооны эрхийн үнэмлэхтэй, хүчинтэй байна.

5. Явган зорчигч Ө.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.2.б “Аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх, 5.2.д “Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн байна. гэжээ. /хх-ийн 49-50 тал/

 

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11 тал/

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17 тал/

- Гэрч Ж.Цэнд-Аюушийн мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/

- Гэрч Д.Энхболдын мэдүүлэг /хх-ийн 38 тал/

     - Гэрч Х.Баттөгсийн мэдүүлэг /хх-ийн 43 тал/

     - Гэрч Ө.Өлзийбатын мэдүүлэг /хх-ийн 39 тал/

     - Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13 тоот актын дүгнэлт /хх-ийн 46 тал/

     - Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 12 тоот актын дүгнэлт /хх-ийн 60 тал/

     - Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 12 тоот задлан шинжилгээ хийсэн актын дүгнэлт /хх-ийн 58 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Хуасай овогт Т.Б нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 12 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багт байрлах Д.Энхболдын хашааны урд талын замаар ..... ДОА улсын дугаартай “Hyundai Starex 0” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсний улмаас явган зорчигч Ө.Ө-ийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...өөрийнхөө эзэмшлийн ... ДОА улсын дугаартай старекс маркийн машиныг жолоодоод Дамбын Болдоо гэх айлын хашааны урд талаар өнгөрдөг төв замаар баруунаас зүүн зүгт явж байхад талийгаач залуу зам руу алхаж гарч ирээд гараа алдлаад машины өөдөөс ирэхээр нь би тойрох гээд эсрэг урсгал руу орсон боловч сандраад машинаа зогсоож чадалгүй талийгаачийг мөргөсөн...” гэх мэдүүлэг,

хохирогч Ө.Өлзийбат, гэрч Д.Энхболд, Х.Баттөгс, Ю.Адъяа, Ж.Цэнд-Аюуш нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Цагдаагийн газрын замын цагдаагийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 тоот актын дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн задлан шинжилгээ хийсэн 12 тоот акт, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 12 тоот, 04-ний өдрийн 13 тоот актын дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч Т.Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Б-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Т.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.

 

 

 

Энэ гэмт хэргийн улмаас Ө.Ө-ийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн төлөөлөгч Ө.Өлзийбат нь “Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Оршуулгын зардал нийт 7800.000 төгрөг болсон. Хохирлоо бүрэн төлсөн” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Бын эзэмшлээс ... ДОА улсын дугаартай "Hyundai Starex O" маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдаж ирсэн "Hyundai Starex O" маркийн 02197666 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Б-д буцаан олгох, түүний ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хуасай овогт Т.Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.Б-д тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Б-д тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Т.Бд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Б-ын эзэмшлээс ... ДОА улсын дугаартай "Hyundai Starex O" маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдаж ирсэн "Hyundai Starex O" маркийн 02197666 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Б-д буцаан олгож, түүний ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ