Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Галбадрахын Солонго |
Хэргийн индекс | 144/2016/00055/И |
Дугаар | 100 |
Огноо | 2016-06-17 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо 14-р хороолол, 34-р байр, 26 тоотод оршин суух, Заяабуянт овогт Цэцэг-Өлзийгийн Цэсэннамид /РД:КЙ83041560/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Баянхөөврийн 19-11 тоотод оршин суух, Дархан овогт Түвшинтөгсийн Амарбаатар /РД:КЮ83120770/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Цэцэг-Өлзий, хариуцагч Т.Амарбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэсэннамид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“Ц.Цэсэннамид би Т.Амарбаатартай 2006 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэрлэлтийн 0010 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2007 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүү А.Алтандөш, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр охин А.Анунгоо төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү, охин хоёр маань Ц.Цэсэннамидын асрамжид өсч торниж байна. Одоо Т.Амарбаатар нь Б.Мянгантуяатай гэр бүл болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон учраас бидний гэрлэлтийг цуцалж, хүү А.Алтандөш, охин А.Анунгоо нарыг миний асрамжид үлдээж, эцэг Т.Амарбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Т.Амарбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:”Түвшинтөгс овогтой Амарбаатар миний бие нь Цэцэг-Өлзий овогтой Цэсэннамидтай 2006 оны 01-р сарын 28-нд гэрлэлтийн 0010 тоот батлахаар гэр бүл болсон.
Бид хамтран амьдрах хугацаандаа 2007 оны 04-р сарын 21-нд хүү А.Алтандөш, 2012 оны 06-р сарын 13-нд охин А.Анунгоо төрсөн. Бид зан харилцаа тохирохгүй учраас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2013 оны 10 сараас тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү, охин хоёр маань эх Ц.Цэсэннамидийн асрамжид амьдарч байгаа тул гэрлэлт цуцалж өгнө үү.
Ц.Цэсэннамид нь хамт амьдарч байх хугацаандаа буюу 2012 оны 11-р сарын 05-ны өдөр надад мэдэгдэлгүй миний гарын үсгийг хуурамчаар зурж зээл авсан байх тул шинжээч томилж миний гарын үсэг мөн эсэхийг тогтоолгож дүгнэлт гаргуулж, зээл өгсөн эдийн засагч Э.Уранчимэг болон Ц.Цэцсэннамид нарыг шалгаж өгнө үү. Ц.Цэсэннамидийн төрийн банкны 339 тоот зээлийн гэрээгээр 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хийсэн /хүүтэйгээ нийт 14,946,625 төгрөгийн зээл/-ийг эхнээс нь одоог хүртэл хугацаанд төлсөн. Одоо төрийн банкны зээл нь 1,155,489 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Иймд дээрх зээлэнд төлсөн мөнгийг хүүхдийн тэтгэлгээс хасч өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Цэсэннамид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид тусдаа амьдарч эхэлсэнээс хойш Улаанбаатарт 2 хүүхдийн хамт бас дүүтэйгээ ам бүл 4 хамт сарын 600.000 төгрөгийн түрээсийн байранд амьдарч байгаа. 2 хүүхэд тэнд сургуульд сурч байгаа учраас цаашдаа Улаанбаатарт суурьшиж амьдрах болно. Тиймээс гэрлэлтээ цуцлуулаад 2 хүүхдэд тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ” гэв.
Хариуцагч Т.Амарбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 2006 оноос 2013 он хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд 2 хүүхэдтэй болсон. Өөрөө гэнэт салаад явсан. Би хүрээд ир гэж зөндөө гуйсан боловч ирээгүй би хүлээж 2 жил ганцаараа амьдарсан. Би одоо өөр хүнтэй хамтран амьдарч байгаа. 2003 оны 03 дугаар сарын 21-ний өдөр миний гарын үсгийг зураад 10 сая төгрөгийн зээл авсан байсан. Тэгээд Цэсэннамид намайг банкны зээлээ төлөөд дуусгачих юм бол би хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн. Тэгээд банкны зээл төлөөд дуусахад хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэж нэхэмжлэл гаргасан” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэсэннамид нь хариуцагч Т.Амарбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид болох Ц.Цэсэннамид, Т.Амарбаатар нар нь 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болсон нь гэрлэлтийн гэрчилгээгээр /хх-ийн 06 дугаар тал/, гэрлэгчдийн дундаас 2007 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүү А.Алтандөш төрсөн болох нь 2007 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №00240064175 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 04 дүгээр тал/, 2012 оны 06 дугаар сарын 13-нд охин А.Анунгоо төрсөн болох нь 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №0000772058/066 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар /хх-ийн 07 дугаар тал/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Ц.Цэсэннамид, Т.Амарбаатар нар зан харьцааны таарамжгүй байдлын улмаас таарч тохирохгүй болж, 2013 оны 11 дүгээр сараас 03-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн эвлэрүүлэн зуучлалд гаргасан хүсэлтийг шүүхээс хүлээн авч ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогджээ.
Хариуцагч Т.Амарбаатар нь хариу тайлбартаа тусдаа амьдрах болсноос хойш хүү охин хоёр маань эх Цэсэнамидийн асрамжид амьдарч байгаа, хүүхдийн асрамжийн хувьд маргахгүй, гэрлэлт цуцалж өгнө үү гэсэн тайлбар ирүүлсэн нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нотлох баримтад дүгнэлт хийж үзэхэд гэрлэгчид гэр бүлийн маргаан, таарамжгүй харилцааны улмаас одоо тусдаа амьдарч байгаа, хүүхдийн асрамжийн хувьд маргахгүй гэсэн тайлбар зэргийг үндэслэн шүүхийн шатанд гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ аваагүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 26 дугаар зүйлийн 26.2 болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэй, хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Ц.Цэсэннамид Т.Амарбаатар нар нь хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоон эцгээр нь тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2007 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүү А.Алтандөш, 2012 оны 06 дугаар сарын 13-нд охин А.Анунгоо нарыг эх Ц.Цэсэннамидийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт тус тус зааснаар тэднийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр эцэг Т.Амарбаатараар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Амарбаатараас 70.200 төгрөгийг гаргуулан Ц.Цэсэннамидад олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Заяабуянт овогт Цэцэг-Өлзийгийн Цэсэннамид, Дархан овогт Түвшинтөгсийн Амарбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2007 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүү А.Алтандөш, 2012 оны 06 дугаар сарын 13-нд охин А.Анунгоо нарыг эх Ц.Цэсэннамидийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2007 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүү А.Алтандөш, 2012 оны 06 дугаар сарын 13-нд охин А.Анунгоо нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр эцэг Т.Амарбаатараар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Амарбаатараас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Цэсэннамидад олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Амарбаатар нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Ц.Цэсэннамид нь Т.Амарбаатарыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО