| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0004/э |
| Дугаар | 0043 |
| Огноо | 2018-12-31 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 0043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Отгонмаа
улсын яллагч: Н.Гэрэлмаа
өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Энх-Эрдэнэ
өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Ж.Л
өсвөр насны шүүгдэгч: Л.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Л А холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806060121809 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Өсвөр насны шүүгдэгч Монгол Улсын иргэн, Т овогт Л А, 20 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, сургуульд сурдаггүй, ам бүл 2, эцгийн хамт Хан-Уул дүүргийн дугаар хороо Дэнжийн дүгээр гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:,
Холбогдсон хэргийн талаар:
Л.А нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газарт насанд хүрээгүй Б.М хэрэглэж байсан ХААН банкны картыг ундаа авчихаад ирье гээд хуурч мэхлэх аргаар залилан авч картнаас нь 2.000.000 төгрөгийг авсан,
Мөн 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг 17 дугаар байрны гадна байсан 08-68 УБЧ улсын дугаартай Приус 20 маркийн автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Өсвөр насны шүүгдэгч Л.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Л шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Би амралтын газарт автобус барьдаг. Алтаншагай манай эгчийнд багаасаа өссөн. Ээж нь багад нь Солонгос улс руу хаяад явсан. Би бүх юмыг нь хангаад, ажил хийгээд завгүй байдаг. Сүүлийн үед ПС тоглоомийн газарт л байда болсон. Би Шар хаданд хүртэл хэвтүүлж эмчлүүлсэн. Шүүх дээр ирээд 14 хоног хайсан. Дүүгийн хүүхдээр хайлгаад олж авсан гэв.
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 9/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 10/
Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоолд: Ж.Б Б.М хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байна.
Насанд хүрээгүй хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдөр би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрийн хажууд байдаг интернет тоглоомын газар байж байхад нэг зүс танихгүй ах чамд мөнгө байна уу би өсгөөд өгий гэхээр нь би яаж өсгөх юм бэ гэхэд интернет тоглоомоор тоглодог покер байдаг юм 1 цагийн дотор өсгөөд өгий гэхээр нь би аавын карт болох Хаан банкны картнаас 250.000 төгрөг эхэлж авч өгөхөд тэр мөнгийг алдсан. Тэгэхээр нь дахин би 160.000 төгрөг картнаас авч өгсөн. Харин тэр ах 160.000 төгрөгийг минь өсгөчихлөө 300 доллар болгочихлоо харин чамд гаргаж өгөх гэсэн чинь кодлогдчихлоо гэж хэлж би чамд маргааш нотариатаар ороод аваад өгий гэж хэлж бид хоёр маргааш өдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 15.00 цагийн орчимд уулзаж эхэлж орчуулгын газар очиж юм орчуулсан харин тухайн үед нотариат олдоогүй юм. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 9-ны өдөр аавын мөнгийг үрчихсэн болохоор гэртээ очихоос айгаад Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байдаг интернет тоглоомын газар нэг танихгүй хүүхэдтэй танилцаад хоносон. 2018 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-ны шилжих шөнө цуг интернет тоглоомын газар хонож байсан хүүхэд миний картыг авч ундаа авч ууна гэж миний картыг гарнаас булааж аваад зугтаачихсан тэгээд буцаж ирээгүй юм гэжээ. /хх-н 12-14/
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 7 дугаар сарын 9-ны өдөр РС тоглоом хамт тоглодог зүс таних А, М бид гурав их дэлгүүрийн хажуу талын РС тоглоомын гадаа зогсож байгаад Атухайн үед би наад РС тоглоомын газар чинь тоглохгүй гээд яваад өгсөн. Тэгтэл М аавыг ирэхээс өмнө мөнгийг нь олчихмоор байна гээд байсан. Тэгэхээр нь би М чи надад мөнгө өгчих тэгээд хоёулаа хамт БИТ тоглоод би мөнгийг чинь өсгөөд өгий гэсэн. Тэгээд М надад 250.000 төгрөг өгсөн. Бид хоёр хамт тоглоод мөнгөө алдсан. Тэгээд дахин М мөнгө байгаа юу гэхэд байгаа гэсэн. Тэгэхээр нь би чи тэгвэл надад 150.000 төгрөг өгчих гэхэд зөвшөөрсөн. М тэгээд яваад өгөхөөр нь би тоглоод 400.000 төгрөг хожсон. Тэгээд би М чатаар холбогдоод би чиний мөнгийг олчихлоо хаана байна гэхэд А бид хоёр 13 дугаар хороололд байдаг тоглоомын газар хонож байна гэсэн. Тэгээд бид хоёр өглөө нь уулзахаар болсон. 2018 оны 7 дугаар сарын 10-ны өглөө би М Их дэлгүүрийн ойролцоох тоглоомын газрын гадаа хүлээгээд ирээгүй. Тэгэхээр би гэрлүүгээ явчихсан. Гэртээ ороод байж байтал М уйлаад манайд хүрээд ирсэн. Яасан бэ гэсэн чинь Аминий виза картыг аваад зугтчихлаа гэсэн. Тэгээд бид хоёр А хайгаад олоогүй. Тэгж явж байхад М аав нь залгаад ажилтай болчихлоо хүрч ирээд дүүгээ хар гэсэн. Тэгэхээр нь би одоо үнэнээ хэлчихээ гэж хэлсэн. Би гэртээ очоод удаагүй байж байтал М аавтайгаа мөн цагдаагийн хамт манайд ирсэн. Би цагийн ажил хийдэг болохоор хааяа РС тоглодог юм. Би энэ хоёр хүүхэдтэй тоглоомын газар танилцсан. А байнга тоглоод явж байдаг юм гэжээ. /хх-н 20-21/
Гэрч Ж.Лодон мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2000 онд Г гэх эмэгтэйтэй сууж хамтран амьдрах болсон. 2001 онд хүү А төрсөн. 2004 онд Г Солонгос яваад эргэж ирээгүй. Ямар нэгэн холбоо байхгүй болсон. Тэндхийн иргэн болсон сурагтай байсан. Манай хүү ээж нь явсанаас хойш манай эгч Н гэрт амьдрах болсон. Миний эгч Н өсгөж хүн болгосон юм. Одоо манай эгч Н гэрт амьдардаг юм. А 9 дүгээр анги л төгссөн. Миний хүү зүгээр энгийн зан ааштай гэжээ. /хх-н 27-28/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 79-83/
Хохирогч Ж.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын 16-ны шөнө нөхөр Ц.Б нас барсан бөгөөд миний хувьд бие муу сэтгэл санаа тавгүй байсан. 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр талийгаачийн өөрийн эзэмшлийн 0868 УБЧ улсын дугаартай цагаан өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан. Би түүнийг нь тухайн үед мэдээгүй байсан юм. Талийгаачийн машины түлхүүр хаана байсныг би мэдээгүй. Манай хүргэн Х хамгийн сүүлд түлхүүрийг нь авч явсан юм байлаа. Сүүлд нь манай машин СХД-ийн цагдаагийн газар дээрээс олдсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга гэжээ. /хх-н 84-86/
Гэрч Х.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 20.00 цагийн орчимд талийгаач аавынхаа УБЧ улсын дугаартай сувдан цагаан өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 50 мянгатын 17 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд зогсоолд байрлуулан тавиад гэртээ орсон. Ороод түлхүүрээ том өрөөний ширээн дээр тавьсан. Тухайн үед манайд манай эхнэр Б манай эмэгтэй дүү Э мөн 5-8 насны 2 хүүхэд л байсан. Манай хадам аавын ажил явдал манай хажуу талын байранд болж байгаа бөгөөд оройны 21.00 цагийн үед манай хамаатны дүү Э талийгаачийн машиныг унаад харих гээд машины түлхүүр олдохгүй байсан учраас Э машинаа орхиод явсан. Үүний дараа 00.00 цагийн орчимд ажил явдал болж байгаа байранд оччихоод эргээд гэрлүүгээ орох үед машин байрандаа байж байсан. 2018 оны 6 угаар сарын 19-ны өглөө манай төрсөн хүү Х.М хажуу талын байрнаас орж ирээд гадаа машин байхгүй байна гэхээр нь цонхоороо хартал байхгүй болсон байсан. Тэгээд бүх хамаатан садан руугаа утасдахад авч явсан хүн байхгүй байсан болохоор нь цагдаад хандсан. Машиныхаа түлхүүрийг одоо болтол олоогүй байна. Уг машиныг 2017 оны 1 дүгээр сард 11.0 сая төгрөгөөр авч байсан юм гэжээ. /хх-н 87-88/
Гэрч Х.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 50 мянгатын 17-6 тоот болон 13 дугаар байрны 28 тоот хоёрын хооронд гэрийхэндээ туслаж явж байгаад шөнийн 00.00 цаг өнгөрч байхад 17 дугаар байрнаас гэрээсээ гараад эмээгийнхээ 13 дугаар байр луу очиж хонох гээд гарах үед талийгаач өвөөгийн УБЧ улсын дугаартай сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл манай орцны үүдэнд байсан бөгөөд өглөө 07.00 цаг өнгөрч байхад эмээгийнхээс гараад гэртээ орох гэтэл өчигдөр үүдэнд байсан машин байхгүй байхаар нь хамаатнуудаас юманд авч явсан юм байна гэж бодсон. Тэгээд гэртээ ороод машин байхгүй байна хэн нэг нь унаж явсан юм уу гэхэд аав цонхоор хараад бүх хамаатанруугаа асуухад хэн ч авч яваагүй байсан. Тэгээд цагдаад хандсан гэжээ. / хх-н 90-91/
Гэрч В.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Дэнжийн 9-371 тоотод Ж Л түүний хүү Л А нар бүртгэлтэй боловч оршин суудаггүй юм. нь хааяа манай энэ хавиар явж харагддаг юм. Ер нь байнгын согтуу явж байдаг юм байлаа. Намайг хэсгийн ахлагч болсоноос хойш эхнэр гэж байгаагүй. Л нь хүүхэддээ хараа хяналт сул тавьдаг. А нь ихэвчлэн Л хүргэн ах Э гэрээр байдаг бөгөөд гэмгүй хүмүүжилтэй, мөрөөрөө явж байдаг хүүхэд. 2 жилийн өмнөөс энэ хавиар харагдахаа больсон. Л, А нар нь хаягандаа байдаггүй болохоор хорооноос явуулж байгаа ямар нэгэн халамж үйлчилгээнд хамрагддаггүй юм. ХУД-ийн 8 дугаар хороо Дэнжийн тоотод Л хүргэн ах Э нь гэр бүлийн хамт амьдардаг. Манай энд амьдардаг байхдаа А нь даруу төлөв зантай хүүхэд байсан гэжээ. /хх-н 92/
Өсвөр насны шүүгдэгч Л.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын дундуур би хуучны танил байрны хүүхдүүдтэйгээ Улсын их дэлгүүрийн тэнд тоглоомын талбай дээр хамт тоглож байгаад тэр хүүхдүүдтэй пиво уусан. Бид нар гурвуулаа байсан. Би нэг шил пиво уусан. Тэгээд гэр гэртээ харихаар болоод бид нар салаад явсан. Би ямар нэгэн осол гаргаагүй. Би машинд ямар нэгэн сэв суулгаагүй гэжээ. / хх-н 97-98/
Л.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 55-56, 99-100/
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоолд: Л.А төрсөн эцэг Ж.Л хууль ёсны төлөөлөгчөөр тогтоожээ. /хх-н 56,122/
Л.А иргэний үнэмлэхийн лавлагаагаар иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй гэжээ. /хх-н 32 /, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 30, 111/
Л.А Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 52, 71/, прокурорын тогтоол /хх-н 53-54, 69-70/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 57-58, 123-126/
2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 438 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолд: Л.А холбогдох 1811018251035 дугаартай хэргийг 1806060121809 дугаартай хэрэгт нэгтгэсүгэй гэжээ зэрэг болно.
Л.А нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газарт насанд хүрээгүй Б.М хэрэглэж байсан ХААН банкны картыг ундаа авчихаад ирье гээд хуурч мэхлэх аргаар залилан авч картнаас 2.000.000 төгрөгийг авсан,
Мөн 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг 17 дугаар байрны гадна байсан УБЧ улсын дугаартай Приус 20 маркийн автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... аавын мөнгийг үрчихсэн болохоор гэртээ очихоос айгаад Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байдаг интернет тоглоомын газар нэг танихгүй хүүхэдтэй танилцаад хоносон. 2018 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-ны шилжих шөнө цуг интернет тоглоомын газар хонож байсан хүүхэд миний картыг авч ундаа авч ууна гэж миний картыг гарнаас булааж аваад зугтаачихсан тэгээд буцаж ирээгүй юм гэсэн мэдүүлэг /хх-н 12-14/
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Гэртээ ороод байж байтал М уйлаад манайд хүрээд ирсэн. Яасан бэ гэсэн чинь А миний виза картыг аваад зугтчихлаа гэсэн. Тэгээд бид хоёр А хайгаад олоогүй. Тэгж явж байхад М аав нь залгаад ажилтай болчихлоо хүрч ирээд дүүгээ хар гэсэн. Тэгэхээр нь би одоо үнэнээ хэлчихээ гэж хэлсэн. Би гэртээ очоод удаагүй байж байтал М аавтайгаа мөн цагдаагийн хамт манайд ирсэн гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/
Хохирогч Ж.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...талийгаачийн өөрийн эзэмшлийн 0868 УБЧ улсын дугаартай цагаан өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан. Би түүнийг нь тухайн үед мэдээгүй байсан юм. Талийгаачийн машины түлхүүр хаана байсныг би мэдээгүй. Манай хүргэн Х хамгийн сүүлд түлхүүрийг нь авч явсан юм байна лээ. Сүүлд нь манай машин СХД-ийн цагдаагийн газар дээрээс олдсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга гэсэн мэдүүлэг /хх-н 84-86/
Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...00.00 цагийн орчимд ажил явдал болж байгаа байранд оччихоод эргээд гэрлүүгээ орох үед машин байрандаа байж байсан. 2018 оны 6 угаар сарын 19-ны өглөө манай төрсөн хүү Х.М хажуу талын байрнаас орж ирээд гадаа машин байхгүй байна гэхээр нь цонхоороо хартал байхгүй болсон байсан. Тэгээд бүх хамаатан садан руугаа утасдахад авч явсан хүн байхгүй байсан болохоор нь цагдаад хандсан. Машиныхаа түлхүүрийг одоо болтол олоогүй байна. Уг машиныг 2017 оны 1 дүгээр сард 11.0 сая төгрөгөөр авч байсан юм гэсэн мэдүүлэг /хх-н 87-88/
Гэрч Х.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн :...талийгаач өвөөгийн 0868 УБЧ улсын дугаартай сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл манай орцны үүдэнд байсан бөгөөд өглөө 07.00 цаг өнгөрч байхад эмээгийнхээс гараад гэртээ орох гэтэл өчигдөр үүдэнд байсан машин байхгүй байхаар нь хамаатнуудаас юманд авч явсан юм байна гэж бодсон. Тэгээд гэртээ ороод машин байхгүй байна хэн нэг нь унаж явсан юм уу гэхэд аав цонхоор хараад бүх хамаатан руугаа асуухад хэн ч авч яваагүй байсан. Тэгээд цагдаад хандсан гэсэн мэдүүлэг /хх-н 90-91/
Өсвөр насны шүүгдэгч Л.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би ямар нэгэн осол гаргаагүй. Би машинд ямар нэгэн сэв суулгаагүй гэсэн мэдүүлэг /хх-н 97-98/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Л.А холбогдох хэргүүдийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Л.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгийг урьдын харилцааны үед бий болсон итгэлийг ашиглаж эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Л.А Б.М учруулсан хохирлыг түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Л гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэргийн улмаас Л.А нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдэхдэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах шаадлагатай байх тул түүнд хуульд заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Томолхонууд овогт Л А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг урьдын харилцааны үед бий болсон итгэлийг ашиглаж эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.А 3 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.А 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Л.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ял болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.А оногдуулсан 3 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нийт эдлэх ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1,3 дэх хэсэгт зааснаа оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
5.Энэ хэргийн улмаас Л.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Л. хууль ёсны төлөөлөгч Ж.Л 2.000.000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.М хууль ёсны төлөөлөгч Ж.Б олгосугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.А цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН