Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                         

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Их ус 2-3 тоотод байрлах “Хас банк”-ны Цогтцэций салбарын нэхэмжлэлтэй,

Ж.Жаргалсайханыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анхбаяр, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Хас банк”-ны Цогтцэций салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “...Иргэн Ж.Жаргалсайхан нь “Хас банк”-ны Цогтцэций салбараас 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1450001011 тоот барьцаат гэрээгээр 7,500,000 төгрөгийн зээлийг 30 хоногт 1.3 хувийн хүүтэй, автомашин худалдан авах зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авч, Ж.Жаргалсайханы 5 ханатай энгийн шалгүй гэр, тогтмол цалингийн орлогыг тус тус барьцаалсан. 2016 оны 03 дугаар сарын байдлаар Ж.Жаргалсайханы төлбөл зохих үндсэн зээл 3,587,932.29 төгрөг, хүү 2,045,567 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,022,923 төгрөг нийт 8,656,422.29 төгрөг болоод байна.

            Зээлдэгч зээл авах үедээ албан ёсны хаяг нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Нуурын 7-4 тоот, оршин суугаа хаяг нь Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Уурхайчин хороолол 5-129 тоотод оршин сууж, “Энержи ресурс” ХХК-ийн харьяа “Ухаа худаг ус хангамж” ХХК-д сантехинкчээр ажиллаж байсан бөгөөд 2012 оны 12 дугаар сард ажлаас халагдан Улаанбаатар хот нүүсэн. Ажлаас гарсан үеэс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин зөрчин зээлийн гэрээний эргэн төлөлтөө хугацаа хоцрон төлж байгаад 2013 оны 02 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон. 2013 оны 05, 06 дугаар саруудад Улаанбаатар хотын “Ханбүргэдэй” их дэлгүүрт сантехникчээр ажиллаж байсан гэсэн мэдээллийг Ж.Жаргалсайхантай 88301042 утсаар холбогдоход өгч байсан бөгөөд 2013 оны 07 дугаар сард тус дэлгүүрт очиж сураглахад ажлаас гарсан гэсэн мэдээлэл өгсөн. Ж.Жаргалсайхан /РД:ЧЗ70021272/-ы оршин суугаа хаяг тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү.”гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анхбаяр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “...Жадамба овогтой Жаргалсайхан нь Цогтцэций тооцооны төвөөс цалингийн зээл авсан. Тухайн үед “Ухаа худаг” ус хангаж компанид ажиллаж байсан. 2013 оны 05 дугаар сараас хойш сураггүй болсон. 2013 оны 5-6 сард Ханбүргэдэй худалдааны төвд ажиллаж байсан сураг гарсан. Тэнд нь очиход ажилаасаа гарсан байсан. 2013 оны 02 дугаар сараас өнөөг хүртэл зээл төлөгдөөгүй байна.” гэв.

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад                         

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Хас банк”-ны Цогтцэций салбар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Жаргалсайханыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч “Хас банк”-ны Цогтцэций салбар нь иргэн Ж.Жаргалсайхантай 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр цалингийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан автомашин худалдан авах зориулалтаар 7,500,000 төгрөгийг зээлсэн нь хэрэг авагдсан 1450001011 тоот гэрээний хуулбар, барьцаа хөрөнгийн жагсаалтын хуулбар, зээлийн эргэн төлөлтийн дансны хуулганы хуулбаруудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч “Хас банк”-ны Цогтцэций салбар нь уг гэрээний үүргийн биелэлтийг иргэн Ж.Жаргалсайханаас шаардах эрх үүссэн байх бөгөөд уг иргэн нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болжээ.

Харин иргэн Ж.Жаргалсайхантай хамгийн сүүлд банкны ажилтан 2013 оны 05, 06 дугаар саруудад Улаанбаатар хотын “Ханбүргэдэй” их дэлгүүрт сантехникчээр ажиллаж байгаа гэсэн мэдээллийг Ж.Жаргалсайхантай 88301042 утсаар холбогдоход өгч байсан бөгөөд 2013 оны 07 дугаар сард тус дэлгүүрт очиж сураглахад ажлаас гарсан гэсэн хариу өгсөн, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3 дугаар баг, Уурхайчин хороолол 5-129 тоотод оршин суух хаягтай боловч Өмнөговь аймгийн Цогтцэций суманд амьдардаггүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа зэрэг нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3 дугаар баг, Уурхайчин хороолол 5-129 тоотод оршин суух хаягтай Монгол овогт Жадамбын Жаргалсайхан /РД:ЧЗ70021272/-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3 дугаар баг, Уурхайчин хороолол 5-129 тоотод оршин суух хаягтай Монгол овогт Жадамбын Жаргалсайхан /РД:ЧЗ70021272/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Жадамбын Жаргалсайханыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож, хүсэлт гаргагч “Хас банк”-ны Цогтцэций салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анхбаяр /утас: 88104601/-т мэдэгдэхийг Өмнөговь аймгийн 3 дугаар тойргийн Ханбогд сум дахь Тахарын хэсэгт даалгасугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь  аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА