Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01218

 

2023.06.21 № 210/МА2023/01218 Магадлал

 

 

Х б-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 181/ШШ2023/00996 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Х б-ХХК

Хариуцагч: Ж И- ХХК

Хариуцагч: Н.З- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,771,807,038 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн, Г.Лхагвасүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Зээлдэгч Ж И- ХХК, Н.З- нар Х б-ХХК-аас 2019 оны 12 сарын 31-ний өдөр зээлийн гэрээ, 2000оны 01 сарын 09-ний өдөр барьцааны гэрээ тус тус байгуулан 3,200,000,000 төгрөгийн зээлийг бизнесийн зориулалтаар жилийн 16.2 хувийн хүү, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээнд 2000оны 04 сарын 10, мөн 2000оны 06 сарын 29-ний өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулж хугацааг 6 сараар сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн. 

Зээлийн барьцаанд Ж И- ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 00дугаар байр, 6 давхрын 160 м.кв, 106 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 20/01-р байр, 6 давхар тоот хаягт байршилтай 122 м.кв, 73 м.кв, 146 м.кв, 54 м.кв талбайтай нийт 6 ширхэг үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт орших нэгж талбарын 1460200400 дугаартай, 931 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг барьцаалуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон.

Зээлдэгч нар үндсэн зээлээс төлөөгүй, зээлийн хүүд 24,174,700 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, шаардсан ч үүргээ гүйцэтгээгүй, зээлийг төлөх хугацааг хэтрүүлсэн.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, мөн хуулийн 21.2 дэх хэсэгт зааснаар банк 2022 оны 11 сарын 18-ны өдрийн байдлаар зээлийг тооцоход, Үүнд: үндсэн зээл 3,200,000,000 төгрөг, зээлийн хүү 1,468,533,245 төгрөг /1,164,594,615+303,938,630/, нэмэгдүүлсэн хүү 103,273,793 төгрөг /13,903,443+54,454,450+34,915,900/ буюу нийт 4,771,807,038 төгрөгийг Ж И- ХХК, Н.З- нараас нэхэмжилж байна. Зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

2. Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга: Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, зээлийг авсан нь үнэн. Зээл аваад удаагүй байтал цар тахал гарсантай холбоотойгоор эдийн засаг хүндэрч, хөл хорио тогтоосон. Энэ үйл баримтыг нотлох шаардлагагүй нийтэд илэрхий баримт бөгөөд компанийн үйл ажиллагаа бүрэн зогсож, санхүүгийн хүндрэлд орсон нь зээлдэгчээс үл шалтгаалах давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргийг гүйцэтгэх боломжгүй байдал үүссэн. Энэ талаар 2000оны 03 сараас хойш удаа дараа хүүг зогсоолгох хүсэлтийг банканд гаргасан. Мөн зарим хөрөнгийг төлбөрт өгөх талаар 10 гаруй удаа хүсэлт гаргасныг банк хүлээж аваагүй. Олон хүсэлтээс хоёр удаагийн хүсэлтийг хүлээн авч төлбөр төлөх хугацааг хойшлуулсан боловч компанийн үйл ажиллагаа сэргээгүй. Энэ нь Худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон гэрчилгээгээр тогтоогдоно.

Иргэний хуулийн 200дугаар зүйлийн 220.1-д зааснаар нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр үүргийг хугацаандаа гүйцэтгэж чадаагүй, үүрэг гүйцэтгэгч хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн шаардаж байгаа 2020, 2021 оны хүүг зөвшөөрөхгүй. Энэ хугацаанд Засгийн газрын 9 удаагийн хөл хорио тогтоосныг тул нийт 83 хоногт бүх үйл ажиллагаа зогссоны нэг өдрийн хүү 117,882,740 төгрөг ба 83 хоногт бодогдсон хүүг хасаж өгнө үү.

Мөн гэрээг 2022 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл сунгасан. Гэвч нэхэмжлэгч 2022 оны 04 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэрээг хугацаанаас өмнө цуцалсан гэж үзэх ба гэрээг цуцалсан атлаа хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож байгаа нь үндэслэлгүй тул энэ хугацаанаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг хасаж өгнө үү. Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлд үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг хойшлуулахад үндсэн хүү, торгууль, алданги тооцохгүй гэж заасан тул энэ хугацаанд банк нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Ж И- ХХК, Н.З- нараас 4.364.594.615 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х б-ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 407.212.423 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175.1-д зааснаар төлбөрийг сайн дураар төлбөр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ж И- ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн, 3 дугаар хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 00дугаар байр, 6 давхарт байрлах 160 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203038177 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн, 3 дугаар хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 20/1 байр, 6 давхарт байрлах 122 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203037304 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн, 3 дугаар хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 00байр, 6 давхарт байрлах 106 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-1111111111 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн, 3 дугаар хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 20/1 байр, 6 давхарт байрлах 73 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203040885 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн, 3 дугаар хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 20/1 барилгын 4 дүгээр хэсэг хаягт байрлах 54 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203032874 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн, 3 дугаар хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 20/1 барилгын 4 дүгээр давхарт байрлах 146 мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө, Ж И- ХХК-ийн эзэмшлийн, эрхийн улсын бүртгэлийн Э-2222222222 дугаартай, нэгж талбарын 1460200400 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамжинд байрлах 931 м.кв талбайтай газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 24.403.084 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 22.051.123 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 407,212,423 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 25 дугаар зүйлийн 25.3-т заасныг тус тус зөрчиж, хэрэг авагдсан ач холбогдолтой нотлох баримтыг үнэлээгүй, үнэн зөв дүгнэлт хийгээгүйгээс дээрх хуулийн зохицуулалтыг буруу, зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн тул тус шүүхийн шийдвэрийн дараах зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байна. Үүнд:

4.1. хариуцагч 2000оны 3 сараас хойшхи хугацаанд зээлийг төлөөгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч 2022 оны 04 сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх зааснаар гэрээг хугацаанаас өмнө гэрээг цуцалсан гэж үзнэ гэсэн. Нэхэмжлэгчийн хувьд зээлийн төлбөр гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Харин зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах шаардлага гаргаагүй. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Улсын Дээд шүүхийн 2016 оны 09 сарын 05-ны өдрийн 3 тоот гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд гэсэн зөвлөмжид ...шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээлийн гэрээг цуцалсан бол цуцалсан өдрөөр, харин шүүхэд гэрээг цуцлах шаардлагыг гаргасан бол цуцлах хүртэл хугацаанд гэрээний үүргийг хангуулах эсэх асуудал яригдана. Хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах цуцлах гэнэ. Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээ цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаврыг талууд шийдвэрлэдэг ялгаа байдаг. Гэрээг цуцлах ойлголт ихэвчлэн урт хугацаатай үүргийн харилцаанд, харин гэрээнээс татгалзах явдал хиймэгц биелэх буюу гэрээгээр олж авсан зүйлийн харилцан буцаах боломжтой хэлцэлд хэрэглэгдэнэ. Ямар тохиолдолд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах ойлголт хэрэглэгдэхийг зөвхөн гэрээний хугацаа бус, хэлцлийн дагуу нэгэнт хэрэгжсэн харилцааг буцаах боломжгүй болсон, эсвэл талууд гэрээгээр авсан зүйлээ харилцан буцааж өгөх боломжтой буюу гэрээг анхны байдалд эргүүлж авчрах боломжтой эсэхээс хамаарч тодорхойлно гэж тайлбарласан.

Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгосон зээлийн хувьд зээлдүүлэгч гэрээний дагуу тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдүүлсний хариу төлбөрт хүү төлөх, гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл, хүүгийн төлбөр, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд гэрээний дагуу нэгэнт хэрэгжсэн харилцааг буцаах, үүссэн үр дагаврыг арилгах боломжгүй тул зээлийн гэрээнээс татгалзсан гэж үзэх боломжгүй, мөн нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах шаардлага гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон нь дээр дурдсан Улсын Дээд шүүхийн зөвлөмжтэй зөрчилдөж, нэхэмжлэгчийн шаардах эрхийг хууль бусаар хязгаарлаж, хэргийн нөхцөл байдалд өрөөсгөл дүгнэлт хийсэн.

4.2. Талууд гэрээг 2019 онд байгуулсан, гэрээгээр хэтэрсэн хугацааны хүүгийн талаар тохиролцоогүй тул маргааны энэ тохиолдолд шүүх Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан зарчмын дагуу хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно гэсэн. Талууд зээлийн гэрээний 2.1.5-т нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг зээлийн хүүгийн 00хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэж тодорхойлсон бөгөөд энэ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг зөрчөөгүй байхад шүүх нэмэгдүүлсэн хүү тохиролцоогүй. Шүүх Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж, гэрээний заалтыг хараагүй, нэг талын эрх, ашигт нийцүүлэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Тодруулбал, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 25 дугаар зүйлийн 2-т хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж, 24 дүгээр зүйлийн 3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү төлнө гэж заасан. Уг хуулийн зохицуулалт нь зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй бол зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд хэтэрсэн хугацааны зээлийн хүүг төлнө, энэхүү хүү нь гэрээгээр тохирсон үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрэхгүй байхаар талууд тохиролцож болно гэсэн агуулгатай.

Түүнчлэн зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт хуульчилж өгсөн тул зээлдэгч нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм. Мөн зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж тохиролцсон тул банк гэрээний үүргийг биелүүлээгүй үндэслэлээр хариуцагчаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

4.3. Нэхэмжлэгч үндсэн зээлийг төлж эхлэх хугацаанаас хойш буюу 2021 оны 06 сараас хойш 2022 оны 11 сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцож шаардсан. Шүүх дээр дурдсанаар гэрээ цуцлагдсанаас хойшхи хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах үндэслэлгүй гэж үзсэн тул нэхэмжлэгч гэрээ цуцлах хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд тооцогдсон нэмэгдүүлсэн хүү 42,295,921 /2022 оны 04 сарын 14-ний өдрийн байдлаар 42,313,921 төгрөг/ төгрөгийг нэхэмжлэгч шаардах гэж дүгнэсэн хэр нь анхны нэхэмжлэлд 13,903,443 төгрөг гэж үзэв гэсэн нь ойлгомжгүй бөгөөд зээлийн бүртгэлийн картад тусгагдсан, шаардах эрх гэж үзсэн нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөр дээр нэмж тооцоогүй орхигдуулсан тул тухайн алдааг залруулж өгнө үү.

4.4. Улсын Их хурлаас 2000оны 04 сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3, 141.4 ... заажээ. Зээлийн нэмэгдүүлсэн хүү Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хариуцлага буюу нэмэлт үүрэгт хамаарах тул шүүх хэргийн нөхцөл байдал, цар тахалтай холбоотойгоор баталсан хуулиар нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөгдөхөөр заасан тул хэрэгсэхгүй болгох нь зүйд нийцнэ гэж үзлээ гэжээ.

Тухайн хуулийн зохицуулалт нь барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хоорондын зээлийн гэрээний харилцааны хүрээнд авах арга хэмжээ бөгөөд банк эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн харилцаанд хамааралгүй. Мөн Засгийн газрын 2000оны 183 дугаар тогтоолын 7-д төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн 2021 оны 07 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтэд үндэслэн хойшлуулах, ингэхдээ үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгах, Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү тооцохгүй, зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар гэрээнд өөрчлөлт оруулахыг зөвлөсөн агуулгатай. Түүнээс хуульд заасан нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлсөн, тооцохгүй байхаар холбогдох хуульд өөрчлөлт ороогүй тул дээрх үндэслэлээр нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хангаж хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 4,771,807,038 төгрөг гаргуулан Х б-ХХК-д олгох гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Гэрээг цуцалсан гэж анхан шатны шүүх зөв шийдвэр гаргасан. Зээлийн гэрээний хугацааг хоёр удаа 6 сараар сунгасан ба 2022 оны 06 сарын 15-ны өдөр гэрээний хугацаа дуусах байсан. Гэтэл 2022 оны 04 сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан талаар хариуцагч тал татгалзлын үндэслэлдээ дурдсан. Үүнд шүүхээс нэхэмжлэгчийн гаргаагүй шаардлагыг гаргасан мэтээр дүгнэсэн гэх гомдлын агуулга үндэслэлгүй.

Шүүхээс 2022 оны 04 сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг цуцлагдсан гэж дүгнэсэн бөгөөд түүнээс хойших хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн учраас 2022 оны 04 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 13,903,443 төгрөгийг нэхэмжилсэн гэж дүгнээд цар тахлын үеийн хууль болон 183 тоот Засгийн газрын тогтоол, хэргийн нөхцөл байдал цар тахалтай холбоотой нөхцөл байдал өөрчлөгдсөн зэргийг харгалзан нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо хуульд нийцүүлэн 13,903,443 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Шүүх хариуцагч Женерал импекс ХХК-аас 4,364,594,615 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч тал татгалзлаа ...зээлдэгчээс үл шалтгаалах давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, энэ нь нийтэд илэрхий баримт бөгөөд худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр нотлогдоно гэж тайлбарласан нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул 2020, 2021 оны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлүүлж бүх нийтээр хөл хорио тогтоосон 83 хоногийн хүү 117,882,740 төгрөгийг хасаж тооцуулахаар маргасан. Хариуцагчаас Хаан банканд удаа дараа хүсэлтээ бичгээр гаргаж хүүг зогсоолгох, гэрээний үүрэгт үл хөдлөх эд хөрөнгө тооцож өгөхөөр хандаж байсан ч хугацааг сунгахаас өөр арга хэмжээ аваагүй.

Ковид цар тахлын нөхцөл байдал нь Иргэний хуулийн 200дугаар зүйлийн 220.1-д нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болох гэх хууль зүйн ойлголтод хамаарах бөгөөд нэхэмжлэгч тал мөн хуулийн 200дугаар зүйлийн 220.3-т зааснаар арга хэмжээг авах үүрэгтэй байсан. Түүнчлэн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан хуулийн агуулга нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн ойлголт нь цар тахал, хорио цээрийн дээрх нөхцөлд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасан хуулийн зохицуулалтаар үгүйсгэгдэх ба хүүгээс чөлөөлөх үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 1,164,594,615 төгрөгийн хүүгийн 50 хувь 582,297,308 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү.

Зээлийн гэрээнд зээлдэгчийг төлөөлж Н.З- гарын үсэг зурсан ч тухайн зээлийг Женерал импекс ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаанд зориулан авч зарцуулан, эргэн төлөлтийг хийж байсан нь баримтаар нотлогдож байгаа тул Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар компанийн гүйцэтгэх удирдлагад зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцуулах үндэслэлгүй тул гэрээний үүргийг Женерал импекс ХХК-д хариуцуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч талын давж заалдах гомдолд 2000оноос 2021 оны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлүүлэх, бүх нийтээр хөл хорио тогтоосон 83 хоногийн хүү зэргийг хасаж тооцох үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа тайлбарласан. Үүнд 2000он, 2021 оны үед зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлд тус тус заасны дагуу хүү тооцогдсон. Энэ үед хариуцагч зээлийн гэрээний төлбөртэй холбоотойгоор Х б-ХХК-д удаа дараа хүсэлт гаргасан хэдий ч зээлийн төлбөрт тодорхой хэмжээний койн, үл хөдлөх хөрөнгө зэрэг барьцааны зүйлсийг зах зээлийн ханшнаас хэт өндрөөр үнэлж банканд хүсэлт гаргасан. Тухайн хөрөнгүүд нь зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэтэй бөгөөд бусад койн болон үнэт цаас, бонд, төсөл зэргийг банк хүлээж авах боломжгүй тул зээлийн гэрээний хугацааг сунгах боломжтой гэсэн хариу өгсний үндсэнд харилцан тохиролцож хоёр удаагийн гэрээний хугацааг сунгасан. Мөн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой Иргэний хуулийн 200дугаар зүйлийг үндэслэсэн боловч гэрээний үндэслэл болсон гол нөхцөлүүд гэрээ байгуулагдсаны дараа илтэд өөрчлөгдсөн бол тухайн өөрчлөлтийг талууд мэдэх боломжгүй байсан үед гэрээ байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчилсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй. Үүнд цар тахалтай холбоотой гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг гэрээнд тодорхой тусгаж зээлийн хүүг тооцохгүй байх эсхүл чөлөөлөх байдлаар тохиролцсон заалт гэрээнд байхгүй. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл бий болоход зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гэрээний үүргийг бүхэлд нь дуусгавар болгоогүй. Тухайн үед харилцан тохиролцсоны үндсэнд гэрээний хугацааг сунгасан бөгөөд уг нөхцөлд бий болсон гэрээний хугацаа дуусах хүртэл хугацааны үүрэг гүйцэтгэх шаардлагатай хугацаа өнгөртөл үүргийн гүйцэтгэл тооцогдох бөгөөд 2000оноос 2021 оны зээлийн хүүг тооцохгүй байх тухай хуулийн зохицуулалт байхгүй. Дээрх нөхцөлд мөнгөн төлбөрийг шаардах нэхэмжлэгчийн эрхэд хариуцагчийн дурдсан хуулийн үндэслэл хамаарахгүй. Мөн Монгол Улсын Дээд шүүхээс 2000оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1 дугаартай зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ шүүхийн практик болон анхаарах асуудлын талаар зөвлөмж гарсан. Тухайн зөвлөмжид банк эрх бүхий этгээдээс олгож буй зээлийн харилцаанд анхан болон давж заалдах шатны шүүхүүд зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгосон зээл, хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзсэн. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт мөн энэ талаар заасан. Иймд дээрх хуулийн заалтуудыг үндэслэн хүүг шаардах эрхтэй тул хүүг бууруулах боломжгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Х б-ХХК нь хариуцагч Ж И- ХХК, Н.З- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,771,807,038 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зээлийн хүүгийн төлбөр гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2019 оны 12 сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь 3,200,000,000 төгрөгийг жилийн 16.2 хувийн хүү, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсоныг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримт, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн байна.

Мөн талууд 2000оны 04 сарын 10, 06 сарын 29-ний өдрийн нэмэлт гэрээгээр зээлийн хугацааг 6 сарын хугацаагаар сунгаж, үндсэн зээл, хүүгийн төлбөрийн хуваарийг 5 сарын хугацаагаар тус тус хойшлуулахаар тохиролцжээ.

 

4. Нэхэмжлэгч зээлийг хариуцагч нарт олгосон нь төлбөрийн баримтаар тогтоогдсон, мөн зээлдэгч нар зээлийн хүүд 24,174,700 төгрөг төлсөн талаар хариуцагч нар маргаагүй.

 

5. Хариуцагч зээлийн эргэн төлөлтийг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс гэрээний үүрэг зөрчигдсөн, улмаар зээлдүүлэгч нь 2022 оны 02 сарын 09, мөн оны 03 сарын 07-ны өдрүүдэд албан бичгээр зээлдэгч Ж И- ХХК, Н.З- нарт зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн боловч зээлдэгч нар зээлийг тохиролцсон хуваарийн дагуу төлөөгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг цуцлах, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй.

Талууд зээлийн гэрээний 2.4.1-д зээлдэгч нар зээл, хүүгийн төлбөрийг тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 00хувиас хэтрэхгүй, нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцохоор заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн тул нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд тооцогдох нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргийн зөрчлийг бус гэрээний үүргийг бүхэлд нь буцаан шаардаж 2022 оны 04 сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг гэрээний 6.1.1-д зааснаар цуцалсан байх тул мөн өдрөөр тасалбар болгож хариуцагч нараас үндсэн зээл 3,200,000,000 төгрөг, хуримтлагдсан хүү 1,164,594,615 төгрөг, нийт 4,364,594,615 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасанд нийцэх бөгөөд хариуцагч нарын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийг буцаан шаардсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Энэ талаар буюу хариуцагч нараас хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

6. Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулсан гэрээний 2.1.5, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч нар үндсэн зээл, түүний хүүг хугацаанд нь төлөөгүй үндэслэлээр гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү 13,903,443 төгрөгийг төлөх үүрэгтэйг дүгнэсэн атлаа уг хүүгийн төлбөрийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэлгүй орхигдуулсан байна. Нэмэгдүүлсэн хүүгийн талаарх нэхэмжлэгчийн тооцооллыг хариуцагч нар баримтаар үгүйсгээгүй тул хариуцагч нар нэхэмжлэлд дурдсан нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, 13,903,443 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

7. Нэхэмжлэгч Х б-ХХК, хариуцагч Ж И- ХХК нар 2000оны 01 сарын 09-ний өдөр Барьцааны гэрээ байгуулж, хариуцагчийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэгт орших, үйлчилгээний зориулалттай нэр бүхий 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт орших эзэмших эрхтэй, улсын бүртгэлийн Э-2222222222, нэгж талбарын 1460200400 дугаартай газрыг тус тус барьцаалсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байгааг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Хариуцагч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын талаар маргаагүй бөгөөд шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийн сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

8. Хариуцагч талын гэрээ байгуулагдсан нөхцөл байдал өөрчлөгдсөн, Ковид цар тахлын улмаас гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон үндэслэлээр хүү 582,297,308 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч болон Н.З- нь хариуцагч биш гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлаар Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрүүдээр өмчийн хэлбэр үл харгалзан зарим хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоосон ч тэдгээрийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөхөөр хуулиар тухайлан зохицуулаагүй. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг нэхэмжлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн учир цар тахлын байдалтай холбогдуулан зохигч харилцан тохиролцоогүй, хууль зөрчсөнөөс бусад нөхцөлд шүүх хариуцагч нарыг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй.

Мөн зохигчийг зээлийн гэрээ байгуулсан цаг хугацаанд Ковид-19 цар тахал бий болоогүй, гэрээ байгуулсны дараа цар тахал үүссэн нь Иргэний хуулийн 200дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал өөрчлөгдсөнд хамаарахгүй. Зээлийн гэрээний 2.1.2-т бизнесийн зориулалтаар зээлийг ашиглахаар тохиролцсон байх бөгөөд энэхүү тохиролцсон нөхцөл өөрчлөгдөөгүй, харин цар тахалтай холбоотой цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнийг үүнд хамааруулан үзэхгүй тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахгүй.

Хариуцагч Н.З- нь нэхэмжлэгчтэй 2019 оны 12 сарын 31-ний өдөр байгуулсан ЗГ/201944929021 тоот зээлийн гэрээний нэг тал буюу хамтран зээлдэгчийн хувиар оролцсон байна. Н.З- нь хариуцагч Женерал импекс ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын хувьд зээлийн гэрээний харилцаанд оролцож гарын үсэг зурсан гэх үндэслэлээр гаргасан гомдол үндэслэлгүй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг буцаан шаардсан нь хуульд нийцсэн, хариуцагч Н.З- уг гэрээний үүргийг хариуцагч Женерал импекс ХХК-тай хамтран хариуцах үүрэгтэй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул энэ тухай гомдлыг хангахгүй.

 

9. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрхзүйн маргаанд үл хамаарах хуулийг, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шүүх залруулна.

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн цаг хугацаанд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан учир Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн хооронд үүссэн маргаанд уг хуулийг хэрэглэнэ. Түүнчлэн нэхэмжлэгч гэрээг цуцалж зээлийг буцаан төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хойшхи хугацааны зээлийн хүү тооцогдохгүй учир уг харилцаанд хүчин төгөлдөр болоогүй байсан хуулийг хэрэглэхгүй тул энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

Шүүх нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагад тухайн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан хуулийг хэрэглэхгүй, өөр хуулийг төсөөтэй хэрэглэж дүгнэлт хийсэн Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт нийцэхгүй. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлд зааснаар зохицуулах харилцаа, хүрээг тодорхой заасан байхад уг хуулиар зохицуулаагүй харилцаанд хуулийг төсөөтэй хэрэглэхгүйг шүүх анхаараагүй, хууль буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шүүх залруулах нь зүйтэй.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 181/ШШ2023/00996 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Женерал Импекс ХХК, Н.З- нараас 4,378,498,058 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х б-ХХК-д олгож, нэхэмжлэлээс 393,308,980 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

3 дахь заалтын 22,051,123 гэснийг 22,121,323 гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,194,012.11 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч талын төлсөн 3,069,437 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЭНЭБИШ