Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                         

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Их ус 2-3 тоотод байрлах “Хас банк”-ны Цогтцэций салбарын нэхэмжлэлтэй,

Х.Сэрээтэрийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анхбаяр, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Хас банк”-ны Цогтцэций салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “...Иргэн Х.Сэрээтэр нь “Хас банк”-ны Цогтцэций салбараас 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр1450001999 тоот зээлийн гэрээгээр 6.590.000 төгрөгийг 30 хоногт 2.3 хувийн хүүтэй, гэр худалдан авах, нүүж ирэх зориулалтаар 33 сарын хугацаатай буюу 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлөөр авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст баг, Уурхайчин хороолол 5 дугаар гудамж 147 тоотод оршин сууж, “Энержи ресурс” ХХК-ийн Тээвэрлэлтийн компани болох “Транс говь” ХХК-д ХАБ-н жолоочоор ажиллаж байсан бөгөөд 3 дахь сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин байнга хугацаа хоцрон төлж байгаад 2013 оны 09 дүгээр сараас эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон.

            Иймд Халзан овогтой Сэрээтэр /РД:ТИ75022776/-ийг эрэн сурвалжилж өгнө үү.” гэжээ           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анхбаяр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “...Халзангийн Сэрээтэр нь Цогтцэций сумын тооцооны төвөөс зээл авсан. 2013 оны 09 дүгээр сараас хойш зээлээ төлөхгүй байна. Тухайн үед “Транс говь” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын албанд жолоочоор ажиллаж байсан. 2015 онд Дархан-Уул аймаг Дархан сум 10 дугаар хэсэг 77 тоот гэх хаягаар нь  очиход хаяг дээрээ байхгүй. Хүмүүсээс асуухад байхгүй байгаа гэсэн хариу өгсөн.” гэв.

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад                           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Хас банк”-ны Цогтцэций салбар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Сэрээтэрийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч “Хас банк”-ны Цогтцэций салбар нь иргэн Х.Сэрээтэртэй 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр цалингийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан гэр худалдан авах, нүүж ирэх зориулалтаар 6,590,000 төгрөгийг зээлсэн нь хэрэгт авагдсан 1450001999 тоот гэрээний хуулбар, барьцаа хөрөнгийн жагсаалтын хуулбар, зээлийн эргэн төлөлтийн дансны хуулганы хуулбаруудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч “Хас банк”-ны Цогтцэций салбар нь уг гэрээний үүргийн биелэлтийг иргэн Х.Сэрээтэрээс шаардах эрх үүссэн байх бөгөөд уг иргэн нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болжээ.

Харин иргэн Х.Сэрээтэрийн хаягаар 2015 онд БХАжилтан Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 10 дугаар хэсэг, 3 дугаар гудамж 77 тоотод очиход хашааны болон гэрийн хаалга нь түгжээтэй байсан ба ойролцоох дэлгүүрийн худалдагчаас асуухад “тухайн хаягтаа байгаа ойрд харагдахгүй байсан” гэсэн хариу өгсөн, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 1 дүгээр баг, Уурхайчин хороолол 5-147 тоотод оршин суух хаягтай боловч Өмнөговь аймгийн Цогтцэций суманд амьдардаггүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа зэрэг нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 1 дүгээр баг, Уурхайчин хороолол 5-147 тоотод оршин суух хаягтай Боржигон овогт Халзангийн Сэрээтэр /РД:ТИ75022776/-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 1 дүгээр баг, Уурхайчин хороолол 5-147 тоотод оршин суух хаягтай Боржигон овогт Халзангийн Сэрээтэр /РД:ТИ75022776/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Халзангийн Сэрээтэрийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож, хүсэлт гаргагч “Хас банк”-ны Цогтцэций салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анхбаяр /утас:88104601/-т мэдэгдэхийг Өмнөговь аймгийн 3 дугаар тойргийн Ханбогд сум дахь Тахарын хэсэгт даалгасугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь  аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА