Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01219

 

 

 

 

 

 

 

 

2023 06 21 210/МА2023/01219

 

 

М- ҮЭБ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 20-ны өдрийн 182/ШШ2023/01238 дугаар шийдвэртэй

М- ҮЭБ-ын нэхэмжлэлтэй,

Ү- НҮТББ-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 13,365,000 төгрөг гаргуулж, оффисын зориулалттай 324 тоот өрөөг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Түвшинцэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2021 оны 01 сарын 12-ны өдөр 1 тоот байрны түрээсийн гэрээ байгуулж, тус холбооны өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу, Сүхбаатарын талбай-9, МҮЭ-үүдийн холбооны төв байрны 324 тоотод байх оффисын зориулалттай 27 м.кв талбайг 1 сарын 810,000 төгрөгөө буюу 1 м.кв талбайг 30,000 төгрөгөөр тооцож түрээслэхээр тохиролцсон.

Гэрээ байгуулснаас хойш 12,708,571 төгрөг төлсөн ба 2022 оны 04 сараас хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.3-т зааснаар түрээслэгч нь түрээсийн төлбөрийн хугацааг хожимдуулбал төлбөрийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр заасан. Иймд гэрээний дагуу 2023 оны 03 сарын 28-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр, алданги нийт 13,365,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, хариуцагчийн эзэмшлээс Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу, Сүхбаатарын талбай-9, МҮЭ-үүдийн холбооны төв байрны 324 тоот оффисын зориулалттай 27 м.кв өрөөг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийг ноцтой зөрчиж хуулиас давсан дүрмийг үндэслэн нэхэмжлэл гаргаж буй нь хүчингүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 2010 оны 02 сарын 01-ний өдөр шинээр байгуулагдсан ТББ ба 100 жилийн түүхт Монголын үйлдвэрчний эвлэлийн өмч хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч үндэслэлгүй хөрөнгөжиж улмаар Монголын үйлдвэрчний эвлэлийн харьяа байгууллагуудыг хавчин гадуурхаж, нэгдмэл нэг зорилготой байх Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байна. Хариуцагч нь Монголын үйлдвэрчний эвлэлийн ахмадын Эв нэгдэл холбоо, Хүчний байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн ахмадын холбоо, Мэргэжлээс шалтгаалсан өвчтэй иргэдийн үйлдвэрчний эвлэл, Монголын үйлдвэрчний эвлэлийн хүний төлөө шагналтнуудын Од холбоо зэрэг үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай нэгдмэл байр суурьтай байдаг ба үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудыг хавчин гадуурхаж, үйлдвэрчний эвлэлийн нэгдмэл байдлыг алдагдуулж хууль зөрчиж байна. Өөрийн хамаарал бүхий өмч хөрөнгөдөө үйл ажиллагаа явуулж байгаа тул мөнгө төлөх үндэслэлгүй.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт түрээсийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэсэн заалтыг зөрчсөн. Үйлдвэрчний эвлэлүүдийн гишүүд дэмжигчдийн олон нийтийн өмч байх хуулийг зөрчиж зөвхөн М- ТББ-ынхаа гишүүд дэмжигчдийн өмч болгон хууль зөрчсөн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өмгөөлөгч байх ба Өмгөөллийн тухай хуульд зааснаар өмгөөллийн гэрээ хийсэн байх ёстой байтал итгэмжлэлээр шүүхийн ажиллагаанд оролцож цалин авдаг нэхэмжлэгчийн хуульчдын өмнүүр орж, ашиг олж байгаа нь хууль зөрчсөн байна. Өмгөөлөгч ямар хөлсөөр гэрээ хийсэн, татвар төлсөн баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ү- НҮТББ-аас 8,910,000 төгрөгийг гаргуулж М- ҮЭБ-д олгож, нэхэмжлэгчийн 4,455,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-ийг баримтлан Ү- НҮТББ-ын эзэмшлээс Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу, Сүхбаатарын талбай-9, МҮЭ-үүдийн холбооны төв байрны 324 тоотод байрлах оффисийн зориулалттай 27 ам метр өрөөг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 227,710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 36,275 төгрөгийг улсын орлогод оруулж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 258,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гаргасан гомдлын агуулга: Шүүгч шийдвэр гаргахдаа нөлөөнд авсан эсвэл мэдлэг чадвар нь дутсанаас болж Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасныг ноцтойгоор зөрчсөн нь УДШ-ийн тайлбарт хэсэгчилж хийсэн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ нь энэ хуульд хамаарахгүй байхаар тайлбарласан байна. Газар хөдлөлтөд өртөн нурах аюултай жагсаалтад орсон, үйл ажиллагаа явуулах, түрээсэлж ашиг олохыг хориглосон тухай мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт 2015 онд гарсан. Шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүйгээс шийдвэр бодит байдалд нийцээгүй гарсан.

Нэхэмжлэгч М- нь 2-3 орон тооны цалинждаг хуулийн зөвлөх, өмгөөлөгч ажилчидтай байтал гишүүдийн татвар хандиваар бүрдсэн мөнгийг өмгөөлөгч Л.Түвшинцэнгэлд хуйвалдан олгосон байна. Өмгөөллийн тухай хуульд өмгөөлөгч нь цалин авч давхар ажил хийхийг хориглосон ба өмгөөлөгч үйлчлүүлэгчтэй заавал гэрээ хийнэ гэж заасан. Энэ тохиолдолд хүн амын орлогын албан татвар төлбөр байна гэж заасан хууль зөрчигдсөн байна.

Улсын мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг хэрэгжүүлээгүй, мөнгө угаасан үйлдэлд дүгнэлт хийгээгүй, бодит байдлыг тогтоохгүй шийдвэр гаргасан ба талуудын хэнийх нь өмч болохыг баримтаар гаргаж тайлбарласан шүүх дүгнэлт хийлгүй буруу шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, баримт бичиг хуурамчаар үйлдсэн асуудал нь Чингэлтэй дүүргийн цагдаа, прокурор хянаж байгаа асуудлын үнэн эсэхийг тодруулснаар бодит дүгнэлт гарах нөхцөл бүрдэнэ, шүүхийн журмаар нотлох баримтыг прокуророос гаргуулах хүсэлтийг хангаагүй хууль зөрчсөн байна гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хөлслөх гэрээгээр зохицуулагдана. Монголын үйлдвэрчний эвлэлийн хороо нь 4 давхар маш том объекттой бөгөөд хариуцагч зөвхөн 27 м.кв нэг өрөөг хөлсөлсөн учраас түрээсийн гэрээний заалт хамаарахгүй. Хэргийн 40 талд нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авагдсан өмчлөгчийг нотолно. Улсын мэргэжлийн хяналтын газраас 2015 онд гарсан дүгнэлтийг хариуцагч мэдсэн ч 2021 онд түрээсийн гэрээ байгуулж төлбөрөө төлж байсан. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргахдаа үл мэдэгдэх нууц аргаар манай ТББ-ын дүрэм, гэрчилгээг хулгайлан авч шүүхэд нотлох баримтаар өгсөн гэх гомдол гаргасан ч гомдлыг хүлээн авахаас татгалзсан прокурорын тогтоол гарсан. Иймд анхан шатны шүүхийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч М- ҮЭБ нь хариуцагч Ү- НҮТББ-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 13,365,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. М- ҮЭБ нь Ү- НҮТББ-тай 2021 оны 01 сарын 12-ны өдөр 01 тоот Байрны түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу, Сүхбаатарын талбай-9, МҮЭ-үүдийн холбооны төв байрны 324 тоотод байх оффисын зориулалттай 27 м.кв талбайг 1 м.кв талбайн 1 сарын түрээсийн төлбөрийг 30,000 төгрөгөөр тооцож, нэг жилд 810,000 төгрөгөөр тооцон 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатай түрээслүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

4. Түрээсийн гэрээний зүйл нэхэмжлэгчийн өмчлөлийн 3,936.5 м.кв талбай бүхий, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүхэлдээ бус тухайн үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг байх тул талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд зохигчийн хооронд мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг тодорхойлсон нь буруу боловч гэрээний харилцаа үүссэн, гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага хангагдсан, хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ. Иймд гэрээг бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүрэг болох түрээсийн төлбөрийг 2022 оны 04 дүгээр сараас хойш төлөөгүй гэж нэхэмжлэгч тал тайлбарласан. Хэргийн баримтаар хариуцагч нь 2022 оны 04 сард 1,000,000 төгрөгийг, 5 сард 508,571 төгрөгийг төлж, тухайн хугацаанаас хойшхи түрээсийн төлбөрийг төлөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн тодорхойлсон 2022 оны 04-12 сарын хугацаанд хамаарах 9 сарын түрээсийн төлбөр (810,000х9) 7,290,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 1,508,571 төгрөгийг хасч, мөн 2023 оны 01-03 сарын хугацаанд хамаарах 3 сарын түрээсийн төлбөр (810,000х3) 2,430,000 төгрөг, нийт 8,211,429 төгрөгийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ү- НҮТББ-аас гаргуулан нэхэмжлэгч М- ҮЭБ-д олгож, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангана.

 

6. Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 4.12-т зааснаар гэрээний хугацаа дуусгавар болоход хариуцагч нь түрээсийн зүйлийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүргээ биелүүлээгүй, түрээсийн зүйлийг буцаан өгөхөөс татгалзсан байна. Энэ үндэслэлээр уг 324 тоот өрөөнөөс хариуцагчийг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч шаардсан нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт нийцнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

7. Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө ашиглалтын шаардлага хангасан эсэх, нэхэмжлэгч үйлдвэрчний эвлэлийн хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч үндэслэлгүй хөрөнгөжсөн тухай болон өмгөөлөгчийн эрх зүйн байдлын талаар гаргасан гомдол нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад үл хамаарч байх тул энэ тухай гомдлыг шүүх хүлээн авахгүй. Мөн дээрх асуудлаар цагдаагийн байгууллагад гаргасан гэх гомдол нь энэхүү хэргийн маргааны зүйл түүний үндэслэлтэй давхцаж байгаа гэх баримтгүй байх тул гомдол үндэслэлгүй байна.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсныг хууль хэрэглээний болон шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэсэн найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 20-ны өдрийн 182/ШШ2023/01238 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 295 дугаар зүйлийн 295.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ү- НҮТББ-аас 8,211,429 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М- ҮЭБ-д олгож, Ү- НҮТББ-ыг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу, Сүхбаатарын талбай-9, М-ны төв байрны 324 тоотод орших оффисын зориулалттай 27 м.кв өрөөнөөс албадан чөлөөлж, нэхэмжлэлээс үлдэх 5,153,571 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү- НҮТББ-аас 216,533 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М- ҮЭБ-д олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЭНЭБИШ