| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0041/э |
| Дугаар | 0047 |
| Огноо | 2018-12-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Үүрийнтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 0047
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: М.Үүрийнтуяа
хохирогч : Э.У
Г.Э өөрийгөө өмгөөлж оролцов.
шүүгдэгч: Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О овогт Г Э холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806087642196 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О овогт Г Энх-, 19 оны дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо Алтай хотхон 16 дугаар байрны 235 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:
Холбогдсон хэргийн талаар:
Г.Э нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.У хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 18.00 цагийн үед 11 дүгээр сарын 1-ний өдөр хохирогчийн эгч бид хоёр гэр бүлээ цуцлуулах шүүх хуралдаан болох гэж байсан. Миний хувьд хохирогчийн зүгээс тухайн шүүх хурал болохыг дөхүүлээд санаатай ийм үйлдэл гаргасан гэж үзэж байгаа. Уранбатыг нэгт ойрд салах гээд маргаад 3 жил болж байгаа. Манай хадмын талаас гэр бүлийн оролцоо их байдаг. Янз бүрийн байдлаар утсаар дарамтлаад, ажил дээр ирж гараараа далайгаад, заналхийлээд байдаг байсан. Утсаар янз бүрийн юм яриад байхаар нь би очиж уулзаад гэр бүл салгах гээд байна. Манай гэр бүлийн асуудалд оролцохоо боль гэж хэлсэн. Гэтэл өөдөөс янз бүрийн юм ярьсан. Би салаавч өгсөн чинь намайг цохьсон. Цагдаа 9-ний өдөр намайг дуудаж мэдүүлэг авсан тул тухайн үед би шүүх шинжилгээний хүрээлэнд очиж үзүүлэх боломжгүй болсон байсан. Нэг сар болсон байхад шинжээчийн дүгнэлт гарах боломжгүй шүү дээ. Таны хэрэг хөнгөн хэрэг гэж хэлсэн. Миний хувьд бол насаараа ялтай гэсэн хар мөртэй л үлдэж байгаадаа харамсаж байна. Би Уг гараараа баруун нүүрэнд нь цохьсон. 2, 3 удаа цохьсон. Би ээжтэйгээ хамт явж байсан. Ээж дэлгүүрийн цонхон дээрээс хараад гүйгээд гараад ирсэн. Гэрч унагаасан гээд нэмж, давсалж ярьсан байна. Хуучны хуулиар их олон цохиж байж гэмт хэрэг болдог байсан гэсэн ойлголттой байсан байна гэв.
Хохирогч Э.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эгч эмээ өвөөгийнхөөс нь дүүг очоод авчих гэж хэлсэн. Тэгээд намайг очиход дүүг гэрийн гадна үлдээгээд өөрөө дээшээ орсон байсан. Би тэрэнд нь жаахан дургүйцсэн. Гэрт нь эмээ, өвөө нь байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, байнга гадуур явж байдаг. Тэгээд би очоод аваад явж байсан чинь Э утсаар залгаад яах гэж хүүхэд авч явсан юм бэ чи хүүхэд авч яваад гэр бүл салгаад, хүүхэд өнчрүүлэх гэлээ гээд байсан. Тэгээд Э тухайн үеийн уураа барьж чадахгүй гэрийн гадна ирээд хэрүүл хийгээд аманд салаавч өгөхөөр хэн ч гэсэн дуртай байхгүй. Би Э цохиогүй. Аманд салаавч өгөхөөр нь гарыг нь хойшлуулах гэж л цохьсон. Хариуд нь Э чи намайг цохьсон болохоор би чамайг цохино гээд харилцан зодоон гэж хэлж байгаад намайг зодсон. Тэгээд би гэр рүүгээ ороод цагдаа дуудаад өргөдөл өгсөн. Би энэ хүнийг дарамтлаад шүүх хуралдаанд нөлөөлөх зорилгоор өдөж байгаад зодуулсан юм шиг зүйл ярьж байна. Надад бол тийм зүйл байхгүй. Энэ хүн 3 жилийн хугацаанд манай гэр бүлийн хүмүүс рүү согтуу залгаж дарамталж байсан. Гэтэл шүүх дээр бид нарыг ингэж хэлж байгаад гайхаж байна гэв.
Шүүгдэгч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 14.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дугаар хороололд настай хүү Х өвөө эмээ дээр нь аваачиж өгчихөөд байж байсан чинь эхнэр Уранцэцэг над руу залгаад хүүгээ авлаа гэсэн. Тэгэхээр нь би өвөөгийнх рүү нь утасдсан чинь Уранцэцэгийн дүү Уранбат нь утас авч надтай яриад хүүхэд яахаараа ганцааранг нь оруулаад байдаг юм бэ гэж намайг загнасан. Тэгээд намайг утсаар загнаад хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би хүүгээ авах гээд 13 дугаар хороолол руу машинтайгаа очсон чинь Уранбат манай хүүг аваад гарчихсан байсан. Тэгээд би ээж П рүү залгаад товер руу ороод манай хүүг ирэхийг хүлээж байгаач гэж хэлсэн. Харин би замд бөглөрсөөр байгаад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Консул товерийн гадаа иртэл орцноос У нэг эмэгтэй хүний хамт гарч ирсэн. Би У уулзаж битгий хүний амьдралд оролцоод бай хүүхэд өнчрүүлэхэд чи туслалцаа үзүүлээд байна гэж хэлсэн. Яагаад тэгж хэлсэн гэвэл Уранбатын эгч Уранцэцэг бид хоёрын гэр бүл цуцлах шүүх хурал 2018 оны 11 дүгээр сарын 1-нд товлогдсон байсан юм. Харин У нь намайг хэл амаар доромжлоод зодолдох уу гэсэн. Тэгэхээр нь би салаавч өгсөн. Тэгсэн намайг зөрүүлээд гараараа миний нүүр рүү 1 удаа цохисон. Би тэгэхээр нь чи эхэлсэн шүү гээд хэлж байгаад түүний нүүрэн тус газарт баруун гараараа 2 удаа цохисон. Тэгээд У надаас салаад явсан. У миний нүүрэн тус газарт 1 удаа цохиход миний зүүн талын нүдэнд хөх туяа орсон байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. У бид хоёр одоо 2 хүүхэдтэй. Уранбат эхнэр бид хоёрын гэрлэлтийн асуудал маргаантай байгаа үед зориудаар цохиулсан гэж би үзэж байна гэжээ. / хх-н
Хохирогч Э.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би өнөөдөр эгч Э.У хүүхдийн хамт яваад хүүхдийг нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Консул товер 79 дүгээр байрны 116 тоотод хүргэж өгөөд өөрийн хадам ээж Ц хамт орцны үүдээр гараад явж байтал эгчийн нөхөр Э таарсан. Гэтэл чи хүүхэд авч явлаа миний хүүхдийг чи мэдэхгүй үр хүүхдүүдийг өнчрүүлээд хаячихав гэхээр нь би яахаараа өнчрүүлдэг юм гэж хэлээд маргаан болсон. Тэгсэн чинь Э миний нүүрэн тус газар баруун гараараа 6-7 удаа цохиод төмсөгрүү өвдөглөж зодчихоод байрны булан тойроод зугтаагаад яваад өгсөн. Энэ үйл явдал болж байхад манай хадам ээж байсан. Би Э зодуулчихаад гэртээ ороод эгч болсон явдалыг хэлсэн чинь эгч цагдаа дуудсан. Эгч намайг 2 хүүхэд аваад ир гэхээр нь би өвөөгийхөөс нь аваад явж байгаад ийм асуудал болсон. Манай эгч нөхөртэйгөө маргаантай байгаа ер нь тэр хоёр тусдаа амьдраад 2 жил орчим болж байгаа гэжээ. / хх-н 5-9/
Гэрч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би зээ хүүгээ авах гээд түүний аав У гэрт буюу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Консул товерт ирсэн. Гэрт нь ортол эгч нь хүүхдүүдтэйгээ ирчихсэн байсан. Тэгээд манай зээ хүү хүүхдүүдтэй тоглож байгаад дараа 7 хоногоос очьё гэсэн. Тэгээд У бид хоёр тэдний гэрээс хамт гарсан. Тухайн үед би такситай явж байсан. Тэгээд У бид хоёр орцны хаалгаар дөнгөж гараад иртэл үл таних 1 тарган шар залуу гүйж ирээд У заамдаж барьж аваад гараа зангидаж байгаад нүүрэн тус газарт нь цохисон. Тэр үед би хүүе чи болиоч ээ гэсэн чинь болиод У дагуулаад таксины жаахан цаад талд очсон. Би тэр хоёрыг болчихоор нь таксиндаа суусан. Гэтэл таксины жолооч нөгөө залууг чинь цохиод унагаачихлаа гэсэн. Тэгэхээр нь би таксинаасаа буугаад хартал У газар унагаачихсан байсан. У босоод иртэл нөгөө залуу дахин нэг цохичихоод яваад өгсөн. Уранбат гэрлүүгээ орсон би ч таксиндаа суугаад явсан гэжээ. /хх-н 10-11/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 15/
Э.У Натур эмнэлэгийн КТГ-н шинжилгээ /хх-н 17
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13024 тоот дүгнэлт:
1.2.Э.У биед зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн ухархайн дээд ханын хугарал, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, дээд уруулд өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
5.Дээрх гэмтлүүдээс зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн ухархайн дээд ханын хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ гэжээ. /хх-н 18/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 19-20/
Г.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 48-49/
Г.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/, ажлын байрны тодорхойлолт /хх-н 23-27/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 22 /
Г.Э Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 42/, прокурорын тогтоол /хх-н 43-44/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 45-47/ зэрэг болно.
Г.Э нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт Э.У хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн... хохирогч Э.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... өөрийн хадам ээж Ц хамт орцны үүдээр гараад явж байтал эгчийн нөхөр Э таарсан. Гэтэл чи хүүхэд авч явлаа миний хүүхдийг чи мэдэхгүй үр хүүхдүүдийг өнчрүүлээд хаячихав гэхээр нь би яахаараа өнчрүүлдэг юм гэж хэлээд маргаан болсон. Тэгсэн чинь Э миний нүүрэн тус газар баруун гараараа 6-7 удаа цохиод төмсөг рүү өвдөглөж зодчихоод байрны булан тойроод зугтаагаад яваад өгсөн гэсэн мэдүүлэг /хх-н 5-9/
Гэрч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... У бид хоёр орцны хаалгаар дөнгөж гараад иртэл үл таних 1 тарган шар залуу гүйж ирээд У заамдаж барьж аваад гараа зангидаж байгаад нүүрэн тус газарт нь цохисон. Тэр үед би хүүе чи болиоч ээ гэсэн чинь болиод У дагуулаад таксины жаахан цаад талд очсон. Би тэр хоёрыг болчихоор нь таксиндаа суусан. Гэтэл таксины жолооч нөгөө залууг чинь цохиод унагаачихлаа гэсэн. Тэгэхээр нь би таксинаасаа буугаад хартал У газар унагаачихсан байсан. У босоод иртэл нөгөө залуу дахин нэг цохичихоод яваад өгсөн гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/
Э.У биед зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн ухархайн дээд ханын хугарал, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, дээд уруулд өнгөц шарх гэмтэл тогтоогдсон, гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13024 тоот дүгнэлт.
Шүүгдэгч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... У дүү У нь утас авч надтай яриад хүүхэд яахаараа ганцааранг нь оруулаад байдаг юм бэ гэж намайг загнасан. Тэгээд намайг утсаар загнаад хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би хүүгээ авах гээд 13 дугаар хороолол руу машинтайгаа очсон чинь У манай хүүг аваад гарчихсан байсан. Би У уулзаж битгий хүний амьдралд оролцоод бай хүүхэд өнчрүүлэхэд чи туслалцаа үзүүлээд байна гэж хэлсэн. Яагаад тэгж хэлсэн гэвэл У эгч У бид хоёрын гэр бүл цуцлах шүүх хурал 2018 оны 11 дүгээр сарын 1-нд товлогдсон байсан юм. Харин У нь намайг хэл амаар доромжлоод зодолдох уу гэсэн. Тэгэхээр нь би салаавч өгсөн. Тэгсэн намайг зөрүүлээд гараараа миний нүүр рүү 1 удаа цохисон. Би тэгэхээр нь чи эхэлсэн шүү гээд хэлж байгаад түүний нүүрэн тус газарт баруун гараараа 2 удаа цохисон. Тэгээд У надаас салаад явсан. Уранбат миний нүүрэн тус газарт 1 удаа цохиход миний зүүн талын нүдэнд хөх туяа орсон байсан гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Г.Э холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Г.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ хэргийн улмаас Г.Э цагдан хоригдсон хоноггүй болно.
Хохирогч Э.У нь толгойгоо КТГ-т харуулсаны зардалд 120.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байгааг шүүгдэгчээс гаргуулж төлүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О овогт Г Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Э нь торгох ялыг гурван сарын дотор нэг сард 166.667 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Э нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Г.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Э 120.000 төгрөгийг гаргуулж Э.У олгосугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН