Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                             

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Их ус 2-3 тоотод байрлах “Хас банк”-ны Цогтцэций салбарын нэхэмжлэлтэй,

Б.Батсайханыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анхбаяр, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “Хас банк”-ны Цогтцэций салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          “...Иргэн Б.Батсайхан нь тус банктай 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1450001060 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 7,123,498.36 төгрөгийн өрхийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь тус банктай байгуулсан гэрээний 2.2.1 дэх заалтыг зөрчин 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлэн хүүг төлөлгүй 2016 оны 03 дугаар сарын 25-ны байдлаар 1579 хоног хугацаа хэтэрсэн байна.

          Банкны зүгээс зээлдэгчтэй тогтмол холбоотой байж, уулзах зэргээр зээлийг бага хэмжээгээр төлүүлж байсан боловч 2013 оны 03 дугаар сараас санаатайгаар оргон зайлж, оршин суугаа хаяг нь тодорхойгүй сураггүй болсон.

          Иймд Баяраа овогтой Батсайхан /МТ83012813/-ыг эрэн сурвалжилж өгнө үү.”гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анхбаяр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “...Баяраа овогтой Батсайхан нь 7.123.498 төгрөгний зээл авсан. 2013 оны 03 дугаар сараас хойш зэлээ төлөөгүй. Батсайхны ээжийн сураг гаргасан. Ээж нь Сэлэнгэ аймгийн Алтанбулагт шалган нэвтрүүлэгч Оюунаа гэдэг хүн байсан. Уг хүнтэй холбоо авахад Батсайханы талаар мэдэхгүй гэсэн хариу өгсөн.” гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад                           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Хас банк”-ны Цогтцэций салбар нь Б.Батсайханыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч “Хас банк”-ны Цогтцэций салбар нь иргэн Б.Батсайхантай 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр барьцааны гэрээ байгуулан өрхийн хэрэглээний зориулалтаар 7,123,498.36 төгрөгийг зээлсэн нь хэрэг авагдсан 1450001060 тоот гэрээний хуулбар, барьцаа хөрөнгийн жагсаалтын хуулбар, зээлийн эргэн төлөлтийн дансны хуулганы хуулбаруудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч “Хас банк”-ны Цогтцэций салбар нь уг гэрээний үүргийн биелэлтийг иргэн Б.Батсайханаас шаардах эрх үүссэн байх бөгөөд тус иргэн нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болжээ.

Харин Б.Батсайхан нь Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо багт оршин суух хаягтай боловч Өмнөговь аймгийн Цогтцэций суманд амьдардаггүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа / Б.Батсайханы ээж Оюунаа Сэлэнгэ аймгийн  Алтанбулаг сумын гаальд шалган нэвтрүүлэгчээр ажилладаг. 95260307, 96060666 дугаартай утастай/ нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цогтцэций сум, Цагаан-Овоо багт оршин суух хаягтай Боржигон овогт Баяраагийн Батсайхан /РД:МТ83012813/-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Цогтцэций сум, Цагаан-Овоо багт оршин суух хаягтай Боржигон овогт Баяраагийн Батсайхан /РД:МТ83012813/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Баяраагийн Батсайханыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож, хүсэлт гаргагч “Хас банк”-ны Цогтцэций салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анхбаяр /утас:88104601/-т мэдэгдэхийг Өмнөговь аймгийн 3 дугаар тойргийн Ханбогд сум дахь Тахарын хэсэгт даалгасугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь  аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА