Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01220

 

 

 

 

 

 

 

 

2023 06 21 210/МА2023/01220

 

 

БНХАУ-ын иргэн М--ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/01722 дугаар шийдвэртэй,

БНХАУ-ын иргэн М--ийн нэхэмжлэлтэй

Ж.О-д холбогдох

БНХАУ-ын иргэн М--ийн гарын үсгийг хуурамчаар ашиглан хийсэн М Ч-ХХК-ийн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх 2013 оны 04 сарын 01-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, компанийн 100 хувийн эрх шилжүүлэх гэрээний хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, БНХАУ-ын иргэн М--г М Ч-ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гэж зөвтгөн бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газарт даалгах, М Ч-ХХК гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байсныг хууль бусаар өөрчилж дотоодын компани болгосон тул хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулж байсан 100,000 ам.доллар буюу 326,391,000 төгрөгийг Ж.О-гоос гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ариунзул, С.Батбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: БНХАУ-ын иргэн Ж-, М-нар 100,000 ам.долларын хөрөнгө оруулж М Ч-ХХК-ийг 2010 онд үүсгэн байгуулсан. Ж- өөрийн эзэмшлийн 80 хувийн хувьцааг 2012 онд бэлэглэлийн гэрээгээр М--д шилжүүлснээр М- нь тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон. М- нь 2012 оны 08 сарын 06-ны өдөр БНХАУ руу буцахдаа компанийн менежер Г.Ц-д компанийн баримт бичгийг үлдээсэн ба Ж.О- нь Г.Ц-ээс баримт бичгийг хууль бусаар шилжүүлэн авч М-гарын үсгийг хуурамчаар үйлдэн 2013 оны 04 сарын 01-ний өдөр М Ч-ХХК-ийн 100 хувийн эрх шилжүүлэх гэрээ, Бэлэглэлийн гэрээг хууль бусаар үйлдэж тус компанийн хувьцааг Г С- ХХК-д шилжүүлсэн.

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019 оны 05 сарын 17-ны өдрийн тогтоолд ...Ж.О- нь М Ч-ХХК-ийн бичиг баримтыг авч 2013 оны 04 сарын 01-ний өдрийн компанийн 100 хувийн эрх шилжүүлэх гэрээ, 2013 оны 03 сарын 28-ны өдрийн М Ч-ХХК-ийг Г С- ХХК-д шилжүүлэх тухай шийдвэр, 2013 оны 04 сарын 01-ний өдрийн бэлэглэлийн гэрээ зэргийг хуурамчаар үйлдэж М Ч-ХХК-ийн гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн М--гийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна... гэж дүгнэсэн. М- өөрийн эзэмшлийн компанийг өөр этгээдэд шилжсэнийг Г.Ц-ээс мэдмэгц 2018 оны 05 сарын 17-ны өдөр Монгол улсад ирж Ж.О-гийн үйлдлийн талаар цагдаад гомдол гаргасан ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. М- нь Монгол улсаас 2018 оны 06 сарын 11-ний өдөр гарснаас хойш 2019 оноос ковид 19 цар тахлын үеийг өнгөрөөж 2022 оны 08 сарын 02-ны өдөр Монгол улсад дахин ирсэн.

Ж.О- нь нэхэмжлэгчийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж М Ч-ХХК-ийг хууль бусаар шилжүүлэн авсан тул 2013 оны 03 сарын 28-ны өдрийн М Ч-ХХК-ийг Г С- ХХК-д шилжүүлэх тухай 13/01 шийдвэр, 2013 оны 04 сарын 01-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хууль бус бөгөөд 100 хувийн хувьцааг дангаар эзэмшигч М--гийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд дээрх гэрээнүүд нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, БНХАУ-ын иргэн М--г М Ч-ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гэж зөвтгөн бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газарт даалгаж, М Ч-ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж биш болсон нь Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 123456 тоот гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээг хүчингүй болгох тухай тушаалаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч М- нь М Ч-ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр эргэн бүртгүүлэхэд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болоход 100,000 ам.доллар шаардлагатай болно. Түүнчлэн М- нь анх 100,000 ам.долларыг М Ч-ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулж байсан. Гэтэл хариуцагч Ж.О-гийн буруугаас М Ч-ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байхаа больсон тул 100,000 ам.доллар буюу 326,391,000 төгрөгийг Ж.О-гоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлага нь Ж.О-д хамааралгүй гэж ойлгож байна. Үүнийг зөвтгөх, бүртгэх энэ асуудал нь Засгийн газрын харьяа агентлагийн асуудал. Үүнтэй холбогдуулан 2013 оны 04 сарын 01-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, компанийн 100 хувийн эрх шилжүүлэх гэрээ нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа. Цагдаагийн байгууллагаас энэ асуудлыг шалгасан. М--гийн гарын үсгийг хуурамчаар зурсан гэх асуудал шалгагдах явцад Цэнгүүнд М--аас олгосон итгэмжлэл хэрэгт авагдсан. М Ч-ХХК-ийн 100 хувийн хувьцааг бусдад шилжүүлэх эрх нээлттэй байсан, энэ эрхийн дагуу Ж.О- хүлээн авсан, шилжилт хөдөлгөөн хийгдсэн.

Ж.О-гийн хувьд холбогдох компанийн данснаас 100,000 ам.доллар аваагүй. М Ч-ХХК-ийн дансанд байршсан 99,990 ам.долларыг компани нь улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 12 хоногийн дараа буюу 2010 оны 12 сарын 28-ны өдөр 100,000 ам.долларыг БНХАУ-ын иргэн З- буцаан шилжүүлсэн байдаг. Гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахад оруулсан 100,000 ам.долларыг Ж.О- авсан, Ж.О-гийн үйлдлээс болж 100,000 ам.доллар алга болсон зүйлгүй.

Нэхэмжлэгч хууль бус үр дагаврыг арилгуулъя гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан ч гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэх шаардлага гаргаагүй. Гэтэл хууль бус гэдгийг хэрхэн тогтоосон бэ, үүнийг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй. Хууль бус гэдгийг тогтоогоогүй байж гэрээний үр дагаврыг арилгана гэж болохгүй.

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар бүртгэл үнэн зөв байх, Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар хууль бусд тооцоогүй. Нэхэмжлэгч нь 2018 оноос хойш шүүхээр явж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 31 тоот, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна. М-үүнийг хэзээ мэдсэн, мэдсэнээс хойш яагаад эрхээ сэргээлгэх гэж шаардлага гаргаагүй юм. 2013 оноос хойш энэ үйл баримтыг мэдээгүй байх хууль зүйн үндэслэлгүй. Гэрээтэй холбоотой шаардах эрхийн хүрээнд хөөн хэлэлцэх хугацааг шүүх анхаарч үзнэ үү. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн М--гийн 2013-04-01-ний өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ, Компанийн 100 хувийн эрх шилжүүлэх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, БНХАУ-ын иргэн М-г М Ч-ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг зөвтгөн бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газарт даалгуулах, хариуцагч Ж.О-гоос 326,391,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,000,505 улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэснийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлтэй холбоотой, мөн компанийн хувьцаатай холбоотой маргаанд буруу хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлага нь түүний зөвшөөрөлгүйгээр гарын үсгийг хуурамчаар үйлдэж хийгдсэн М Ч-ХХК-ийн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх тухай хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, М--г М Ч-ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр зөвтгөн бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газарт даалгах юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М- нь хариуцагч Ж.О-гоос гэрээний үүрэгтэй холбоотой ямар нэг зүйл шаардаагүй, гэрээний үүрэгтэй холбоотой аливаа шаардлага гаргаагүй.

Гэтэл шүүх ямар үндэслэлээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй. Талуудын хоорондын харилцаа нь гэрээнээс үүдэлтэй бус, харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах шаардлага байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн.

Шүүх талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгч нь гэрээний үүрэг шаардаагүй байтал гэрээний үүрэгтэй холбоотой хуулийн зохицуулалтыг хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Шүүх ийнхүү маргаанд хамааралгүй хуулийг хэрэглэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Мөн шүүх Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа нь эдийн бус хөрөнгөд хамаарахгүйг анхаараагүй.

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох мэтгэлцэх болон диспозитив зарчмыг зөрчсөн. Маргаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 хэрэглэгдэхгүй бөгөөд шүүх хуулийг хэрэглэхдээ талууд энэ талаар маргаагүй, мэтгэлцээгүй байтал хэрэглэсэн. Хариуцагч нь шүүх хуралдаанаас өмнө хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбар, татгалзал гаргаагүй, харин шүүх хуралдааны явцад түүний төлөөлөгчөөс гэрээтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг шүүх анхаарч үзнэ үү гэснээс өөрөөр хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй. Иймд энэ асуудлаар талууд маргаж мэтгэлцсэн, түүнтэй холбоотой тухайлан нотлох баримт гаргаж мэтгэлцсэн, нотлох баримт гаргах шаардлагатай гэж үзсэн тохиолдол гараагүй. Мөн шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж шийдвэрлэхдээ дүгнэлт хийгээгүй.

М- нь 2012 онд БНХАУ руу яваад Монгол Улсад 2018 оны 06 дугаар сард ирсэн даруйдаа цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, улмаар компаниа буцаан авахаар 2019 оноос хойш захиргаа, иргэний хэргийн шүүхүүдэд удаа дараа нэхэмжлэл гаргаж байсан. Талууд хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар маргаагүй, гэрээний үүрэгт хамаарах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй тул эдгээр баримтыг шүүхэд гаргаагүй болно. Иймд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 89 дүгээр зүйлийн 89.2, Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасныг тус тус зөрчсөн.

Мөн бид маргаж буй М Ч-ХХК-ийн хувьцаа нь ямар хамаарал бүхий этгээдүүдэд цааш хэрхэн шилжсэнийг тогтоож, нотлох зорилгоор М Ч-ХХК-ийн хувийн хэргийн материалыг бүртгэх байгууллагаас гаргуулахаар хүсэлт гаргасан ч шүүгчийн 2023 оны 01 сарын 30-ны өдрийн 3252 тоот захирамжаар зөвхөн тус компанийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулахаар шийдвэрлэж, хувийн хэргийн материалуудыг гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүй. Энэ хүсэлтийг шийдвэрлээгүй шалтгаанаа шүүгч захирамждаа дурдаагүй. Хэрэв Монгол чадал интернэшнл чадал ХХК-ийн хувийн хэргийн материалыг гаргуулсан нөхцөлд дээрх үйл баримтууд давхар нотлогдохоос гадна тус компанийн хувьцааг хэрхэн хамаарал бүхий этгээдүүд хоорондоо хууль бусаар шилжүүлсэн талаарх үйл баримт нотлогдох ёстой байсан.

Шүүх "...100,000 ам долларын БНХАУ-ын иргэн З--ээс БНХАУ-ын иргэний 50001023050000032 тоот дансанд Ли Яан Жун гэх хүнээс тоног төхөөрөмжийн үнэ гэх гүйлгээний утгатайгаар шилжсэн нь баримтаар нотлогдсон гэх тайлбарт нэхэмжлэгч тал маргаагүй... гэсэн нь нэхэмжлэл, нотлох баримтыг буруу тайлбарлаж, үнэлжээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг төлнө гэж заасан. "М Ч-ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байсныг Ж.О- нь хууль бусаар шилжүүлэн авснаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байхаа больж ГХОААН-ийн гэрчилгээг хүчингүй болгуулсан. Энэ нь Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 123456 тоот Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээг хүчингүй болгох тухай тушаалаар тогтоогддог. М-нь М Ч-ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр эргэн бүртгүүлэхэд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу 100,000 ам.доллар шаардлагатай. Энэхүү хохирол, зардал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар Ж.О- хүчин төгөлдөр бус хэлцэл хийснээс учирсан тул хариуцах ёстой гэж маргасныг шүүх буруу дүгнэсэн. Гэвч М--ийн хувьд компаниа буцаан авах нь чухал тул энэ асуудлаар давж заалдах гомдол гаргаагүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй, хууль зөрчсөн тул нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн М- нь хариуцагч Ж.О-д холбогдуулан М Ч-ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авсан хэлцэл нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл тул уг хэлцлийн үр дагаврыг арилгуулж нэхэмжлэгч М--г М Ч-ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гэж зөвтгөн бүртгэхийг бүртгэх байгууллагад даалгах, 326,391,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч бүртгэлтэй холбоотой шаардлага нь надад хамааралгүй, бүртгэх байгууллагын асуудал, 2013 оны 04 сарын 01-ний өдрийн хэлцэл хүчин төгөлдөр байгаа гэсэн тайлбар гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө тодорхойлж нэхэмжлэл гаргах үүрэгтэй боловч шүүх тодорхой бус нэхэмжлэлийг хүлээн авсан бол нэхэмжлэгчийн хүсэж буй шаардлага, түүний бодит байдал ба үр дагаврыг тодорхойлсон үндэслэлийн зөрүүтэй байдлыг тодруулсны эцэст тухайн хэлцлийн талаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг шийдвэрлэх үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хариуцвал зохих этгээд мөн эсэх талаар тодруулаагүй, энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлага хангаагүй байна.

 

Энэ үүргээ шүүх биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн М Ч-ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг даалгах шаардлагыг хариуцагч Ж.О- хариуцвал зохих этгээд мөн эсэх, уг шаардлагыг биелүүлэх чиг үүрэг хариуцагчид байгаа болон нэхэмжлэгчийн шаардлага биелэгдэх боломжтой эсэхэд анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг зөрчсөн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага, үндэслэлийг тодруулах ажиллагаа явуулж хэргийг хянан шийдвэрлэх, улмаар хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

 

4. Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэйгээс гадна мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлт гаргах эрхтэй.

 

Зохигчийн маргааны зүйл болсон М Ч-ХХК-ийн 100 хувийн хувьцааг хариуцагч Ж.О- 2013 оны 05 сарын 03-ны өдөр өөртөө шилжүүлэн авч, мөн өдөр Г С- ХХК-д мөн хувьцааг 100 хувь шилжүүлсэн, мөн 2014 оны 04 сарын 17-ны өдөр М Ч-ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Г Ч- ХХК, А Э- ХХК нар бүртгэгдсэн Түүний дараа 2019 оны 06 сарын 11-ний өдрөөс М Ч-ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр А Э- ХХК бүртгэлтэй байгаа талаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа хэрэгт авагджээ.

 

Улмаар нэхэмжлэгч тал М Ч-ХХК-ийн хувьцааг бусдад дамжуулан шилжүүлсэнтэй холбогдох хэлцэл, бусад дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэх байгууллагаас нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлт гаргасан нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байхад шүүх хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг зөрчсөн, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

5. Нэхэмжлэгч талын хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар гаргасан гомдол үндэслэлтэй. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх асуудлаар тайлбар гаргаагүй байдаг.

Гэтэл хариуцагч тал 2023 оны 04 сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбар гаргасныг үндэслэн шүүх хэлцлийн хүчин төгөлдөр байдал, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахтай холбоотой маргаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан зохицуулалтыг хэрэглэж, улмаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч талд тухайн асуудлаар тайлбар гаргах, нотлох баримт бүрдүүлэх болон мэтгэлцэх боломжийг олгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулснаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримт хангалттай бүрдүүлээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн талаар шүүх бүрэн, бодитой дүгнэлт хийсэн гэж үзэх боломжгүй байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

7. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээж, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээний асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/01722 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЭНЭБИШ