Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01249

 

 

 

 

 

 

 

 

2023 06 23 210/МА2023/01249

 

 

Э.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/01126 дугаар шийдвэртэй

Э.Б-ын нэхэмжлэлтэй,

Г.А-д холбогдох,

Компанийн хувьцаа, эрх, хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 372,693,521 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Компанийн хувьцаа, эрх, хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, А- ХХК-д учирсан хохиролд 211,638,381.90 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мандах, хариуцагч Г.А-, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Баяртуул, Д.Доржсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Э.Б-а нь А- ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд 2017 оны 03 сард Г.А-д компанийн хувьцааны 30 хувийг 70,000,000 төгрөгөөр худалдаж хамтран ажилласан. Мөн А- ХХК-ийн хувьцааны 70 хувиа Э.Б-а нь Г.А-д худалдаж 2020 оны 10 сарын 19-ний өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа, эрх, хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээг байгуулж А- ХХК-ийн 70 хувийн хувьцааг 677,670,485 төгрөгөөр худалдахаар тохиролцсон.

А- ХХК-ийг 2020 оны 10 сарын 23-ны өдрөөр тасалбар болгон компанийн өмч хөрөнгийг баримт үйлдэж хүлээлцсэн, бараа материалын тооллогоор нийт 522 нэр төрлийн 424,248,591.64 төгрөгийн өртөг бүхий зах зээлийн үнэ нь 773,162,956.3 төгрөгийн эм, бараа бүтээгдэхүүнийг хариуцагчид хүлээлгэн өгсөн. 2020 оны 10 сарын 19-ний өдрийн компанийн хувьцаа, эрх, хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээний үнэ 677,670,485 төгрөгийг 2020 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 300,000,000 төгрөг, 2020 оны 12 сарын 31-ний өдрөөс өмнө 77,000,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 300,670,485 төгрөгийг нэг жилийн хугацаанд 4 хувааж төлөх буюу улиралд 75,176,621 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож эхний төлбөр 2021 оны 02 сарын 28-ны өдрийн дотор төлөгдөх ба цаашид эхний төлбөр төлөгдсөнөөс хойших улирлын эхний сарын 30-ны дотор багтаан төлөхөөр харилцан тохиролцсон.

Хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш 2021 оны 01 сарын 08-ны өдрөөс 2022 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэл 611,000,000 төгрөгийг төлж 66,670,485 төгрөгийг төлөөгүй ба гэрээ байгуулсан үеэс эхлэн төлбөрөө хоцроож, шаардлага тавихад шалтаг хэлсээр утсаа авахаа больсон.

Компанийн хувьцаа, эрх, хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээний 6.5-д заасны дагуу алданги 306,023,036 төгрөгийг шаардах эрхтэй.

Иймд Г.А-гаас 2020 оны 10 сарын 19-ний өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа, эрх, хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу үлдсэн төлбөрийн үлдэгдэл 66,670,485 төгрөг, алданги 306,023,036 төгрөг, нийт 372,693,521 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Э.Б-а, Г.А- нар 2020 оны 10 сарын 19-ний өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 3.1-т заасан үнийг 2020 оны 10 сарын 19-ний өдөр бүрэн төлсөн тул иргэн Г.Б- нь А- ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс хасагдаж, тус компани Г.А- буюу нэг хувьцаа эзэмшигчтэй болсныг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллага 2020 оны 10 сарын 23-ны өдөр бүртгэсэн. Миний бие Э.Б-ын өмнө хүлээсэн 372,693,521 төгрөгийн өглөггүй тул, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

А- ХХК-ийг 2012 оны 08 сарын 23-ны өдөр Э.Б-а ганцаар үүсгэн байгуулсан. Миний бие 2017 оны 02 сарын 22-ны өдрөөс "А-" ХХК-ийн нийт энгийн хувьцааны 30 хувийг 70,000,000 төгрөгөөр худалдан авч, хувьцаа эзэмшигч болсон. Э.Б-а нь "А-" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2012 оны 08 сарын 23-ны өдрөөс 2020 оны 10 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу 8,2 жил хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажилласан. Э.Б-а нь Компанийн тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн, түүнчлэн Татварын тухай хууль тогтоомжийг зөрчиж, төр ба хувьцаа эзэмшигч, ханган нийлүүлэгчид хохирол учруулж байсан нь илэрхий болсон гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Компанийн хувьцаа, эрх, хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус юм. Учир нь гэрээний хүчин төгөлдөр болох нөхцөлийг тус гэрээний 1.1-д заасан. Гэтэл уг гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Мөн гэрээний 4.1.3-т ... Татвар, гаалийн хууль тогтоомжийг зөрчөөгүй бөгөөд эдгээр хууль тогтоомжийн дагуу ирээдүйд төлөх төлбөрийн өргүй болно гэсэн байхад татварын хяналт шалгалтаар А- ХХК-д 2018, 2019 онуудад 31,510,337.02 төгрөгийн зөрчил илэрч акт тавигдсан нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн, мөн гэрээний 4.3-т хамтарсан тооллого хийж хавсралт №1-ийн дагуу хүлээлцсэн гэсний дагуу хамтарсан тооллого хийсэн боловч бараа материалын тооллогын илтгэх хуудас, А- ХХК-ийн хүлээлгэн өгсөн хөрөнгө, өр төлбөрийн тооцоог хүлээн авагч тал хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Тодруулбал, худалдан авагч талын төлөөлөгч А- ХХК-ийн захирал Г.Б-, мөн Б.М- нар бараа материалын тооллогын илтгэх хуудас, А- ХХК-ийн хүлээлгэн өгсөн хөрөнгө, өр төлбөрийн тооцоонд гарын үсэг зураагүй.

 

Гэрээний 4.5-д талууд бие биедээ гарган өгсөн цаашид өгөх баримт бичиг болон мэдээлэл бүгд үнэн зөв байх бөгөөд ямар нэгэн хүчин зүйлийн талаар худал мэдэгдээгүй гэж заасан боловч татварын хяналт шалгалтын нөхөн ногдуулалтын акт, А- ХХК-ийн 2016-2020 оны санхүүгийн тайлан бүртгэл хөтлөлт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт зэргийг мөрдлөг болгон ажиллаагүй 180,128,044.88 төгрөгийн алдаа зөрчил гаргаж, компанид хохирол учруулснаар тус тус үгүйсгэгдэж байна.

Иймд Компанийн хувьцаа, эрх, хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуульд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцож, 611,000,000 төгрөгийг Г.А-д эргүүлэн олгуулах, гэрээний 4.7, 5.2.4, 6.1, 6.2-т заасны дагуу холбогдох бүх зардлыг нотлох баримт болох санхүүгийн баримтын дагуу Э.Б-а төлөхөөр шийдвэрлүүлнэ.

Нэхэмжлэгч Э.Б-а нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хугацааны буюу А- ХХК-ийн 2016-2020 оны санхүүгийн тайлан бүртгэл хөтлөлт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт зэргийг мөрдлөг болгон ажиллаагүйгээс 180,128,044.88 төгрөгийн алдаа, зөрчилтэйгөөр санхүүгийн тайланд бүртгэж, хууль зөрчин хувийн зорилгоор ашигласан тул А- ХХК-ийг хохиролгүй болгож, Э.Б-а төлөхөөр шийдвэрлэж өгнө үү.

Хаан банк ХХК ЗГ201944389922 тоот гэрээний дагуу 2019 оны 04 сарын 19-ний өдөр зээлсэн 260,000,000 төгрөгийг Э.Б-а хувьдаа авч А- ХХК-ийг мөнгөн хөрөнгийн дутагдалд оруулж, Хаан банк ХХК-ийн зээл олгох журмын дагуу танилцуулсан баримт бичигт заасан зорилгыг үр дүнд хүргээгүй, компанид хохирол учруулсан. Хожим шаардсаны дагуу зээлийн тодорхой хэсгийг төлсөн боловч 69,389,548.48 төгрөгийг зээлийн гэрээний дагуу үндсэн зээл ба хүүгийн төлбөрт А- ХХК төлсөн. 2018-2020 онуудад хувийн хэрэглээ болон баримтаар нотлогдоогүй зөрчил илэрсэн. Э.Б-а нь А- ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх 2018, 2019 онуудад Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Татварын хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүйгээс татварын 2022 оны НА-11111111111 тоот нөхөн ногдуулалтын актаар А- ХХК-д ногдуулсан 31,510,337.02 төгрөгийг Э.Б-аас гаргуулна. Иймд Э.Б-аас А- ХХК-д учруулсан хохиролд 211, 638, 381.90 төгрөгийг гаргуулна гэжээ.

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Компанийн хувьцаа, эрх, хөрөнгө, худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцохоос үүсэх үр дагавар нь ойлгомжгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн аль хэсэгт хамааралтайг тодорхойлоогүй, компанийн эрх шилжүүлэх гэрээний үр дагаварт компанийн хувьцаа, эрх, хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй, компанийн эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр нөхцөлд нэхэмжлэлийн энэ шаардлага хангагдах боломжгүй, нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байна. Гэрээний 4.3-т зааснаар гэрээг хүчин төгөлдөр болгуулах, цуцлах эрхгүй.

Э.Б-аас гаргуулах 211,638,381.90 төгрөгийн хувьд 2020 онд А- ХХК нь Хаан банк ХХК-аас 260,000,000 төгрөгийн зээл авсан ба 69,389,548.48 төгрөгийг 2020 оны 10 сарын 19-ний өдөр компанийн хувьцаа, эрх, хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээний 5.2.5-д заасны дагуу эрх шилжүүлэн авагч хариуцахаар заасан.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн 2022 оны 00000000000 дугаар актаар илэрсэн гэх 2018 оноос 2020 оны хувийн хэрэглээ болон баримтаар илрээгүй зөрчил илэрсэн гэж нэхсэн 110,738,496.45 төгрөг болон тус актаар ногдуулсан 31,510,337.02 төгрөгийг нэхэмжилсэн тухайд 2020 оны 10 сарын 19-ний өдөр компанийн хувьцаа, эрх, хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээний 4.7-д заасны дагуу үүрэг, хариуцлагаа тодорхойлсон, гэрээний дагуу төлөх төлбөр биш, татварын актаар ногдуулсан 31,510,337.02 төгрөгийн өр нь тухайн компанийн өр тул нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Г.А-гаас 66,670,485 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Б-ад олгож, алданги 306,023,036 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Г.А-, Э.Б-а нарын хооронд 2020 оны 10 сарын 19-ний өдөр байгуулсан 677,670,485 төгрөгийн үнэ бүхий Компанийн хувьцаа, эрх, хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай хариуцагч Г.А-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65.1.5-д зааснаар А- ХХК-д учирсан хохиролд 211,638,381.90 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г.А-гийн нэхэмжлэгч Э.Б-ад холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,021,418 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид 491,302 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Б-ад олгож, хариуцагч Г.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид 3,546,302 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага 66,670,485 төгрөг байхад 306,023,036 төгрөгийн алданги шаардсан нь эрх зүйн үндэслэлгүй гэж буруу дүгнэсэн.

Гэрээний нийт төлбөр 677,670,485 төгрөг бөгөөд хариуцагч гэрээнд төлбөрийг тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцсон. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар эхний төлбөрийг 2021 оны 02 сарын 28-ны өдрийн дотор, гэрээнд гарын үсэг зурснаас хойш нэг жилийн хугацаанд 4 хувааж буюу улиралд 75,176,621 төгрөг төлөхөөр заасан. Гарын үсэг зурсан өдөр буюу гэрээ байгуулсан өдрөөс хойш 2020 оны 10 сарын 19-ний өдөр нэг жилийн хугацаатай буюу 2021 оны 10 сарын 19-ний өдөр гэрээний үүргийн гүйцэтгэл дуусахаар заасан нь шийдвэрт дурдсанчлан ойлгомжгүй зүйл байхгүй, 300,640,485 төгрөгийг 4 хувааж төлөх эхний төлөлт 2021 оны 02 сарын 28-ны өдөр, цаашдын 3 удаагийн төлөлт улирал бүрийн эхний сарын 30-ны өдөр байхаар заасан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан нь нэхэмжилсэн үнийн дүнгээс тооцох биш гүйцэтгээгүй үнийн дүнгээс тооцохоор заасан хувь хэмжээ тул нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа алдангийн тооцооллыг хүснэгтээр тодорхой гаргаж өгснийг анхаарч үзээгүй. Шүүх гэрээгээр тохиролцсон төлбөрийн хугацааг хэрхэн, яаж тооцох, мөн төлбөр төлөх үүргээ хэзээнээс хэтрүүлсэн гэж үзэхийг гэрээний 3 дугаар зүйлд заасан зохицуулалтаас тодорхойлох боломжгүй, мөнгөн төлбөрийг биелүүлэхээр тогтоосон хугацаа нь салаа утгатай, ойлгомжгүй байх тул алдангийг гэрээний 6.5-д заасныг үндэслэн тооцоолох үндэслэлгүй.

Нэхэмжлэлийн тооцоолол нь ойлгомжгүй гэж үзвэл шүүх өөрөө тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд алданги нь нэхэмжилсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн, салаа утгатай гэх зэргээр дүгнэж алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчиж байна.

Хариуцагч талаас 2020 оны 10 сарын 19-ний өдрөөс 2021 оны 10 сарын 19-ний өдрийн дотор 677,670,485 төгрөгийг төлж дуусгах байсан боловч гэрээний хугацаа дуусах хүртэл хугацаанд буюу 2021 оны 01 сарын 08-ны өдрөөс 2021 оны 10 дугаар 19-ний өдрийн хооронд 371,000,000 төгрөг төлсөн, 2021 оны 12 сарын 09-ний өдрөөс 2022 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд 240,000,000 төгрөг, нийт 2 жилийн хугацаанд 611,000,000 төгрөг төлж үлдэгдэл 66,670,485 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч алдангийг гэрээний хугацаа бүрэн дуусгавар болсон үеэс тооцож нэхэмжилсэн.

А- ХХК-ийг 2020 оны 10 сарын 23-ны өдрөөр тасалбар болгон компанийн өмч хөрөнгийг баримтаар хүлээлцсэн, бараа материалын тооллогоор нийт 522 нэр төрлийн 424,248,591.64 төгрөгтэй, зах зээлийн үнэ нь 773,162,956.3 төгрөгийн эм, бараа бүтээгдэхүүн тоологдож хариуцагчид хүлээлгэн өгсөн ба ашиг нь 389,456,944.41 төгрөг байхад энэ хугацаанд тохиролцсон төлбөрийг төлсөн бол өөрийн орлогыг нэмэгдүүлж, өөр бусад бизнес эрхлэх, хөрөнгө оруулах зэрэг боломжийг алдаж, гэрээ байгуулснаас хойш төгрөгийн ханш 25 хувиар суларсан, инфляцын түвшин 12 хувьд хүрсэн төдийгүй хариуцагчтай харилцахад үнэхээр хүндрэлтэй, гуйж, шахаж 10,000,000 төгрөгөөр цувуулж төлбөр төлж байгаа нь надад маш их хохиролтой байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Миний бие компанийн болон санхүүгийн анхан шатны бичиг баримтуудыг бүрэн хүлээж аваагүй. Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 4.5-д заасан хүлээн авсан баримтууд үнэн зөв биш байсан тул гэрээний төлбөрийг хугацаанд төлөөгүй, хугацаа алдсан.

А- ХХК-ийн хувьцаа түүний эрхийг шилжүүлэхтэй хамааралтайгаар 2020 оны 10 сарын 19-ний өдөр компанийн хувьцаа шилжүүлэх болон компанийн хувьцаа, эрх, хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулсан. Тухайн гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасан боловч бүртгэгдээгүй. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн алданги тооцогдохгүй байхаас гадна төлбөр тооцооны асуудал үүсэхгүй. А- ХХК-ийг үнэ цэнээр нь худалдсан. Компанийн үнийг балансын үнээс тулгуурлан гаргасан. Энэ нь нягтлан бодох бүртгэлийн суурь зарчмуудыг илтэд гажуудуулж, хууран мэхэлсэн болох нь аудит болон үнэлгээний эрх бүхий байгууллагын хийсэн шалгалтаар тогтоогдсон. Хариуцагч тус гэрээний алданги болон бусад төлбөрийг төлөх үндэслэлгүй. Анхан шатны шүүх хариуцагч талаас шүүхэд гаргасан бүх төрлийн нотлох баримтыг үнэлээгүй.

Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 66,670,485 төгрөг тул шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал тооцоолол гаргахдаа давхардуулсан бөгөөд шүүх төлбөр төлөлтийн талаар болон гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх хугацааг хэрхэн яаж, тооцох, мөн төлбөр төлөх үүргээ хэзээнээс хэтрүүлсэн гэж үзэхийг гэрээний 3 дугаар зүйд заасан зохицуулалтаас тодорхойлох боломжгүй, мөнгөн төлбөрийг биелүүлэхээр тогтоосон хугацаа нь салаа утгатай, ойлгомжгүй тул алдангийг гэрээний 6.5-д зааснаар тооцох үндэслэлгүй гэж зөв дүгнэсэн.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж тохиролцсон нь хууль зөрчөөгүй ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцээгүй талаар шүүх шийдвэрт тусгасан. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэлд шүүх шийдвэрээрээ хууль ёсны дүгнэлт өгсөн. Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Э.Б-а нь хариуцагч Г.А-д холбогдуулан А- ХХК-ийн хувьцаа, эрх, хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 372,693,521 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Компанийн хувьцаа, эрх, хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, А- ХХК-д учирсан хохиролд 211,638,381 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. А- ХХК-ийн хувьцааны 70 хувийг нэхэмжлэгч Э.Б-а, 30 хувийг хариуцагч Г.А- эзэмшдэг байна. Нэхэмжлэгч нь тус компанийн 70 хувийн хувьцаагаа хариуцагчид худалдахаар талууд 2020 оны 10 сарын 19-ний өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа, эрх, хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ-г тус тус байгуулж, нэхэмжлэгч 677,670,485 төгрөгөөр А- ХХК-ийн 70 хувийн хувьцаагаа хариуцагч Г.А-д худалдсан байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд нийцсэн хүчин төгөлдөр байдлыг шүүх зөв тодорхойлжээ.

4. Талууд Компанийн хувьцаа, эрх, хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд гэрээний үнэ, төлбөр төлөх нөхцөлийг тохиролцсон байна. Хариуцагчийн татгалзал хэргийн баримтаар хангалттай тогтоогдоогүй, гэрээ хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч хуульд зааснаар шаардах эрхтэй талаарх үйл баримтыг шүүх үндэслэл бүхий дүгнэжээ. Гэрээний 3.2, 3.3, 3.4-т зааснаар гэрээний үнэ 677,670,485 төгрөгийг 2020 оны 10 сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 6 хуваан төлөх гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, 66,670,485 төгрөгийг төлөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.А-гаас 66,670,485 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Б-ад олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 306,023,036 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

Талууд Компанийн хувьцаа, эрх, хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээний 6.5-д мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй бол алданги төлөхөөр тохиролцсон нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр хэлцэл байна. Талууд гэрээ байгуулах үедээ төлбөрийг ямар хугацаа, хэмжээгээр хэрхэн төлөхийг харилцан тохиролцсон нь гэрээний 3.2, 3.3, 3.4-т тодорхой тусгагджээ. Хариуцагч гэрээний үнээс 611,000,000 төгрөгийг 2021 оны 01 сарын 08-ны өдрөөс 2022 оны 08 сарын 15-ны өдрийн хугацаанд 33 удаагийн гүйлгээгээр төлжээ.

Гэрээний 3.4-т заасан хугацаа дуусгавар болох үед хариуцагч 371,000,000 төгрөг төлж, 306,670,485 төгрөгийг төлөөгүй байжээ. Хариуцагчийн дараагийн төлбөрийг 2021 оны 12 сарын 09-ний өдөр гүйцэтгэсэн хугацаанаас эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах 2022 оны 11 сарын 04-ний өдөр хүртэлх 86 хоногийн алдангийг төлбөр хийгдсэн дүн тус бүрээр тооцон гаргаж нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэж байна.

Нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хугацаанд нь хангуулахаар урьдчилан тохиролцсон нөхцөлийг хариуцагч зөрчсөний улмаас үүссэн алдангийг хуульд зааснаар шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх алдангийн тооцоолол тодорхой бус гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Харин нэхэмжлэгч алдангид 306,023,036 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаа 2021 оны 10 сарын 30-ны өдөр дуусах үед төлөгдөөгүй байсан 306,670,485 төгрөгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул хуульд зааснаар уг дүнгийн 50 хувиар тооцож, хариуцагч Г.А-гаас (306,670,485/2) 153,335,242 төгрөгийн алданги гаргуулан нэхэмжлэгч Э.Б-ад олгож, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

Мөн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг оруулсан учир анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг нэмж хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

6. Хариуцагч Г.А- нь нэхэмжлэгчид холбогдуулан А- ХХК-д учруулсан хохиролд 211,638,381 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь А- ХХК-д учирсан хохирлыг өөртөө гаргуулахаар шаардлага гаргасан нь үндэслэлгүй, хариуцагч уг шаардлагыг гаргах эрхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Мөн хуулийн 73 дугаар зүйлд зааснаар үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэх, үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан А- ХХК-д учруулсан хохиролд 211,638,381 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй тооцогдохгүй буюу гэрээний үүрэг шаардсан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй,

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь буруу тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэсгүй. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг баримталсан нь оновчгүй болсныг залруулж, мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэг болгож хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/01126 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Г.А-гаас 220,005,727 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Б-ад олгож, нэхэмжлэлээс 152,687,794 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтын 65.1.5 гэснийг хасч, 73 дугаар зүйлийн 73.1 гэж нэмж,

4 дэх заалтын 491,302 гэснийг 1,257,979 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,687,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Э.ЭНЭБИШ