Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 24

 

Л.Шид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.БатЦ, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, хохирогчийн өмгөөлөгч Д.Мэндээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/212 дугаар шүүгчийн захирамж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 64 дүгээр магадлалтай, Л.Шид холбогдох 1914000000366 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.БатЦгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Зана овогт Л.Ш нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.Шийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Шийг 10 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 254 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Л.Шоос 4.416.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өд олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “254 хоног” гэснийг “266 хоног” гэж өөрчилж, шийтгэх тогтоолыг бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Шийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 78 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Гэрч нар нь талийгаачийг ухаан алдсаны дараа гэрт өргөж оруулсан, ингээд тус тусын ажилдаа гарч Өлзийсайхан айл руу явсан, Ө, М нар ямаагаа саасан гэж мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлтэд талийгаачийн үхлийн шалтгааныг цочмог цус алдалт гэх бөгөөд гэрч нар үйл баримтын талаар хэлэхдээ талийгаачаас цус годгодоод, цацраад маш их хэмжээтэй гарч байсан гэдэг. Эдгээр мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт нь хоорондоо эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бий болгодог. Өөрөөр хэлбэл, хайртай дотны хүн буюу аав нь, хань нь маш их хэмжээгээр цус алдаж байхад гэртээ оруулж орхичихоод хэн ч эмнэлгийн анхны тусламж үзүүлэхгүйгээр ямаа саах, адуунд явах гэх мэтээр өөрсдийн өдөр тутмын амьдралын хэв маягаа үргэлжлүүлж байсан нь мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт үнэн зөв эсэхэд маш их эргэлзээ төрүүлж байгаа юм. Түүнчлэн цагдаагийн байгууллагад огт мэдэгдэлгүй, 35 хоногийн дараа хүргэн Л.Штойгоо маргалдсаны дараа цагдаад мэдэгдсэн нь ямар санаа зорилго агуулж байгаа нь сонин. Болсон үйл явдлын талаар гэрч, хохирогч нар удаа дараа эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн.

Цогцост задлан шинжилгээ хийх үед ил тавьсан цогцос хатаж хорчийсон, судас шөрмөс харагдах нь битгий хэл дотор эрхтнүүд муудсан байдалтай байхад судас тасарч цус алдсан гэдэг шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд түүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ өмгөөлөгч болон Л.Шийн зүгээс байнга илэрхийлж, өөр бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүлээж аваагүй, оролцогчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан. Талийгаач Цгийн хувьд нас барахаасаа 10-аад хоногийн өмнө зүрх нь өвдөж нэг тал нь мэдээгүй болох зэргээр бусад өвчний шинж тэмдэг илэрч байсан гэдэг бөгөөд түүний өвчний шинж тэмдэг нь уушигны судасны бүлэнгэт бөглөрөл болон зүрхний шигдээс буюу инфаркт өвчний шинж тэмдэгтэй тохирч байна. Харин шинжээч үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй гэсэн дүгнэлтээ ямар шалгуурыг баримтлан гаргаснаа тайлбарлаагүй. Энэ талаар тодруулахаар удаа дараа хүсэлт гаргасан боловч тодорхой хариулт өгөөгүй юм. Үхэлд хүргэх архаг хууч өвчин байгаа эсэхийг тогтоох ганц шалгуур шинж нь эд эсийн шинжилгээ бөгөөд талийгаачаас эд эсийн шинжилгээ аваагүй, эд эрхтэнд ийм шинжилгээ хийгдээгүй байна.

Харин давж заалдах шатны шүүхээс энэ байдлыг тайлбарлахдаа “өмгөөлөгчийн гаргасан гомдол нь архаг хууч өвчингүй, өвчтэй бол эмчийн хяналтанд авдаг талаар мэдүүлсэн сумын эмч Д.Нарантуяа, С.Урангоо нарын мэдүүлгээр үгүйсгэгдсэн” гэжээ. Гэтэл дээрх хүмүүсийн мэдүүлгийг шууд эх сурвалж гэж үзэхэд учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл тухайн хүмүүс нь эмчид үзүүлж байгаагүй талаар мэдүүлсэн болохоос тухайн хүний бие организмд үзлэг оношилгоо, шинжилгээ хийж, архаг хууч өвчинтэй эсэхийг хөтөлбөргүй тогтоосон нотлох баримт биш юм. Гэрчүүдийн мэдүүлгээр талийгаачийн өмсөж явсан дээл нь цус болсон тул угаасан гэх бөгөөд эд мөрийн баримт шинжлэн судлахад дээл угаагдаагүй, хиртэй цусны толбогүй байсан болно. Анхан шатны шүүх өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг зарлан хийхдээ энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй, харин шүүх хуралдааны тов тогтоож, шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулахаар шүүгчийн захирамж гаргасан боловч захирамжийн биелэлтийг хангахгүйгээр шинжээчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн тул өмгөөлөгч миний хувьд шинжээчийн дүгнэлттэй холбоотой олон эргэлзээтэй асуултынхаа хариултыг бүрэн авч чадаагүй юм.

Иймд хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй, шүүхээс гаргасан захирамжийн биелэлтийг хангаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 64 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Мэндээ хэлсэн тайлбартаа: “Шинжээчийн дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтад тулгуурлан хийгдсэн. Хохирогч хүзүү орчим газар гэмтэл авсны улмаас нас барсан. Задлан шинжилгээгээр хүзүү орчмоос биет олдсон ба шинжилгээ хийхэд модны хэлтэрхий, үлдэгдэл хэсэг байсан. Гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хохирогчийг модоор цохисноос судас тасарч цочмог цус алдалтын улмаас нас барсан болох нь тогтоогдсон. Шийтгэх тогтоол, магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлд Монгол Улсын нэрийн өмнөөс гарч буй шүүхийн шийдвэр шийтгэх, цагаатгах хэлбэртэй байна, мөн хуулийн 36.4 дүгээр зүйлд гэм буруутай болох нь нотлогдвол шүүх шийтгэх тогтоол гаргана гэж заасан. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, шүүгчийн захирамжаар Л.Шийг гэм буруутайд тооцож, 10 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна. Иймд шүүгчийн захирамж, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Л.Шид холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Л.Ш нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын Хөнөг 3 дугаар баг, Ухаагийн ам гэх газарт Ц.Цг модоор цохиж алсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Л.Шийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял шийтгэхдээ 2020/ШЦТ/212 дугаартай захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна.” гэснийг ноцтой зөрчсөн байна.

Түүнээс гадна 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлээс /2хх-175/ үзэхэд  өмгөөлөгч П.Өлзийбаяр нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах үндэслэлээр хэргийг прокурорт буцаах хүсэлтийг, харин прокурор В.Дэлгэрмаа нь өмгөөлөгчийн гаргасан дээрх хүсэлттэй холбогдуулан шинжээч Ц.Оюун-Эрдэнийг шүүх хуралдаанд оролцуулах саналыг тус тус гаргасан байх бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн  625 дугаартай захирамжаар /2хх-179/ шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийг шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэжээ.

Гэвч анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр товлосон шүүх хуралдаанд шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ ирээгүй бөгөөд анхан шатны шүүх шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан хүсэлтийг үл харгалзан, тодорхой үндэслэл заахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэсэн нь /2хх-205/ өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцэх боломжийг хязгаарласан байна гэж дүгнэв.

Иймд өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан гомдлын энэ хэсгийг хангаж, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/212 дугаар захирамж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 64 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Л.Шид холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Л.Шид холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан гомдлын “хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж өгнө үү” гэсэн хэсэгт, түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/212 дугаар захирамж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 64 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Л.Шид холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Л.Шид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                     ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                                                                           Б.БАТЦЭРЭН           

                                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН