Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2020/0347/З |
Дугаар | 001/ХТ2021/0127 |
Огноо | 2021-09-27 |
Маргааны төрөл | Тендер, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2021/0127
“ЭТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
СоЯ, ҮХ, СаЯ-д тус тус холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ц.Цогт
Шүүгчид: Х.Батсүрэн
М.Батсуурь
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0355 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 335 дугаар магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 168 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, хариуцагч СаЯ болон СоЯ-ны хяналтын гомдлоор, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Баярхүү, наэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, хариуцагч СоЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхорлоо, С.Батцэцэг, СаЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхжаргал, гуравдагч этгээдийн төлөөлөгч О.Цэрэннадмид нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Тендерийн ҮХ болон захиалагч СоЯ-нд холбогдуулан тендерийн хүчинтэй хугацааны дотор сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй, гэрээ байгуулаагүй буруутай болохыг тогтоолгож, хохирол гаргуулах, СаЯ-нд холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №6-1/2559 дүгээр албан бичгийн “тендерийн хүчинтэй хугацааг түр зогсоох болсныг мэдэгдье” гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох;
2. Хэргийн нөхцөл байдал: “ЭТ” ХХК нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зарласан соёл урлагийн байгууллагад гэрэл, дууны тоног төхөөрөмж худалдан авах нээлттэй тендерт оролцсон байх бөгөөд тендерийг 2020 оны 03 дугаар сарын 23-нд нээсэн, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ҮХ хуралдаж, нэхэмжлэгч хуулийн этгээд шалгарсан, улмаар “П” ХХК гомдол гаргаснаар, СаЯ-ны 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 6-1/2927 албан бичгээр үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн, энэ дагуу 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр тендерийг дахин үнэлж, нэхэмжлэгч хуулийн этгээд шалгарсан боловч “тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан” гэх шалтгаанаар гэрээ байгуулагдаагүй байна.
3. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс “захиргааны байгууллага тендерийг хуулийн хугацаанд зохион байгуулж дуусгах ёстой, хугацаа сунгах нь манай компанид ашиггүй, улсад ч ашиггүй” гэж, СаЯ-наас “тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан тул гэрээ байгуулах боломжгүй” гэж, СоЯ-наас “тендерийн хүчинтэй хугацааг 15 хоногоор сунгасан СаЯны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр огноолсон албан бичиг 5 дугаар сарын 4-нд тус яаманд ирсэн, 5 дугаар сарын 19-нд тендерийн хугацаа дуусгавар болсон тул гэрээ байгуулах боломжгүй, тоног төхөөрөмж худалдан авах төсөв хасагдсан, СаЯ-нд гомдол гаргаснаар Захиргааны ерөнхий хуулийн дагуу тендерийн хүчинтэй байх хугацаа түдгэлзэнэ” тус тус гэж маргажээ.
4. Анхан шатны шүүх: “...хуульд зааснаар гэрээг тендерийн хүчинтэй байх хугацааны дотор байгуулахаар байна, тендерийн хүчинтэй байх хугацаа 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл байхад нэхэмжлэгч энэ хугацааг дууссан болохыг мэдсээр байж гүйцэтгэлийн баталгааг банкинд байршуулсанд хариуцагчийг буруутгах боломжгүй, тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацааг түр хугацаагаар зогсоосон нь нэхэмжлэгчид сөрөг бус эерэг үр дагавартай” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5. Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “...тендерийн хүчинтэй байх хугацаа нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацаа болон эрх бүхий этгээдэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаатай хамааралгүй, ҮХ хуульд заасан хүчинтэй байх хугацааг 6 хоногоор хэтрүүлсэн нь нэхэмжлэгч компаниас шалтгаалаагүй, хариуцагчийн буруутай үйл ажиллагаа” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Тендерийн ҮХ болон захиалагч СоЯ- нь нэгдүгээр багцад тендерийн хүчинтэй хугацааны дотор сонгон шалгаруулалт хийгээгүй, гэрээ байгуулаагүй буруутай болохыг тогтоож, СаЯны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №6-1/2559 дүгээр албан бичгийн “тендерийн хүчинтэй хугацааг түр зогсоох болсныг мэдэгдье” гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.
6. Хариуцагч СаЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхийн магадлалыг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, магадлал, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:
6.1. СаЯ тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэсэн хугацааг тендер шалгаруулалт зохион байгуулах хугацаанд оруулан тоолохгүй тухай мэдэгдэл хүргүүлдэг болсон нь “Энх-Өглөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй СаЯ-нд холбогдох захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 286 дугаар тогтоолтой холбоотой юм. Энэ дагуу гомдол хянах хугацааг хамруулахгүй тухай мэдэгдлийг хүргүүлдэг.
6.2. СаЯ-наас ямар хугацаанд гомдол шийдвэрлэхээс шалтгаалж тендер шалгаруулалт амжилттай эсхүл амжилтгүй болдог сөрөг үр дагавар бий болох, албаар гомдол гарган өрсөлдөгч байгууллагад гэрээ байгуулах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй байдалд хүргэх тохиолдол эрс нэмэгдэх болохыг анхаарч үзэхийг хүсье.
7. Хариуцагч СоЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас магадлалыг эс зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн гомдол гаргажээ. Үүнд:
7.1. Хуульд заасан хугацааг зөрчөөгүй, Захиргааны ерөнхий хуулийн дагуу хугацааг тооцсон.Тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан тул гэрээ байгуулах боломжгүй, хариуцагч хууль зөрчин гэрээ байгуулах байсан мэтээр хуулийг зөрүүтэй хэрэглэж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.
7.2. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлээгүй байгааг харгалзаж үзээгүй.
8. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс тайлбартаа: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү. Тендерийн хүчинтэй байх хугацааны дотор тендер шалгаруулалтаа зохион байгуулж, гэрээгээ байгуулсангүй. Шалтгаан нь үл ойлгогдох шалтгаан байна гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж, 29 дүгээр зүйлийн 29.4-т “захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд тендер хүчинтэй байх хугацаа нь тендерийг нээснээс хойш 30 хоног, хэрэв хугацаа сунгасан бол 45 хоног байхаар тусгайлан заажээ.
11. Монгол Улсын Их хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулж, тендерийн хугацааг богиносгосон, ингэхдээ тендерийг богино хугацаанд зохион байгуулж дуусгах, гомдол гаргасан хугацаанд тендерийн хугацаа зогсохгүй байх, түдгэлзэхгүй байх зорилготой байсан болох нь хуулийн үзэл баримтлал, танилцуулга, Төсвийн байнгын хороо болон Улсын Их хурлын чуулганы хуралдааны тэмдэглэл[1] зэргээр тогтоогдож байна.
12. Маргаан бүхий тендерийн тухайд, ҮХ тендерийг 2020 оны 03 дугаар сарын 23-нд нээсэн, 30 хоногийн хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дуусч, СаЯ-ны шийдвэрийн дагуу уг хугацааг 15 хоногоор сунгаж, тендерийн хүчинтэй хугацаа 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дуусах ба энэ хугацаанд багтааж, тендерийг зохион байгуулж дуусгах ёстой байсан.
13. Гэтэл захиалагч болон ҮХ-ноос хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тендерийн хүчинтэй хугацаа дууссан байхад 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр тендерийг дахин үнэлэх ажиллагаа явуулсан буруутай, нэхэмжлэгчийн “тендерийн хүчинтэй хугацааны дотор тендер шалгаруулалтыг зохион байгуулж, гэрээ байгуулаагүй” тухай нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй.
14. Иймээс СаЯ-ны “П” ХХК-ийн гаргасан гомдлыг хянасан хугацаанд тендерийн хугацаа тасалдахгүй, зогсохгүй, харин хугацааг үргэлжлүүлэн тоолох тул СаЯны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 6-1/2559 дүгээр албан бичгийн “гомдлыг хянах хугацаанд тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа түр хугацаагаар зогсох болохыг мэдэгдэж байна” гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал зөв болжээ.
15. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт “төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд захиалагчийн гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг дараах тохиолдолд түр түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болно” гэж заасан нь тендер шалгаруулалтын шийдвэр, үйл ажиллагааг түр түдгэлзүүлэх эрхийг захиргааны байгууллагад олгосон болохоос тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацааг түдгэлзүүлэх, зогсоох эрхийг СаЯ-нд олгоогүй байна.
16. Захиалагч буюу СоЯ-наас хугацааг тоолохдоо “СаЯны 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 6-1/2927 албан бичгээр үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн, энэ дагуу тендерийн хүчинтэй хугацааг 15 хоногоор сунгасан СаЯны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр огноолсон албан бичиг 5 дугаар сарын 4-нд тус яаманд ирсэн, 5 дугаар сарын 19-нд тендерийн хугацаа дуусгавар болно” гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
17. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно” гэсэн зохицуулалт нь тендерийг нээсэн хугацаанаас эхлэн 30 хоногийг тасалдалгүй үргэлжлүүлэн тоолж, гэрээ байгуулж дуусгах агуулгатай, харин СаЯ тендер сунгасан өдрөөс эхлэн сунгасан хугацааг тоолох агуулгагүй байна.
18. СоЯ-ны “Захиргааны ерөнхий хуулийн дагуу хугацааг тооцсон, гомдол хянан шалгах хугацааг тендерийн хугацаанд оруулан тооцохгүй” гэх гомдлын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тендерийн хугацааг нарийвчлан зохицуулсан тул Захиргааны ерөнхий хуулийн хугацаа тасалдах зохицуулалтыг энэ тохиолдолд хэрэглэхгүй.
19. Иймээс давж заалдах шатны шүүхийн “...СаЯ-ны 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/3118 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгах зөвшөөрлийг олгож, тус хугацааг тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан өдрөөс тоологдохыг анхааруулснаас өөрөөр чухам хэзээнээс эхлэн 15 хоногоор сунгаж байгааг дурдаагүй байна” гэж дүгнэсэн буруу юм.
20. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “худалдан авах ажиллагаа ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж тендер шалгаруулалтын зарчмыг нэрлэн заасан атал СаЯ болон СоЯ нь албан бичгээр хоорондоо харилцахдаа хугацаа алдаж, улмаар энэхүү хариуцлагагүй үйл ажиллагааны үр дагавраас шалтгаалан нэхэмжлэгч гэрээ байгуулах боломжгүй болж, эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг гомдлын хүрээнд хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
21. Түүнчлэн БСШУС яамны 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2/3087 дугаар албан бичгээр “ЭТ” ХХК-д хандан, “гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр хүчинтэй болохыг, уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа гэрээ байгуулах, 14 хоногийн дотор гүйцэтгэлийн баталгаа ирүүлэхийг” мэдэгдсэн, энэ албан бичгийг нэхэмжлэгч хуулийн этгээд 2020 оны 05 дугаар сарын 21-нд гардан авчээ.
22. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендерийн хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж зааснаар тендерт шалгарсан этгээдэд гэрээ байгуулах эрх олгосныг мэдэгдсэн хугацаа ач холбогдолтой, энэ хугацаанаас хойш 6 хоногийн хугацааг тоолох, энэ хугацаа нь тендерийн хүчинтэй хугацааны дотор байх атал ҮХ нь гэрээ байгуулах эрх олгосон албан бичгийн огноогоор хугацааг тоолсон, нэхэмжлэгч уг албан бичгийг хэзээ мэдсэн, хэзээ гардаж авсан талаар нягтлан шалгаагүй, тендерийн хугацаа дуусах гэж байгааг мэдсээр байж албан бичгийг түргэн шуурхай мэдэгдэх ажиллагаа явуулаагүй зэргээр нэхэмжлэгч хуулийн этгээдийг чирэгдүүлсэн, хугацаа хэтрүүлсэн буруутай байна.
23. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4 дэх хэсэгт зааснаар шүүх захиргааны актыг хүчингүй болгох, шаардагдах захиргааны акт гаргахыг тогтоох, захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоох замаар зөрчигдсөн эрхийг сэргээх зохицуулалттай ба энэ тохиолдолд “тендерийн хүчинтэй хугацаанд сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй, гэрээ байгуулаагүй буруу болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэлийн шаардлагын аль төрөлд хамаарч байгаа нь тодорхойгүй, анхан шатны шүүхээс тодруулах ажиллагаа явуулаагүй буруутай байгаа ч энэ байдал нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх хэмжээний ноцтой зөрчил биш байгааг тэмдэглэв.
24. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “...гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” гэж заасан, энэ хэргийн тухайд шүүхээс урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх шаардлагагүй гэж үзэн, нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн байх тул хариуцагч СоЯ-ны “урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй” тухай гомдлоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй.
25. Анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгч тендерийн хугацаа дууссан болохыг мэдсээр байж гүйцэтгэлийн баталгаа байрлуулсанд хариуцагчийг буруутгах боломжгүй, тендерийн хугацааг түр зогсоосон нь нэхэмжлэгчид эерэг үр дагавартай” гэх дүгнэлт нь дээр дурдсанаар хуульд нийцээгүй, тендер шалгаруулалт тодорхой хугацаатай байж, уг хугацааны дотор шийдэж дуусгаж, тодорхой мэдээлэлтэй, ойлголттой байх нь нэхэмжлэгчид эдийн засгийн болон цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой байна.
26. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 335 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч СаЯ болон СоЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Х.БАТСҮРЭН
Д.МӨНХТУЯА
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
[1] Төсвийн байнгын хороо болон Улсын Их хурлын чуулганы 2019.05.16, 18-ны өдөр, 2019.03.22-ны өдрийн Хуралдааны тэмдэглэл