Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1296

 

 

      “Авто вишн сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

       иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/03970 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Авто вишн сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Их-Инхмэл” ХХК-д холбогдох

           

Ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн хохиролд 11 429 925 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Авто машин болон олох байсан орлого 900 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Нэхэмжлэгч “Авто вишн сервис” ХХК-ийн гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содбаяр,

Хариуцагчийн төлөөлөгч П.Баатарсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Авто вишн сервис” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Авто Вишн Сервис ХХКомпани “Их-Инхмэл” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээгээр “Авто Вишн Сервис” ХХКомпанийн халаалтын системийг суурилуулж ажлыг 4 хоногийн дотор гүйцэтгэхээр тохиролцсон боловч “Их-Инхмэл” ХХКомпани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас талууд хамтран ярилцаад 2016 оны 02 дугаар сарын 3-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж акт үйлдэн 8 012 000 төгрөгийг “Их-Инхмэл” ХХКомпани манайд 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож, энэ үүргээ хугацаанд нь биеүүлээгүй нөхцөлд алданги төлөхөөр тохирсон байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш “Их-Инхмэл” ХХКомпани 4 ширхэг радиатор өгсөн тул 5 073 500 төгрөгийг төлбөрөөс хасч тооцуулах хүсэлтэй байна. Иймд 8 021 000 төгрөгийг, 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны алданги 882 310 төгрөг нийт 10 675 741 төгрөгийг “Их-Инхмэл” ХХКомпанис гаргуулж өгнө үү. Манайх  халаалтын  системийн

9 000 000 орчим төгрөгийн бараа материал авсан бөгөөд эднийх халаалтын системийг бүрэн суурилуулж дуусаагүй, 3 янзын тогоо тавьсан боловч байр халаагүй, энэ нэхэмжлээд байгаа 8 021 000 төгрөг бол манай компанийн худалдаж авсан бараа материалын үнэ байгаа юм. Эдгээр бараа материал манай грашид байгаа. Энэ бараа материалын үнийг төлөх талаар байгуулсан гэрээгээ дүгнэж акт үйлдсэн байгаа. Одоо тэр материалыг ашиглах боломжгүй, эднийх хуучин халаалтын системийг авахдаа тасдаж аваад дараагийн системийг тавихдаа нөхөж хийсэн байгаа. Тэр материалууд чанарын шаардлага хангахгүй учраас хариуцагчид өгөөд бараа материалын үнийг гаргуулах хүсэлтэй байна, эдний хийсэн ажил шаардлага хангаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагын дүнд эднийд төлсөн ажлын хөлсний 1 400 000 төгрөг орсон, үүнийг нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, талуудын хооронд машин барьцаалсан гэрээ байгуулаагүй, Баатарсүрэнг ирж хийсэн ажлаа ирж үзээч гэхэд ирдэггүй байсан. Тэгээд эдний ажилтан Ганбаттай баримт үйлдэж байгаад машиныг барьцаанд авсан. Одоо машиныг өгөхөд татгалзахгүй, харин олох ёстой байсан орлого 900 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “Их-Инхмэл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч П.Баатарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ байгуулж нэхэмжлэгч байгууллага материалаа авч манайх ажлыг хийж өгч, ажлын хөлсөнд 2 500 000 төгрөг өгөхөөр тохиролцож 6 600 000 төгрөгөөр материал авч, манайд ажлын хөлсөнд 1 400 000 төгрөг өгсөн бөгөөд манайх ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн. Уг халаалтын системийг эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авч олон байгууллага айлд манайх тавьж байсан боловч нэхэмжлэгч компани болохгүй байна гээд нэхэмжлэгч байгууллагын хуучин халаалтын системийг тавьж өгсөн боловч эднийх манай машин, багаж хэрэгслийг хурааж авчихаад өгөхгүй байхаар нь би очиж уулзахад техник хэрэгслээ авъя, танайд байгаа материалыг борлуулаад өгье гэж тохиролцоод акт үйлдээд гарын үсэг зурсан боловч тамга дарагдаагүй байгаа. Тэгээд материалыг аваад явъя гэхэд нэг ч материал өгөхгүй гэсэн учраас тохиролцож чадаагүй юм. Тэр үед материалыг надад өгчихсөн бол бараа материалын үнийг өгчих боломжтой байсан. Бараа материалаа өөрсдөө авчихаад дээрээс нь мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй, би хуучин  радиатор болон бүх материалаа надад өгчих зараад өгье гэхэд зөвшөөрөхгүй байсан, тухайн үед тэр материалуудыг зарах боломж байсан боловч урьдчилгаа 1 000 000 төгрөг авна гэсэн учраас тохирч чадаагүй, одоо дулааны улирал эхэлсэн учраас зарагдахгүй. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. Энэ ажлын явцад иргэн П.Баатарсүрэнгийн эзэмшлийн Кантер маркийн 25-37 УБА улсын дугаартай ачааны зориулалттай авто машиныг эзний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн  2015 оны 02 дугаар сард барьцаанд авснаас хойш машинаа авч чадахгүй байна. Би 3 сарын хугацаанд машинаараа олох байсан өдрийн орлогыг 10 000 төгрөгөөр бодож 900 000 төгрөг нэхэмжилж байна. Мөн Кантер маркийн 25-37 УБА улсын дугаартай ачааны машиныг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Их Инхмэл ХХКомпанис 10 675 741 төгрөг гаргуулахыг хүссэн “Авто вишн сервис” ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч “Их-Инхмэл” ХХКомпанийн авто машин болон 900 000 төгрөгийг “Авто вишн сервис” ХХКомпаниас гаргуулах тухай сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178 203 төгрөг, хариуцагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 350 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгч “Авто вишн сервис” ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 06 дугаартай "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийн заалттай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Уг гэрээний 1.1-т зааснаар ажил гүйцэтгэгч "Их-Инхмэл" ХХК нь захиалагч "Монбуйлант групп" ХХК-ийн засварын газар болох Авто вишн сервисийн засварын газрын сантехникийг Монгол Улсын барилгын сантехникийн угсралтын стандартад нийцсэн сүүлийн үеийн халаалтын шинэ технологийн вакум радиаторыг регистр хэлбэрээр угсарч, нийлүүлэх ба холбох хэрэгслэл бусад тоноглолыг захиалагчтай тохирсон материалын дагуу суурилуулж, гүйцэтгэлийг ажлын 4 хоногийн хугацаанд хийж захиалагчид хүлээлгэж өгөхөөр, мөн гэрээний 1.2-т зааснаар захиалагч нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, хөлсийг гэрээгээр тохиролцсон хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож талууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан юм. Гэтэл "Их Инхмэл" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлаа дуусгаж үр дүнг захиалагч "Монбуйлант групп" ХХК-д хүлээлгэж өгөөгүй учраас талууд харилцан ярилцаад тооцоо нийлж 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр "Ажил гүйцэтгэх гэрээ"-г дүгнэж акт үйлдсэн. Ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж, тооцоо нийлсэн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн актад талуудын нөхцөл байдлыг тодорхой тусгаж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн ажил гүйцэтгэх гэрээг гэрээний аль тал нь зөрчсөн, ямар хохирол учруулсан талаарх нотлох баримт нь ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн актаас тодорхой харагдаж байгаа. Ажил гүйцэтгэгч “Их-Инхмэл” ХХК нь манай компанийн хуучин байсан халаалтын системийг авахдаа өөрсдөө хуучин байсан турбонуудыг тайрч эвдэж авсан. Манай компанийн зүгээс турбонуудыг тайрч эвд гэсэн заавар зөвлөгөө өгөөгүй. Ажил гүйцэтгэгч “Их-Инхмэл” ХХК-ийн шинээр тавьсан халаалтын систем халаагүй бөгөөд тухайн компанийн ажилчид 7 хоногийн дараа ирээд ажлаа гүйцээгээд халааж өгнө гэж хэлээд ирээгүй. Захиалагч "Монбуйлант групп" ХХК нь ажил гүйцэтгэгч "“Их-Инхмэл” ХХК-ийн ажлын үр дүнг хүлээж аваагүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна" гэж заасан. Гэтэл гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй болох нь 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн актаар хангалттай нотлогдож байгаа юм.

Манай компанийн зүгээс ажил гүйцэтгэгч "Их-Инхмэл" ХХК-д халаалтын системээ халдаг болгоод өгөөч гээд хугацаа өгсөн. Хугацаа өгөөд үр дүн гараагүй учраас "Их-Инхмэл" ХХК-ийн захирал Баатарсүрэн гуай суурилуулсан системээ буулгаж авъя гэсэн саналыг манай компанид тавьсан. Үүнийгээ ч шүүх хуралдаан дээр тайлбарласан байгаа. Ажил гүйцэтгэгч "Их-Инхмэл" ХХК-ийн шинээр тавьсан халаалтын систем нь тухайн компанийн өөрийнх нь технологоор хийгдсэн халаалтын систем юм. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгч компани нь худалдаж авсан шинэ паарнуудыг эвдэж дундуур нь нэвт турбо гүйлгэсэн. Турбо дотор шингэнээ хийснээр тухайн паарыг хална гэж тооцоолсон. Гэтэл ажил гүйцэтгэгчийн шинэ технологоор хийгдсэн халаалтын системээр паарнууд халаагүй. Уг паарнуудыг манай компани ашиглах боломжгүй, өөр бусад иргэн, аж ахуйн нэгжид худалдах гэхээр тухайн компанийн технологоор эвдэж хийгдсэн учраас хэн ч худалдаж авахгүй. Зөвхөн ажил гүйцэтгэгч "Их-Инхмэл" ХХК өөрөө ашиглах боломжтой. Энэ талаар ч хариуцагч компанийн захирал Баатарсүрэн гуай шүүх хуралдаан дээр "манай компанийн технологоор эвдэж хийгдсэн учраас нэхэмжлэгч компани ашиглох боломжгүй" гэж тайлбарласан байгаа. Ингээд талууд тооцоо нийлж акт үйлдээд манай компанийн хохирлыг барагдуулахаар харилцан тохиролцсон болохоос биш талуудын хэн аль нь гэрээнээс татгалзах санал гаргаагүй. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Энэхүү гэрээний дагуу Их-Инхмэл ХХК-ийн гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангахгүй байна гэсний дагуу Монбуйлант групп ХХК-ийн Авто вишн сервис засварын газарт угсарсан халаалтын системээ буцаан авч, хуучин байсан халаалтын системийг сэлбэн суурилуулсан үйл баримтад талууд маргахгүй байна.

Энэхүү үйл баримтаас үзэхэд Монбуйлант групп ХХК-ийн засварын газарт шинээр халаалтын систем суурилуулах тухай хэлцлээсээ татгалзсан байх бөгөөд нэгэнт татгалзсан гэрээг дүгнэх боломжгүй байна..." гэж үндэслэлгүй дүгнэлт хийлээ. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт "Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ" гэж заажээ. Талуудын хэн аль нь тухайн гэрээнээсээ татгалзах талаар нэг нь нөгөөдөө мэдэгдээгүй. Харин ажил гүйцэтгэх гэрээний зөрчилдөөнийг дүгнэсэн талаарх нотлох баримт нь 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн акт байгаа юм. Мөн шүүхийн шийдвэрийг амаар танилцуулан сонсгож дүгнэлт хийхдээ ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн актыг "шинээр гэрээ хийсэн байна" гэж дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийг бичгээр гаргахдаа энэ талаар нэг ч дүгнэлт өгч чадаагүй байна. Ийнхүү талуудыг гэрээнээсээ татгалзсан гэх үндэслэлгүй дүгнэлт хийж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг баримталж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн учраас нэхэмжлэгчийн зүгээс маш их гомдолтой байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... үлдэгдэл бараа материалыг хариуцагч байгууллагад хүлээлгэж өгөөгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна" гэж үндэслэлгүй дүгнэлт хийж байна. Ажил гүйцэтгэгч "Их-Инхмэл" ХХК-ийн технологоор хийгдсэн шинэ халаалтын системийг тухайн компанид хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгсөн болох нь актаар нотлогдоно. Хүлээлгэн өгсөн халаалтын систем нь манай компанийн гараашид хадгалагдаж байгаа бөгөөд үүнийг ажил гүйцэтгэгч "Их-Инхмэл" ХХК бага, багаар зөөж хэрэглэхээр тохиролцсон. Энэ талаар хариуцагч "Их-Инхмэл" ХХК-ийн захирал Баатарсүрэн гуай шүүх хуралдаан дээр тайлбарласан. Түүнчлэн шинэ технологоор хийгдсэн халаалтын системийг "Их-Инхмэл" ХХК нь бага хэмжээгээр зөөж ашиглаж байгаа болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 573 500 төгрөгийн бараа, материалыг хариуцагч "Их-Инхмэл" ХХК-ийн захирал Баатарсүрэн гуай авч хэрэглэснээр нэхэмжлэгч компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан явдал юм. Үүнийгээ ч хариуцагч "Их-Инхмэл" ХХК-ийн хариу "...тэдний худалдаж авсан материалаас 572 000 төгрөгийн материалыг борлуулж өгсөн" гэх тайлбарт тодорхой тэмдэглэгдсэн байгаа. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

           

         Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

           

         Нэхэмжлэгч “Авто вишн сервис” ХХК нь “Их-Инхмэл” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 8 021 000 төгрөг, алданги 882 310 төгрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад алданги 2 526 615 төгрөг, нийт 11 429 925 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган, “Кантер” маркийн ачааны автомашин болон уг машинаар олох байсан орлогод 900 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган шаарджээ.

          

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Монбуйлант групп” ХХК-иас “... оноосон нэрээ өөрчилж, шаардлага ба үүргээ “Авто вишн сервис” ХХК-д шилжүүлсэн тул эрх залгамжлан авбал зохих этгээдээр солиулахаар /хх-80 дах тал/ хүсэлт гаргасны дагуу шүүх нэхэмжлэгч нь “Монбуйлант групп” ХХК-ийг эрх залгамжлан авбал зохих этгээд “Авто вишн сервис” ХХК-иар сольсон  /хх-87 дугаар тал/ байна.

 

        Зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ байгуулагдаж уг гэрээний дагуу хариуцагч нь халаалтын системийг холбох хэрэгсэл, бусад тоноглолын хамт угсарч нийлүүлэн, суурилуулж, нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх, нэхэмжлэгч нь ажлыг хүлээн авч хөлсийг тус талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн  343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээнд заасан 3 хоногийн хугацаанд төлөхөөр тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогдсон.

 

          Талуудын хооронд гэрээний дагуу гүйцэтгэгч суурилуулсан халаалтын системийг буцаан, зарим зүйлийг нь сэлбэн янзалж, хуучин халаалтын системийг дахин угсарч суурилуулсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй, захиалагч өмнө нь суурилуулсан халаалалтын системийн материалууд нь чанарын шаардлага хангахгүй, ашиглах боломжгүй болсон гэж үзэж, гүйцэтгэгчид буцаан өгөхийг татгалзаагүй, энэ талаар гүйцэтгэгч сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно.

 

Талууд 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Ажлын гүйцэтгэх гэрээг дүгнэсэн акт” үйлдэж, “Мон-буйлант групп” ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний улмаас учруулсан  хохирол  8 021 000 төгрөгийг хариуцагч буюу ажил гүйцэтгэгч “Их-Инхмэл” ХХК төлж барагдуулахаар тохиролцсон талаарх баримт хэрэгт авагдсан байна.

 

Талуудын хооронд үйлдсэн дээрх акт нь хариуцагч компанийн зүгээс гэрээний үүргээ зөрчин нэхэмжлэгчид хохирол учруулсан гэх нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг  нотолсон баримт байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг зөрчсөн  нөгөө талаас учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

“Ажлын гүйцэтгэх гэрээг дүгнэсэн акт”-ын дагуу нэхэмжлэгч нь алданги шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой алданги тооцох талаар талууд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан байх шаардлагатай.  

 

Өөрөөр хэлбэл зохигчид гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирлоо гаргуулах талаар тооцож үйлдсэн баримт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрх үүсэхгүй юм.

 

Талуудын хооронд гэрээгээр тохиролцсон үндсэн ажил гүйцэтгэгдэж, төлбөр төлөгдөж, гэрээний үндсэн үүрэг дуусгавар болсон байхад шүүх талуудыг гэрээнээс татгалзсан гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцэхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хянах  үндэслэлтэй.

 

Хариуцагч “Их-Инхмэл” ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлд дурдсан автомашины хууль ёсны өмчлөгч гэдгээ баримтаар нотолж чадаагүй тэрээр шаардах эрхгүйгээс гадна автомашиныг эзэмшилдээ байлгаснаар өөрт нь хохирол учруулсан гэх шаардлагынхаа үндэслэлийг баримтаар нотлоогүй болно.  

        

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэхэмжлэгч “Авто вишн сервис” ХХК-иас 178 203 төгрөг гэснийг “254 378 төгрөг” гэж өөрчлөн, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 41 599 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

  

         Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/03970 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Их-Инхмэл” ХХК-иас 8 021 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Авто вишн сервис” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  3 408 925 төгрөгийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

 

2 дахь заалтын “...178 203...” гэснийг “...254 378...” гэж,  “...үлдээсүгэй...” гэснийг ...үлдээн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 41 599 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, хариуцагч “Их-Инхмэл” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 143 286 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Авто вишн сервис” ХХК-д олгож...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Авто вишн сервис” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 570 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                 ШҮҮГЧИД                                         Т.ТУЯА

 

                                                                                           Д.БАЙГАЛМАА