Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 108

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга би,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, өөрийн байранд байрлах Капитал банк, Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Тайжууд овогт Баттөмөрийн Батцэцэгийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3-р баг, Цагаан овоо, Цэций Уулын 11-11 тоотод оршин суух Хурган овогт Хүүгийн Отгончулуун /РД:КБ79102802, утас:89799988/, Дугар тайж овогт Цэцэгээгийн Өсөхбаяр /РД:ЙЮ70042435, утас: 89789988/ нарт холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл 44 264 451 төгрөг гаргуулах тухай Капитал банкны нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитал банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус банк нь Хүү овогтой Отгончулуун, Цэцгээ овогтой Өсөхбаяр нартай 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр №2005000030 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 1,9 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Өмнөговь аймаг, Цогтцэций сумын Цэций уулын 11-10 тоот байрлах 126мкв талбайтай үйлчилгээний зориулалттай газар, 750мкв талбайтай эзэмших эрхтэй газар, Цогтцэций сум 10-31 тоотод байрлах 500мкв талбайтай өмчлөх эрхтэй газар, Цэций уулын 11-10 тоотод байрлах Kia Bongo маркийн 12-74 ӨМӨ ачааны машин, 5 ханатай шалгүй гэр, 42 инч LCD Hair, тоног төхөөрөмж, солонгос хөргөгч хятад хөргөгч, дэлгүүрийн лангуу, тавиар, тоног төхөөрөмж, 2*3, 2*2 харьцаатай төмөр пин, 2 ширхэг, зэргийг барьцаалсан. Гэрээний дагуух хэсэгчилсэн графикт төлөлтийн хугацаа 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дууссан боловч хариуцагч нар нь өнөөдрийг хүртэл төлбөр тооцоогоо барагдуулаагүй байна. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлээс 14 384 994,20 төгрөг, үндсэн хүү 12 378 521,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 215 217,20 төгрөг төлсөн. Одоогоор 35 615 005,80 төгрөгийн үндсэн зээл, 6 919 555,92 төгрөгийн үндсэн зээлийн хүү, 1 729 888,98 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийтдээ 44 264 451 төгрөгний зээл хүүг төлөх шаардлага тавьсан боловч төлөхгүй байсаар өдийг хүрлээ.

Иймд Х.Отгончулуун, Ц.Өсөхбаяр нарын орлого, эд хөрөнгөөс нь нийт 44 264 451 төгрөгний хохирлыг барагдуулж өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч Х.Отгончулуун шүүхэд ирүүлсэн тайлбартаа “Х.Отгончулуун миний бие нь 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Капитал банкнаас 50 000 000 төгрөг зээлсэн. Үүнээс хойш зээлийг хугацаанд нь буюу сар бүрийн графикийн дагуу төлж байгаад Цагаан овоо хаягт оршин суух Эрдэнэбилэг овогтой Оюунд гэрээ байгуулан зээлийн үлдэгдэл болох 39 284 613 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр гэрээ хийж өгсөн боловч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас хугацаа хэтрүүлсэн. Миний хувьд анх банкнаас зээл авсан хүний хувьд Капитал банкны үлдэгдэл зээл болох 44 264 451 төгрөгийг Капитал банкинд төлж барагдуулна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банкны нь хариуцагч Х.Отгончулуун, Ц.Өсөхбаяр нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл нийт 44 264 451 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаараа бичгээр тайлбар гаргаж өгсөн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Капитал банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 379 272.26 төгрөгийн тал хувь болох 189 636.13 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын Төрийн банк дахь 211000020815 тоот данснаас, мөн тал хувь болох 189 636.13 төгрөгийг хариуцагч Х.Отгончулуун, Ц.Өсөхбаяр нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

            1.Капитал банкны нэхэмжлэлтэй Х.Отгончулуун, Ц.Өсөхбаяр нарт холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл 44 264 451 /дөчин дөрвөн сая хоёр зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун тавин нэг/-н төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Капитал банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 379 272.26 төгрөгийн тал хувь болох 189 636.13 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын Төрийн банк дахь 211000020815 тоот данснаас, мөн тал хувь болох 189 636.13 төгрөгийг хариуцагч Х.Отгончулуун, Ц.Өсөхбаяр нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                        Д.БАТТУЛГА