Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цогтбаярын Урангуа |
Хэргийн индекс | 144/2016/00065/И |
Дугаар | 109 |
Огноо | 2016-06-20 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 109
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа би,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, Далан, 4 дүгээр байр 1-7 тоотод оршин суух Жинчин овогт Цэндийн Энхтуяа /РД:КЮ58090607/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3 дугаар баг, Цэций хороолол 2-19 тоотод оршин суух Хумага овогт Баяндэлгэрийн Мөнхцэцэг,
Хариуцагч: /РД:КЮ82112129/, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3 дугаар баг, Цэций-Уул 11-11 тоотод оршин суух Хурган овогт Хүүгийн Отгончулуун /РД:КБ79102802/ нарт холбогдох,
Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Мөнхцэцэгийн зээлийн гэрээний төлбөр 13,770,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Ц.Энхтуяа би Б.Мөнхцэцэгээс 10,000,000 төгрөг үл хөдлөх эд хөрөнгө болох /Y1105000107, Г№000094351/ орон сууцаа барьцаалж зээлийн гэрээ байгуулсан. Гэвч уг гэрээ хүчин төгөлдөр болоогүй Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн, 10,000,000 төгрөг өгөхдөө үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээд мөнгөө өгнө гэж хэлээд гэрээ байгуулж гарын үсэг зуруулчхаад 7,650,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг өгөхгүй байгаа тул уг гэрээг хуулийн дагуу цуцалж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б.Мөнхцэцэг шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: “...Б.Мөнхцэцэг би иргэн Ц.Энхтуяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ц.Энхтуяагийн хүсэлтээр зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг 30 хоногийн 20 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр 1 сарын хугацаатай зээлсэн. Гэрээний хугацаа дуусаж миний бие гэрээнд заасан үндсэн зээл, хүү, алданги шаардахад зээлдэгч Ц.Энхтуяа нь зээлийн төлбөрөө удахгүй төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй болно. Иймд зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хонон тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцож 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 240 хоногийн 9,180,000 төгрөг, гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж үзэхэд 4,590,000 төгрөг алданги, түүний хүү 1,530,000 төгрөг, үндсэн зээл 7,650,000 төгрөг нийт 13,770,000 төгрөгийг Ц.Энхтуяагаас гаргуулан өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Энхтуяа шүүхэд гаргасан хамтран хариуцагчаар татан оролцуулсан Х.Отгончулуунд холбогдох нэхэмжлэлдээ:
“...Ц.Энхтуяа би Х.Отгончулууны хүсэлтээр надад зээл авахад барьцаанд байраа тавиад өгөөч гэж гуйгаад байхаар нь Б.Мөнхцэцэгээс 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг 30 хоногийн 20 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр зээлсэн. 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Х.Отгончулууны “Төрийн банк”-ны 211400072745 тоот дансанд 7,650,000 төгрөгийг шилжүүлсэн. Иргэн Х.Отгончулуун зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг өөрөө хариуцах болно гэсэн бичиг хийн нотариатаар батлуулсан болно. Гэтэл Х.Отгончулуун одоо болтол нэг ч сарын үндсэн зээл болон хүүг огт төлөөгүй болно.
Иймд зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцож 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 240 хоногийн 9,180,000 төгрөг, гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж үзэхэд 4,590,000 төгрөг алданги, түүний хүү 1,530,000 төгрөг, үндсэн зээл 7,650,000 төгрөг нийт 13,770,000 төгрөгийг Х.Отгончулуунаас гаргуулан өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Х.Отгончулуун шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Х.Отгончулуун би Ц.Энтуяагаас 7,650,000 төгрөг зээлсэн нь үнэн болно. Миний бие 7,650,000 төгрөгийг төлж барагдуулна.” гэжээ.
Зохигч талуудаас шүүхэд ирүүлсэн “Эвлэрлийн гэрээ”-нд:
“...Нэг талаас нэхэмжлэгч Цэндийн Энхтуяа /РД:КЮ58090607/, нөгөө талаас хариуцагч Баяндэлгэрийн Мөнхцэцэг /РД:КЮ82112129/, Хүүгийн Отгончулуун /РД:КБ79102802/ нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасны үндсэн дээр энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. Талууд харилцан тохиролцож 13,770,000 төгрөг дээр эвлэрлийн гэрээг байгуулав. Уг иргэний хэрэгт хамтран хариуцагчаар оролцсон Х.Отгончулуун нь 13,770,000 төгрөгийг Б.Мөнхцэцэгт 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулсан тохиолдолд барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Ү-1105000107, ГД-000094351 тоот орон сууцны ордерыг буцаан нэхэмжлэгч Ц.Энхтуяад олгохоор тохиролцов.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Энхтуяа нь хариуцагч Б.Мөнхцэцэгт холбогдуулан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай, хариуцагч Х.Отгончулуунд холбогдуулан 13,770,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл, Б.Мөнхцэцэг зээлийн гэрээний төлбөр 13,770,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч талууд хоорондоо эвлэрч, зээлийн гэрээний төлбөр 13,770,000 төгрөгийг хариуцагч Х.Отгончулуунаас Б.Мөнхцэцэгт 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулсны үндсэн дээр барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Ү-1105000107, ГД-000094351 тоот орон сууцны ордерыг буцаан нэхэмжлэгч Ц.Энхтуяад олгох нөхцөлтэйгээр эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ц.Энхтуяагийн нэхэмжлэлтэй, Б.Мөнхцэцэг, Х.Отгончулуун нарт холбогдох Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлтэй, Б.Мөнхцэцэгийн 13,770,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Х.Отгончулуун 13,770,000 төгрөгийг хариуцагч Б.Мөнхцэцэгт 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулсны үндсэн дээр хариуцагч Б.Мөнхцэцэг нь барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Ү-1105000107, ГД-000094351 тоот орон сууцны ордерыг буцаан нэхэмжлэгч Ц.Энхтуяад олгох нөхцөлтэй эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Энхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн банкны 211000020815 тоот данснаас 87,475 төгрөгийг, мөн хариуцагч Б.Мөнхцэцэг/43,737.5/, Х.Отгончулуун /43,737.5/ нараас 87,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Энхтуяад,
Сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 226,800 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн банкны 211000020815 тоот данснаас үлдэх 113,400 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ц.Энхтуяа /56,700/, хариуцагч Х.Отгончулуун /56,700/ нараас 113,400 төгрөгийг тус тус гаргуулж Б.Мөнхцэцэгт олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА