Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01254

 

 

 

 

 

 

 

 

2023 06 23 210/МА2023/01254

 

 

Ё.Ш-, Р.Ц- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/01010 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ё.Ш-, Р.Ц- нар

Хариуцагч: М У Д- ХХК

Үндсэн нэхэмжлэл: үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний алданги 226,003,400 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний алданги 467,400,000 төгрөг гаргуулах, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос татвар 22,000,000 төгрөгийг төлөх, гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчийн нэр дээр шилжүүлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.Ш-, түүний өмгөөлөгч Б.Батжаргал нэхэмжлэгч Р.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л-, түүний өмгөөлөгч Л.Отгондорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын Б хэсэгт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон эскиз зургийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталж, Моннис урбан деволопмент ХХК-д уг эрхийг олгохдоо бидний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хамруулсан учир бид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж захиргааны хэрэг үүссэн. Энэ хэрэгт М У Д- ХХК гуравдагч этгээдээр оролцсон ба эвлэрэх санал гаргаснаар М У Д- ХХК-тай 2021 оны 03 сарын 19-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар уг захиргааны хэрэг хэрэгсэхгүй болсон.

Бид өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг 1,300,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож М У Д- ХХК нь гэрээний үнийн 15 хувь буюу 195,000,000 төгрөгийг бартераар, үлдэх 85 хувь буюу 1,105,000,000 төгрөгийг 2021 оны 03 сарын 18-ны өдөр 130,000,000 төгрөг, 2021 оны 04 сарын 15-ны өдөр 325,000,000 төгрөг, 2021 оны 05 сарын 15-ны өдөр 325,000,000 төгрөг, 2021 оны 06 сарын 15-ны өдөр 325,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр болсон. Гэвч үүргээ хугацаандаа биелүүлээгүй бөгөөд хэсэгчлэн төлсөөр 2021 оны 12 сарын 17-ны өдөр бүрэн төлж дуусган гэрээний хугацааг 245 хоногоор хэтрүүлсэн. Иймд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн 245 хоногийн 226,003,400 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна.

Гэрээгээр төлбөрийн нөхцөлийг тохиролцохдоо төлбөр төлөх хугацааг тогтоож, хугацаа хэтрүүлбэл хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,2 хувиар алданги тооцохоор заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй бөгөөд алданги шаардах эрхтэй юм. М У Д- ХХК-ийн удирдлага болох Б.Ч-, Б.Н-, М- нартай асуудлыг шийдэхээр удаа дараа холбогдож, уулзаж байсан ч шийдэх хүсэлгүй байгаа. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг М У Д- ХХК-д бүрэн шилжүүлсэн. Иймд хариуцагчаас алданги 226,003,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талууд дээрх гэрээг байгуулан нэхэмжлэгч нар хариуцагчид 2 газрын өмчлөх эрх, 1 үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр, хариуцагч гэрээний төлбөрт 1,300,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч нар нь өөрсдөө үл хөдлөх хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй, мөн талууд тооцоо нийлсэн акт үйлдэж гэрээний биелэлтийг дүгнэсэн, гэрээний хугацаанд Засгийн газрын шийдвэрийн дагуу улсын хэмжээнд бүх нийтийн хөл хорио тогтоогдож, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдох, тээвэр ложистикийн хувьд гацалт үүсэх, Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөн, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан зэрэг шалтгаануудаас үүдэн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн шалтгаанаар нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд иргэн Ё.Ш-, Р.Ц- нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Гэрээний 2.7-д зааснаар худалдан авагч нь орон сууц захиалгын гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр 130,000,000 төгрөгийг худалдагчид төлснөөс хойш ажлын 7 хоногийн дотор худалдагч нь Р.Ц-ын өмчлөлийн 540 м.кв газрыг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй байсан. Мөн гэрээний 4.2.4-т зааснаар худалдагч нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гэрээний 2.7-д заасан хугацаа, журмын дагуу худалдан авагчийн нэр дээр шилжүүлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй байсан. Талууд гэрээний 6.2-т худалдагчийн дээрх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар худалдагч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн 0,2 хувиар алдангийг хоног тутам худалдан авагчид төлөхөөр тохиролцсон. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6 дахь хэсэгт тус тус заасанд нийцсэн.

Худалдан авагч гэрээний 2.5.1-д зааснаар 2021 оны 03 сарын 18-ны өдөр 130,000,000 төгрөгийг Ё.Ш-т шилжүүлсэн. Мөн гэрээний 2.6-д зааснаар 2021 оны 03 сарын 22-ны өдөр Ё.Ш-, Р.Ц- нартай МUD-С-2013-СОМ-017 дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14-р хороолол, М- хотхоны 000тоот хаягт байрлах 60,64 м.кв, 92 тоот хаягт байрлах 40,59 м.кв нийт 195,000,000 төгрөгийн үнэ бүхий 101,23 м.кв орон сууцыг худалдагчид шилжүүлсэн.

Худалдагч дээрх нөхцөл биелснээс хойш ажлын 7 өдрийн дотор буюу 2021 оны 03 сарын 30-ны өдрийн дотор Р.Ц-ын өмчлөлийн 540 м.кв газрыг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй байсан ч үүргээ биелүүлэлгүй 2021 оны 12 сарын 21-ний өдөр буюу гэрээний хугацааг 265 хоног хэтрүүлэн газар өмчлөх эрхээ шилжүүлж өгсөн. Иймд худалдагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, гэрээний 2.7, 4.2.1, 4.2.4-т заасан үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйл, гэрээний 6.2-т заасны дагуу М У Д- ХХК-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг гэрээний 1.2.2-т зааснаар 200,000,000 төгрөгөөр тооцсон тул 106,000,000 төгрөгийн алдангийг хуульд нийцүүлэн Ё.Ш-, Р.Ц- нараас 100,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Мөн гэрээнд зааснаар худалдагч нь 2021 оны 03 сарын 30-ны өдрийн дотор Р.Ц-ын өмчлөлийн 540 м.кв газрын өмчлөх эрхийг худалдан авагч талд шилжүүлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх үүргээ одоог хүртэл биелүүлээгүй 432 хоног хэтрүүлсэн.

Гэрээний 2.7, 2.8-д тус тус заасны дагуу худалдан авагч нь орон сууц захиалгын гэрээ хийж урьдчилгаа төлбөр 130,000,000 төгрөгийг худалдагчид төлснөөс хойш ажлын 7 хоногийн дотор худалдагч нар нь 900,000,000 төгрөгийн үнэтэй, 75 хувийн гүйцэтгэлтэй 1382.5 м.кв талбай бүхий барилгыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй байсан. Худалдагч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй нөхцөлд мөн гэрээний 6.2-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд худалдан авагчид төлөхөөр тохиролцсон. Худалдан авагч нь гэрээний 2.5.1-5.5.4-т зааснаар үл хөдлөх хөрөнгийн төлбөрт 1,105,000,000 төгрөгийг 2021 оны 03 сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 сарын 20-ны өдөр нэхэмжлэгч талд шилжүүлсэн бөгөөд 2021 оны 12 сарын 21-ний өдөр тооцоо нийлж акт үйлдэн М У Д- ХХК нь Ё.Ш-, Р.Ц- нарт тэг төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг дүгнэсэн.

Гэрээнд зааснаар худалдагч нь 2021 оны 12 сарын 29-ний өдрийн дотор Ё.Ш-ийн өмчлөлийн 200,000,000 төгрөгийн үнэтэй, 566 м.кв газар, Ё.Ш-, Р.Ц- нарын өмчлөлийн 900,000,000 төгрөгийн үнэтэй, 75 хувийн гүйцэтгэлтэй 1382.5 м.кв барилгыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, эрх бүхий байгууллагад буюу Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх үүрэгтэй байсан. Гэвч худалдагч нар уг үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлж өгөөгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна. Мөн үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоосоо татвар төлөөгүй байгаа тул бодит байдал дээр худалдан авагчаас үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлэх боломж бүрдээгүй.

Худалдан авагчаас үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан ч татвар төлсөн баримтгүй гэх шалтгаанаар хүсэлтийг хүлээж аваагүй. Худалдагч нараас үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогын татвар 22,000,000 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардсан бөгөөд 2022 оны 05 сарын 26-ны өдрийн АБ-22/92 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн.

Иймд худалдагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, гэрээний 2.8, 3.4, 4.2.4-т заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул мөн хуулийн 232 дугаар зүйл, гэрээний 6.2-т зааснаар М У Д- ХХК-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг гэрээний 1.2.1-д зааснаар 75 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 900,000,000 төгрөгөөр, 1.2.3-т заасны дагуу Ё.Ш-ийн өмчлөлийн 566 м.кв талбай бүхий газарт 200,000,000 төгрөгөөр тооцоход 1,100,000,000 төгрөгийн үнийн дүнгээс алданги төлөхөөр байна. Алдангийг гэрээний 1.2.1-т заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийн хувьд 300,600,000 төгрөгөөр, 1.2.3-т заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийн хувьд 66,800,000 төгрөгөөр, нийт 367,400,000 төгрөгөөр тооцсон болно.

Үүрэг гүйцэтгэх хугацааг 2021 оны 12 сарын 29-ний өдрөөр, үүргийн гүйцэтгэлийг хоцроосон хугацааг 2021 оны 12 сарын 29-ний өдрөөс 2022 оны 06 сарын 16-ны өдрийг дуустал хугацаагаар буюу 167 хоногоор тооцсон.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж Ё.Ш-, Р.Ц- нарт Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг, 243 дугаар зүйл, Хувь хүний орлогын алба татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 17.1.1, 21.2.1 дэх хэсэг, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, гэрээний 3.4, 4.2.4-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос татвар 22,000,000 төгрөгийг төлөх, гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчийн нэр дээр шилжүүлж, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхийг даалгаж, Ё.Ш-, Р.Ц- нараас Иргэний хуулийн 232, 243 дугаар зүйл, талуудын хооронд 2021 оны 03 сарын 19-ний өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 6.2-т тус тус заасны дагуу алданги нийт 467,400,000 төгрөгийг гаргуулж М У Д- ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч нарын тайлбар, татгалзлын агуулга: Талууд гэрээг харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 1,300,000,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх байсан ч үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч нь мөн үл хөдлөх хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл биелэгдсэн нөхцөлд хариуцагчид шилжүүлэхээр тохирсон. Хариуцагч М У Д- ХХК нь гэрээний хугацаанд үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд төлбөрийг бага багаар 2021 оны 12 сарын 17-ны өдрийг хүртэл цувуулан төлсөөр гэрээний төлөх хугацаанаас 245 хоногийн хэтрэлттэйгээр бүрэн төлж дуусгасан.

Талууд бартерын нөхцөлөөр 2021 оны 03 сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 124-Б байр 24 тоотын 60,64 м.кв 2 өрөө, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 124-Б байр 92 тоот 40,59 м.кв 1 өрөө орон сууцуудыг худалдагч талд шилжүүлэхээр Орон сууц захиалгын гэрээ байгуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэгчид уг орон сууцуудыг эрх бүхий байгууллагад хандан бүртгүүлж, өөрсдийн өмчлөлдөө шилжүүлж авахад нь шаардлагатай холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгөөгүй, өмчлөх эрхээ худалдагчид шилжүүлж өгөөгүй, тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсэн. Энэ талаар нэхэмжлэгч нар хариуцагчаас удаа дараа шаардаж байсан.

2021 оны 09 сарын 20-ны өдөр М У Д- ХХК-ийн ерөнхий менежер Г.М- нь бидэнтэй холбогдож, бартерын орон сууцуудыг улсын бүртгэлд бүртгүүлэх, өмчлөх эрхээ шилжүүлж авахад шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж өгснөөр орон сууцуудыг өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Үүний дараа гэрээний дагуу Р.Ц-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 5555тоот хаягт байрлах 540 м.кв газрыг хариуцагчид шилжүүлж өгөх гэхэд гүйцэтгэх захирал Б.Н- болон ерөнхий менежер Г.М- нартай утас, мессежээр удаа дараа холбогдсон боловч газар шилжүүлэх өргөдлийн загвар удахгүй өгнө, яаж шилжүүлж авах нь тодорхойгүй байна, хариу өгнөө гэсээр шийд өгөлгүй сураг чимээгүй болсон.

2021 оны 12 сарын 10-ны өдөр М У Д- ХХК-ийн ерөнхий менежер Г.М- нь [email protected] имэйл хаягаас үл хөдлөх хөрөнгүүдийн эрхийг шилжүүлэхэд шаардлагатай эрх бүхий байгууллагуудад хандах өргөдлийн загвар, бүрдүүлэх бичиг баримтуудын жагсаалт зааварчилгааг ирүүлсэн. Мөн 2021 оны 12 сарын 17-ны өдөр худалдан авагч М У Д- ХХК нь гэрээний төлбөрийн үлдэгдлээ бүрэн төлж дуусгасан.

Иймд худалдагч бид 2021 оны 12 сарын 21-ний өдөр М У Д- ХХК-аас ирүүлсэн зааврын дагуу 5 ширхэг эрх шилжүүлэх өргөдлийг нотариатаар баталгаажуулан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд, холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн М У Д- ХХК-ийн ерөнхий менежер Г.М-тай уулзсан ба тэрээр нэр шилжих үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг манайх зохион байгуулна гэснээр биднээс бичиг баримтуудыг хүлээж авсан.

Гэтэл компани газар өмчилж болохгүй иргэн өмчлөх эрхтэй байна гэснээр 2 ширхэг газрыг захирал Б.Н-ай худалдах, худалдан авах гэрээ байгуулах хэрэгтэй гээд 2021 оны 12 сарын 21-ний өдөр 2571, 2572 тоот худалдах худалдан авах гэрээг байгуулж М У Д- ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н-ад хүлээлгэж өгсөн.

Гэрээний 2.2-т зааснаар гэрээний дагуу худалдан борлуулж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбогдон гарах бүх зардлыг М У Д- ХХК хариуцна гэсэн заалтын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн худалдан борлуулсны татварыг М У Д- ХХК хариуцахаар тохиролцсон.

Ийнхүү 2021 оны 03 сарын 19-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу худалдагч тал нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээ энэ гэрээний 2.7, 2.8 дахь заалтуудын дагуу шилжүүлэн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл нэхэмжлэгчээс шалтгаалаагүй асуудлаар хариуцагч М У Д- ХХК нь гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ зөрчсөн, хугацаандаа биелүүлээгүй, өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж нэг газрын эрхийг шилжүүлж аваагүй атлаа сөрөг нэхэмжлэл гарган алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул М У Д- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М У Д- ХХК-аас 226,003,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.Ш-, Р.Ц- нарт олгож, талуудын хооронд 2021 оны 03 сарын 19-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 6.2-т зааснаар алданги 467,400,000 төгрөг гаргуулж М У Д- ХХК-д олгуулах, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос татвар 22,000,000 төгрөгийг төлөх, гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчийн нэр дээр шилжүүлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ё.Ш-, Р.Ц- нарын төлсөн 1,287,967 төгрөг, хариуцагч М У Д- ХХК-ийн төлсөн 2,723,100 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч М У Д- ХХК-аас 1,287,967 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Талууд 2021 оны 12 сарын 20-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж "М У Д- ХХК нь Ё.Ш-, Р.Ц- нартай мөнгөн төлбөрийн үүргийг дуусгавар болгосон ч хариуцагчийн нэхэмжлэгч нарт төлөх мөнгөн төлбөрийг тэг төгрөг байхаар тохиролцож тооцоо нийлсэн талаар шүүх дүгнээгүй. Ийнхүү талууд мөнгөн төлбөрийн хэмжээг тэг төгрөгөөр тооцоо нийлсэн тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 240 дүгээр зүйлийн 240.1.5-т зааснаар 2021 оны 03 сарын 19-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагчийн нэхэмжлэгчийн өмнө гүйцэтгэх мөнгөн төлбөрийн үүрэг дуусгавар болсон байхад шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтаас зөрүүтэй дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.

Анхан шатны шүүх хувь хүний орлогын албан татвар нь зардал бөгөөд нэхэмжлэгч нарын татвар төлөх үүргийг гэрээгээр хариуцагчид шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүхээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нарын төлөх татварыг хариуцагч төлөх ёстой гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-т татвар гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. гэж тус тус заасан.

Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.2-т гэрээнд өөрөөр заагаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авахад гэрээ болон шаардагдах баримт бүрдүүлэх, баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлийн газар бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна гэж заасан. Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.1.2.а, 17.1.2.б-д тус тус зааснаар газар өмчлөх эрх олж авахтай холбогдуулан төрийн байгууллагад төлсөн төлбөр, анх тухайн газар өмчлөх эрхийг худалдаж авсан бол түүний үнэ зэргийг зардал гэж үзэхээр хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд татвар, зардал нь өөр өөр ойлголтууд бөгөөд нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос төлөх хувь хүний орлогын албан татвар нь гэрээний 2.2-т заасан зардалд хамаарахгүй байна. Иймд шүүхээс зардал, татвар гэх ойлголтыг Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 6.1.5, 7.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 2.1, 17.1.2.а, 7.1.2.б-д зааснаас зөрүүтэй байдлаар тайлбарлаж хэрэглэсэн.

Хуульд заасны дагуу нэхэмжлэгч нар үл хөдлөх хөрөнгө, газар өмчлөх эрх борлуулсан орлогоосоо татвар төлөх үүрэгтэй. Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар татвар нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр бий болж, өөрчлөгдөж, хөнгөлөгдөж, чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч нарын төлөх татварыг худалдах-худалдан авах гэрээгээр хариуцагчид шилжүүлэх боломжгүй. Харин шүүхээс татварыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлд заасны дагуу гэрээгээр шилжүүлэх боломжтой бөгөөд хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүхээс Ё.Ш-, Р.Ц- нарыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг М У Д- ХХК-д 2021 оны 12 сарын 21-ний өдөр бүрэн шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч нарын гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болоогүй байхад ийнхүү дүгнэсэн. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т тус тус зааснаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх зөвхөн дээрх зохицуулалтад заасны дагуу үүсэж, дуусгавар болох юм. Мөн гэрээний 1.2.2, 2.7, 2.8, 4.2.1, 4.2.4-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэн өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нар үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоосоо татвар төлөөгүй тул хариуцагчийн үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн авах хүсэлтийг бүртгэх байгууллагаас хүлээж авахгүй. Энэ байдлаа хариуцагч тал нотлохоор шүүхэд хүсэлт гаргасан ч үзлэг хийлгэх хүсэлтийг хангаагүй. Хариуцагч нь 2022 оны 05 сарын 26-ны өдөр нэхэмжлэгч нарыг татвараа төлөхийг шаардаж, татвараа төлөөгүйгээс болж үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж чадахгүй байгааг мэдэгдсэн. Гэвч шүүх тус баримтыг үнэлээгүй байна. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй ба Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.1.2-т зааснаар шүүхээс нэхэмжлэгч талд шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч талд хуульд заасан арга хэрэгслээр шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй.

Хариуцагчийн төлөөлөгч нар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 10:30 цагт шүүх хуралтай байсан бөгөөд тус шүүх хуралдаан 2023 оны 03 сарын 24-ний өдөр буюу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас өмнө нь зарлагдсан байсан. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 04 сарын 04-ний өдрийн 10:30 цагт товлогдсон шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт хүргүүлж шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ дурдсан. Ийнхүү хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байхад шүүх хариуцагч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй.

Мөн хариуцагчийн төлөөлөгчийн хэрэгтэй танилцах эрхийг хангаагүй буюу төлөөлөгч 2022 оны 06 сарын 10-ны өдөр хэргийн нотлох баримттай танилцсан.

Иймд шүүхээс хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т тус тус заасан эрхийг хангаж шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах байсан ч мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 25.1.3-т заасныг ноцтой зөрчиж хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг өөрчилж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Зохигчид 2013 оноос хойш гэрээний харилцаанд орж энэ маргаан 10 дахь жилдээ үргэлжилж байна.

Хариуцагч талын гомдолд татварыг нэхэмжлэгч тал төлөх үүрэгтэй гэж дурдсан ч эвлэрлийн гэрээ байгуулахаар уулзахад бүх зардал болон татварыг хариуцагч тал төлөхөөр тохиролцсон нь үйл баримтаар тогтоогддог. 1,300,000,000 төгрөгийг манайх авахаар тохирсон. Хэрэв манай талаас татварыг төлнө гэж тохиролцсон бол 1,300,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийн татвараа хасаж шилжүүлэх байсан. Гэтэл 1,300,000,000 төгрөгийг манайд шилжүүлсэн нь татварыг хариуцагч өөрөө төлөхөөр тохиролцсон. 2021 оны 12 сарын 21-ний өдөр нотариат дээр уулзсан уулзалтад татварыг хариуцагч төлнө гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гарах зардал гэдэгт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэхэд хамааралтай бүх зардлыг хариуцагч төлж, 1,300,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцсон нь дээрх үйл баримтуудаар тогтоогдоно.

Нэхэмжлэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй, үүрэг дуусгавар болоогүй гэх гомдолд, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх гэтэл тухайн газар нь хуулийн этгээд рүү шилждэггүй хувь хүний нэр дээр шилждэг бөгөөд хэний нэр дээр шилжүүлэхийг хариуцагч тал 2021 оны 12 сарын 21-ний өдөр хүртэл тодорхойлоогүй. Нэхэмжлэгч тал 2021 оны 06 сараас эхлэн тухайн газрыг хэний нэр дээр шилжүүлэх вэ, хүлээж авах хүнээ тодорхойлно уу, манайх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлье гэх саналыг хариуцагчид удаа дараа илэрхийлсэн нь шүүхээс үзлэг хийсэн баримтуудаар тогтоогдсон.

Түүнчлэн, 2021 оны 12 сарын 21-ний өдөр нотариат дээр уулзалт хийгээд хариуцагчаас үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж нотариатын баталгаажуулалтыг 2 хувь хэвлээд аваад явсан нь үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан ба хариуцагчийн төлөөлөгч н.Наранцацрал үл хөдлөхөд бүртгүүлэх гэрээгээ өөрөө аваад явсан.

Мөн хариуцагч талын эрхийг ноцтой зөрчсөн гэж тайлбарласан боловч Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хурлын товыг мэдэгдсэн мэдэгдэх хуудас хэрэгт авагдсан. Гэтэл н.Энхзаяа төлөөлөгч Ж.Л-ад хурлын товыг мэдэгдээгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Учир нь шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтэд н.Энхзаяа болон Ж.Л- нар гарын үсэг зурсан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд Ж.Л- нь очоогүй учраас энэ хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжтой байсан. Мөн гомдолд хариуцагчийн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцах эрхээр хангаагүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн протоколын үзлэгийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хийхэд Ж.Л- байсан. Үзлэг хийж байх явцад 22 минут өнгөрөхөд өөрөө сандраад гараад явсан бөгөөд дараа нь гарын үсэг зурахаас татгалзсан нь өнөөдөр давж заалдах шатны шүүхэд тухайн үндэслэлийг ярихын тулд зориудаар хийсэн үйлдэл байна.

Хариуцагч талын давж заалдах гомдолд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд нотлох баримтыг дутуу үнэлж дүгнэсэн гэх агуулгын хувьд шүүх Иргэний хууль болон бусад хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болон тогтоох хэсэгт хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт нотлох баримтуудыг дугаарлаж байгаад тайлбарласнаас үзэхэд нотлох баримт буруу үнэлж дүгнэсэн нөхцөл байдал харагдахгүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ё.Ш-, Р.Ц- нар хариуцагч М У Д- ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2021 оны 03 сарын 19-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний алданги 226,003,400 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч мөн гэрээнд зааснаар нэхэмжлэгч нараас алданги 467,400,000 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвар 22,000,000 төгрөгийг төлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчийн нэр дээр шилжүүлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргаж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолтой бөгөөд үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

3.1. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 7/29 дүгээр тогтоолоор Гэр хорооллын дахин төлөвлөлтийг Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж Орон сууцны 14 дүгээр хороолол-ын Б хэсэгчилсэн талбайн төлөвлөлт, эскиз зургийг баталж төсөл хэрэгжүүлэх эрхийг Моннис урбан деволопмент ХХК-д олгохдоо Р.Ц-ын өмчлөлийн 513 тоот хаягтай 540 м.кв, Ё.Ш-ийн өмчлөлийн 524 тоот хаягтай 566 м.кв газартай давхцуулан баталсны улмаас нэхэмжлэгч нар нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, уг маргаанд Моннис урбан деволопмент ХХК гуравдагч этгээдээр оролцсон.

Уг маргааны явцад Моннис урбан деволопмент ХХК, Р.Ц-, Ё.Ш- нар эвлэрч, талууд 2021 оны 03 сарын 19-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.

 

3.2. Дээрх гэрээний 1.2, 2.1-т зааснаар нэхэмжлэгч нар өөрсдийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 20 дугаар гудамжны 513, 524 тоот хаягт орших 1,106 м.кв газрыг 1,300,000,000 төгрөгөөр хариуцагчид худалдах, хариуцагч гэрээний 2.3, 2.4, 2.5-т зааснаар худалдан авсан газрын үнийг төлөхөөр тохиролцсон. Хариуцагч М У Д- ХХК нь гэрээний үнийн 195,000,000 төгрөгийг бартераар, үлдэх 1,105,000,000 төгрөгийн 130,000,000 төгрөгийг 2021 оны 03 сарын 18-ны өдөр, 975,000,000 төгрөгийг 2021 оны 04 сарын 15, 2021 оны 05 сарын 15, 2021 оны 06 сарын 15-ны өдрүүдэд тус тус тэнцүү хуваан төлөхөөр тохиролцсон хэдий ч хариуцагч нь 245 хоногоор хугацааг хэтрүүлэн 2021 оны 03 сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 сарын 17-ны өдрийн хугацаанд 22 удаагийн гүйлгээгээр 1,105,000,000 төгрөгийг төлж гэрээний үүргээ биелүүлжээ.

 

3.3. Ийнхүү төлбөр төлөгдсөний дараа талууд 2021 оны 12 сарын 20-ны өдөр Тооцоо нийлсэн акт үйлдэж, хариуцагч Моннис урбан деволопмент ХХК нь нэхэмжлэгч Р.Ц-, Ё.Ш- нарт төлөх төлбөргүй болохыг баталж мөнгөн төлбөрийн үүргийг дуусгавар болгосон байна.

 

3.4. Улмаар гэрээний 2.7, 2.8-д заасан хугацаанд нэхэмжлэгч нар худалдсан хөрөнгөө хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байсан ч хариуцагч гэрээний 2.2.4 (2.5.4)-т заасан мөнгөн төлбөрийн үүргээ 2021 оны 12 сарын 17-ны өдөр гүйцэтгэж дууссан, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авах хугацааг хариуцагч хойшлуулж байсан зэргээс шалтгаалан 2021 оны 12 сарын 21-ний өдөр хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн нь хариуцагчийн мөн өдрийн АБ-21-358 тоот албан бичиг, Худалдах, худалдан авах гэрээ, Дутуу баригдсан барилгын зураг болон холбогдох баримт бичиг хүлээлцсэн тэмдэглэл, үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдсон байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв тодорхойлжээ.

 

4.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг хүлээдэг бөгөөд дээрх гэрээний 6.1-д зааснаар худалдан авагч нь гэрээний үнийг хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг худалдагчид төлөхөөр заасан нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч гэрээний 2.5-д заасан үүргээ 245 хоногийн хугацаа хэтрүүлж биелүүлсэн, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан алдангийг тооцооллыг хариуцагч үгүйсгэсэн татгалзлаа баримтаар нотлоогүйг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан дүгнэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч Моннис урбан деволопмент ХХК-аас 226,003,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Ц-, Ё.Ш- нарт олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

4.2. Хариуцагчийн зүгээс, талууд 2021 оны 12 сарын 21-ний өдөр тооцоо нийлж үлдэгдэл төлбөрийг тэг төгрөгөөр тооцсон гэх гомдол нь алданги гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, талууд гэрээний үндсэн төлбөрийг тооцож дуусгавар болгосныг илэрхийлсэн баримт байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

5. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй. Харин хариуцагчийн татвар 22,000,000 төгрөг төлөхийг нэхэмжлэгч нарт даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаарх шүүхийн дүгнэлт буруу байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж дүгнэнэ.

 

5.1. Гэрээний 2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд гарах бүх зардлыг хариуцагч хариуцахаар тохиролцсон ч ямар төрлийн зардлууд багтахыг заагаагүй байна. Мөн гэрээний 5.2.5-д татвар, торгуулийг хариуцагч хариуцах үүрэг хүлээсэн нь гэрээний 2.3.1, 2.4-т заасан хөрөнгийг шилжүүлэхэд хамааралтай байх тул гэрээний 1.2.1, 1.2.2, 1.2.3-т заасан хөрөнгийг шилжүүлэхэд хамаатуулах үндэслэлгүй байна.

 

5.2. Иргэний хуулийн 245 дугаар зүйлд талууд тохиролцоогүй бол хөрөнгө шилжүүлэхтэй холбогдох зардалд ямар зардал хамаарах, хэн хариуцахыг хуульчилсан бөгөөд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4, 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар албан татвар төлөгчийн буюу худалдагч нарын төлөх татварыг зардалд тооцоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Р.Ц-, Ё.Ш- нарын төсөвт төлөх албан татварыг талуудын байгуулсан гэрээний 2.7, 2.8-д заасан зардалд хамаарна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцэхгүй, үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нар нь хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод ногдох албан татвараа төлөх үүрэгтэй боловч хариуцагч нь нэхэмжлэгч нарыг хуульд заасан татвараа төлөхийг шаардах эрхгүй юм.

5.3. Хариуцагч нь гэрээний дагуу худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотойгоор нэхэмжлэгч нарын төсөвт төлөх албан татварыг тэдгээрийн өмнөөс төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нараас хувь хүний орлогын албан татвар 22,000,000 төгрөгийг төлөхийг шаардах үндэслэлгүй. Харин нэхэмжлэгч нарын төсөвт төлөх албан татварыг тэдгээрийн өмнөөс төлж зардал гаргасан бол зохих зардлаа шаардах эрх нь нээлттэй.

 

6. Шүүх хариуцагчийн төлөөлөгч А.Энхзаяа, Ж.Л- нарт шүүх хуралдааны товыг 2023 оны 03 сарын 29-ний өдөр тэдгээрийн 99021517, 99089767 дугаараар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдэхэд товыг хүлээн авсан тухай шүүгчийн туслах тэмдэглэл үйлдэн баримтжуулжээ. Мөн төлөөлөгч нар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны товыг 2023 оны 03 сарын 24-ний өдөр хүлээн авсан гэх боловч шүүх хуралдааны тов мэдэгдэх үед энэ талаар шүүхэд мэдэгдээгүй байна.

Мөн шүүхийн шүүгчийн 2023 оны 04 сарын 04-ний өдрийн 5817 дугаартай захирамжаар хариуцагчийн төлөөлөгч нар товыг мэдсэн боловч хоёр төлөөлөгчийн нэг буюу төлөөлөгч Ж.Л- хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй үндэслэлээр шүүх хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгахгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг шүүх зөрчөөгүй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч нар товыг хүлээн авсан нь ач холбогдолтой тул утсаар эсхүл мэдэгдэх хуудсаар хүлээн авсан эсэх нь хэрэгт ач холбогдолгүй. Мөн хэргийн оролцогч хэргийн материалтай танилцах нь тэдгээрийн эрх тул шүүх заавал хэргийн материалтай танилцуулах үүрэггүй, гагцхүү хэргийн материалтай танилцах эрхийг нь хязгаарласан, танилцах боломжоор хангаагүй бол хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг шүүх зөрчсөн гэж үзэх ба хэргийн баримтаар энэ байдал тогтоогдсонгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/01010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,011,067 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЭНЭБИШ