| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2016/00108/И |
| Дугаар | 110 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, “Хасбанк” ХХК-ний Өмнөговь аймгийн Ханбогд сумын Тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анхбаярын хүсэлттэй,
Чонос овогт Батдоржийн Эрдэнэ-Очирыг /РД:КЮ81052572/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хасбанк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Батдорж овогтой Эрдэнэ-Очир нь Хасбанкны Цогтцэций салбараас 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 1450000804 тоот зээлийн гэрээгээр 6 500 000 төгрөгийг 30 хоногт 1.3 хувийн хүүтэй, автомашин худалдан авах зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан.
Зээлдэгч нь зээл авах үедээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр баг, Хэрэм 3-2 тоотод оршин сууж, “Энержи Ресурс” ХХК-ний охин компани болох “Хангад эксплорейн” ХХК-д кемпийн туслахаар ажиллаж байсан бөгөөд 5 дахь сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин байнга хугацаа хоцроон төлж байгаад 2013 оны 03 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон. 2013 оны 03 дугаар сараас зээлдэгч сураггүй болсноос хойш 1 удаа 88365282 утсаар холбогдсон. Тухайн үед “гэр бүлийн хүн нь нас барснаар хүүхдүүдийн хамт Улаанбаатарт нүүж ирсэн, “Танан-Импекс” ХХК-д үйлчилгээний машины жолоочоор ажиллаж байгаа” гэсэн мэдээлэл өгсөн. Ээж Сумъяа нь болон ах дүү хамаатан садан нь Ханхонгор суманд амьдардаг сураг гарсан. Ээж Сумъяагийн утас 88728456 холбогдохгүй байсан. Зээлдэгчийн оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анхбаяр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Эрдэнэ-Очир нь Цогтцэций сумын тооцооны төвөөс 6.500.000 төгрөгний цалингийн зээл авсан. Тухайн үед “Хангад эксплорейшн” ХХК-д кемпийн туслахаар ажиллаж байсан.Өмнөговь аймгийн Ханхонгор суманд эхнэр 3 хүүхпийн хамт амьдардаг байсан. 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдөр аймгийн төвд зээлийн эргэн төлөлт хийснээс хойш дахин зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Зээлдэгчтэй холбоо барьж чадаагүй. 2014 оны 12 дугаар сард Ээж Сумъяатай 88728456 дугаарын утсаар холбоо авахад зээлдэгчийн Баянхошуунд амьдарч байгаа. Эрдэнэ-Очирт ажил олдохгүй байгаа гэсэн хариу өгсөн. Үүнээс хойш сураггүй байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК нь Б.Эрдэнэ-Очирыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Б.Эрдэнэ-Очир нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба Цогтцэций сум Цагаан овоо багт оршин суух хаягтай боловч Өмнөговь аймгийн Цогтцэций суманд амьдардаггүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа зэрэг нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч Чонос овогт Батдоржийн Эрдэнэ-Очирыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3-р багт оршин суух хаягтай Чонос овогт Батдоржийн Эрдэнэ-Очирыг /РД:КЮ81032572/-г эрэн сурвалжилсугай.
2. Б.Эрдэнэ-Очрыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож, хүсэлт гаргагч “Хасбанк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анхбаяр /утас: 88104601/-т мэдэгдэхийг Өмнөговь аймгийн 3 дугаар тойргийн Ханбогд сум дахь Тахарын хэсэгт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА