| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0058/э |
| Дугаар | 0075 |
| Огноо | 2019-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 0075
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Г.Эрдэнэ
шүүгдэгчийн өмгөөлөгч : Э.Үнэнсайхан
хохирогч : Ү.Г
шүүгдэгч: Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц овогт Т Г холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806079232216 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц овогт Т Г, 19 оны дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Алаг толгой трейд ХХК-д барилгын туслах ажилтан ажилтай, ам бүл 3, эхнэр, нэг хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дүгээр хороо дугаар гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Т.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ү.Г нүүрэнд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч Ү.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хамт ажилладаг О төрсөн өдөр болсон. Г эхнэр, манай ажлын бас нэг эмэгтэй гээд дөрвүүлээ гарсан. 16 дугаар хороололд нэг газар суусан. Тэгээд нэг, нэг шил пиво авч уугаад дууссан байсан. Гэтэл Г эхнэр “манай нөхөр согтуу байна, би гараад аваад ирье” гэсэн. Тэгэхэд 23 цаг болж байсан. Шүүгдэгч нэлээн согтуу орж ирсэн. Тэгээд эхнэртэйгээ муудах вий гэж бодохоор харагдаж байсан. Г орж ирэхдээ нэг найзтайгаа орж ирсэн. Тухайн үед би бүжиглэж байгаад ширээн дээрээ суугаад пиво уух гэтэл дотор нь архи хийсэн байсан. Тэгээд би уугаагүй. Энэ хоёр гараад маргалдсан. Би нутгийн хүн таараад хамт бүжиглэж байсан. Гэтэл хамт ажилладаг хүүхэд явъя гээд гараад машинд суусан. Энэ хоёр хоорондоо муудалцаад байсан. Тэгээд гудамжинд байсан хэдэн хүүхдүүд энэ хоёрыг салгасан. Тэгээд би энэ хоёрыг гэрт нь хүргэж өгөх гэж байсан. Би эх хүн тул хатуу үг хэлсэн. Энэ хүүхэд надтай хэрэлдээгүй. Газраас юм тонгойгоод авахад нь эхнэрээ цохих гэж байна гэж бодоод болиулах гэж байсан чинь намайг цохьсон. Би өөрөө барилгын ажил хийдэг тул энэ хүүхдийн ажил байдлыг ойлгодог. Маргааш нь цагдаад очиж гомдолгүй гэж өргөдөл гаргасан. Би уучлалт гуйлгах гэж гомдолтой гэж хэлсэн. Би цохиулсанаас болж 2 өдөр ажилдаа яваагүй. Надаас эмний хэдэн төгрөг гарсан. Түүнээс энэ хүүхдээс мөнгө авах гэсэн санаа байхгүй. Бид хоёр хоорондоо өс санаад муудалцсан зүйлгүй гэв.
Шүүгдэгч Т.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр би Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд гэртээ ганцаараа хоол хийгээд байж байтал эхнэр Б нь ажлыхаа 4 хүнтэй хамт ирсэн. Нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэнэ гээд гадуур гарна гэж байсан. Тэгээд тэд нар хоол идээд гараад явцгаасан. Харин би 2 найзтайгаа хамт нэг ажил ярих гээд уулзахаар гарсан. Тэгээд би ажлаа зохицуулчихаад эхнэр Б утсаар яриад хаана байгаа талаар асуухад 16 дугаар хорооллын орчим караокед сууж байна гэсэн. Ингээд би тус караокед нь очиход Б гадна тэдний ажлын 3 эмэгтэй хүн байсан. Тухайн үед төрсөн өдөр нь болж байсан эгч яваад өгсөн. Харин бид 4 хамт сууж байгаад баар орно гээд Генерал гэсэн бааранд ортол ширээ нь дүүрсэн хааж байсан учир буцаад гарцгаасан. Ингээд бид нар баарны гадаа зогсож байхад Б ажлын эгч нь бас яваад өгсөн. Тэгээд Б, Г эгч бид нар манай гэрт очих гээд таксинд суугаад гэрийн гадна ирээд Болормаа түрүүлж буугаад гэртээ орсон. Харин Г эгч бид хоёр нөгөө талых нь хаалгаар буухад Г эгч намайг түлхэж заамдаад над руу агсраад байсан. Тэгээд би болиоч ээ ямар ядаргаатай юм гэсэн чинь чи намайг цохичихлоо гээд нүдээ дарчихаад одоо цагдаа дуудна гээд байсан. Тэгээд би дууд дууд цагдаа руу чинь явья гэж хэлээд таксиндаа буцаад суутал Г эгч миний араас суусан. Тэгсэн чинь таксины жолооч машинд цус дусаачихлаа гэж уурласан. Тэгээд уг такситайгаа яваад шууд цагдаа дээр ирсэн гэжээ. / хх-н 16/
Хохирогч Ү.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 9 дүгээр сарын 21-нд манай ажлын газрын хүний төрсөн өдөр болоод 16-д нэг пабад суусан. Манай ажлын газрын нөхөр ирсэн. Ирэхдээ согтуу ирсэн. Ирээд эхнэртэйгээ муудалцаад эхнэрээ зодоод байсан. Би тэр хоёрыг машинд суулгаад маахуурын ойролцоо гэрт нь хүргэж өгсөн. Машин дотор эхнэрээ зодоод байсан тэгэхээр нь би машинаас буугаад А боль болохгүй гэхэд газраас чулуу аваад миний нүүр лүү цохисон. Бид нарыг хүргэж ирсэн таксины жолооч цагдаа дуудсан. Цагдаа ирээд 2 дугаар хэлтэс дээр ирээд тухайн үедээ санал гомдолгүй гээд салсан. Гэтэл А ар гэрээс 2 хүн ирээд цагдаагаас эмнэлэг орох замд А намайг хэл амаар доромжилсон. Би маргааш нь гэрт нь ороод яаж байгаа юм намайг яагаад цохиж байгаа юм гэтэл уучлал гуйхгүй харин ч хэл амаар доромжлоод хөөгөөд гаргасан. Миний зүүн талын нүд хавдсан хөмсөг язарсан 2 оёдол тавиулсан. Би 0.5 литртэй нэг ширхэг пиво уусан байсан гэжээ. /хх-н 6-11/
Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр манай ажлын газрын О эгчийн төрсөн өдөр болж байсан учир орой ажлаа тараад ажлыхаа газрын О эгч, Г эгч, Т нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд манай нөхөр Г хоол хийж байсан. Тэгээд Г хоолоо идчихээд ажилдаа явсан. Харин Г Т, О эгч бид нар манай гэрт үлдээд караокед сууцгаая гээд гараад таксинд суугаад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороололд байрлах Мөнх Хөхий гэсэн караокед орж суусан. Тэнд сууж байтал манай нөхөр Га залгаад ажил хойшлогдлоо гэсэн. Тэгэхээр нь би караокед сууж байна хүрээд ир гээд дуудсан. Удалгүй Г ирээд бид хамтдаа сууцгааж байтал төрсөн өдрийн эзэн О эгч яваад өгсөн хэсэг хугацааны дараа Туяа эгч бас явсан. Ингээд Г эгч, Г бид гурав караокед сууж үлдсэн. Тэнд сууж байгаад тэндээсээ гараад бид гурав Генерал бааранд ортол хүн ихтэй байсан тул буцаад гарцгаасан. Баарнаас гараад гэртээ харих гээд бид гурав таксинд суучихаад манай гэрийн гадна ирээд зогстол Г эгч Г гараад ир хоёулаа 2 үг солиодхое гээд дагуулаад буусан. Харин би таксинд суугаад үлдсэн. Хэсэг хугацааны дараа Г эгч алган дээрээ бага зэргийн цус дуслуулчихсан таксинд орж ирээд цусаа надаад харуулаад байсан. Би яасан юм гэхэд Б намайг цохичихлоо гэсэн. Тухайн үед алганых нь завсараар цус гоожоод байтал таксины жолооч уурласан. Гэтэл Г эгчийн хөмсөгнөөс цус гарч байсан юм байлаа. Тэр цусаа алга дээрээ авчихаад надад үзүүлээд байсан юм. Цус нь их хэмжээгээр биш бага хэмжээгээр гарч байсан. Би таксинд сууж байсан болохоор ямар үйлдэл хийснийг нь хараагүй гэжээ. /хх-н 12-13/
Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 21-ны орой өөрийн УНҮ улсын дугаартай хар саарал өнгөтэй Тоёота Приус-20 маркийн машинтайгаа халтуур хийгээд гадуур явж байгаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт буюу офицерүүдийн ордны хойд талд байрлах Генерал баарны гадна хүн гарч ирэхийг хүлээгээд зогсож байтал тэндээс 1 эрэгтэй 2 эмэгтэй гарч ирсэн. Тэгээд нэг эмэгтэй нь явах уу гэхээр нь явна гэсэн. Уг эмэгтэй машины хойд талын суудал дээр суусан. Тэгтэл түүний нөхөр нь бололтой нэг залуу хойд хаалга онгойлгоод эхнэрээ татаж гаргаад маргалдаад байсан. Тэр хоёр маргалдаад газар унаад босоод байсан. Харин тэр хоёртой хамт явж байсан нэг настай эмэгтэй тэр хоёрыг салгах гээд оролдоод байсан. Тэгээд тэр хөгшин нөгөө хоёрыгоо дагуулаад ирээд машинд суусан. Хөгшин эгч нь урд суудал дээр нөгөө хоёр арын суудал дээр суусан. Тэд нар Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маахуурын ойролцоо буусан. Эхнэр нөхөр хоёр замд муудалцаад л яваад байсан. Тухайн үед юуны талаар маргалдаж байсныг би санахгүй байна. Тэгээд буух газартаа ирчихээд бас дахиад хоорондоо муудалцаад байсан. Тэгж байснаа нөхөр нь машинаас буусан. Харин араас нь урд сууж байсан хөгшин эгч буусан. Тэр хоёр удалгүй машинд ороод ирсэн. Гэтэл нөгөө хөгшин эгч нь би цохиулчихлаа гээд толгойноос нь цус гарчихсан орж ирсэн. Тэр эгч цусаа гоожуулаад байхаар нь би элгэн алчуураа өгсөн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн гэжээ. /хх-н 17-19/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 21/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 11601 тоот дүгнэлт:
1.Ү.Г биед зүүн хөмсөгт шарх, зүүн зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 22/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 23-24/
Т.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 26 /, Баянзүрх дүүргийн дугаар хороо дугаар хэсэг Их Дарь-Эхийн 1- тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 50/, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-н 28-36/
Т.Гхувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 45-46/
Т.Г Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 39/, прокурорын тогтоол /хх-н 40-41/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 42-44/ зэрэг болно.
Т.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ү.Г нүүрэнд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ц овогт Т Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Г нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 183.334 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Т.Г нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5.Т.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Т.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН