Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 633

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгч Д.Б-, Н.Б-, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..., ... нарт холбогдох эрүүгийн ………. дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн,

 

2. Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Д.Б-, Н.Б- нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орд” хүнсний дэлгүүрийн хойд талд байрлах гражаас “Норд бенз” маркийн автомашины ус халаах халуун тогоо хүч хэрэлэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

            Шүүгдэгч Н.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Хавтас хэргээс:

Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …Би 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр найз Батдэлгэрийн гэрт хамт хоносон. Маргааш өглөө нь Батдэлгэр надад “хамт яваад хүргэн ахын найзын машиныг засаад өгье” гэхээр нь зөвшөөрч 120-н мянгатын тэнд байх гражид очсон. Бид хоёрыг очиход Батдэлгэрийн танидаг Шар ах /Магнайбаяр/ нь 2-3 хүнтэй машин засаж байхаар нь хамт засаж дуусаад явах гэхэд гражийн үүдэнд ачааны автомашинд хэрэглэгддэг халуун тогоо байхаар нь Батдэлгэртэй дамжлаад машин руу хийсэн. Маргааш нь Батдэлгэртэй хамт Гурвалжингийн тэнд очиж танихгүй хүнд халуун тогоогоо 80.000 төгрөгөөр зарж мөнгийг нь тэнцүү хувааж авсан. Бид хоёр гражаас халуун тогооноос өөр олгой хаймер болон нум аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 85-86-р хуудас/,

Шүүгдэгч Н.Б-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүргэн ах Эрдэнэбатын найз Шар ах /Магнайбаяр/ над руу залгаад “ахынхаа машиныг янзлаад өгөөч, машин болдоггүй, 120-н мянгатад хүрээд ир” гэхээр нь найз Банзрагчийн хамт гражид очсон. Бид хоёрыг очиход Шар ах /Магнайбаяр/ машинаа задалсан байдалтай 2-3 хүний хамт байсан. Би найзтайгаа хамт Шар ахын /Магнайбаяр/ машиныг 2 хоног янзалсан. 2 хоногийн дараа Шар ах /Магнайбаяр/ над руу залгаад “халуун тогоо алга болсон байна” гэхээр нь “халуун тогоо гэж ямар юм байдаг юм бэ, би сайн мэдэхгүй” гэхэд “Норд бензний ус халаадаг жижигхэн бөөрөнхий халуун сав шиг хэлбэртэй зүйл байгаа” гэхээр нь “би аваагүй” гэхэд “танай найз чинь авчихсан байж магадгүй” гэхээр нь “найзаасаа асуугаад хэлье” гэсэн. Банзрагчаас халуун тогоог асуухад “би халуун тогоог нь авсан” гэхээр нь Шар ах /Магнайбаяр/ руу залгаад “манай найз авсан байна” гэж хэлсэн. Би тухайн үед Банзрагчийг авсан гэж мэдээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р хуудас/,

Хохирогч ...ын мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орд төв” гэсэн хүнсний дэлгүүрийн хойд талд байрлах авто гражид өөрийн 79-69 УНЕ улсын дугаартай шаргал өнгийн ягаан толгойтой “Норд бенз” маркийн ачааны автомашинаа янзалж байхдаа халуун тогоо гэж нэрлэгддэг эд ангийг тайлаад граж дотор тавьсан. Тэр үед дүү Магнайбаяр өөрийн автомашинаа янзлуулах гээд үл таних хоёр хүн /Банзрагч, Батдэлгэр/ дагуулж гражид ирсэн. Тэгээд гэр гэр рүүгээ явцгаасан. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийн автомашиныг янзлах гээд гражид иртэл халуун тогоо болон портер маркийн автомашины урд запас дугуй 1 ширхэг, портерын нум 4 ширхэг, шинэ олгой хаймар 2 ширхэг байхгүй болсон байсан. Би дүү Магнайбаяр руу залгаад асуутал “мэдэхгүй” гэж хэлсэн. …Би хохирлоо бүрэн төлүүлж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 17-19, 68, 104-р хуудас/,

Гэрч ...ын мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Батдэлгэртэй утсаар холбогдоод “ах нь машинаа задлах гэж байна, чи ирээд ахынхаа машиныг янзлаад өг” гэхэд “за, та хаана байна” гэхээр нь “дулаан гражид задлая” гэхэд Батдэлгэр, үл таних найзыгаа /Банзрагч/ дагуулж ирээд миний машиныг задалсан. Машины эд ангийг солих шаардлагатай болсон тул 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дээгий, Ерөөлт /Банзрагч, Батдэлгэр/ хоёртой хамт техникийн зах дээр очоод машины эд ангиа хайсан боловч олдоогүй. …Машинаа янзлуулаад 22 цаг болж байхад дуусаад бүгд тараад явсан. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хадам ах Эрдэнэбаатар над руу залгаад “граж дээр ирээд машинаа янзлах гэтэл халуун тогоо байхгүй байна” гэхээр нь “миний машиныг янзлахаар ирсэн Батдэлгэрийн найз  Банзрагч халуун тогоог сонирхоод байсан” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 28, 105-р хуудас/,

Хохирогчийн өргөдөл /хх-ийн 12-р хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: тогоо 300.000 төгрөг, нум 130.000 төгрөг, дугуй 50.000 төгрөг, олгой хаймар 40.000 төгрөг, нийт 520.000 төгрөг. /хх-ийн 29-30-р хуудас/,

Зарим хэргийг хэрэгсэхгүй болгох Прокурорын тогтоолд: 1 ширхэг дугуй, 4 ширхэг нум хулгайлсан хэргийг хэрэгсэхгүй болгосон. /хх-ийн 102-р хуудас/,

Шүүгдэгч Д.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Б.Шийрэвдоржийн мэдүүлэг /хх-ийн 79-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 88-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 87-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 32-р хуудас/,

Шүүгдэгч Н.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч А.Батбаатарын мэдүүлэг /хх-ийн 78-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 77-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 33-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

  1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Д.Б-, Н.Б- нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орд” хүнсний дэлгүүрийн хойд талд байрлах гражаас “Норд бенз” маркийн автомашины ус халаах халуун тогоог хулгайлж, бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч ...ын …2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийн автомашиныг янзлах гээд гражид иртэл халуун тогоо болон портер маркийн автомашины урд запас дугуй 1 ширхэг, портерын нум 4 ширхэг, шинэ олгой хаймар 2 ширхэг байхгүй болсон байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 17-19, 68, 104-р хуудас/,

Гэрч ...ын …2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хадам ах Эрдэнэбаатар над руу залгаад “граж дээр ирээд машинаа янзлах гэтэл халуун тогоо байхгүй байна” гэхээр нь “миний машиныг янзлахаар ирсэн Батдэлгэрийн найз  Банзрагч халуун тогоог сонирхоод байсан” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 28, 105-р хуудас/,

Зарим хэргийг хэрэгсэхгүй болгох Прокурорын тогтоолд: Гражаас алдагдсан гэх 1 ширхэг дугуй, 4 ширхэг нум хулгайлсан хэргийг хэрэгсэхгүй болгосон. /хх-ийн 102-р хуудас/,

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: тогоо 300.000 төгрөг. /хх-ийн 29-30-р хуудас/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-, Н.Б- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Д.Б-, Н.Б- нар болон тэдгээрийн өмгөөлөгч Ц.Ганчимэг нараас гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Иймд шүүгдэгч Д.Б-, Н.Б- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирогч ... нь “...Д.Б-, Н.Б- нараас хохиролд 520.000 төгрөг хүлээж авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг /хх-ийг 106-р хуудас/ гаргасан байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  2. Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Б-, Н.Б- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-, Н.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Ганчимэгээс миний үйлчлүүлэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч тус бүрийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч Д.Б-, Н.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тус бүр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Б-, Н.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.