Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 112

 

Нэхэмжлэлийн  шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, Өөрийн байранд байрлах “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 4 дүгээр баг, Их ус, 4 дүгээр гудамж 4Б тоотод оршин суух, Довдонгийн Түвшинбаяр /РД:ЙР85052434/-т холбогдох,

441,759 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:             “...Хариуцагч Д.Түвшинбаяр нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг”  хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 30154403 тоо гэрээ байгуулан 99051553 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан “Самсунг глагси Э5” утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

            Хариуцагч Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн болов ч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 60,000 төгрөгийг хассан болно.

            Иймд Д.Түвшинбаяраас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 441,759 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Д.Түвшинбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Д.Түвшинбаяр би 2015 оны дугаар сард “Мобиком корпораци” ХХК-иас өөрийн 99051553 утасны дугаар дээр лизингээр утас авч сар бүр төлбөрийг хийж байгаад 2016 оны 02 дугаар сараас санхүүгийн боломжгүйн улмаас төлбөрөө хийж чадаагүй. Би утасны төлбөрөө бүрэн барагдуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ууганцог шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

            “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу хариуцагч Д.Түвшинбаяр нь төлбөрийг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Д.Түвшинбаярт холбогдуулан 441,759 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Д.Түвшинбаяр нь “Мобиком корпораци” ХХК-д төлөх 441,759 төгрөгийг бүрэн төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ууганцог мөн хүсэлт гаргасан байна.

            Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Мобиком корпораци” ХХК нэхэмжлэлтэй, Д.Түвшинбаярт холбогдох 441.759 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Д.Түвшинбаяр нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 13,903 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Түвшинбаяраас 6,951.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА