| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0057/э |
| Дугаар | 0081 |
| Огноо | 2019-01-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 0081
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: С.Оюунжаргал
шүүгдэгч өөрийгээ өмгөөлж оролцов
шүүгдэгч: П.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт Х т овогт П Н холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1803008710441 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт П Н, 19 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Налайх дүүргийн дугаар хороо Бадралын дүгээр гудамжны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:,
Холбогдсон хэргийн талаар:
П.Н нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 17.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баянзүрхийн товчооноос Хонхор явах Эмийн ургамалын хойд замд улсын дугаартай Тоёота Камри загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас С.З жолоодож явсан Тоёота королла маркийн 94-28 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж жолооч С.З эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч С.Э эрүүл мэндэд хүнд хохирол, Т.Т, М.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.О эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч П.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 17 цаг өнгөрч байхад оффицероос Налайх орох гэж байсан. Тэгээд замдаа 4 хүн авсан. Эмийн ургамал өнгөрөөд Петровисоос цаашаа явж байтал нэг замын ховилд дугуй ороод жолоо алдсан. Тэгээд өөдөөс явж байсан машиныг мөргөсөн. Тухайн үед З хүүхдийг 2 хүн гаргаж авч байсан. Тэр хоёр хүн юу болсныг харсан тул мэдүүлэг өгнө гэж байсан. Гэтэл тэр хоёр хүнээс мэдүүлэг аваагүй байна. Миний машинд сууж явсан хүмүүс машинтай гүйцэж түрүүлж байгаад ийм зүйл болсон гэж мэдүүлсэн байсан. Миний дугуй замын ховил руу орохоор нь би тэрнээс гарах гэж дараад тийм зүйл болсон. Тэгээд цагдаа ирээд хэмжилт хийсэн. Би хүмүүсээ гэмтлийн эмнэлэг рүү хүргэсэн. Тэнд 60 настай нэг эгч байсан. Нэг харсан яваад өгсөн байсан. Би тэр эгчийг хайгаад олоогүй гэв.
Шүүгдэгч П.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн яг хэдэн цагт гэдгийг санахгүй байна. 17.00 цаг өнгөрч байхад хотоос Налайх дүүрэг орох гээд өөрийн эзэмшлийн УНЧ улсын дугаартай Тоёота Камри маркийн машин жолоодоод эгч Г хамт гарсан. Хотоос гарахдаа офицерүүдийн ордны тэндээс налайх дүүрэг явах 4 хүн хойноо суулгаад хөдөлсөн. Машин дотор манай эгч урд суудалд суусан байсан ба хойд суудалдаа 4 хүн суулгасан байсан. Хотоос гараад Баянзүрхийн товчоо өнгөрөөд Хонхор орох гээд явж байтал миний машины баруун урд дугуй замаас гараад замын хувилд жолоодлого алдаад эсрэг урсгалруу ороод эсрэг урсгалд явж байсан машинтай мөргөлдсөн. Би бүсээ зүүсэн байсан ба бүс гацсан байсныг хүн ирж миний бүсийг огтолж гаргасан. Би машинаасаа гараад хартал надтай мөргөлдсөн машин замын хойд тал руу гараад зогссон байсан. Тэгж байтал түргэн ирээд хүмүүсийг авч явсан. Би тухайн үед эрүүл явсан гэжээ. /хх-ийн 173/
Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл / хх-н 2-15/
Хохирогч С.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн нутаг 11 дүгээр хороо Хонхорт хувиараа ломбард ажиллуулдаг ба 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 17.50 цагийн орчимд ажлаа тараад 2 настай охин Э Хонхорын дүгээр цэцэрлэгээс аваад Хонхороос Улаанбаатар орох гээд өөрийн эзэмшлийн 94-28УНЯ улсын дугаартай Тоёота Королло Аксио маркийн автомашиныг жолоодоод 2 настай охин Э хойд суудлын голд зориулалтын хүүхдийн суудалд суулгаад хөнжлөөр хучаад хамгаалалтын бүс зүүлгээд хөдөлсөн. Тэгээд эмийн ургамал өнгөрөөд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байтал эсрэг урсгалаас нэг цагаан өнгийн суудлын машин хурдтай ирж яваа харагдсан тэгтэл тэр машинтай зөрөх үед нэг мэдэхэд л тэр машин өөдөөс урсгал сөрөөд орж ирээд мөргөлдсөн. Би бодохдоо уг машиныг хажуугаар зөрөөд явах байх гэж бодож байтал гэнэт урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн. Би ухаан алдсан байж байгаад гэнэт сэрэхэд миний машин замын хойд тал руу шидэгдээд гарсан байсан ба хойно сууж явсан миний охин урд хоёр суудлын голоор бүснээсээ мултраад ороод ирсэн байсан. Тэнд байсан хүмүүс охин бид хоёрыг машинаас гаргасан. Ингээд Хонхороос түргэн ирээд бид хоёрыг гэмтлийн эмнэлэг авч явсан. Тухайн өдөр гадаа гэгээтэй байсан ба машинууд гэрлээ асаагаагүй байсан. Цаг агаар тогтуун байсан. Миний баруун хөлийн шагай орчмоор зөөлөн эдийн гэмтэлтэй, зүүн талын 3 хавирга хугарсан, зүүн хөмсөг шархтай, зүүн гарын бугалга хавдсан байсан. Охины хувьд зүүн хөлийн дунд чөмөгний ил хугаралтай байсан. Гомдолтой байна гэжээ. /хх-ийн 18/
Хохирогч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Надад ослын талаар мэдэх зүйл байхгүй. Ослын улмаас 2 настай охин З.Э зүүн хөлийн дунд чөмөг ил хугаралтай байсныг гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Одоо гишгэж чадахгүй хэвтрийн дэглэм сахиж байгаа гэжээ. /хх-н 22-25/
Хохирогч С.Э эмчилгээнд зарцуулсан хохирлын тооцоо /хх-н 28-32/
Хохирогч С.З эмчилгээнд зарцуулсан хохирлын тооцоо /хх-н 33-43/
Хохирогч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Налайх орох санаатай офицерүүдийн ордны автобусны буудал дээрээс Налайх явах унаа хүлээгээд байж байтал нэг цагаан өнгийн Т.Камри маркийн машин зогсоод Налайх явна гэхээр нь би уг машинд хамгийн сүүлд 4 дэх хүн болоод шахаад баруун хаалган талд суусан. Миний зүүн талд нэг цэргийн хувцастай залуу цээжээрээ урагшлаад суучихсан байсан ба тэр залуугийн цаана бас хоёр хүн сууж байсан. Урд суудалд жолоочийн эгч нь гэх эмэгтэй сууж байсан. Бид нар хөдлөөд хотоос гараад 18.00 цагийн орчимд Хонхор орох замд баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан нэг мэдсэн чинь машинтай мөргөлдсөн. Миний хажууд сууж явсан залуу цээжээрээ урагшлаад суусан байсан болохоор надад юм харагдаагүй. Яаж мөргөлдсөнийг би хараагүй. Машинаас буугаад хартал манай машин урсгал сөрөөд замын голд зогсчихсон харин нөгөө мөргөлдсөн машин нь замын хойд талд замаас гараад зогссон байсан. Түргэн тусламж ирээд бид нарыг авч явсан. Миний зүүн талын хавирга хугарсан, өвчүү орчимд хугаралтай, баруун нүдний ухархай цөмөрсөн, хоёр хөл хөхөрсөн, няцарсан гэмтэл авсан. Эмчилгээний төлбөрөө гаргуулна гэжээ. /хх-н 44-46/
Эмчилгээний зардлын тооцоо /хх-н 47-50/
Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 17.00 цагийн орчимд аав Б хамт Налайх дүүрэглүү гэртээ харих санаатай офицерүүдийн ордны автобусны буудлын хажуунаас Налайх явна гэсэн цагаан өнгийн Т.Камри маркийн автомашины хойд суудалд зүүн хаалганы талд нь орж суугаад бид хоёроос гадна 2 хүн хойд суудалд суусан ба машины урд суудалд бас нэг эмэгтэй хүн сууж байсан. Манай аав миний баруун гар талд суусан байсан. Машин хөдлөөд Улаанбаатараас Налайх орох гээд явсан. Би Баянзүрхийн товчоо өнгөрөөд зүүрмэглээд унтсан байсан ба тас буугаад юм мөргөх чимээ гарахад сэрээд хартал манай машин нэг машинтай мөргөлдсөн байсан. Миний нүүр халуу дүүгээд хавдаад эхэлсэн. Машинаас гараад хартал манай машин урсгал сөрөөд зогсчихсон харин нөгөө мөргөлдсөн машин нь замын хойд талд гарсан байсан. Миний зүүн шанаа орчмоор хавдсан байсан. Эмчилгээний зардлаа авна гэжээ. /хх-н 51-54/
Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 17.00 цагийн орчимд хүү О хамт Налайх дүүрэглүү гэртээ харих санаатай офицерүүдийн ордны автобусны буудлын хажуунаас Налайх явна гэсэн цагаан өнгийн Т.Камри маркийн автомашины хойд суудалд зүүн хаалганы талд нь орж суугаад бид хоёроос гадна 2 хүн хойд суудалд суусан ба машины урд суудалд бас нэг эмэгтэй хүн сууж байсан. Манай аав миний баруун гар талд суусан байсан. Машин хөдлөөд Улаанбаатараас Налайх орох гээд явсан. Би Баянзүрхийн товчоо өнгөрөөд зүүрмэглээд унтсан байсан ба тас буугаад юм мөргөх чимээ гарахад сэрээд хартал манай машин нэг машинтай мөргөлдсөн байсан. Миний баруун хөлний шаант яс хугарсан байсныг хадуулсан. Эмчилгээний зардлаа авна гэжээ. /хх-н 55-58/
М.Б эмчилгээний зардлын тооцоо: /хх-н 59-64/
Б.О эмчилгээнд зарцуулсан хохирлын тооцоо /хх-н 65-69/
Гэрч П.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дүү Намдагийн хамт дүүгийн улсын дугаартай Т Камри маркийн автомашинтай Налайхаас хотруу орж ирсэн. Тэгээд бид буцаад Налайх орох гээд замаараа офицерүүдийн ордны буудлаас Налайх явах хүн аваад явья гээд 4 хүн хойноо суулгаад Улаанбаатар хотоос Налайх руу хөдөлсөн. 18.00 цагийн орчимд манай машин Эмийн ургамлын орчимд баруунаас зүүн тийшээ чиглэлтэй явж байтал машин гэнэт урд хэсэг нь навс гээд доошлох шиг болоод дугуй сонин болох шиг болоод машин дайвалзаад хоромхон зуур эсрэг урсгалруу орж нэг машинтай мөргөлдөөд зогссон. Би машинаас буугаад хартал манай машин замын голд зогссон байсан ба харин нөгөө машин замын хойно гараад зогсчихсон байсан. Удалгүй түргэний машин ирээд бид нарыг авч явсан гэжээ. /хх-н 70/
Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 17.00 цагийн орчимд Налайх явах гээд офицерүүдийн ордны автобусны буудлын хажуунаас Налайх явна гэсэн цагаан өнгийн Т.Камри маркийн автомашины хойд суудалд зүүн хаалганы талд нь орж суусан надаас гадна 3 хүн хойд суудалд суусан ба машины урд суудалд бас нэг эмэгтэй хүн сууж байсан. Манай машин хотоос гараад эмийн ургамлын орчимд явж байтал гэнэт замаас гараад явчихсан ба эргээд зам руугаа ороод явж байснаа нэг машинтай мөргөлдөөд зогссон. Манай машинд мөргүүлсэн машин замын хойд тал руу шидэгдээд гарсан. Би хурдыг нь хараагүй ер нь хурдтай яваад байсан. Миний тархи доргисон гэжээ. / хх-н 71-72/
Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай хүү П.Н 1990 оны 4 дүгээр сарын 3-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн. Эцэг эхийн халамжид өсөж хүмүүжсэн. Ерөнхий боловсролын сургууль мөн дээд сургууль төгссөн. Одоо эрхэлсэн ажилгүй байгаа. Эхнэр хүүхэд байхгүй надтай хамт амьдарч байгаа. Архи тамхи хэрэглэдггүй сайн хүү байгаа юм гэжээ. /хх-н 73/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 74/
ВЕНДО ХХК-ны үнэлгээ /хх-н 75-84/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 85/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 12731 тоот дүгнэлт
1.С.З биед зүүн 8,9,11 дүгээр хавирганы зөрөөгүй хугарал, зүүн дээд зовхи, хамрын нураанд шарх, зүүн зовхи, хэвлий, баруун шагай, баруун тавхайд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ./хх-н 86/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 87/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 12730 тоот дүгнэлт:
1.З.Э биед зүүн дунд чөмөгний доод хэсгийн сэлтэрхий үүсгэсэн ил хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-н 88/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 89/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13383 тоот дүгнэлт:
1.Т.Т биед өвчүү ясны зөрөө бүхий хугарал, зүүн талын 3 дугаар хавирга зөрөөтэй, 4-5 дугаар хавирга суганы дунд болон урд шугамаарх хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 91/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 92/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний №08 шэ/551 тоот дүгнэлт:
1.М.Б биед баруун шаант ясны хугарлыг зассан мэс заслын дараах байдал /ГССҮТ 2018.10.18/ гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5.Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-н 93/
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн С.З өвчний түүхийн хуулбарууд /хх-н 94-97/
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн С.Э өвчний түүхийн хуулбарууд /хх-н 99-108/
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн М.Б өвчний түүхийн хуулбарууд /хх-н 109-118/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 120/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13846 тоот дүгнэлт:
1.Б.О биед тархи доргилт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, буглаа зэрэг гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3.ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэжээ. /хх-н 122/
Б.О толгойн КТГ-н шинжилгээ /хх-н 124/
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Б.О өвчний түүхийн хуулбарууд /хх-н 125-144/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 146-148/
2018.11.12-ны өдрийн 6272/6289 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн дугуйны ободны дотор талын амсарт 2 ширхэг хонхойлт, дотно хэсэгт 2 ширхэг зулгаралт, 1 ширхэг хагаралт, хаймарт 1 ширхэг язралт тус бүр хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэлээр шинээр гарсан байна.
2.Шинжилгээнд ирүүлсэн дугуйнд гарсан гэмтлүүд нь ослын үед гарсан гэмтлүүд байна.
3.Ослын үед дээрх гэмтэл үүссэн байх үндэслэлтэй тул осол гарахад дээрх гэмтлүүд нь нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 149-153/
Мөрдөгчийн лавлагаа /хх-н 156-157/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 158-163/
П.Н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 196/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 176/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 174/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 177/, жолоочийн лавлагаа /хх-н 178/, дипломын хуулбар /хх-н 180-182/, эмчилгээний зардалд П.Н төлсөн баримт /хх-н 183-185/
П.Н Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 166, прокурорын тогтоол /хх-н 167-170/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 172-173/
П.Н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 164-165/
Хохирогч Т.Т, Б.О, М.Б нар нь хохиролоо бүрэн авсан нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтүүд авагдсан байна /хх-н 192-195/ зэрэг болно.
П.Н нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 17.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баянзүрхийн товчооноос Хонхор явах Эмийн ургамалын хойд замд улсын дугаартай Тоёота камри загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж өөдөөс нь ирж явсан С.З жолоодож явсан Тоёота королла маркийн 94-28 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж жолооч С.З эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч С.Э эрүүл мэндэд хүнд хохирол, Т.Т, М.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.О эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч С.Зн, зорчигч С.Э, Т.Т, М.Б нарын мэдүүлэг, гэмтлийн зэрэг тогтоосон шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн актууд, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
П.Н холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул П.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэргийн хохирогч нарт гарсан эмчилгээний болон бусад зардлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нар нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
П.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорын хохирлыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 73 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5 -д засан үүргүүдийг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
П.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 515456 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан бүртгэл мэдээлэлийн төвд хүргүүлэх, 013881230 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг П.Н буцаан олгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт П Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар тэнсэж хяналт тавих үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. П.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, П.Н нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. П.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 515456 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан бүртгэл мэдээлэлийн төвд хүргүүлэх, 013881230 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг П.Н буцаан олгосугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН