Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:            Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Цагаанбулагийн 8 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Сэтгэшгүй хойч” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өмнөговь аймгийн Цогтцэций сум Засаг даргын Тамгын газарт холбогдох

4,393,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Бялхамбилэг,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүүхэндүү, гэрч Х.Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Сэтгэшгүй хойч” ХХК-ийн захирал Ж.Бялхамбилэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “...Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газар нь 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр сумын 90 жилийн ойн арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд манай компаниар нийт 32 ширхэг авто замын тэмдэг захиалан гүйцэтгүүлсэн. Уг захиалгыг манай компани урьдчилгаа төлбөр авалгүйгээр цаг хугацаанд нь гүйцэтгэж захиалагч Цогтцэций сумын Цагдаагийн хэлтсийн ХАБХХ-ийн дарга цагдаагийн хошууч Х.Мөнх-Эрдэнэд  төлбөрийн нэхэмжлэхийн хамт хүлээлгэн өгсөн бөгөөд бүх тэмдгийг суурилуулан үйл ажиллагаандаа ашигласан боловч одоог хүртэл нэхэмжилсэн төлбөр болох 4,393,000 төгрөгийг манай компанид шилжүүлээгүй болно. Эхний үед зарцуулах төсөв дууссан, төсвийг буцаан татсан гэж элдэв шалтаг хэлж төлбөрийг байснаа одоо Засаг дарга, ерөнхий нягтлан бодогч нар солигдсон мэдэхгүй, төлөхгүй гэсэн хариу өгч байгаа.

            Манай компанийн хийж гүйцэтгэсэн авто замын тэмдэг одоо ч Цогтцэций сумын орон нутгийн хөрөнгө оруулалт болж сумын төвийн нутаг дэвсгэрт суурилагдан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлсээр байна.

            Иймд 4,393,000 төгрөгийг Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү.” гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Х.Батдэлгэр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            “...2014 онд Цогтцэций сумын 90 жилийн ой тэмдэглэсэн. Тухайн үед “Ойн сан” байгуулан хандив тусламжаар ирсэн мөнгийг ойн дансанд төвлөрүүлэн Засаг дарга Н.Амгалан 1 дүгээр гарын үсэг зурж, нягтлан бодогч С.Оргилмаа 2 дугаар гарын үсэг зурж, ойн арга хэмжээнд хийгдэх ажлуудын зардлыг хариуцан гэрээ байгуулан ажиллаж, үнэ өртгийг төлж байсан юм. Цогтцэций сумын Цагдаагийн хэлтсийн ХАБХХ-ийн дарга Х.Мөнх-Эрдэнэ Ойн сангийн дарга Н.Амгалантай уулзан морь барианы газар руу явах замд тэмдэг тавих саналыг тавихад тэрээр зөвшөөрч, морь барианы газрын дагуу байрлуулсан байдаг. “Сэтгэшгүй хойч” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан 32 ширхэг автозамын тэмдэгийн үнэ 4,393,000 төгрөгийг ямар шалтгаанаар тухайн компанид төлөөгүйг миний бие мэдэхгүй болно. Ойн арга хэмжээ дуусаад автозамын тэмдэг хариуцсан эзэнгүйгээс хулгайд алдагдаж, 2015 онд “Цог-Өрнөх” ОНӨААТҮГазрын ажилчид хог түүж яваад 10 ширхэг ишгүй тэмдэг /ишийг хулгай авсан байсан/-ийг элсэн дор булсан байхыг олж тамгын газрын складанд хадгалж байна. Тухайн үеийн Засаг дарга Н.Амгалан автозамын тэмдгийг байгууллагын хөрөнгөд бүртгэх талаар үүрэг даалгавар өгөөгүй болно. Харин нягтлан бодогч болон Х.Мөнх-Эрдэнэ нарт үндсэн хөрөнгийн бүртгэлд авахуулах, цаашид аль байгууллагын хөрөнгөд байх талаар үүрэг өгсөн байж болох юм. Тухайн үед миний бие Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Энэ асуудлаар “Сэтгэшгүй хойч” ХХК-иас энэ төлбөрийн талаар ирж уулзсан зүйл байхгүй. Сум орон нутагт бүтээн байгуулалт хийхдээ орон нутгийн хөрөнгөөр хийгдэх тухайн жилийн төлөвлөгөөг сумын ИТХ-аар батлуулсан хуваарийн дагуу Засаг дарга болон Тамгын газрын даргатай гэрээ байгуулан, хийгдэж буй ажлын үйл явцад Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг гарган хяналт тавин хүлээн авч, үндсэн хөрөнгийн бүртгэлд авч, өмч хөрөнгийг хариуцах эзнийг тогтоож өгөх ёстой. Энэ үйл ажиллагаа явагдаагүй байна. 2014 оны орон нутгийн хөрөнгөөр хийгдэх ажлын төлөвлөгөөнд “Замын тэмдэг, тэмдэглэгээ” хийх ажил байгаагүй тул “Ойн сан”-гаас тухайн автозамын тэмдгийн төлбөрийг хийх ёстой байсан байна. Та бүхэн Н.Амгалан, Х.Мөнх-Эрдэнэ нараас тэмдэгний үнэ өртгийг  хэрхэн шийдвэрлэх, хөрөнгийг хаана аль байгууллагын хөрөнгөд бүртгэх талаар шийдвэрлэснийг тодруулах шаардлагатай байна. Гэрээ хийсэн бол гэрээнд тусгасан байж таарна. Миний бие энэ талаар мэдэх зүйлгүй. Замын тэмдгийн бүрэн бүтэн, байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн байсан бол төлбөрийг төлөхөд саад учрахгүй байсан. Одоо тэмдэг тэмдэглэгээнүүд хулгайд алдагдаж алга болсон тул байгууллагын хөрөнгөд бүртгэж, төлбөрийг төлөх үндэслэлгүй болоод байна.” гэжээ.

            Нэхэмжлэгч “Сэтгэшгүй хойч” ХХК-ийн захирал Ж.Бялхамбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...Цогтцэций сумын засаг даргын тамгын газар нь 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 90-н жилийн ойг тэмдэглэх ажлынхаа хүрээнд манай компаниар 32 ширхэг авто замын тэмдэг захиалан гүйцэтгүүлсэн. Захиалгыг Цогтцэций сумын цагдаагийн хэлтсийн цагдаагийн хошууч Мөнх-Эрдэнэ өгсөн. Хугацаа бага байсан учир захиалгаар хийсэн тэмдгүүдийг хурдан гаргаж өгсөн. Манай компанийн зүгээс нэхэмжилсэн 4.393.000 төгрөгийг одоо болтол өгөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.  

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүүхэндүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...“Сэтгэшгүй хойч” компанийн нэхэмжилж байгаа төлбөрийн талаар 2015 оны сүүлээс сонссон. Тухайн үед 90 жилийн хөрөнгийг захиран зарцуулж байсан нэгдүгээр гарын үсгийг зурж байсан Амгалан дарга, 2 дугаар гарын үсэг зурж байсан Оргилмаа нарт хамаатай гэж бодож байна. Тухайн үед Амгалан дарга цагдаагийн хошууч Мөнх-Эрдэнэ нар аман тохиролцоо хийж 32 ширхэг тэмдэг хийлгэсэн. Энэ талаар нягтлан бодогч байсан Оргилмаад хэлсэн талаар мэдэхгүй байна. 90 жилийн ойн хөрөнгөөр худалдаж авсан үндсэн хөрөнгө болон бага үнэтэй хөрөнгийг 2015 оны жилийн эцсээр тайлангаа гаргаж хаалгасан байгаа. Тэр хийсэн тайланд “Сэтгэшгүй хойч” компаниар хийлгэсэн тэмдэгний хөрөнгө байхгүй байсан. 32 ширхэг замын тэмдгийг хэн хүлээж авсан болох тамгын газар гэрээ хийсэн бол гэрээ нь хаана байна, гэрээ байгуулаагүй бол авсан гэснийг гэрчлэх хүн байгаа эсэх хөрөнгийг хүлээж авах хүн нь аль нь болох талаар мэдэхгүй байна. Нэхэмжлэлээ хугацаанд нь өгсөн бол төсөв байхад төлөх бүрэн боломжтой байсан. Одоо 32 ширхэг замын тэмдэг байхгүй. Хулгайд алдагдсан. Одоо хөрөнгө байхгүй учир бүртгэж авах боломжгүй байна.” гэв.  

            Гэрч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн хэлтсийн ХАБХХ-ийн дарга цагдаагийн хошууч Х.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...Цогтцэций сум байгуулагдсаны 90 жилийн ойн баярыг тохиолдуулан байгууллагууд олон бүтээлч ажил хийсэн. Үүний нэгэн адил манай цагдаагийн хэлтэс сум орон нутагтаа “хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” чиглэлээр замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, шинээр тэмдэг тавих ажил төлөвлөгөөнд тусгагдсан байсан гэдгийг би тухайн үед сайн мэдээгүй. Сумын засаг дарга байсан Амгалан цагдаагийн хэлтсийн дарга Баттогтох бид хоёрыг өрөөндөө дуудаад “90 жил болох гэж байгаатай холбоотой энэ ажлаа яаралтай хийж дуусга гэж чиглэл өгсөн. Үүний дагуу би “Сэтгэшгүй хойч” компанитай холбоо барьж үнийн саналыг тодруулахад 8, 9 сая төгрөгний санал өгсөн. Үүнийг Амгалан даргад танилцуулахад “үнийн санал арай үнэтэй байна багасгах хэрэгтэй” гэсэн чиглэл өгсөн. Ингээд суманд шаардлагатай тэмдэг тэмдэглэгээг судалж үзээд 32 ширхэг тэмдгийг 4,300,000 гаруй төгрөгний замын тэмдэг хийлгэхээр болсон. Би 07 дугаар сарын 04-ний өдөр томилогдоод 07 дугаар сарын 20-нд ажлаа хүлээж авч байсан. 90 жилийн ой болох дөхсөн, цаг хугацааны хувьд давчуу байсан учир миний бие “Сэтгэшгүй хойч” ХХК-д захиалга өгөхөд тус компани хурдан шуурхай гүйцэтгэж, миний нэр дээр  явуулсан байсан. Миний бие хүлээж аваад замын цагдаагийн албан хаагч нарын бүрэлдэхүүнээрээ сумын төв дээр 32 тэмдгийг байршуулсан. Тамгын даргын алга болсон гэж хэлээд байгаа тэмдэгнүүд нь чиг заасан замын тэмдэг болох морь барианы газар байрлуулсан 5-6 тэмдэг байхгүй болсон. Бусад хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой замын тэмдэг, тэмдэглэгээнүүд, самбар нь бүгд суманд байгаа Тухайн үед “Шанхийн ойн сан” гэх сангаас гарах ёстой байсан. Сүүлд 90 жилийн ой дууссаны дараа тухайн үед нягтлан бодогч байсан Оргилмаад ажил гүйцэтгэлийн тайланг би хийж өгсөн. Мөн Засаг дарга солигдож, энэ асуудал дунд нь үлдсэн байгаа.” гэв.   

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, “Сэтгэшгүй хойч” ХХК-ийн нэхэмжлэх, Цогтцэций сумын 90 жилийн ойн арга хэмжээнд шаардлагатай тэмдэгний судалгаа, Цогтцэций сумын Цагдаагийн хэлтсийн ХАБХХ-ийн дарга Х.Мөнх-Эрдэнийн Цогтцэций сумын 90 жилийн ойн арга хэмжээний үеэр замын зохион байгуулалтын чиглэлээр хийсэн ажлын тайлан, гэрч Х.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “Сэтгэшгүй хойч” ХХК нь 32 ширхэг автозамын тэмдэгний үнэ 4,393,000 төгрөгийг хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газраас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  

          Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэлээ.

          Хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газар  сумын 90 жилийн ойг тохиолдуулан, бэлтгэл ажлын хүрээнд 4,393,000 төгрөгийг үнэ бүхий 32 ширхэг авто замын тэмдгийг орон нутагтаа байршуулах хүсэл зорилготойгоор нэхэмжлэгч “Сэтгэшгүй хойч” ХХК-аар захиалан дээрх ажлыг гүйцэтгүүлэхээр амаар хэлэлцэн тохирсноор Иргэний хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу хэлцэл байгуулагдсан байна.

          Энэхүү хэлцэл нь “Сэтгэшгүй хойч” ХХК өөрийн материалаар 32 ширхэг авто замын тэмдгийг хийж, уг тэмдэгнүүдийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газар хүлээн авч /хавтаст хэргийн 8,9-р хуудас/ хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээснээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

          Дээрх гэрээ нь гэрээний гол нөхцөл буюу ажлын үр дүн болох 32 ширхэг авто замын тэмдгийг захиалан гүйцэтгүүлэх талаар тохиролцож, эзэмшилд шилжүүлснээр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар дээрх хүчин төгөлдөр гэрээр байгуулагдсан гэж тооцов.

          Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэгч бүхий Засаг даргын ажлын алба болох тус сумын Засаг даргын тамгын газрыг хариуцагчаар оролцуулан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргасан нь зөв байна.

          Хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга асан Н.Амгалан сумын 90 жилийн ойн баярын бэлтгэлд ажилтай холбогдуулан замын тэмдэг хийлгэн, морь барианы газар руу замын дагуу байрлуулсан талаар хариуцагч  байгууллага тайлбартаа тусгасан /хавтаст хэргийн 25-р хуудас/ бөгөөд харин нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэлээ тухайн үед Засаг дарга байсан Н.Амгалан замын тэмдгийг байгууллагын хөрөнгөнд бүртгэж авах талаар үүрэг даалгавар өгөөгүй, сумын Төрийн банкны салбарын эрхлэгч байсан Оргилмаа “Ойн сан” байгуулан хандив тусламжийн мөнгийг дууссаны дараа гэрээний нэхэмжлэх орж ирсэн гэж мэдэгдсэн тул манай байгууллага хариуцахгүй гэж тайлбарлаж байгаа нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 355 дугаар зүйлийн 351.1.1-т заасан ажлын хөлсийг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл биш юм.

          Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга асан Н.Амгалан “Сэтгэшгүй хойч” ХХК-иас сумын үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээнд зориулан сумын бүтээн байгуулалт, орон нутгийн хөгжил дэвшилд зориулж захиалан хийлгэх хүсэл зоригоо илэрхийлэн санал тавьж 32 ширхэг 4,393,000 төгрөгийн үнэ бүхий авто замын тэмдэгнүүдийг хийж гүйцэтгүүлэн ажлын үр дүнг хүлээн авсан нь гэрч Х.Мөнх-Эрдэнийн “Цогтцэций сум байгуулагдсаны 90 жилийн ойн баярыг тохиолдуулан байгууллагууд олон бүтээлч ажил хийсэн. Үүний нэгэн адил манай цагдаагийн хэлтэс сум орон нутагтаа “хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” чиглэлээр замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, шинээр тэмдэг тавих ажил төлөвлөгөөнд тусгагдсан байсан гэдгийг би тухайн үед сайн мэдээгүй. Сумын засаг дарга байсан Амгалан цагдаагийн хэлтсийн дарга Баттогтох бид хоёрыг өрөөндөө дуудаад “90 жил болох гэж байгаатай холбоотой энэ ажлаа яаралтай хийж дуусга гэж чиглэл өгсөн. Үүний дагуу би “Сэтгэшгүй хойч” компанитай холбоо барьж үнийн саналыг тодруулахад 8, 9 сая төгрөгний санал өгсөн. Үүнийг Амгалан даргад танилцуулахад “үнийн санал арай үнэтэй байна багасгах хэрэгтэй” гэсэн чиглэл өгсөн. Ингээд суманд шаардлагатай тэмдэг тэмдэглэгээг судалж үзээд 32 ширхэг тэмдгийг 4,300,000 гаруй төгрөгний замын тэмдэг хийлгэхээр болсон. Би 07 дугаар сарын 04-ний өдөр томилогдоод 07 дугаар сарын 20-нд ажлаа хүлээж авч байсан. 90 жилийн ой болох дөхсөн, цаг хугацааны хувьд давчуу байсан учир миний бие “Сэтгэшгүй хойч” ХХК-д захиалга өгөхөд тус компани хурдан шуурхай гүйцэтгэж, миний нэр дээр  явуулсан байсан. Миний бие хүлээж аваад замын цагдаагийн албан хаагч нарын бүрэлдэхүүнээрээ сумын төв дээр 32 тэмдгийг байршуулсан. Тамгын даргын алга болсон гэж хэлээд байгаа тэмдэгнүүд нь чиг заасан замын тэмдэг болох морь барианы газар байрлуулсан 5-6 тэмдэг байхгүй болсон. Бусад хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой замын тэмдэг, тэмдэглэгээнүүд, самбар нь бүгд суманд байгаа Тухайн үед “Шанхийн ойн сан” гэх сангаас гарах ёстой байсан. Сүүлд 90 жилийн ой дууссаны дараа тухайн үед нягтлан бодогч байсан Оргилмаад ажил гүйцэтгэлийн тайланг би хийж өгсөн. Мөн Засаг дарга солигдож, энэ асуудал дунд нь үлдсэн байгаа.” гэсэн мэдүүлэг, хавтаст хэргийн 4-5-р хуудсан дахь зарлагын баримт, 8-9-р хуудсан дахь Цогтцэций сум үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээний үеэр шаардлагатай тэмдэгний судалгаа, замын зохион байгуулалтын чиглэлээр хийсэн ажлын тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул /шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүүхэндүү нь төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тодотгох нь зүйтэй/ нэхэмжлэлийн шаардлага болох ажил гүйцэтгэсний төлбөр 4,393,000 төгрөгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

          Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,350 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 85,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газраас 4,393,000 /дөрвөн сая гурван зуун ерөн гурван мянган/ төгрөгийг гаргуулж, “Сэтгэшгүй хойч” ХХК-д олгосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газраас 85,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Сэтгэшгүй хойч” ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.УРАНГУА