Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 0082

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж 

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч:Г.Цэрэнжамц

           шүүгдэгч өөрийгээ өмгөөлж оролцов

шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Б овогт Б Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1806093802186  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б Б, 19  оны  дугаар  сарын 07-ны өдөр Дархан-уул  аймгийн Хонгор суманд   төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер  мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам  бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо ПДМС-н 7-Б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:,

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 11.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ё.М автобустай явж байхад нь зам шахаж зогслоо гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

    Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр 11.00 цагийн үед 0673 УБА улсын дугаартай Приус маркийн авто машинтайгаа Улиастайн гүүрэн дээр нэг явж байтал нэг автобус урдуур шахаад, цаашаа явсан. Тэгээд автобусны буудал дээр зогсож байх үед нь би урдуур нь ороод хаагаад зогссон. Тэгээд машинаас бууж очоод урдуур шахлаа гэж маргалдаад нэг удаа мөргөсөн. 160.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Эмчилгээний зардлыг төлсөн. Мөн шүд хийлгэж өгсөн. Паалан бүрүүлсэн. Би тухайн үед эрүүл явсан гэв.

       Шүүгдэгч  Б.Б    мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өнөөдөр эхнэртэйгээ Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон Зоорь орж найзтайгаа уулзчихаад буцаж явсан. Тэгээд Улиастайн гүүр өнгөрөөд гэрлэн дохион дээр орж ирээд зогсох гэж байхад миний хажуугаар том оврын автобус шахаад ороод ирсэн. Тэгээд би эсрэг урсгал руу орох гээд шахаад зогссон ба гэрлэн дохио өнгөрөөд цаашаа хөдөлгөөнөө хийгээд нэгдүгээр эгнээгээр явж байтал нөгөө автобус дахиад 2 дугаар эгнээнээс шахаад ороод ирсэн. Тэгэхэд би замын хашлага мөргөж зогсоод өнгөрөөсөн. Тэгээд уур хүрээд байхаар нь би буудал дээр нь очоод автобусны урд зогсоод машинаасаа буугаад автобус руу яваад орсон. Тэгтэл жолооч нь өөдөөс бууж ирж байхаар нь яаж яваад байгаа юм бэ гээд нүүрэн хэсэгт нь нэг удаа мөргөсөн. Гэтэл тэр ах зөрж гараад миний машинд сууснаа цагдаа дуудсан. Машинд сууж байхдаа миний эрүү рүү нэг удаа цохисон. Надад ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэжээ. /хх-ийн 6/                                                                                                                                                    

          Хохирогч Ё.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11.00 цагийн орчимд би Налайхаас Улаанбаатар хотын чиглэлд том оврын 12-045 дугаартай автобус жолоодоод нийтийн үйлчилгээнд явж байсан. Тэгтэл Улиастайн гүүр өнгөрөөд гэрлэн дохион дээр зогсож байхад 06-73 УБА улсын дугаартай Приус маркийн машин миний урдуур орж эргэх гээд байсан. Тэгэхээр нь би бага багаар урагшилж байгаад ногоон гэрэл асангуут яваад Хангамжийн автобусны буудал дээр зогссон чинь уг машины жолооч залуу миний автобусны урд хаалгаар орж ирээд үгийн зөрүүгүй духаараа миний ам, хамар руу 1 удаа мөргөсөн. Энэ үед миний хамарнаас цус гарч үүдэн дээд 1 шүд таллаж хугарсан. Тэгээд би шууд цагдаа дуудсан. Би энэ явдлаас болоод 10-д хоног ажлаа хийгээгүй. Энэ хугацааны цалингаа авмаар байна. Мөн эмчилгээний мөнгөө авмаар байна гэжээ. /хх-н 7-10/         

           Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 12/

           Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 14079 тоот дүгнэлт:

1.Ё.М биед хамар  ясны хугарал, 1 шүдний хугарал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой  гэжээ.  /хх-н 13/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 28-29/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 30-31,46-47/  

          Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 15/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 16/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 14 /

          Б.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 19/, прокурорын тогтоол /хх-н 20-21/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 22-43/

          Б.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 24-25/ зэрэг болно.

           Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 11.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ё.М автобустай явж байхад нь өөрийнх нь жолоодож явсан тээврийн хэрэгслийг шахаж явсанаас болж замын хашлага мөргүүллээ  гэсэн шалтгаанаар уурлан араас нь автобусны буудал дээр зогсож байхад нь автобус руу орж түүнийг мөргөсөнөөс хамар  ясны хугарал, 1 шүдний хугарал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн...хохирогч Ё.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Хангамжийн автобусны буудал дээр зогссон чинь уг машины жолооч залуу миний автобусны урд хаалгаар орж ирээд үгийн зөрүүгүй духаараа миний ам, хамар руу 1 удаа мөргөсөн. Энэ үед миний хамарнаас цус гарч үүдэн дээд 1 шүд таллаж хугарсан гэсэн мэдүүлэг,           Ё.М биед хамар  ясны хугарал, 1 шүдний хугарал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 14079 тоот дүгнэлт   /хх-н 13/, Шүүгдэгч  Б.Б    мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... миний хажуугаар том оврын автобус шахаад ороод ирсэн. Тэгээд би эсрэг урсгал руу орох гээд шахаад зогссон ба гэрлэн дохио өнгөрөөд цаашаа хөдөлгөөнөө хийгээд нэгдүгээр эгнээгээр явж байтал нөгөө автобус дахиад 2 дугаар эгнээнээс шахаад ороод ирсэн. Тэгэхэд би замын хашлага мөргөж зогсоод өнгөрөөсөн. Тэгээд уур хүрээд байхаар нь би буудал дээр нь очоод автобусны урд зогсоод машинаасаа буугаад автобус руу яваад орсон. Тэгтэл жолооч нь өөдөөс бууж ирж байхаар нь яаж яваад байгаа юм бэ гээд нүүрэн хэсэгт нь нэг удаа мөргөсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 6/  болон бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Б.Б холбогдох хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилж ирүүлсэн байх тул Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

           Хохирогч Ё.М эмчилгээний зардалд 160.000 төгрөг төлсөн хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлээ нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр ял оногдуулахаар шийдвэрлэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар Б.Б  240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар                    Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

        7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН