Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 04

 

 

 

 

Л.Б, Л.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 21 дүгээр магадлалтай, Л.Б, Л.Т нарт холбогдох 2017000770065 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Ц.Алтанцолын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, урьд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 20 хоног баривчлах ял шийтгэгдсэн, Т овогт Л.Б,

 

Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсолтой, мэргэжилгүй, урьд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 20 хоног баривчлах ял шийтгэгдсэн, Б овогт Л.Т нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б, Л.Т нарыг мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Л.Т нарыг тус бүр 1 жил 4 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Улбар шар өнгийн LY4YCCKC4KK000337 арлын, YG162FMJ 8J000174 моторын дугаартай улсын дугааргүй мотоциклын үнэ болох 1,500,000 төгрөгийг шүүгдэгч нарт хувь тэнцүү хувааж, тус бүрээс 750,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Ц.Алтанцол гаргасан гомдолдоо “...хоёр шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклын үнийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус заасан байхад хуулийн эдгээр заалтуудыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь бусдын өмчлөлийн мотоциклыг гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлого, яллагдагч нарын өмч мэтээр дүгнэн улсын орлого болгохоор заасан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн ба анхан шатны шүүхийн алдаатай шийдвэрийг давж заалдах шатны шүүх засаж, залруулаагүйд гомдолтой байна. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх эрүүгийн тогтоолд дурдсан мотоцикл нь бусдын өмчлөлийнх болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон байхад шүүх энэ байдлыг анхаарч үзээгүй улсын орлого болгосон нь хууль зөрчсөн.

Мөн Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3-т бичиг мэдэхгүй сэжигтэн, яллагдагч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж заасныг зөрчиж, Л.Б-аас сэжигтнээр мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулалгүйгээр эхнэрийг нь оролцуулан мэдүүлэг авсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчсөн талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн.

Л.Б-т ял оногдуулахдаа гэм буруу хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг анхааралгүйгээр хүнд ял оногдуулсан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү” гэжээ.

 

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Ц.Алтанцол өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан. Гэтэл өмгөөлөгч Ц.Алтанцол нь 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарах бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч Ц.Алтанцолоос татгалзаж байна.

Л.Б, Л.Т нарт холбогдох хэргийг прокуророос 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хялбаршуулсан журмаар шалгах тогтоол гаргаж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сар хорих ялыг тохиролцох ажиллагаанд өмгөөлөгч Б.Б оролцсон ба Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор уг ялыг баталгаажуулсан. Шүүгдэгч нарын үйлсдэн гэмт хэрэг тогтоогдсон, хэргийн зүйчлэл тохирсон. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Ц.Алтанцол нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн байр сууринаас гомдол гаргасан тул уг гомдлоор хэргийг хэлэлцэхгүй байх хүсэлт прокурор гаргасан боловч өмгөөлөгчөөр оролцож болохгүй үндэслэл бий эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн эсэхийг тогтоохын тулд хэргийг хэлэлцэж прокурорын санал, дүгнэлтийг сонсох шаардлага бий болж байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар бүлэгт тусгайлан хэргийн оролцогч тус бүрээр нэр заан хуульчилсан бөгөөд өмгөөлөгчөөр оролцож болохгүй тохиолдлуудыг мөн хуулийн 10.8 дугаар зүйлд заажээ.

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Б-ын гомдлоос гадна Ц.Алтанцолын гаргасан гомдлыг үндэслэн түүнийг шүүгдэгч Л.Бын өмгөөлөгчөөр оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Ц.Алтанцол нь энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг /хх-ийн 59-60 хуудас/ өгсөн атлаа өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.8 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлд хамаарч байтал Ц.Алтанцолыг өмгөөлөгчөөр оролцуулан шүүх хуралдааныг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил мөн.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянахаас өөрөөр буюу мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдлыг шинээр тогтоох, хавтаст хэрэгт цугларсан зарим нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцож, бусад баримтыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийх буюу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх эрхгүй тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар тогтов.

Хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Л.Б, Л.Т нар нь бусдын 3 тооны бог малыг хулгайлах гэмт хэргийг үйлдэх явцад техник хэрэгсэл /мотоцикл/-ийг ашигласан эсэх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, анхан шатны шүүх шүүгдэгч нараас техник хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтын агуулгад нийцэж буй эсэхэд эрх зүйн зөв дүгнэлт өгөх нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Л.Б, Л.Т нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 21 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Л.Б, Л.Т нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

 

 

                                                           ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                                           ШҮҮГЧ                                             С.БАТДЭЛГЭР

                                                                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН