Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 186

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “IV” дүгээр танхимд нээлттэй хийж, иргэн З.Оын “Нийслэлийн Дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагчийн гаргасан актын тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нийслэлийн Дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Гт  холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чингис, нэхэмжлэгч З.О, хариуцагч Ч.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, дотоод аудитын албаны, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Г нь он сар өдөр дугааргүй актыг 2016 оны 5 дугаар сарын 09-ны өдөр гаргасан. Уг актаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж Төсвийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчих замаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй төрийн захиргааны 7 албан хаагчид мэргэшсэн инженерийн нэмэгдэл 15 хувиар буюу нийт 4497500 төгрөг олгосон гэж үзээд Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д заасны дагуу дарга Ю.И, нягтлан бодогч З.О нараар илүү олгосон гэх 4497500 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Энэ актыг эс зөвшөөрч Нийслэлийн дотоод аудитын албаны дарга Д.Нд 2016 оны 05 сарын 13-нд гомдол гаргасан.

Тус байгууллагаас 2016 оны 05 сарын 19-нд улсын ахлах байцаагчийн актыг улсын ерөнхий байцаагч хүчингүй болгох журамтай тул холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргахыг зөвлөсөн.

Монгол улсын сангийн яамны санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид 2016 оны 05 сарын 24-нд гомдлоо гаргасан.

Монгол улсын сангийн сайд, санхүүгийн улсын ерөнхий байцаагчийн хариу надад ирээгүй Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар ирсэн байсныг 2016 оны 12 сарын 17 өдөр мэдсэн.

2016 оны 12 сарын 20-нд сангийн яаманд очиход байцаагч Н.Б байхгүй байсан. Сангийн яаман дээрээс байцаагч Н.Бын утасны дугаарыг авч ярьсан. Сангийн яамнаас хариу гарсан талаар асууж лавлахад Н.Б өнөөдөр гадуур ажилтай байна би өөрөө залгаж актыг өгье гэсэн. 2016 оны 12 сарын 22-ны өдөр Монгол улсын сангийн сайд, санхүүгийн улсын ерөнхии байцаагч Б.Чгийн хариуг авсан.

Аудитын шалгалтын тогтоосон хугацаанд улсын байцаагч Ч.Гын дуудсанаар 2 удаа очиж уулзахад хэд хэдэн зөрчил гарсан акт тавигдана гэж амаар хэлж байсан бөгөөд тухай бүр амаар тайлбар хэлж байсан. Тэгээд энэ талаар асуудлын бүртгэлийг бичгээр өгөөч гэхэд “Улсын байцаагч бичгээр өгөх албагүй” гэж загнасан. Ийнхүү хугацаа алдаж байгаад 2016 оны 4 сарын эхээр шууд 5 актын төсөл гаргаж даргад танилцуулсан.

Ингэж хугацаа алдсан нь төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т хяналт шалгалтын холбогдох асуудлын талаар урьдчилан дүгнэлт гаргаж түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно, мөн хуулийн 5.9-д хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг 2 хувь үйлдэх бөгөөд 1 хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээлэлийг тусгана, 5.9.1-д шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, 5.9.2-т  улсын байцаагчийн санал дүгнэлт, 5.9.3-т шалгуулагч этгээдийн санал, дүгнэлт байх ёстой байтал эдгээр зүйлүүдийг бүрдүүлээгүй. 

2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ажлын 14 хоногт багтаан хийж гүйцэтгэлээ гэсэн мөртлөө 2016 оны 05 сарын 20 өдөр тамга дарж ир гэхдээ актан дээр 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №05/03 гэж он,сар,дугаарыг бичсэн.

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, дотоод аудитын алба, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Гын он сар өдөр дугааргүй акт гаргасан нь 2008 оны 4 сарын 8 өдрийн 01 тоот УДШ-ийн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн зарим зүйл, заалтыг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай зөвлөмжинд заасан “Хяналт шалгалтын баримт бичиг нь улсын байцаагчийн гарын үсэг зурж, тэмдэг дарж, нэгдсэн дугаар авснаар хүчин төгөлдөр болох бөгөөд улсын байцаагчийн акт, албан шаардлага, дүгнэлт, торгууль, шийтгэвэр нь хэвлэмэл хуудсан дээр үйлдэгдсэн албан хэрэг хөтлөлтийн журам, зааварт нийцэж ,бичиг хэргийн стандартын шаардлага хангасан байх учиртай гэсэн” заалтыг хэрэгжүүлээгүй.

Төсвийн тухай хууль зөрчсөн гэж улсын байцаагч үздэг.

Төсвийн тухай хуулийн 16 зүйл, 16.5.2, 16.5.5, 41.2.2-ийн заалтуудыг тус тус зөрчөөгүй юм. Төсөв захирагчаас баталсан,цалингийн санд багтсан ажилтан албан хаагч нарт олгох ёстой нэмэгдэл цалинг батлагдсан төсвийн дагуу зориулалтаар нь зарцуулж, зарцуулалтад хяналтыг тавьж ирсэн. Энэ нь холбогдох санхүүгийн анхан шатны баримт,  санхүүгийн тайланд тодорхой тусгагдсан байгаагаар нотлогдсон байхад Төсвийн тухай хуулийн дээрхи заалтуудыг зөрчсөн гэж үзэн мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д заасны дагуу хариуцлага тооцохоор акт тавьсан нь үндэслэлгүй байна. Төрд хохирол учруулсан гээд буруутгадаг батлагдсан төсвөөс хэтрүүлсэн зүйл байхгүй.

Биднийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй төрийн захиргааны 7 албан хаагчид мэргэшсэн инженерийн нэмэгдлийг 15 хувиар олгосон гэж буруутгаж байгаа боловч Төрийн албан тухай хуулиар албан хаагч нарт нэмэгдэл олгож болохоор заасан ба уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь хэсэгт “төрийн захиргааны албан хаагчийн хувьд ...төрийн алба хаасан хугацааны, цол,зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл”-ийг олгож болохоор заасан байдаг.

Энэхүү заалтын хүрээнд захиргааны албан хаагч нарт нэмэгдэл олгохоор төсөвтөө тусгаж,төсөв захирагчаар батлуулж ирсэн.

Хэрэв биднийг хуулийн энэ заалтыг зөрчсөн гэж гэж үзэж байгаа бол төрийн албаны хуульд заасны дагуу хариуцлага тооцох ёстой. Мөн мэргэшсэн инженерийн нэмэгдэл авсан албан хаагчдад олгосон нэмэгдэл нь цалин хэлбэрээр олгогдсон бөгөөд тухайн албан хаагчид ажлаа хийж байгаа тул цалингаас суутган төлүүлэхээр шийдвэрлэх боломж ч байсан.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь байгуулагдсан даруйдаа байгууллагын даргын 2013 оны А/09 тоот тушаалаар зүйл, 9.2 дахь заалтаар албан хаагчдын цалин дээр төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, ур чадварын мэргэшсэн зэргийн, докторын зэрэг буюу цалингийн нэмэгдэл олгохоор заасан ба энэ нь алба хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, ажиллах нөхцөл боломжийг сайжруулах,урамшуулах зорилготой юм.

Мөн дээрхи заалт нь МУ-ын хууль тогтоомжид нийцсэн төрийн байгууллагын дотооддоо мөрддөг заалт юм.

Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 70.6,  70.4.2, 70.4.4, 70.4.10-т заасан шийтгэлийг шүүгч, 70.4.1, 70.4.3, 70.4.5-70.4.9, 70.4.11-д заасан шийтгэлийг санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч ногдуулна гэсэн заалт байхад Төсвийн тухай хуулийн 70.5 зүйлд заасан заалтыг хэрэглэж хууль зөрчсөн байна.

Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 зүйл, 9.4 зүйлд Мэргэжлийн хяналтын байгууллага улсын төсөвт орлого оруулах чиг үүргийг хүлээхгүй гэсэн заалт байхад улсын байцаагчийн актын тогтоох хэсэгт “илүү олгосон 4497500 төгрөгийг Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д заасны дагуу дарга Ю.И,нягтлан бодогч З.О нараар хуваан төлүүлж төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ гэж өөрийнх нь чиг үүрэгт байхгүй эрхийг эдэлсэн.

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, дотоод аудитын алба, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Гын гаргасан акт он, сар өдөр дугааргүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 60 зүйл, 60.1.9 зүйлд заасан батласан байгууллага, албан тушаалтны болон захиргааны хэм хэмжээний актын нэр, он, сар, өдөр дугаарыг тодорхой заасан байх заалтыг зөрчсөн.

Тус актын тогтоох хэсгийн 1 хэсэг нь захиргааны ерөнхий хуулийн 47.3 зүйлд зааснаар илт хууль бус байх тул тус хуулийн 47 зүйл, 47.4 зүйлд зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү“ гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн дотоод Аудитын албаны 2016 оны төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу аудитор У*******ийн хамт Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийсэн.

Аудитын удирдамжийг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Санхүүгийн аудитын хэлтсийн дарга асан Ү*******тай хамт очиж танилцуулж. 3 дугаар сарын 01-ны өдрөөс аудитыг эхлүүлсэн.

Аудитын дундуур Нийслэлийн дотоод аудитын хорооны даргын баталсан удирдамжийн дагуу иргэдээс ирүүлсэн өргөдөлд дурдсан асуудлын хүрээнд 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн дарга .Ж той хамт ажлын 14 хоногт багтаан Хан-Уул дүүргийн .. дугаар сургуулийн санхүүгийн зарим үйл ажиллагаанд шалгалт хийж гүйцэтгэсэн.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хийсэн аудитыг дуусгаад 2016 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр дарга С.Г, нягтлан бодогч З.О нарт хичнээн төгрөгийн зөрчил илэрсэн, үүнээс хэдэн төгрөгийн акт тавигдаж байгаа талаар танилцуулсан.

Дарга С.Г: “би энэ зөрчилүүдийн талаар сонсоогүй мэдэхгүй байна, нягталж үзье, бид танилцаад хариу өгье” гэсэн тул аудитын тайлан, улсын байцаагчын актыг албан баланк дээр буулгаагүй байдлаар өгсөн.

Худалдан авах ажиллагааны газар 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хариу тайлбар ирүүлсэн. Түүнийг албаны даргад танилцуулсан. Албаны даргын зөвлөсний дагуу Худалдан авах ажиллагааны газрын дарга асан И той 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 10 цагт уулзаад, 14 цагт албаны даргад, 14,30-д хэлтсийн даргад тус тус танилцуулж, албаны даргын өгсөн зөвлөмжийн дагуу дотоод аудит, санхүүгийн аудитын талаар аудитын тайланд нэмж тусгасан.

2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өглөө 09 цагт хэлтсийн даргатай, 9.30 цагт албаны даргатай уулзаж Худалдан авах ажиллагааны газрын актыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөө авсан. Мөн Сангийн яамны санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц*******тай утсаар холбогдож зөвлөгөө авсан.

2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Худалдан авах ажиллагааны газрын “аудитын тайлан” бэлтгэж гаргасан. Бичиг хэргээс 4 актын 8 ширхэг улсын байцаагчийн актын маягт авсан. Актын албан бланк дээр хэвлэж гаргахыг түр хүлээж байхыг албаны дарга хэлсний дагуу актыг хэвлээгүй.

Мөн өдөр Худалдан авах ажиллагааны газарт хийсэн аудитын дүнг тус газрын удирдлагад 14.00 цагт танилцуулах байсан боловч дарга нь ажилтай гээд хойшлогдож 16.40 цагт дэд дарга, нягтлан бодогч нар нь ирсэнээр хурал эхэлсэн.

хурлыг албаны дарга Н нээж, аудитын дүн, ямар ямар бичиг баримт бүрдүүлэх, илэрсэн зөрчил, төлбөрийн акт болон ирүүлсэн тайлбар улсын байцаагчийн акт тавихгүй байх шалтгаан болж чадахгүй, дотоод хяналттай ч санхүүгийн хяналт сул байгаа талаар танилцуулсан.

Хуралд хүрэлцэн ирсэн Худалдан авах ажиллагааны газрын дэд дарга Э дахин тайлбар гаргаж өгье, түр хойшлуулаач гэсэн санал тавьсан.

Нягтлан бодогч О: Хөдөлмөрийн гэрээтэй /төрийн үйлчилгээний ажилтан/ ч ажиллаж байгаа тул үр дүнгийн /төрийн захиргааны албан хаагч/ гэрээний урамшил авсан, агуулгыг нь зөв ойлгож болох уу гэсэн.

Хурлын төгсгөлд албаны дарга Н Худалдан авах ажиллагааны газрын дэд дарга Э д аудитын тайланг албан ёсоор хүлээлгэн өгч, хариу тайлбарыг явуул бид нягтан үзэж ярилцая гэснээр хурал дууссан.

Худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн тайлбар, албаны даргатай ярилцаад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй учир мэргэшсэн инженерийн нэмэгдэл дээр акт тавья гэсэн шийдвэрт хүрсэн. Үүний дагуу актыг албан бланк дээр хэвлэн гаргаж 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Худалдан авах ажиллагааны газарт хүргэж өгсөн, дарга нь байхгүй байсан тул нягтлан бодогчид гарын үсгээ зураад тамгаа дараад аваад ирээрэй, тамга дарсны дараа манай бичиг хэрэг дугаар өгнө, дугаар аудитын тайлан хүлээлгэж өгсөн өдрөөр байна гэж хэлээд үлдээсэн. Үлдсэн бланкыг бичиг хэрэгт буцаан хүлээлгэж өгсөн.

2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нэхэж байж актаа авсан. Актыг нягтан бодогч авчирч өгсөн. Тэрээр би төлмөөргүй байна гэсэн, дарга нягтлан бодогч 2 гарын үсэг зурж төсвийн хөрөнгийг зарцуулсан тул хуулинд заасны дагуу та 2 төлнө.

Гэхдээ актын хавсралтаар хэн хэн хэдэн төгрөг авсаныг тооцож гаргасан байгаа тул та өгсөн юм чинь учрыг хэлээд авсан хүмүүсээс суутган тооцоо хийнэ биз гэж хэлсэн. Өрөөнөөс гараад албаны даргад өргөдөл өгөөд явсан байсан.

Сангийн яамнаас актын талаар шийдвэр гарсаны дараа 2016 оны 12 дугаар сарын сүүлчээр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын нягтлан бодогчтой утсаар холбогдоход актын өр байхгүй, Сангийн яамнаас бичиг ирсэн бид судалж байгаа хүмүүс нь ажлаасаа гарсан гэсэн тайлбар өгсөн.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.О нь тус шүүхэд нийслэлийн Дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05/03 дугаар актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн Дотоод аудитын албаны 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр баталсан 07 тоот удирдамжийн дагуу нийслэлийн Дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Ч.Г нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2015 оны санхүүгийн тайланд аудит хийж 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05/03 дугаар актыг гаргажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор баталсан ”Дотоод аудитын дүрэм”-н 4 дүгээр зүйлийн 4.5-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч” байна, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол  гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч З.О нь актыг эс зөвшөөрч гомдол гаргасан байна. Гомдлыг Сангийн сайд буюу Санхүүгийн хяналтын улсын ерөнхий байцаагч хянан үзээд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12-2/2503 дугаар албан бичгээр нийслэлийн Дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05/03 дугаар актыг үндэслэлтэй гэж үзжээ.

Нийслэлийн Дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05/03 дугаар актаар нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид болох Б.Л, Г.Т, М.Б, Б.Ө, Г.Г, Б.Б-О, Ё.Д нарт мэргэшсэн инженерийн нэмэгдэл 15 хувиар буюу нийт 4,495.7 мянган төгрөгийг үндэслэлгүйгээр олгосон зөрчил гаргасан гэж үзэн тус газрын даргаар ажиллаж байсан Ю.И, нягтлан бодогч З.О нараар төлүүлэхээр тогтоосон байна.

Нэхэмжлэгч З.О нь шүүхэд “Нийслэлийн худалдан авах ажиллагааны 7 албан хаагч нарт мэргэшсэн инженерийн нэмэгдлийг “Хөдөлмөрийн дотоод журам”-н 9.2-т заасан үндэслэлээр олгож байсан, акт нь он сар дугааргүй, хяналт шалгалт нь удирдамжид заагдсан хугацаанаас хэтрүүлэн хийгдэж акт тавигдсан тул  Дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05/03 дугаар актыг илт хууль бус” гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбараар Дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Ч.Г нь 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05/03 дугаар актыг гаргахдаа удирдамжинд заасан хяналт шалгалт явуулах хугацааг хэтрүүлэн актыг гаргасан нь тогтоогдож байгаа боловч энэ нь тус актыг шүүхээс илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. 

Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт захиргааны актыг илт хууль бус болох нөхцлүүдийг нэг бүрчлэн заасан бөгөөд 05/03 дугаар акт нь нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 2015 оны үйл ажиллагаандаа санхүүгийн ямар зөрчил гаргасан нь тодорхой илэрхийлэгдсэн, актын заалтууд нь хоорондоо зөрчилдөөгүй, ойлгомжтой, агуулга нь тодорхой байна.  

Нөгөө талаар шалгалтаар нийт 5 акт тавигдахаар анх танилцуулагдсан бөгөөд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас удаа дараа уулзалт, тайлбар танилцуулга хүргүүлж байсан шалтгаанаар дүнг гаргах, актыг баталгаажуулан хүргүүлэх ажил удааширсан нөхцөл байдал нь зөвхөн хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй байна. 

Нэхэмжлэгч нь “акт нь он, сар, өдөр, дугааргүйгээр тавигдсан” гэж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа он, сар, өдөр, дугааргүй актыг хавсарган өгсөн боловч шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах ажлын хүрээнд 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05/03 дугаар бүхий нэхэмжлэгчийн гарын үсэг бүхий улсын байцаагчийн актыг хариуцагчаас гаргуулсан, шүүх хуралдаанд З.О нь он, сар, өдөр болон дугаар тавигдсан актыг 2016 оны 05 дугаар 16-ны өдөр гардан авсан гэж тайлбар гаргаснаар дээрх мэтгэлцээн нь үгүйсгэгдсэн болно.

Нэхэмжлэгч З.О нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар заалтыг улсын байцаагч Ч.Г зөрчсөн гэж мэтгэлцсэн тул шүүхээс хариуцагч нь өөрт хуулиар олгогдсон нийтлэг бүрэн эрх, үүргийг хэрхэн хангаж биелүүлсэн, захиргааны акт нь хуульд нийцсэн эсэхийг шалгах нь зүйтэй гэж үзэн актыг бүхэлд нь хянан үзээд дараах дүгнэлтийг хийлээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “...Төрийн аудитын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг тус тусын хууль тогтоомжоор зохицуулна” гэж зааснаар төсвийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд аудитын хяналт шалгалт явуулах үйл ажиллагаа нь тусдаа, нарийвчилсан зохицуулалттай байна. 

Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд  хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах,  эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна”, 69.5-д “Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батална” гэж заасны дагуу Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор Дотоод аудитын дүрмийг баталж төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн хөрөнгө, орлого, зарлагад санхүүгийн хяналт шалгалт хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах ажиллагааг нарийвчилан зохицуулсан байна.

Энэхүү дүрмээр төсвийн захирагч бүрийн үйл ажиллагаанд хийх аудитын хяналт шалгалтын хамрах хүрээ, зохион байгуулалт, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрх, үүрэг, санхүүгийн хяналт шалгалт явуулах харилцааг зохицуулсан бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч нарын тайлбараар Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Г нь 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05/03 дугаар актыг гаргахдаа хяналт шалгалт явуулах ажиллагааг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д “ ... Засаг даргын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал” гэж заасны дагуу мэргэшсэн инженерийн нэмэгдэл авсан нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид болох Б.Л, Г.Т, М.Б, Б.Ө, Г.Г, Б.Б-О, Ё.Д нар нь төрийн захиргааны ангилалд хамаарах төрийн жинхэнэ албан хаагч нар байна. Түүнчлэн дээрх төрийн жинхэнэ албан хаагч нар нь нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргатай “Үр дүнгийн гэрээ” байгуулан ажиллаж байсан нь тэдгээрийг төрийн жинхэнэ албан хаагч гэдгийн нотлож байгаа болно.

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т “төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс”, 28.2.4-т “үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлээс тус тус бүрдэнэ” гэж заажээ. Тодруулбал, төрийн алба өөрөө мэргэшсэн, тогвортой байх шаардлагын хүрээнд төрийн жинхэнэ албан хаагчдад төрийн үйлчилгээний албан хаагчдаас илүү өндөр шаардлага тавигдаж, тодорхой хэмжээгээр эрхийг нь хязгаарладаг. Ийм ч учраас хуулийн зохицуулалт ёсоор  төрийн захиргааны албан хаагч нар төрийн үйлчилгээний албан хаагч нараас илүү баталгаагаар хангагддаг болно. Харин мэргэшлийн зэргийн нэмэгдэл авах эрхийг төрийн үйлчилгээний албан хаагч эдэлдэг байна.

Мөн Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар тогтоолын хавсралт 2-т "Төрийн захиргааны албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам", хавсралт 5-д "Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам"-г тус тус баталжээ. Журам ёсоор төрийн захиргааны албан хаагч төрийн алба хаасан хугацаагаар нэмэгдэл, харин үйлчилгээний албан хаагч мэргэшлийн зэргийн нэмэгдэл авах боломжтой юм.

Иймд Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д “Зөрчлийн хэлбэр, хүлээлгэх хариуцлагаас үл хамааран энэ хуулийг зөрчсөний улмаас төрд хохирол учруулсан буруутай этгээд уг хохирлыг төлж барагдуулна” /энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/ гэж заасны дагуу нийслэлийн Дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Ч.Г нь 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05/03 дугаар актаараа нэр бүхий төрийн захиргааны албан хаагч нарт мэргэшсэн инженерийн нэмэгдлийг олгож байсан хууль бус үйлдэлд акт тогтоосныг буруутгах боломжгүй байна. 

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд хариуцагч нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалтыг хэрэгжүүлж нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын санхүүгийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдлын шалтгааныг тогтоон, түүнийг арилгах арга хэмжээг авахуулахаар хууль тогтоомжинд заасны дагуу үндэслэл бүхий актыг гаргасан тул илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх З.Оын нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүх үзлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11, 28 дугаар зүйлийн 28.2.2, 28.2.4, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.5, 70 дугаар зүйлийн 70.5-д заасныг тус тус баримтлан иргэн З.Оын “нийслэлийн Дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагчийн гаргасан актын тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нийслэлийн Дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Гт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ТӨМӨРБАТ