Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/0125

 

С.Ж-ийн нэхэмжлэлтэй,

ЗҮ ЧБ-ийн З-ид холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүөүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                        Танхимын тэргүүн Ч.Тунгалаг          

            Шүүгчид:                           М.Батсуурь               

                                                          Х.Батсүрэн

                                                          Д.Мөнхтуяа

            Илтгэгч шүүгч:               П.Соёл-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0101 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 253 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 141 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлоор, нэхэмжлэгч С.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: ЗҮ ЧБ-ийн З-ийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн б/32 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, захирагчийн ажлын албаны дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн эрчим хүч хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах;

2. Хэргийн нөхцөл байдал: С.Ж нь ЗҮ ЧБ-ийн З-ийн ажлын албаны дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн эрчим хүч хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд маргаан бүхий захирамжаар “төрийн жинхэнэ албан хаагчийн үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ шашны ухуулга сурталчилгаа хийхэд ашигласан, албан тушаалын тодорхойлолтод заагдсан мэргэжлийн шаардлага хангахгүй, албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан, нэхэмжлэгчээс “албан үүргээ хангалттай хэрэгжүүлсэн, Библийг судалж байгаа, бусдад судалж үзээч л гэж хэлдэг, явах эсэх нь тухайн хүний асуудал, тулгаж шаардаагүй, надад зориулж ажлын байрны тодорхойлолт өөрчилсөн, мэргэжлийн шаардлага хангаж байгаа, эрчим хүчний мэргэжилтний чиг үүргийг гүйцэтгэхэд эрчим хүчний удирдлагаар мэргэшсэн байхад хангалттай” гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх: “...Чингэлтэй дүүргийн Прокурорын тогтоолын агуулгаас үзэхэд С.Ж- нь хамт ажилладаг ажилтнуудад Христийн шашны талаар удаа дараа тайлбарлаж, ухуулж сурталчилсан болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч нь эрчим хүчний удирдлага мэргэжилтэй, эрчим хүчний мэргэжилтний албан тушаалд цахилгааны инженер, цахилгаан хангамж мэргэжилтэй хүн ажиллах шаардлагатай тул нэхэмжлэгчийн мэргэжил уг албан тушаалд тавигдах шаардлагад нийцэхгүй, ажил үүргийн хэрэгжилтийг хангалттай түвшинд гүйцэтгэж байгаагүй” гэх зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4. Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “... С.Ж нь ажлын байрандаа Христийн шашин шүтэх талаар сурталчилж, төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох заалтыг зөрчсөн боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, сахилгын арга хэмжээ авах боломжгүй болсон, нэхэмжлэгчийг мэргэжлийн шаардлага хангасан гэж эрчим хүч хариуцсан мэргэжилтнээр томилсон атлаа одоо шинээр батлагдсан албан тушаалд мэргэжлийн шаардлага хангаагүй гэж ажлаас халсан нь хууль зөрчсөн, ажлын байрны тодорхойлолт нэр томьёоны хувьд өөрчлөгдсөн, ажил үүргийн хувьд өөрчлөгдсөн болох нь тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. Үүнд:

1/ Захирагчийн ажлын албаны эрчим хүч хариуцсан мэргэжилтний албан тушаалд мэргэжлийн инженер мэргэжил эзэмшсэн хүн байх зайлшгүй шаардлагатай ба мэргэжлийн шаардлага хангахгүй байтал ажилд эргүүлэн томилох нь төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр гаргуулахаар байгаа.

2/ Ажлын байранд Христийн шашин шүтэх талаар тайлбарлаж ухуулсан болох нь мэргэжлийн байгууллагаас тогтоогдсон, давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг 2019 оны 5 сараас гэж юуг үндэслэн тооцсон нь тодорхойгүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй.

3/ Үүрэгт ажлаа удаа дараа хангалтгүй гүйцэтгэсэн талаар тайлангийн хурал, өөрөө хүлээн зөвшөөрсөн хурлын тэмдэглэлүүдээр нотлогдсон байхад давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тайлбартаа: ... Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөөгүй, ажлаас халах үндэслэлгүй байсан, албан үүргээ хангалттай хэрэгжүүлсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

8. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8-д “төрийн албан хаагч албан тушаалын бүрэн эрхээ шашны, эсхүл шашингүй үзлийн ухуулга, сурталчилгаа хийхэд ашиглахыг хориглоно” гэж заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгч С.Ж- нь хамт ажилладаг нэр бүхий ажилтнуудад Христийн шашны талаар удаа дараа тайлбарлаж, ухуулж сурталчилсан болох нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Прокурорын тогтоол, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

9. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг ажлын байрандаа шашны сурталчилгаа явуулж зөрчил гаргасан болохыг тогтоосон, гагцхүү хөөн хэлэлцэх хугацааны талаар өөр өөр дүгнэлт хийжээ.

10. Давж заалдах шатны шүүхээс “зөрчил гаргасан 2019 оны 5 сараас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, Прокурорын тогтоолд “2019 оны 5 сараас ажлын байрандаа Христийн шашин сурталчилсан болох нь тогтоогдсон” гэж дүгнэсэн нь зөрчил  эхэлсэн болохыг нотлох болохоос хэзээ дууссаныг, хэрхэн үргэлжилсэн болохыг тогтоогоогүй болно.

11. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулж болохгүй” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, нэхэмжлэгч нь 2019 оны 5 сараас эхлэн шашны сурталчилгаа хийж эхэлсэн, тухайн байгууллагын ажилтан С.Эрдэнэбаатар 2020-06-08-ны өдөр С.Ж-ийн талаар байгууллагын удирдлагад өргөдөл гаргаж, уг өргөдлийг 2020-07-03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлж, 2020-07-26-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, 2020 оны 07 сарын 02-ны өдөр Удирдлагын зөвлөлийн хурлаар ажилчдаас нэг бүрчлэн асууж зөрчлийг шалгах явцад “шашны асуудлаар удаа дараа хийж байсан, 2019 оны хавраас эхэлсэн, зун бас хийж байсан, намар бас хийж байсан, ажлаа хийх нөхцөл байдлыг алдагдуулсан” гэснээс үзэхэд зөрчлийг үргэлжлүүлэн гаргаж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

12. Төрийн албаны тухай хуулийн 48.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд үнэлж дүгнэн, ажлаас халах сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй, маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

13. Давж заалдах шатны шүүхийн “өмнө нь нэхэмжлэгчийг цахилгаан хангамжийн инженер, эрчим хүч гэх мэргэжлийн шаардлага хангасан гэж эрчим хүч хариуцсан мэргэжилтний ажилд томилсон атлаа одоо шинээр батлагдсан албан тушаалд шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр ажлаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасныг зөрчсөн” гэх дүгнэлт буруу байна.

14. ЗҮ ЧБ-ийн З-ийн ажлын албаны дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн эрчим хүч хариуцсан мэргэжилтний албан тушаал нь 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар цахилгааны хангамжийн инженер, эрчим хүчний мэргэжилтэй байхыг шаардаж байсан, нэхэмжлэгч С.Ж- нь эрчим хүчний удирдлага мэргэжилтэй тул ажлын байрны мэргэжлийн шаардлагыг хангаагүй, 2020 оны 04 дүгээр сарын 01-нд ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулахдаа “сэргээгдэх эрчим хүч” гэж нэмж өөрчилсөн тул нэхэмжлэгчийн “ажлын байрны тодорхойлолтыг надад зориулж өөрчилсөн” тухай тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй буюу нэхэмжлэгч маргаан бүхий албан тушаалд 2018 онд томилогдохоос өмнө цахилгааны инженер мэргэжлийг шаардаж байсан байна.

15. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.3-т заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална” гэж зааснаар ажлын байранд ямар мэргэжил эзэмшсэн байхыг тусгайлан заах эрх нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарах тул нэхэмжлэгчийн “эрчим хүчний удирдлага мэргэжлээр албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангана” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

16. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан Удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл гэх баримтад нэхэмжлэгч нь “...эрчим хүчний удирдлага нь зохион байгуулалт талдаа илүү мэргэшсэн ойлголт, цахилгаан станцад шууд ажиллая гэхэд нарийн чадамж байхгүй, түгээх байгууллагын талаар мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч байгаа...” гэж тайлбарлаж байсан, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/78 дугаар тушаалаар мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн баталж, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/52 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсан баримтаас үзэхэд цахилгааны инженер болон “эрчим хүчний удирдлага” гэсэн мэргэжлийг адилтган хэрэглэх боломжгүй байна.

17. Давж заалдах шатны шүүхийн “ажлын байрны шаардлага нэр томьёоны хувьд өөрчлөгдсөн болохоос ажил үүрэг өөрчлөгдөөгүй” гэх дүгнэлт буруу, ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн талаар хэргийн оролцогчид маргаагүй, ажлын байрны мэргэжлийн шаардлага хуучин хэвээр буюу цахилгаан хангамжийн инженер мэргэжил шаардсан хэвээр, нэмж сэргээгдэх эрчим хүчний мэргэжил шаардсан нь маргааны үйл баримтад хамааралгүй, мэргэжлийн шаардлагыг нэр томьёоны хувьд өөрчилсөн гэж үзэх үндэслэлгүй.

18. Иймээс нэгэнт мэргэжлийн хувьд шаардлага хангахгүй байхад нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд эгүүлэн тогтоох нь дээрх хуульд нийцэхгүй, энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

19. Харин маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгчийг “албан үүргээ удаа дараа хангалтгүй хэрэгжүүлсэн” гэж буруутгасан нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй, ямар үүргийг, хэрхэн хангалтгүй хэрэгжүүлсэн талаар тодорхой заагаагүй тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй боловч маргаан бүхий захирамжийн бусад үндэслэл хууль зөрчөөгүй, сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тул маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох боломжгүй.

 20. Анхан шатны шүүхээс “хурлын тэмдэглэл, өргөдлийн хариу зэргээс үзэхэд ажил үүргийн хэрэгжилт хангалтгүй” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдоогүй, нотлох баримтыг бүх талаас нь бүрэн дүүрэн үнэлэх чиг үүрэгт нийцээгүй боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөх хэмжээний зөрчил биш юм.

21. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагагүй Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь заалтыг баримталсан нь буруу байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 253 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0101 дүгээр шийдвэрийн “тогтоох” хэсгээс “Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                           Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                                   М.БАТСУУРЬ

                                                                                        Х.БАТСҮРЭН

                                                                                       Д.МӨНХТУЯА

                П.СОЁЛ-ЭРДЭНЭ