Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 119

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Саруул төвд байрлах “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3-р баг, Хөөвөр 13 дугаар гудамж, 1г тоотод оршин суух Боржигон овогт Даваасүрэнгийн Зоригтболд /РД:МБ83071519/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12.331.384 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Д.Зоригтболд нь банктай №ЗГ5245100159 зээлийн гэрээ байгуулан 9,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.3 хувийн хүүтэй, жилийн 27.6 хувийн хүүтэй авсан билээ.

Зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зээлийн хугацааг хэтрүүлж, зээл, зээлийн хүүг төлөхийг удаа дараа шаардсан боловч 2015.03.03-ны өдрөөс хойш төлөлт огт хийгдээгүй 489 хоног хугацаа хэтэрсэн.

Иймд зээлдэгч Даваасүрэн овогтой Зоригтболдоос 2016 оны 06 сарын 02-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн төлбөр 9,000,000 төгрөг, үндсэн хүү 3,159,395.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 172,289.17 төгрөг, нийт 12,331,684.38 төгрөгийн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргууж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Зоригтболд нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Голомт банк” ХХК-ийн Ханбогд салбарын нэхэмжилсэн 12.331.684 төгрөгийг төлөх нь үнэн болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь зээлийн гэрээний үлдэгдэл 12.331.684 төгрөгийг хариуцагч Д.Зоригтболдоос гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.Зоригтболд нь “Голомт банк” ХХК-аас 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ5245100159 тоот зээлийн гэрээ байгуулж 9,000,000 төгрөгийг авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тухай хариу тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Д.Зоригтболд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийг хохиролгүй болгохоор шүүхэд хариу тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Зээлийн гэрээний үүрэгт 12.331.684 төгрөг гаргуулах тухай “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч Д.Зоригтболд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212.257 төгрөгөөс 106.128 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын 211000020815 тоот данснаас 106.128 төгрөг, хариуцагч Д.Зоригтболдоос 106.128 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                               Г.СОЛОНГО