| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0052/Э |
| Дугаар | 62 |
| Огноо | 2019-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Жаргалсайхан,
шүүгдэгч ... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...д холбогдох эрүүгийн ………. дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч ... нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ... орчимд гудамжинд иргэн ...ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Хавтас хэргээс:
Шүүгдэгч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өглөө ажлаасаа буугаад гэртээ байж байтал найз ... манай гэрт ирсэн. Бид хоёр нэг шил архи хувааж уугаад сууж байтал ... надад “хоёулаа манай ажил дээр дугуй хүргэж өгчихөөд ирье” гэсэн. Би арай гайгүй байсан учраас ...ын машиныг жолоодож Нисэхээс Яармаг руу ...ын ажил дээр очихоор явсан. Нисэхийн тойрог уруудаад эмнэлгийн буудал өнгөрөөд хойшоо эргэх гэж байхад шаргал өнгийн, жижиг “Магсh” маркийн машин миний буруу талаар давхар эргэх гээд шахсан. Би хажуугаар нь шахаад хойшоогоо эргээд ... хажууд очоод зогсож байсан чинь нөгөө машинтай хүн хажууд ирж зогсоод цонхоо онгойлгоод намайг “чи яагаад шахаад байгаа юм бэ гэхээр нь “чиний буруу ш дээ, чи яаж яваад байгаа юм бэ” гээд бид хоёр маргалдсан. Тэр машины жолооч ганцаараа явж байсан. Харин би машиндаа ..., ... нартай хамт явж байсан. ... машинаас түрүүлж буугаад би араас буухад нөгөө машины жолооч Болдбаатар над руу ирсэн. Тэгснээ “чи архи уучихсан байна ш дээ” гээд надаас машины түлхүүр булааж авах гэхээр нь би түлхүүрийг өгөхгүй гээд ноцолдоход намайг газар түлхээд унагаасан. Намайг газраас босч ирэхэд ... нөгөө машины жолооч Болдбаатарыг “боль” гээд барьчихсан зогсож байсан. Би газраас чулуу аваад “чи яагаад намайг түлхээд унагааж байгаа юм бэ” гээд толгой руу нь чулуугаар нэг удаа цохисон…гэжээ. /хх-ийн 45-46-р хуудас/,
Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн орчим Нисэхийн тойрог уруудаад явж байхад хажуу талаас саарал өнгийн “Приус 20” маркийн ... улсын дугаартай автомашин сигналдаад, гэрлээрээ дохиод баруун гар талаар гүйцэж түрүүлээд Яармагийн эмнэлгийн буудал өнгөрөөд эргэх гээд зогссон. Би баруун гар талаар нь гүйцэж түрүүлээд уулзвар дээр давхар зогссон. Яармагаас Нисэх явах тал руу автобус, том машин хоёр 1, 2 дугаар эгнээгээр явж байхаар нь би 1 дүгээр эгнээнд ороод хойшоогоо эргэсэн. Гэтэл саарал өнгийн “Приус 20” маркийн автомашин намайг шахаж эргээд ... гадаа зогссон. Би очоод “яаж яваад байгаа юм бэ” гэхэд машинаас бууж ирсэн хоёр согтуу байхаар нь машины түлхүүрийг нь авах гэтэл жолооч /.../ нь түлхүүрээ өгөхгүй гээд намайг түлхсэн. Жолооч /.../ нь газраас чулуу аваад миний толгой руу цохих гээд дайрахаар нь би хоёр гарыг нь барьж байхад нөгөө залуу миний араас цамцнаас бариад авсан. Би тэр залуугийн гарыг тавиулах гэтэл жолооч залуу /.../ газраас чулуу аваад миний толгой руу 4-5 цохисон. Миний толгойноос цус гарахаар нь би зугтаасан. …Би толгойгоо хагалуулснаас болж 12 хоног Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд очиж толгойдоо боолт хийлгэсэн. Өдөр болгон машиндаа бензин хийсэн. Толгойн томографийн зураг авахуулсан 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, шатахууны зардал 100.000 төгрөг, нийт 228.000 төгрөг нэхэмжилж байна…гэжээ. /хх-ийн 9-12-р хуудас/,
Гэрч Д.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өглөө найз ...гийн гэрээс машины дугуй авахаар цэцэрлэгийн жижүүр ...ын хамт Нисэхэд очсон. Гэрт нь ороход ... нэг шил архи задалж бид хоёр хувааж уусан. ... архи уудаггүй учраас тэр архинаас уугаагүй. 10-11 цагийн орчимд ... бид хоёр ...ыг ажил дээр нь буулгаж өгөхөөр миний эзэмшлийн 25-59 УБД улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн “Приус-20” маркийн машиныг ... жолоодож явсан. Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 189 дүгээр цэцэрлэг рүү уулзвараар эргээд баруун гар тал руугаа буух үед ... нэг машины хажуугаар гүйцэж түрүүлээд цонхоороо “чи яаж яваад байгаа юм бэ” гэхэд цаанаас нь “яасан” гэхээр нь ... “энэ хүн чинь шахаад байна ш дээ” гэсэн. Цэцэрлэгийн хажуу талын автомашины ил зогсоол дээр зогстол нөгөө машины жолооч араас ирсэн. ... бид хоёр түрүүлж буугаад “чи яаж яваад байгаа юм бэ” гэхэд “та нар яаж яваад байгаа юм бэ” гэж хэлээд машинаасаа бууж ирээд ...г машинаас татаж буулгаад доороо хийгээд дарсан. Би тэр хүнийг араас нь татаж салгасан. ... босохдоо газраас чулуу аваад тэр хүний /Болдбаатар/ толгой руу цохисон…гэжээ. /хх-ийн 16-17-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үдэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №12464 дугаартай дүгнэлтэнд:
1. ...ын биед баруун зулайн урд хэсэгт шарх, баруун зулай, баруун, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 22-р хуудас/,
Хохирогчийн өргөдөл /хх-ийн 4-р хуудас/,
“Натур эмнэлэг” компьютер томографийн оношлогоо /хх-ийн 26-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 30-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33-р хуудас/, Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 1994 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 59 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 57-59-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ...гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч ... нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ... орчимд гудамжинд хохирогч ...тай “хажуунаас шахлаа” гэх шалтгаанаар толгой руу нь чулуугаар цохиж биед нь “баруун зулайн урд хэсэгт шарх, баруун зулай, баруун, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч ...ын … 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн орчим саарал өнгийн “Приус 20” маркийн автомашин намайг шахаж эргээд ... гадаа зогссон. Би очоод “яаж яваад байгаа юм бэ” гэхэд машинаас бууж ирсэн хоёр согтуу байхаар нь машины түлхүүрийг нь авах гэтэл жолооч /.../ нь түлхүүрээ өгөхгүй гээд намайг түлхсэн. Жолооч /.../ нь газраас чулуу аваад миний толгой руу цохих гээд дайрахаар нь би хоёр гарыг нь барьж байхад нөгөө залуу миний араас цамцнаас бариад авсан. Би тэр залуугийн гарыг тавиулах гэтэл жолооч залуу /.../ газраас чулуу аваад миний толгой руу 4-5 цохисон…гэжээ. /хх-ийн 9-12-р хуудас/,
Гэрч Д....ын …Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 189 дүгээр цэцэрлэг рүү уулзвараар эргээд баруун гар тал руугаа буух үед ... нэг машины хажуугаар гүйцэж түрүүлээд цонхоороо “чи яаж яваад байгаа юм бэ” гэхэд цаанаас нь “яасан” гэхээр нь ... “энэ хүн чинь шахаад байна ш дээ” гэсэн. …... бид хоёр түрүүлж буугаад “чи яаж яваад байгаа юм бэ” гэхэд “та нар яаж яваад байгаа юм бэ” гэж хэлээд машинаасаа бууж ирээд ...г машинаас татаж буулгаад доороо хийгээд дарсан. …... босохдоо газраас чулуу аваад тэр хүний /Болдбаатар/ толгой руу цохисон…гэжээ. /хх-ийн 16-17-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үдэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №12464 дугаартай дүгнэлтэнд:
1. ...ын биед баруун зулайн урд хэсэгт шарх, баруун зулай, баруун, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 22-р хуудас/,
“Натур эмнэлэг” компьютер томографийн оношлогоо /хх-ийн 26-р хуудас/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч ...г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч ... гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч ... нь хохирогч ...ыг толгойд чулуугаар цохиж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч ... нь “......гээс эмчилгээний зардалд мөрдөн байцаалтын шатанд 228.000 төгрөг /хх-ийн 51-р хуудас/, прокурорын шатанд 200.000, 160.000 төгрөг /хх-ийн 60-61-р хуудас/, нийт 588.000 төгрөг төлсөн тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Шүүгдэгч шүүгдэгч ...г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч ... нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.
Шүүгдэгч ...д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон “Чинхутаг-Өндөр” ХХК-нд хамгаалагчаар ажилладаг ба сарын 250.000 төгрөгийн цалинтай /хх-ийн 75-р хуудас/ хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ...г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...г 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ...д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ... нь хохирогч ...т 588.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ...д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР