Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Жавхлант багт оршин суух Улаангууд овогт Долгоржавын Аюуш /РД:КЙ91051007/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Жавхлант багт оршин суух Хаван овогт Адъяагийн Анхбаяр /РД:КЙ86012774/-т холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Аюуш, хариуцагч А.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Аюуш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Долгоржав овогтой Аюуш миний бие нь 2010 онд А.Анхбаяртай танилцаж 2011 онд хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 03 сарын 11-ний өдөр хүү А.Анар төрсөн. Бид хэнэггүйн улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харьцааны тааламжгүй байдал болон нөхөр А.Анхбаяр нь өөр гэр бүлтэй болж байгаа учир бид дахин цаашид хамтран амьдрах боломгүй болсон тул А.Анхбаяр нь хүү А.Анарын эцэг мөн учир хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч А.Анхбаяр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Долгоржаваын Аюушийн нэхэмжлэлийг хүлээн авлаа. Хүү Анарт тэтгэлэг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Аюуш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хүүгийн эцэг Анхбаяртай хамтран амьдрах боломжгүй болсон” гэв.

Хариуцагч А.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“Хүүхдийн тэтгэлгийг төлнө. Тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Аюуш нь хариуцагч А.Анхбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хүүхдийн тэтгэлгийг төлнө гэсэн хариу тайлбар шүүхэд ирүүлсэн.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 26.2 болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж тус тус заажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар эцэг А.Анхбаяр нь хүү А.Анарыг тэжээн тэтгэх үүрэгтэй, энэ үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Д.Аюуш хариуцагч А.Анхбаяр нар нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул хүү А.Анарыг эх Д.Аюушийн асрамжинд үлдээж, тэтгэлэг тогтоон эцгээр нь тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2014 оны 03 дугаар сарын 11-нд төрсөн хүү А.Анарыг эх Д.Аюушийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсгүүдэд зааснаар түүнийг 11 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр эцэг А.Анхбаяраар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 03 дугаар сарын 11-нд төрсөн хүү А.Анарыг 11 нас хүртэл хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр эцэг А.Анхбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Анхбаяр нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Д.Аюуш нь А.Анхбаярыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.СОЛОНГО